Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/00697

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: Б.Л

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б

хариуцагч Б.Л

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х овогтой Б нь 2010 онд Батбаатар овогтой Лтой танилцан улмаар 2016 оны 8-р сард гэрлэлтийн 1107000889 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 2013 оны 10-р сарын 22-нд охин Л.А төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас, мөн Лийн гэр бүлээс гадуурх харилцаа удаа дараа үүсгэж явсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 11-р сараас хойш салж тусдаа амьдрах болсон. Энэ үеэс хойш охин Л.А эх миний асрамжинд өсч, цэцэрлэгээр хүмүүжиж байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд би хүүхэддээ тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд  Б.Лтой танилцан, улмаар 2016 оны 8 дугаар сард гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Л.А маань төрсөн. Охин маань одоо 5 настай. Б.Л бид хоёр 2016 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Тухайн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо  2 дугаар хорооллын ... тоот хаягт амьдардаг байсан. 2017 оны 1-2 дугаар сард хэсэгхэн хугацаанд Б.Л ирж, хамт байсан. Үүнээс хойш хамт амьдраагүй. Хамт амьдарч байхдаа охин маань төрөөгүй байхаас эхлэн дандаа гэр бүлээс гадуурх харилцаатай байдаг байсан. Тухайн үедээ маргалддаг байсан ч эвлэрээд асуудлаа шийдвэрлээд амьдарч байсан. 2017 оноос хойш хэд хэдэн удаа өөр хүнтэй уулзаж байгаад надад баригдсан. Үүнийгээ ч Б.Л өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ асуудлыг яахав тухайн үедээ шийдвэрлээд ярилцаад явж байсан ч хамгийн гол шалтгаан нь Б.Л 2-3 хоногоор гэртээ ирэхгүй яасан нь мэдэгдэхгүй алга болчихдог. Үүнийг Б.Лийн гэрийнхэн ч мэднэ. Хамтдаа амьдаръя гэр бүлээ авч явъя гэсэн зорилго байхгүй, ар гэрийнхэндээ анхаарал тавьдаггүй, гэртээ ирдэггүй, яах гэж байгаагаа яаснаа хэлдэггүй, архи уугаад утсаа салгаад алга болчихдог. Сүүлдээ гэр бүлээс гадуурх харилцаа нь даамжирсан. 2016 оны 12 дугаар сараас хойш би хамт амьдарч байсан гэрээсээ нүүсэн. Энэ байдлыг би тэвчиж чадахгүй болсон. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Тусдаа байх хугацаандаа Б.Лийг засрах байх гээд харсан боловч нэг ч удаа охинтойгоо уулзах гэж ирээгүй, эргэж хамт амьдрах сэтгэл байгаагүй. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд би завгүй байна гээд ирээгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.

Хариуцагч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, өөр хүнтэй уулзсан асуудал байхгүй. Фэйсбүүк чатаар л харилцсан байгаа. Би эхнэртэйгээ оюутан байхаасаа эхлэн амьдарч, амьдралынхаа төлөө л явсан. Намайг мэдэж байгаа гэж бодоод л явж байсан. Манай эхнэр өөр хүнтэй болсон байж магадгүй. Надад уулзаж, үерхдэг хүн байхгүй. Нэгэнт хүлээж авахгүй бол гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ эхийнх нь асрамжинд үлдээнэ. Эд хөрөнгийн маргаангүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Б.Л, Х.Б нар гэр бүл болсноо 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх ба гэр бүл болж амьдрах хугацаандаа 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Л.Аг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Х.Бгийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Гэрлэгчид 2017 оны 2 дугаар сараас хойш удаан хугацаагаар тусдаа амьдарсан, энэ хугацаанд гэрлэлтээ үргэлжлүүлэх талаар хэн аль нь санаачилга гаргаагүй, гэрлэлт цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрсөн, нэхэмжлэгч өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай гэж байх тул тэдэнд эвлэрэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

3. Хариуцагч нь охин Л.Аг эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байх тул тэднийг хүүхдийнхээ асрамжийг тохиролцсон гэж үзэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эх Х.Бгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв. 

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүрэг гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд ч хэвээр байдаг тул Б.Лоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Х.Аг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

6. Гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч охин Л.А 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, одоо 5 ой 4 сартай тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоогдоно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 217900 төгрөгөөр тогтоогдсон байна. Иймд хариуцагч Б.Лоос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ сар бүр 108950 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тогтооно. Үүнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол хариуцагч 35,868 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 106068 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 34332 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106068 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х. Б, Б.Л нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Л.Аг эх Х.Бгийн  асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б. Лоос 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Л.Аг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Л нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 106068 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 34332 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Лоос улсын тэмдэгтийн хураамжид 106068 төгрөг тус, тус гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгосугай.   

8. Шүүхийн шийдвэрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА