Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар   2022/ШЦТ/127

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Б.************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.************ согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хайрханы *****тоотод байрлах гэртээ “цалин мөнгөний асуудлаар маргалдлаа” гэх шалтгаанаар хохирогч Г.************гийн зүүн гуянд 1 удаа хутгалж зүүн гуянд шарх, нүүрэн тус газарт цохиж баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний салст, хоёр зовхи, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Миний буруу, цалин мөнгөний асуудлаас болж маргасан. Буруугаа хүлээж байна, ялыг зөвшөөрч байгаа” гэв.

Эрүүгийн *********** дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.************гийн: “************тай чулууны үйлдвэрт ажил хийгээд 2, 3 сар болж байна. ...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэг шил архи хувааж уугаад ажил төрөл ярилцаж байгаад цалин хөлсний талаар ярьж байгаад бид хоёр хэл ам нийлэхгүй байсан. Ширээн дээр байсан бариул хэсэг нь шаргал өнгийн, үзүүр хэсэг нь дээшээ товойсон гэмээр хутгыг бариад миний зүүн хөлний гуя орчим хутгалчихсан. “Та яаж байгаа юм бэ” гэж хэлтэл “ах нь мэдэхгүй байна, уучлаарай” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр унтаад өгсөн. Өглөө нь бага зэрэг хөндүүрлээд байхаар нь шархны лент авч наагаад тэндээ өнжсөн. Өдөр 13 цагийн орчим ************ ах дахиад согтуу орж ирээд миний зүүн нүд рүү гараараа 2 удаа цохисон. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-13-16),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.09-ний өдрийн 52 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.************гийн биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний салст, хоёр зовхи, бүсэлхийд цус хуралт, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ (хх-18-20),

Шүүгдэгч Б.************ы яллагдагчаар өгсөн: “...Архи ууж байгаад маргалдаж миний уур хүрээд мах татаж байсан шаргал өнгийн иштэй хутга аваад ************гийн зүүн гуянд нэг удаа хутгалсан. ************гээс уучлалт гуйгаад тэр дор нь шархны бинт нааж өгсөн. ************ манай гэрт надтай хамт хоносон. Маргааш өглөө нь бид хоёр дахин архи уугаад дахин маргалдаж би ************гийн нүүрнийх нь зүүн талд гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-34),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-4-6),  прокурорын “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай (хх-7-8), хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-10-11), мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-12), хохирлын баримт (хх-24-26, 43-44),  

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-47), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-56), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-48), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-49), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-50), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-51), банкны дансны хуулга (хх-54-55), шүүгдэгч, хохирогчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-62, 63), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” тогтоол (хх-64-65), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-70-71) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.************ согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод байрлах гэртээ “цалин мөнгөний асуудлаар маргалдлаа” гэх шалтгаанаар хохирогч Г.************гийн зүүн гуянд 1 удаа хутгалж “зүүн гуянд шарх” гэмтэл, нүүрэн тус газарт цохиж “баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний салст, хоёр зовхи, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.************гийн “...архи ууж байтал ширээн дээр байсан ...хутгыг бариад миний зүүн хөлний гуя орчим хутгалчихсан. ...маргааш нь 13 цагийн орчим ************ ах дахиад согтуу орж ирээд миний зүүн нүд рүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-13-16), шүүх эмнэлгийн 52 дугаар “1. Г.************гийн биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний салст, хоёр зовхи, бүсэлхийд цус хуралт, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-18-20), шүүгдэгч Б.************ы яллагдагчаар өгсөн: “...архи ууж байгаад маргалдаж миний уур хүрээд мах татаж байсан шаргал өнгийн иштэй хутга аваад ************гийн зүүн гуянд нэг удаа хутгалсан. ...дахин маргалдаж би ************гийн нүүрний зүүн талд гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-34), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-4-6) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.************ы “цалин мөнгөний асуудлаар маргалдлаа” гэх зүйлээр шалтаглан үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.************гийн зүүн гуянд 1 удаа хутгалж, нүүрэнд гараараа 2 удаа цохин хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 172,743 төгрөгийн баримт гаргаж өгсөн (хх-43-44), хохиролд 500,000 төгрөг төлсөн гэх, хохирогчийн “Бүх зардлаа авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-62)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.************ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод өөрийн гэртээ “цалин мөнгөний асуудлаар маргалдлаа” гэх шалтгаанаар хохирогч Г.************гийн зүүн гуянд хутгаар 1 удаа хатгаж “зүүн гуянд шарх” гэмтэл, мөн үргэлжилсэн үйлдпээр нүүрэн тус газарт цохих зэргээр зодож эрүүл мэндэд “...баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний салтс, хоёр зовхи, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрт 500,000 төгрөг төлснийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.************ “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд архидан согтуурч, “цалин мөнгөний асуудлаас болж маргалдлаа” гэх шалтгаанаар уурлан  хохирогчийн зүүн гуянд хутгалсан, мөн маргааш нь нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж эрх, эрх чөлөөнд үргэлжилсэн үйлдлээр халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар тогтоогдсон хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 12,5 см ажлын хэсэгтэй, бор шаргал өнгийн иштэй хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.************ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт **************** ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 12,5 см ажлын хэсэгтэй, бор шаргал өнгийн иштэй хутга 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.************ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР