| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/00110/И |
| Дугаар | 102/ШШ2019/00766 |
| Огноо | 2019-03-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2019/00766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.М
ХариуцагчМС ХХК-д холбогдох,
2014 оны 5 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны дутуу олгогдсон цалин 10,195,991 төгрөг гаргуулж, 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас тооцуулан төлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алдармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Мэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр МСХХК-д дизайнераар ажилд орсон бөгөөд, захирал Ж.Дулмаа нь тухайн үед Хөдөлмөрийн гэрээ-нд гарын үсэг зуруулалгүйгээр, сарын үндсэн цалин 1,200,000 төгрөг байна гэж хэлсэн, би ажлаа хийж эхэлсэн. Ажилд орсноос хойш 2018 оны 8 дугаар сар хүртэл цалинага байнга дутуу өгч, хоцрогдолтой, сарын үндсэн цалинг янз янзаар тооцож нийгмийн даатгал, түүнээсээ тооцон дутуу бичилт хийгээд байхаар нь би ажлаасаа гарсан. Дутуу авсан цалингаа нэхэхээр улс орны эдийн засгийн хямралаас болоод манай компани дээр цалингийн хоцрогдол үүсээд байна гэж байнга тайлбарладаг бөгөөд, захирал Ж.Дулмаа нь 2018 оны 10 дугаар сарын 19-нд дутуу өгсөн цалингийн тооцоог эцсийн байдлаар тооцож надад имэйлээр явуулсан. Иймд МСХХК-иас миний ажилласан хугацааны буюу 2014 оны 5 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны дутуу авсан цалин болох 10,195,991 төгрөгийг гаргуулж, 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас тооцуулан нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч МСХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Ж.Дулмаа 2019.01.04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус компани нь дизайнераар ажиллаж байсан Э.Мэд цалингийн хоцрогдолтой явж байсан бөгөөд одоо 10,195,998 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн болно. Яг одоо Монгол даяар нүүрлээд байгаа хямралын шуурганд өртөөд цалин мөнгөө цаг тухайд нь тавьж чадахгүй хэцүүхэн цаг үетэй тулгараад байна. Энэхүү цалингийн үлдэгдлээ энэ 2019 ондоо хуваарилан бага багаар төлж дуусгах зорилготой байна. Иймээс сар бүр хуваан төлж дуусгана. Эхний 1-11 сард сар бүр 800,000 төгрөг, сүүлийн 12 дугаар сард 1,395,998 төгрөгийг төлж дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар Э.Мийн өмгөөлөгч гэх хүнтэй уулзаж тайлбарласан болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алдармаа нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Мэ нь хариуцагч МСХХК-д холбогдуулан, тус компанид дизайнераар ажилласан 2014 оны 5 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны дутуу олгогдсон цалин 10,195,991 төгрөг гаргуулж, 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас тооцуулан төлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч МСХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Дулмаа нь нэхэмжлэгчийн шаардаж буй дутуу олгогдсон цалин 10,195,991 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боловч, тодорхой хугацаанд хувааж төлөхийг хүссэн боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шидйвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч МСХХК-ийн үүсгэн байгуулагч гэх С.Баярбаатараас тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэмэлт тайлбар ирүүлсэн нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Дулмаагийн шүүхэд гаргасан хариу тайлбараас зөрүүтэй буюу, Э.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулгатай байх бөгөөд, шүүх уг тайлбарыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг буюу тухайн компанийг түүний ерөнхий эсхүл гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг удирдах албан тушаалтан болон, итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлөх ба, хэрэгт авагдсан хариуцагч МСХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ж.Дулмааг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна. /хэргийн 82 дугаар тал/
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл заасны дагуу энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч МСХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Ж.Дулмаа оролцох эрхтэй учир түүний шүүхэд гаргасан хариу тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт нийцнэ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Мэ нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч МСХХК-д дизайнераар ажилласан талаар нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хэдий ч, 2018 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хэргийн 1, 7-10, 91/
Хэдийгээр талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй бөгөөд, нэхэмжлэгчийн үндсэн цалингийн хэмжээг тогтоосон ажил олгогчийн тушаал гараагүй боловч хариуцагч байгууллагын төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Э.Мийн шаардаж буй олгогдоогүй цалин 10,195,991 төгрөг болохыг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгчийн үндсэн цалин 1,200,000 төгрөг байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасны дагуу МСХХК нь Э.Мэтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд, талууд гэрээг аман хэлбэрээр байгуулан хэрэгжүүлснээр тэдний хооронд хүчин төгөлдөр Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн учир ажилтан дутуу олгогдсон цалинг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.
Ажил олгогчоос Э.Мийн цалин хөлсийг сард хоёр удаа хувааж төлөхдөө үндсэн 1,200,000 төгрөгийн цалингийн хэмжээнээс багаар олгодог байсан болох нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулгаар тогтоогдсон, мөн ажилтны 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар, 2018 оны 8, 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тэрхүү дутуу олгосон цалингаас тооцон төлж, бусад хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. /хэргийн 8-10, 16-79 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хуулиар хүлээсэн үүргээ МСХХК биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон.
Гэвч нэхэмжлэгч Э.Мийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу түүний 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас тооцон төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч МСХХК-д даалгаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 248,290 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 248,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 46 дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МСХХК-иас 10,195,991 /арван сая нэг зуун ерэн таван мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мэд олгож, нэхэмжлэгч Э.Мийн 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас тооцон төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч МСХХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 248,290 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 248,290 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА