Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/00769

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.А

Хариуцагч: НШШГ,

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0000000000 тоот хаягт байрлах 98,3 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Л.А нь танил О.Д хүсэлтээр өөрийн өмчлөлийн 0000000000 тоот хаягт байрлах 98,3 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. Гэтэл О.Д зээлээ төлж барагдуулаагүйн улмаас зээлийн барьцаа хөрөнгө болох дээр дурдсан орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Р.А нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулж тогтоол үйлдсэн.

Гэвч шийдвэр гүйцэтгэгч нь уг ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж явуулсанд гомдолтой байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1, 41.3-т заасныг тус тус зөрчиж, хөндлөнгийн гэрчээр зөвхөн Ш.Мөнхцэцэг гэх нэг хүнийг оролцуулан, уг ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч Б.Быг оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Хэдийгээр уг Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Ш.Мөнхцэцэгээс гадна В.Т гэдэг хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулахаар бичсэн байгаа боловч энэ хүн тогтоолд гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль зөрчиж хийсэн энэ ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2078 дугаар шийдвэрээр О.Дгаас 94,680,000 төгрөгийг гаргуулж Т.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Агийн өмчлөлийн 0000000 тоот 98,3 м.кв орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжилсэн бөгөөд, хөндлөнгийн гэрчээр иргэн М, Т нарыг оролцуулсан. Нэхэмжлэгч Л.Агийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, гэртээ оруулдаггүй байсан учраас өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд байлцуулсан нь үнэн. Гэхдээ шийдвэр гүйцэтгэгч Б.Б нь хөндлөнгийн гэрчийн хувиар биш, зүгээр байлцсан. Ингэж байлцуулах нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд оролцоогүй гээд байгаа хөндлөнгийн гэрч В.Тын оршин суух хаяг, регистрийн дугаар нь бичигдсэн байгаа. Үүнийг санаанаасаа зохиож бичнэ гэж байхгүй, оролцсон хүмүүсийн гарын үсэг зурсан хэсэгт нэр нь л бичигдээгүй байгаа болохоос гарын үсгээ зурсан байгаа гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л.Агийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасны дагуу хөндлөнгийн 2 гэрч оролцуулаагүй, өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийг оролцуулсан учир шийдвэр гүйцэтгэгч уг ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хуульд заасгдсаны дагуу хийгдсэн, ажиллагаанд оролцсон хөндлөнгийн 2 гэрчийн нэг болох В.Тын нэрийг бичээгүй боловч гарын үсгээ зурсан бөгөөд, нэр бичигдээгүй нь хөндлөнгийн гэрчийг оролцоогүй гэж үзэхгүй, мөн уг ажиллагаанд оролцсон шийдвэр гүйцэтгэгч Б.Б нь хөндлөнгийн гэрчийн хувиар бус, харин аюулгүй байдал хангах зорилготойгоор байлцсан нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/02078 дугаар шийдвэрээр О.Дг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01610 тоот шийдвэрийн дагуу 94,680,000 төгрөгийг Т.Бямбасүрэнд төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоотын 98,3 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрт 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 102/ГХ2018/00979 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18251277/01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Л.Агийн өмчлөлийн орон сууцыг битүүмжилжээ.

Маргаан бүхий эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр М, Т нарыг оролцуулахаар шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдэн, тэдний хувийн мэдээллийг тэмдэглэсэн байгаа боловч уг тогтоолд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл аль алинд нь хөндлөнгийн гэрч В.Т гарын үсэг зураагүй байна. /хх 8, 35, 36/

Шийдвэр гүйцэтгэгч Р.А Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж, мөн хуулийн 41.8 дахь хэсэгт Хөндлөнгийн гэрч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд өөрийн оролцсон ажиллагааны үйл явц, түүний үр дүнгийн талаар бичих эрхтэй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан тухайгаа баталгаажуулан тэмдэглэлд гарын үсэг зурах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулаагүй байх тул уг ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Л.Агийн өмчлөлийн 0000000 тоот дахь 98,3 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА

 

 

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/00769

Улаанбаатар хот