Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар  2022/ШЦТ/97

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Б.*********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.***********г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *****************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.*********** 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо,***********” ХХК-ийн хашаанд байрлах хохирогч Д.***********ын гэрээс Нокиа маркийн гар утас, банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 475,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Архи уусан байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2108019871702 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.***********ын:...2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нутгийн ах *********** над руу залгаад “Хөдөөнөөс орж ирж байна. Хонох газар байхгүй. Танайд хонож болох уу” гэсэн. 18 цагийн орчим манай гэрт ирсэн. Нутгийн ах ирсэн гээд *****, *********** бид нар нэг шил архи уучихаад амарсан. Өглөө *********** босоод шартаж үхлээ, нэг шил архи аваад өгчих гэхээр нь би өөрийн эзэмшлийн виза картаа өгч явуулсан. Нэг шил 0,75 литрийн архи, ундаа авчирч бид хоёр уусан. Ууж байхдаа өөрийн виза карт, утсаа дэрэн доогуур хийсэн. Тасраад унтчихсан байсан, босоод хартал 11 цаг өнгөрч байсан. Тэгээд дэрэн доогуур байсан виза карт, утас зэргээ авах гэтэл байхгүй байсан. Хүний утсаар ***********н утас руу залгасан чинь авахгүй байсан. Маргааш нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр залгахад 3 дугаар эмнэлэг дээр такси барьчихсан явж байна. Мөнгө, утас чинь надад байгаа, яваад очьё гээд ирээгүй, утсаа аваагүй. Өөрийн данснаас мөнгө авах гээд банк дээр очоод шалгуултал данснаас 440,000 төгрөг авчихсан байсан. Миний мөнгийг *********** гэх хүн авсан, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хх-10, 13),

“Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2021.08.30-ны өдрийн 870 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Нокиа 8230 гар утас 30,000 төгрөг, бэлэн мөнгө 440,000 төгрөг, карт 5,000 төгрөг, нийт 475,000 төгрөг” гэжээ (хх-24-25),

Эд зүйлд үзлэг хийсэн “Б.*********** нь саарал өнгийн биеийн тамирын өмд, цамц, цагаан өнгийн фудболк, хар өнгийн нүдний шил толгой дээрээ тохсон харагдаж байх бөгөөд хар өнгийн малгайтай, хар, цагаан өнгийн ноосон цахилгаантай цамцтай, хар өнгийн өмдтэй, шаргал өнгийн гуталтай, ногоон өнгийн паск зүүсэн хүн Хаан банкны картыг бэлэн мөнгөний машинд уншуулах гээд зогсож байгаа бичлэг байв. ...Мөн Б.***********д үл таних эрэгтэй хүн бэлэн мөнгөний машинд картыг нь уншуулчихаад өгч байгаа, бэлэн мөнгөний машинаас гарч байгаа мөнгийг өгч байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-28-34),

Шүүгдэгч Б.***********н яллагдагчаар өгсөн: “...Маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-44-45), 

Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-35), Хаан банк”-ны 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 50/8303 дугаартай албан бичиг, дансны хуулга (хх-61-62), мөрдөгчийн “эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-35), Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998.12.15-ны өдрийн 773 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хх-66), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-49), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-63) зэрэг бичгийн нотлох баримтыг,

               шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хөгжлийн бэршээлтэй иргэний үнэмлэх, хохирол төлсөн баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.*********** 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Ундрах дөхөм” ХХК-ийн хашаанд амьдардаг иргэн Д.***********ын гэрээс Нокиа маркийн гар утас, дансандаа 446,000 төгрөг бүхий банкны виза картыг хулгайлж, нийт 475,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 475,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.***********т олгуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн хувьд маргаагүй. Хохирлыг төлнө гэж байгаа гэж гэм буруугийн дүгнэлтээ тус тус танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.*********** согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “****” ХХК-ийн хашаанд байрлах хохирогч Д.***********ын гэрээс Нокиа маркын гар утас, банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “************” худалдааны төвд байрлуулсан *** дугаартай АТМ-аас 400,000 төгрөг, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Сарана супермаркетын 1 давхарт байрлуулсан 1180 дугаартай АТМ-аас 40,000 төгрөгийг тус тус авч нийт 475,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.***********ын “...ууж байхдаа өөрийн виза карт, Нокиа маркын гар утсаа дэрэн доогуур хийсэн. Авах гэтэл байхгүй байсан. ...Миний мөнгийг *********** гэх хүн авсан, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хх-10-13), “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 870 дугаар “Нокиа 8230 гар утас 30,000 төгрөг, бэлэн мөнгө 440,000 төгрөг, карт 5,000 төгрөг, нийт 475,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-24-25), эд зүйлд үзлэг хийсэн “...Б.***********д үл таних эрэгтэй хүн бэлэн мөнгөний машинд картыг нь уншуулчихаад өгч байгаа, бэлэн мөнгөний машинаас гарч байгаа бэлэн мөнгийг өгч байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-28-34), ...дугаартай дансны хуулга (хх-61-62), шүүгдэгч Б.***********н яллагдагчаар өгсөн ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг (хх-44) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.***********н бусдын эзэмшлийн гар утас, банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний машинд уншуулан 475,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.***********т 475,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлага авч 380,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул үлдэгдэл төлбөр болох 95,000 төгрөгийг шүүгдэгч Б.***********гаас гаргуулж, хохирогч Д.*********** (Сонгинохайрхан дүүргийн ********* дугаар хороо, “************” ХХК-ийн хашаанд түр оршин суух, РД:**********)-т олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад эрүүл мэндийн хувьд, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахад Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй тул зохимжгүй байгаа...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрх хязгаарлах ялын хувьд улсын яллагчтай санал нэг байна... гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд согтуурсан үедээ хохирогчийн дэрэн доороо хийсэн эд хөрөнгө болох гар утас, банкны карт зэргийг шунахай сэдэлттэй, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 475,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохиролд 380,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл хохирлыг төлнө гэх, хохирогч “Хохирлоо авчихвал гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан буюу Н54 Сохор ба хараа муудах оноштой, группт байдаг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн)-ыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.*********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ***** овогт ************ ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.***********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*********** тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.*********** цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.***********гаас 95,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.*********** (Сонгинохайрхан дүүргийн ************ ХХК-ийн хашаанд түр оршин суух, РД:***************)-т олгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР