| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/1019/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/78 |
| Огноо | 2022-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/78
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос,
шүүгдэгч Ц*******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108018350982 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц*******нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *********** дугаар байрны гадна хамт сууж байсан хохирогч *******зүүн чихэн тус газар гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц*******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг танихгүй. Хохирогч агсам тавиад байхаар нь 2 удаа алгадсан. Түүнээс уучлалт гуйсан. Надаас мөнгө нэхэмжлээгүй. Би хөдөө яваад ирсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2108018350982 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч *******ийн: “2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ архи уусан. 21 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, Москва хороолол дээр явж байхад хоёр залуу “нэг шил архи уух уу” гэхээр нь “үгүй” гэж хэлсэн. Тухайн үед би тэр хоёр залуутай юм яриад сууж байсан чинь нэг залуу нь гэнэт намайг хоёр гараараа хавсарч алгадсан чинь чих сонин болсон. Тэгээд би үл таних хүн намайг зодсон гэж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-8),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.08.12-ны өдрийн 7241 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.*******биед зүүн чихэнд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Зүүн чихэнд учирсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-14-15),
Гэрч ************: “2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Москва хорооллын голд нэг ахтай танилцсан. Тэр ах өөрийгөө Ц*******гэж танилцуулсан. Нэг шил архи уугаад сууж байсан. 21 цагийн үед нэг намхан ах ирээд Ц*******ах бид хоёртой хамт дахин 1 шил архи ууж байхад намхан ах агсам тавиад байхаар нь Ц*******ах хоёр удаа алгадсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-11-12),
Шүүгдэгч ************* яллагдагчаар өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Москва хорооллын урд явж байтал үл таних нэг залуу ирээд “ахаа нэг шил архи хувааж уух уу” гэхээр нь зөвшөөрсөн. Тэр залуутай танилцахад ********** гэж хэлсэн. Бид хоёр нэг шил архи аваад Москва хорооллын 6 дугаар байрны голд байхад намхан ах ирсэн. Тэгээд бид хоёртой архи хуваагаад ууж байхад намхан ах агсам тавиад байхаар нь дургүй хүрээд зүүн чих болон шанааны хэсэгт 2 удаа алгадсан. Маргах зүйлгүй, алгадсан нь үнэн, миний буруу...” гэх мэдүүлэг (хх-48-49),
Дуудлагын лавлагааны хуудас (хх-4), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-21), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-24), дансны дэлгэрэнгүй хуулга (хх-37), АСАП сангийн лавлагаа (хх-38), хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл (хх-52) зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц*******согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Москва хороолол, 6 дугаар байрны гадна хамт архи ууж байсан хохирогч *******ийг “агсам тавьсан” гэх шалтгаанаар зүүн чих, шанаанд 2 удаа алгадан хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч *******“...нэг залуу нь гэнэт намайг хоёр гараараа хавсарч алгадсан чинь чих сонин болсон...” гэх мэдүүлэг (хх-8), шүүх эмнэлгийн 7241 дүгээр “1. *******биед зүүн чихэнд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Зүүн чихэнд учирсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-14-15), гэрч ********* “...Ц*******ах бид хоёр архи ууж байсан. Намхан ах агсам тавиад байхаар нь Ц*******ах хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хх-11-12), шүүгдэгч *********** “...Архи ууж байхад намхан ах агсам тавиад байхаар нь дургүй хүрээд зүүн чих, шанааны хэсэгт 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хх-48-49) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********** хохирогч *******ийг “агсам тавилаа” гэх шалтгаанаар зүүн чих, шанаанд 2 удаа алгадаж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдолгүй” гэсэн (хх-52)-ийг тус тус харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц*******нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *******дүгээр хороо, Москва хороололын 6 дугаар байрны гадна хамт сууж байсан *******зүүн чихэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийн хувьд урьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж ялаа эдэлсэн боловч гэм буруугийн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, нийгэмшээгүй байна гэж үзсэн...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Ц*******хэргийн зүйлчлэл, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь энэ хүний хувийн байдал, амьдралын нөхцөл байдалд тохиромжтой гэж үзэж байна. Анхнаасаа гэм буруугаа хүлээж байгаа, цаашид гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байгаа, төлөх төлбөргүй зэргийг харгалзан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (олон нийтийн газар буюу гудамж, талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар хамт архи ууж байсан хохирогчийг “агсам тавилаа” гэх шалтгаанаар алгадаж түүний эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олдог талаар тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулан шүүхээс оргосон) зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оюунболдод 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Шүүгдэгч ********** 2021.12.10-ны өдрөөс 2022.01.13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 (гучин дөрөв) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцон 272 цагийг эдэлсэнд тооцон хасч, эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 378 (гурван зуун далан найм) цагаар тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц*******хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ***********ийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 650 (зургаан зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ************* цагдан хоригдсон 34 (гучин дөрөв) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцон 272 цагийг хасч, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 378 (гурван зуун далан найм) цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц*******нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц*******бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР