| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/04597/И |
| Дугаар | 102/ШШ2019/00900 |
| Огноо | 2019-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2019/00900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.М
Хариуцагч: Б.Ц
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б.Э
..... дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.М
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т
хариуцагч Б.Ц
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргагч иргэн Х.М би Нийслэлийн Баянгол дүүргийн 16-р хороонд Туулын 4-р гудамжны ..... тоотод орших хашаа байшинг 2002 оноос эхлэн гэр бүлийн хамт эзэм-шиж амьдарч ирсэн ба миний төрсөн эх Дгийн Чгийн төрсөн ах болох Дгийн Р агсантай нэг өрхөд, өөрийн нөхөр хүүхдүүдийн хамт ам бүл 5-6 гишүүнтэй гэж тооцогдон 2012 он хүртэл амьдарсан.Би 1989 онд хотод сургуульд суралцахаар ирэхдээ нагац ах Д.Ргийндаа ирж суусан ба улмаар нөхөр хүүхэдтэй болж амьдралын эрхээр Дулаанхаан, Улаанбаатар хотуудад ээлжлэн амьдарч байсан.Шалтгаан нь гэвэл нагац ах маань гэр бүл зохиогоогүй хүн бөгөөд төрсөн ганц хүү Р овогтой Б нь бие муутай тул өөрөө асарч чадахгүйн эрхээр Дулаанхаанд миний ээж дээр өсгүүлж,тэнд нь суурынуулсан ба өөрөө нас өндөр болсон хойноо өргүүлж асруулахын тулд зээ дүү намайг хань бараа болгож хот руу байнга дууддаг байсан юм. Нагац ахынхаа хүсэлтээр 2004 оны намраас хотод гэр бүлээрээ нүүж ирж хашаандаа байшин барьж амьдарсан. 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ах маань 86 насандаа таалал төгссөн. Бид ахаасаа хойш 2012 он хүртэл энд амьдарч байгаад Дулаанхаан руу нүүн шилжиж миний дүү Х.Г одоо манай хашаа байшинд амьдарч байгаа. Нагац ах маань уг хашааныхаа 344.63 квм газрыг 1976 оноос эзэмшиж байгаад 2004 оны 3 -р сарын 3 0-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 131 дүгээр захирамжын хавсралт 181 -д бичигдэж газар өмчлөгчөөр тогтоогдсон байдаг юм.Ингэхдээ хамтран өмчлөгчөөр өөрийн танилын охин Батсайханы Эыг бүртгүүлсэн байдаг юм.Р ах,Б.Э нар газраа ямар хувь хэмжээгээр хуваан өмчлөх нь тодорхой бус тул тэнцүү хуваан 172,3 кв.м хэмжээгээр өмчлөнө гэж бид ойлгодог. Ахыгаа амьд сэрүүн байхад би газрынх нь гэрчилгээ өөрийнх нь нэр дээр л байдаг байх гэж боддог байснаас бус тухайлан анхаарч асууж сурч байгаагүй.Гэтэл нас барсных нь дараа өөрс дийнхөө нэр дээр хашаа байшингаа бүртгүүлэхээр хөөцөлдтөл иргэн Б.Этай хамтран өмчилдөг болохыг нь мэдсэн. Б.Э нь ээжийнхээ хамт хөрш зэргэлдээ хашаанд амьдардаг хааяа орж гардаг энгийн танилын харилцаатай айлын охин байсан ба ахын маань ажил явдалд айл хөршийн хувьд оролцож явж байхдаа нас барсных нь гэрчилгээг надаас авсныг би ч тухайн үедээ анзааралгүй мартсан байсан. Ингээд Э бидний хооронд хашааны газраа булаацалдах асуудал үүсч 2007 оны 11-р сараас хойш тасралтгүй янз бүрийн байдлаар шүүхээр заргалдаж ирсээн.Товчдоо эсвэл Э манайхыг хөөдөг,эсвэл би Эыг хөөдөг.Аль аль нь газраа бүхлээр нь авна гэдэг. Ямар боловч шүүх Э газрын 50 хувийг өмчлөх эрхтэй гэж тогтоосон ба манайхыг газрын тал хувийг өмчлөх эрхтэй болохыг хараахан эцэслэн тогтоогоогүй ,бас манайхыг хөөхөөр ч ямар нэг шийдвэр гараагүй байдалтайгаар бидний хоорондох зарга 2013 оноос хойш нэг хэсэг намжмал байдалд орж би ч хөдөө амьдарч ажиллаж дахин зарга үүсгэж амжаагүй байх үеэр Б.Э Баянгол дүүргийн 356 дугаартай нотариатч Б.Цт хандан талийгаач Ргын өмчлөлийн хэсэг газрыг өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж аваад улмаар үүнийгээ үндэслэн нийт 344,63 м.кв газрыг ганцаараа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Энэ үйлдэл нь миний гэр бүлийн, газар болон үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж хохироосон явдал боллоо. Энэ асуудлаар миний өмгөөлөгч Г.Т нь нотариатч Б.Ц, иргэн Б.Э нартай уулзаж,хуулийн хүрээнд харилцан ярилцаж ойлголцсоны үндсэн дээр уг “Өвлөх эрхийн гэрчилгээ “ олгосон нотариатчийн үйлдэл нь холбогдох хууль тогтоомжыг мөрдөөгүй, асуудлыг хууль журмын дагуу сайтар шалгаж нягтлалгүйгээр хийгдсэн ажиллагаа болохыг тэд хүлээн зөвшөөрч, уг гэрчилгээг хүчингүй болгуулахаар иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэр лүүлэхээр харилцан тохиролцсон байна. Учир нь хууль бусаар олгогдсон гэрчилгээг нотариатч өөрөө юмуу эсвэл Нотариатын танхим хүчингүй болгох зохицуулалт байхгүй харин шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох юм байна.Товчхондоо эвлэрлийн журмаар бид асуудлаа шийдвэрлүүлэхээр тохиролцсон юм. Б.Эд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дараа үүнийг үндэслэн олгосон 100% өмчлөх эрхийн гэрчилгээг мөн захиргааны журмаар хүчингүй болгуулж,бид өөр өөрсдийн 50% газраа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахаар тохиролцсон юм. Нотариатч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10-р сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар “-ын 8.2.6 заалтыг буруу хэрэглэж иргэн Батсайханы Эд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон 2026/004 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгуулах хүсэлтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь Х.М болохыг нотлох бүх баримтуудаа хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Б.Ц нотариатч Б.Эд өвлөх эрхийн гэрчилгээ олгосноороо иргэн Х.Мгийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны хорооны Туулын 4 дүгээр гудамжны ..... тоотод орших хашаа байшинг өмчлөх эрхэд нь халдаж, түүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг хийснийг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Б.Э нь өвлөх эрхийн гэрчилгээг нотариатчаар бичүүлж авч, дараа нь өвлөх эрхийн гэрчилгээгээ үндэслэж, маргаан бүхий хаягт орших 344 метр квадрат газрыг бүхлээр нь ганцаараа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ үндэслэн Х.Мгийн өмчлөлийн хашаа, байшинд одоо амьдарч байгаа түүний төрсөн дүү болох Х.Г, гэр бүлийн хүн болох н.Хонгорзулыг уг хашаанаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сард гаргаж, н.Хонгорзул хариуцагчаар татагдсан цагаас хойш Х.М Б.Эыг өвлөх эрхийн гэрчилгээтэй болсон тухай мэдсэн. Ингээд мэдсэн цагаасаа эхэлж, Б.Эын нэхэмжлэлтэй н.Хонгорзулд холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр Х.М оролцож, мөн миний бие өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Б.Эын өвлөх эрхийн гэрчилгээ хууль бус гэж үзээд эрүүгийн журмаар шалгуулах тухай өргөдөл гаргаж, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр хэрэг үүсгэгдэж, шалгаж эхэлсэн. Энэ хугацаанд нотариатч Б.Цийн үйлдэл хууль бус уу, иргэн Б.Эын хорооноос авсан тодорхойлолт, бичиг баримт бүрдүүлсэн нь хууль бус уу гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад Б.Ц нотариатчийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэргийг хаасан. Уг прокурорын тогтоолд Х.М бид хоёр Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан. Улсын ерөнхий прокурорын газар 2019 оны 3 дугаар сард хэргийг эцэслэн шийдвэрлэж нотариатчийн үйлдэл засаг даргын тодорхойлолтыг үндэслэсэн учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Харин Б.Эын үйлдлийг шалгах гэхээр хөөн хэлэлцэх хугацаа байхгүй учир хэргийг хааж шийдвэрлэсэн. Ингээд бид өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлээ иргэний шүүхэд гаргасан. Энэ ажиллагаа маань хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Өвлөх эрхийн гэрчилгээг Б.Ц нотариатч 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б.Эд бичиж өгөхдөө Б.Эын өөрийнх нь авчирсан нотлох баримтуудад тулгуурласан байдаг. Б.Ц хуульч хүн байж нотариатчийн үйлдэл хийх зааврынхаа дагуу Засаг даргын орлогч зохион байгуулагч ажилтай н.Аригмаагийн олгосон тодорхойлолт, Б.Эын иргэний үнэмлэхний хуулбар зэрэгт хуурталгүйгээр эдгээр баримтуудын үндэслэл болсон баримтуудыг нь шаардах ёстой байсан. Б.Э нотариатчид хандаж хүсэлт гаргаж, хорооны засаг даргын тодорхойлолтыг авахдаа би Д.Р агсанд асруулж, түүнтэй нэг ам бүлд амьдарч байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн байгаа. Иймээс би Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар түүний газрыг өвлөх эрх үүссэн гэж хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтэд нь итгэж Б.Эын гаргаж өгсөн баримтуудыг нягталж шалгаж үзээгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Нотариатч баримтуудыг нь яаж шалгах ёстой вэ гэхээр Б.Эыг хөдөлмөрийн чадваргүй иргэн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа эсэх, эсвэл групп тогтоолгосон баримт байгаа эсэхийг шаардаж, холбогдох лавлагаа, тодорхойлолтуудыг төрийн эрх бүхий байгууллагуудаас авч болох байсан. Мөн Б.Эыг Д.Р агсаны асрамжид байсан гэдгийг нотлох баримт, тодорхойлолтыг шаардаж болох байсан боловч шаардаагүй. Хорооны засаг дарга тодорхойлолт гаргахдаа тодорхойлолт гаргаж өгөх үндэслэл болсон холбогдох нотлох баримт байхгүйгээр Ш.Аригмаа Б.Этай хуйвалдаж, засаг даргынхаа эзгүйд нь тодорхойлолт гаргаж өгсөн нь эрүүгийн хэрэг шалгагдах явцад тодорхой болсон. Энэ нь эрүүгийн хэрэг дээр хорооны засаг даргын өгсөн гэрчийн мэдүүлэг, Ш.Аригмаагийн мэдүүлэг, Б.Эын мэдүүлэг зэргээр нотлогддог. Б.Э ажил хийдэггүй болохоороо л өөрийгөө хөдөлмөрийн чадваргүй гэж тодорхойлж байгаа болохоос биш групп тогтоолгосон зүйл байхгүй гэж өөрөө хэлдэг. Харин Ш.Аригмаа би сайн санахгүй байна, тухайн үед баримтууд нь байсан болохоор л би бичиж өгсөн байх гэж хэлдэг. Засаг дарга нь би тодорхойлолт хийж өгөөгүй, миний эзгүйд миний туслах зохион байгуулагч хийсэн, миний туслах хийх ёсгүй зүйл хийсэн байна гэж тайлбарладаг. Бид нэхэмжлэлийн шаардлагаа юугаар нотолж байна вэ гэхээр Х.М 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод шилжиж ирээд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны хорооны Туулын 4 дүгээр гудамжны ..... тоотод амьдарч эхэлсэн гэдгийг тодорхойлсон одоогийн хорооны засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн байгаа. Хорооны засаг дарга өрхийн бүртгэлийн дэвтрийг үндэслэж тодорхойлолтоо хийж өгсөн. 3 өөр хорооны засаг даргын тодорхойлолт хэрэгт байгаа. 2004 оноос 2009 он хүртэл тус хаягт Х.М амьдарч байсан гэсэн тодорхойлолт, 2010 оноос хойш Х.Мгийн дүү Х.Гы гэр бүл уг хаягт бүртгэлтэй амьдарч байгаа гэсэн тодорхойлолт, мөн асуудал үүссэн учир Х.М өөрөө буцаж тус хаягтаа шилжиж ирж амьдарч байгаа талаарх тодорхойлолт зэрэг байгаа. Өнгөрсөн хугацаанд Х.М Б.Этай шүүхээр л явж байгаа. Х.М, Б.Э нарын хэн аль нь нэхэмжлэл гаргаж байсан боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй. Нэхэмжлэлээ Х.М буруу гаргасан учраас нэхэмжлэл нь хангагдахгүй яваад байсан. Х.М байшингаа ахыгаа амьд байхад түүний зөвшөөрлөөр барьж, хамт амьдарч байсан. Д.Р ахтайгаа амьдарч байсныг нотлох тухайн үеийн засаг даргын тодорхойлолт, өрхийн дэвтрийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн. Нотариатч өвлөх гэж байгаа газрын чинь гэрчилгээний эх хувь байхгүй учир бид таньд ямар ч үйлдэл хийж өгч чадахгүй гэдэг. Нөгөө эх гэрчилгээ нь Б.Эд байдаг. Д.Р гуай өндөр настай болохоор Б.Эын ээжийг гуйж өөрийнхөө газрын бичиг баримтуудыг хөөцөлдүүлсэн байдаг юм харин нөгөө хүмүүс нь хөөцөлдөж байх явцдаа нэрээ нэмж бүртгүүлсэн юм уу, эсвэл ямар нэг хууль бус байдлаар уг газрын өмчлөлийн гэрчилгээн дээр Б.Эын нэр орж ирсэн. 2017 онд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргахдаа би алдаа гаргаж онцгой ажиллагааны журмаар хариуцагч таталгүйгээр гаргасан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулснаар цаашид Х.М зөвөөр явж, газрыг өмчлөх эрхтэй цорын ганц этгээд болохоо тогтоолгож, асуудал маань зөв шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Шүүгчийн захирамжийн дагуу хэрэгт авагдсан баримтууд бидний нэхэмжлэлийн үнэн зөв үндэслэлтэй болохыг давхар бататгаж өгнө. Б.Э өмчлөх эрхийн гэрчилгээг авах, Д.Р агсаны өвлөгчөөр тогтоогдох эрх бүхий этгээд биш байсныг хэрэгт авагдсан нотлох баримтууд бүрэн нотолж байгаа. Б.Э гэв гэнэт Д.Р агсаныг нас барснаас хойш тус хаяг дээр иргэний бүртгэлээ шилжүүлж, ам бүл нэг гэж өрхийн дэвтэр нээлгэчихээд амьдарч байгаа асуудал эргэлзээтэй. Уг хаяг дээр Х.М, Х.Г гэж хүмүүс байсаар байхад хорооны ажилтнууд дахин гуравдахь гэр бүлийг бүртгэж асуудал үүсгэж байгаа асуудал цааш шалгагдана. Хэрэгт авагдсан нотлох баримт дунд Б.Эын тус хаягт бүртгэлтэй, өрхийн бүртгэлийн дэвтэр нээлгэсэнтэй холбоотойгоор 3 янзын тодорхойлолтыг ирүүлсэн. 58 дугаартай тодорхойлолтоор иргэн Б.Э энэ хаяг дээр 2005 оноос хойш ам бүл нэг гэсэн өрхийн бүртгэлийн дэвтэр нээлгэн амьдарч байгаа юм байна гэсэн. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дахин 2, 3 дахь тодорхойлолт ирүүлсэн. Засаг даргын гарын үсэг нь өөрчлөгдсөн, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар болон хоёр хуудас баримтыг хавсаргасан гэсэн тодорхойлолт ирсэн. Өрхийн бүртгэлийн дугаарыг харж, 2005 оноос хойш Б.Э амьдарсан гэж тодорхойлоод байна. Гэтэл 2005 гэсэн дугаарынх нь доор 2009 онд бүртгэв гэсэн үг байгаа. Шүүгчийн захирамжийн дагуу ирсэн Б.Эын хаягийн өөрчлөлтийн бүртгэлийг харахаар 2009 оноос хойш ..... тоот хаягт бүртгэгдсэн байгаа. Хорооны засаг даргын 3 дахь тодорхойлолт нь 4-..... тоотод Б.Э бүртгэлтэй боловч 48 тоотод амьдардаг гэсэн байгаа. Ийм эргэлзээтэй янз бүрийн тодорхойлолтууд ирсэн байдаг. Онцгой ажиллагааны журмаар Х.М Д.Ртай садан төрлийн холбоотойгоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж зээ дүүгээр тогтоож шийдвэрлэсэн. Иргэний бүртгэлийн архиваас Д.Р, Х.М нар хоорондоо садан төрлийн ямар хамааралтай вэ гэдэг талаар шүүхэд холбогдох нотлох баримт, тодорхойлолт ирсэн. Уг тодорхойлолтоор Д.Ргийн төрсөн дүү нь Д.Ч, Д.Ч нь 1998 онд нас барсан, Д.Р 2007 онд нас барсан, Д.Чгийн төрсөн хүүхдүүд нь Х.М, Х.Г, Х.Энхзул нар гэж гарч ирсэн байна гэж тодорхойлсон. Д.Р нь өөрийн гэр бүл байхгүй, төрсөн хүүхэд байхгүй хүн байсан гэж гардаг. Тэгэхээр Д.Ргийн нагац талынх нь зээ дүү Х.М, түүний ах дүү нар түүний хөрөнгийг өвлөх эрхтэй. Тухайн үед өвлөх эрхийнхээ гэрчилгээг бичүүлж авахаар холбогдох нотариатад хандаж, бусад хүмүүс нь өвлөх эрхээсээ татгалзаж, Х.Мд өвлөх эрхээ шилжүүлж өгье гэсэн утгатай хүсэлтүүд гаргаж байсныг бид шүүхэд өгсөн. Ингээд Х.М Д.Р ахынхаа цусан төрлийн хамаатан, мөн Д.Р ахыгаа нас барахаас өмнө 2004 оноос эхэлж 4-..... тоотод хамт амьдарч, ахыгаа асарч байсан. Ахыгаа нас барсаны дараа оршуулгын ажлыг нь хийсэн. Д.Р ахыгаа амьд байхад нь өөрийнх нь зөвшөөрлөөр тус газар дээрээ Х.М өөрийнхөө хөрөнгөөр байшин барьж амьдарч байсан. Түүнээс хойш амьдралын шаардлагаар Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу шилжиж яваад, буцаж ирсэн ийм үйл баримт тогтоогддог. Тиймээс Х.М Б.Эын өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй этгээд юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.
Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Ц би тус шүүхэд гаргасан иргэн Х.Мгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Х.М нь нотариатч Б.Ц миний 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Эд олгосон 2016/004 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тус 2016/004 тоот өвлөх эрхийн гэрчилгээг гаргахад үндэслэсэн нотлох баримт буюу хорооны Засаг даргын тодорхойлолт нь үндэслэлгүй болох нь хожим илэрсэн тул иргэн Б.Эд олгосон 2016/004 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн. Тухайн үед иргэн Б.Э манайд хандаж, талийгаач Д.Ртай дундын өмчлөлийн газрын гэрчилгээ, Д.Ргийн нас барсны гэрчилгээ, хорооны тодорхойлолт зэргийг барьж орж ирсэн. Б.Э хүсэлтэндээ миний бие төрсөн цагаасаа хойш өөрийн аавын талын хамаатан болох Д.Р гуайтай хамт амьдарч ирсэн. Ах Д.Р маань 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Нас барагч Д.Р болон Б.Э бидний дунд өмчлөлийн нэг газар байдаг. Ингээд талийгаачид ногдох газрын хэсгийг өвлөж авах хүсэлтэй байна, мөн Д.Ргийн асрамжид байсан учраас Иргэний хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийг үндэслэж, хүсэлтэд хавсаргасан баримтуудыг шалгаж үзэхэд газар өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа, нас барсны гэрчилгээ эх хувиараа, хорооны засаг даргын тодорхойлолт эх хувиар байсан. Ингээд миний бие хүсэлт гаргагч Б.Эын баримтуудыг авч үзээд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт заасан өвлөгч байна гэж үзэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хуулиар нас барсан этгээдийн эд хөрөнгийг өөр бусад өвлөгч нарт өвлүүлэх асуудлыг нотариатч олгох ёстой байгаа. Нотариатын байгууллага юуны өмнө иргэдийн хүсэлтийг хүлээж аваад, маргаан байгаа эсэхийг шалгадаг. Манай нотариатчийн танхимын нэгдсэн сан байдаг. Энэ санд өвтэй холбоотой бүхий л мэдээлэл нэгдсэн журмаар бүртгэгдэж явдаг. Нэгдсэн сангаас тухайн нас барсан этгээдийн эд хөрөнгийг хэн нэгэн этгээд өвлөсөн эсэх, өвлөн авах хүсэлт гаргасан, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг шалгаж үзэхэд гэрчилгээ олгогдоогүй, мэдээлэл байхгүй байна гэсэн лавлагаа ирсэн. Маргаан гарсан тохиолдолд нотариатч гэрчилгээ олгодоггүй. Хорооны засаг даргын тодорхойлолт дээр Б.Э нь нас барагч Д.Ргийн асрамжид байсан гэсэн байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар 1 жилээс доошгүй хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн гэж заасан. Эд хөрөнгө өвлөхтэй холбоотой асуудалд хууль ёсны өвлөгч, гэрээслэлээр өвлөгч гэсэн хоёр өвлөгч байдаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар нас барагчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгч байдаг. Хууль ёсны өвлөгчийг хамт амьдарч байсан, хамт амьдраагүй гэж хоёр ангилдаг. Талийгаачтай хамт амьдарч байсан өвлөгч тухайн эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзаагүй бол хүлээн авсан гэж тооцдог. Хамт амьдарч байгаагүй өвлөгчийн тухайд нэг жилийн дотор хүлээн авах хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авна гэж үздэг. Тэгэхээр Б.Эыг Д.Ргийн асрамжид байсан, Д.Ртай хамт амьдарч байсан учраас тухайн эд хөрөнгийг аль хэдийн өвлөж авсан байна гэж үзээд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл хорооны засаг даргын тодорхойлолт нь хуурамч байсан нь тогтоогдсон. Миний бие Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст энэ асуудлаар шалгагдсан, хорооны засаг дарга тэр тодорхойлолтыг гаргаж өгөөгүй гэдэг. Тэгэхээр би шүүхэд гаргасан тайлбартаа өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн нотлох баримтын чухал баримт болох хорооны засаг даргын тодорхойлолт нь хууль бус байсан гэж бичсэн. Тиймээс өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э нь тус шүүхэд хянан шийдвэрлэж байгаа иргэн Х.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Цд холбогдох хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Гуравдагч этгээдийн зүгээс дараах агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Миний бие тухайн хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тусгайлан гаргах санал байхгүй боловч хэрэв миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдвөл бие даасан нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж хянан шийдвэрлүүлэх болно. Харин шүүхээс уг маргааныг хянан шийдвэрлэхэд дараах зүйлийг анхаарч үзэхийг хүсэж байна. 1/ Иргэн М нь өвлүүлэгчтэй садан төрлийн ямар ч холбоогүй хэрнээ өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаад байгаа нь хууль бус хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг анхаарч үзэх. 2/ Миний бие Монгол Улсын Иргэний хууль, нотариатын тухай хууль, Монгол улсын хуульд заасныг үндэслэн холбогдох материалуудыг бүрдүүлж харъяа дүүргийнхээ нотариатад хандан өв залгамжлах асуудлыг шийдвэрлүүлсэн. Гэтэл харъяа дүүрэг хорооноос олгосон холбогдох бичиг баримтуудыг хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тухай бичиг баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргуулж авсан, холбогдох байгууллагаас хуурамч гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол, захирамж, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохирох байдлаар уг асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг анхаарч харгалзан үзэхийг тус тус хүсэж байна. Иймд гуравдагч этгээд Э миний бие хууль ёсны эрх ашиг минь бодитой зөрчигдвөл шүүхэд бие даасан нэхэмжлэл гарган хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэг маргаанаа хянан шийдвэрлэхийг хүсэж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Б.Цд холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б.Эд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “нотариатч нь Б.Эыг хууль ёсны өвлөгч мөн эсэхийг сайтар шалгаж нягтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн” гэж байгаа бол хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвшөөрч маргаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн хэдий ч өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгч болсон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй байх үүднээс хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэслэлгүй гэж үзэв.
Нотариатч Б.Ц нь өвлүүлэгч Д.Ргийн өвлөгдөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 4 дүгээр гудамжны ..... тоот хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаартай, 344.63м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй газрын 50 хувийг Б.Эд өвлүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө” гэж заасныг баримтлан Д.Ргийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгө болох газар өмчлөх эрхийн гэрчилгээ, Б.Эын оршин суугаа газрын тодорхойлолт, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын Б.Э нь Д.Ргийн асрамжид, хамт амьдарч байсан талаарх тодорхойлолт, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Б.Эыг ажилгүй иргэнээр бүртгэгдсэн тухай тодорхойлолтыг үндэслэжээ.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Эыг өвлүүлэгч Д.Ргийн асрамжид байсан эсэх, хөдөлмөрийн чадваргүй байсан эсэхийг тодруулах зорилгоор холбогдох газруудаас нотлох баримт бүрдүүлэхэд Д.Р нь Б.Эыг асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэгтэй байсан, Б.Эыг хөдөлмөрийн чадваргүй иргэн байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ талаар гуравдагч этгээд ямар нэг нотлох баримт гаргаагүй болно. Иймд нотариатч нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт “хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг” гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.6-д “өвлүүлэгчийг нас барахаас өмнө 1-ээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэний тухайд холбогдох баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, шаардлагатай тохиолдолд гэрчийн тодорхойлолт бусад баримт бичиг” гэж тус тус заасны дагуу хууль ёсны өвлөгчид тооцож болох талаарх бичиг баримтууд шаардлага хангаагүй, эсвэл бүрдүүлсэн баримтын хүрээнд хууль ёсны өвлөгчид тооцож болохгүй тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзах үүргээ биелүүлээгүйгээс хууль ёсны өвлөгчид тооцогдохгүй этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгож хууль зөрчсөн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа “Миний бие Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасныг үндэслэн холбогдох материалуудыг бүрдүүлж харъяа дүүргийнхээ нотариатад хандан өв залгамжлах асуудлыг шийдвэрлүүлсэн. Гэтэл харъяа дүүрэг хорооноос олгосон холбогдох бичиг баримтуудыг хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тухай бичиг баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргуулж авсан, холбогдох байгууллагаас хуурамч гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол, захирамж, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, ” гэжээ. Б.Эын өвлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлсэн баримтуудыг шүүх хуурамч баримт гэж үзээгүй бөгөөд бүрдүүлсэн бичиг баримтаар түүнийг Д.Ргийн хууль ёсны өвлөгчид тооцох үндэслэлгүй юм. Б.Э нь Д.Ргийн асрамжид байсан бол ямар шалтгаанаар, хэзээнээс хэдий хүртэл хугацаанд, хэний шийдвэрээр асран хамгаалуулах, харгалзан дэмжүүлэхээр шийдвэр гаргуулсан болох, хөдөлмөрийн чадваргүй бол ямар шалтгаан нөхцөлийн улмаас хэзээнээс хэдий хүртэл хугацаанд, ямар эрх бүхий албан тушаалтан, байгууллагын шийдвэрээр тогтоогдсон болохоо өвлөх эрхийн гэрчилгээ авах үедээ бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч Б.Эыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт заасан хууль ёсны өвлөгчид тооцох үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд Б.Эын тайлбар үндэслэлгүйгээс гадна Д.Ргийн хууль ёсны өвлөгчид тооцож нөхцөл байдлыг баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3 дахь хэсэгт зааснаар өв залгамжлал нь хуульд зааснаар болон гэрээслэлээр хэрэгждэг бөгөөд өв залгамжлалыг өөр аргаар гүйцэтгэх боломжгүй. Хуульд зааснаар гэдэгт Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 520.2, 520.3 дахь хэсэгт заасан этгээдүүд хамаарах ба гэрээслэлээр гэдэгт өвлүүлэгчийн гэрээслэлд нэр заасан этгээдийг ойлгоно. Б.Э нь өвлүүлэгч Д.Ргийн эд хөрөнгийг хуульд зааснаар болон гэрээслэлийн алинаар ч өвлөх эрхгүй тул хууль зөрчиж олгосон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Д.Ргийн өвлөгдөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэж үзнэ. Иргэний хуулийн 537 дугаар зүйлийн 537.1, 537.2, Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 42.6 дахь хэсэгт зааснаар нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч уг хөрөнгийг өвлөгч нар хүлээж авах болон төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална. Ийнхүү бусдын хууль ёсны өмчлөлд шилжих боломжтой өвлөгдөх эд хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авах нөхцөл болсон нотариатын үйлдэл буюу өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн Х.Мг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б.Эд олгосон 2016/004 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Ц. Дгийн Ргийн өвлөгдөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 4 дүгээр гудамжны ..... тоот хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаартай, 344.63м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-... дугаарт бүртгэлтэй газрын 50 хувийг Хушаат овогт Батсайханы Эд өвлүүлсэн Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА