Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0554/З |
Дугаар | 128/ШШ2021/0729 |
Огноо | 2021-11-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2021/0729
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Л
Хариуцагч: Нийслэлийн Б дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Л би Б дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжтай, Б дүүрэг, Х тохой, дугаар хороо хаягт байршилтай 17,542 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан болно.
Гэтэл Нийслэлийн Б дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дуудсаны дагуу 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр очиход 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13/6155 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13/627 дугаартай мэдэгдлүүдийг гардуулж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж энэ тухайгаа мэдэгдэж байна гэжээ. Тухайн мэдэгдлийг авч дахин тодруулан 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр очиход захирамж нь аль хэдийн гарсан байгаа гээд Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийг өгсөн болно.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т зааснаар дүүргийн Засаг даргын хууль бус захиргааны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар шүүхэд хандахын өмнө Нийслэлийн Засаг даргад хандах ёстой урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан гомдол гаргасан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гомдлын хариуг хүлээн авсан.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид гаргасан гомдлын хариуг эс зөвшөөрч байх тул тус шүүхэд хандаж байна.
Э.Л би газар эзэмших эрхийг шилжүүлж 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл гаргасан. Гэтэл газар шилжүүлэн авагч, шилжүүлэн өгөгч нарын өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй, шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, эхэлж гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй байхдаа газар эзэмших эрхийг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ковид-19 цар тахал 2019 онд БНХАУ-д гарч улмаар Монгол Улс 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл гамшгийн бэлэн байдалд бүх үйл ажиллагаа зогсонги байхад дээрх үндэслэлээр газрын эрхийг цуцалж байгаад гомдолтой байна. Нөхцөл байдал дэлхий даяараа хүнд хэцүү буюу газрыг зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын эрхийг шилжүүлж авсан компанийн хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх захирлууд 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсаас Европ руу явж түүнээс хойш хил хаалттайн улмаас Монгол Улсад буцан ирж чадахгүй өнөөдөр хүртэл байгаа бөгөөд сонсох ажиллагааг явуулахгүйгээр тайлбар, санал гаргах боломжийг хангалтгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Л надад холбогдох хэсэг хууль бус байх тул хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Э.Л нь анх Б дүүргийн дугаар хорооны нутаг Х тохой гэх газарт дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар захирамжаар ногооны зориулалтаар 17500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр авч 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр газрын төлбөрт жилд 770000 төгрөг төлөх ёстойгоос 2008, 2009, 2010 онуудад нийт 1,732,500 төгрөг төлсөн, 2017 оны 5,967,500 төгрөг төлсөн.
Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар ногооны зориулалтаар 17542 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр 000731066 дугаар бүхий гэрчилгээг тус тус авч, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Иргэн, хуудийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр газрын төлбөрт жилд 771848 төгрөг төлөх ёстойгоос 2018 онд 385924 төгрөг төлсөн байна.
Дээрх хугацаанд тус газарт хэдэн ширхэг мод тарьсан мэт байх боловч энэ нь уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй буюу хэлбэрийн төдий хандсан байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхийг үүрэгжүүлсэн байна. Харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т иргэнд газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ.
Дээрх хуулийн хүрээнд иргэн Э.Л-тэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.1, 4.5, 4.6 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна.
Э.Л-д дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 02, 03 дугаар саруудад зохих мэдэгдлийг хүргүүлж ажилласан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Л-с Нийслэлийн Б дүүргийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч иргэн Э.Л Б дүүргийн дугаар хороо Х гэх газарт байрлах 17500 м.кв газрыг Б дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаар захирамжийн үндсэн дээр олгондсон 0148988 дугаар гэрчилгээ болон 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний үндсэн дээр эзэмшиж байсан бөгөөд мөн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна.
Э.Л, Д.У нар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, Э.Л-с уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэх, Д.У-с уг газрын зориулалтыг өөрчлөн шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг тус тус 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасныг Б дүүргийн Газар зохион байгуулалтын алба хүлээн авч мөн өдрийн бүртгэлийн 01110-07-00065-19 дугаарт бүртгэжээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 38 дугаар зүйлийн 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын Дөрөв дэх хэсгийн 6-д Эрхийн гэрчилгээг сунгах нөхцлийг хангасан өргөдлийг 15 хоногт, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх нөхцлийг хангасан өргөдлийг ажлын 15 хоногт багтаан Газрын тухай Монгол Улсын хуульд заасны дагуу тус тус шийдвэрлэнэ гэж заажээ.
Гэтэл Э.Л, Д.У нараас гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэх, шинээр газар эзмшүүлэх гэрчилгээ олгох хүсэлт, өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй болох нь Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13/3481 дүгээр албан бичиг, Газар эзэмших, ашиглах эрхийг шийдвэрлэх дэд зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.
Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх өргөдлийг шийдвэрлэлгүйгээр газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Б дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Э.Л-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй байна.
Учир нь газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх өргөдлийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх этгээд тодорхой болох бөгөөд нэхэмжлэгч газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл гаргахдаа газрын төлбөрийг бүрэн төлсөн болон эзэмших эрх бүхий газраа чацарганы мод тарьж, ургуулж зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бол газрын төлбөр төлөөгүй болон газраа зориулалтын 2 жил дараалан ашиглаагүй гэх асуудалд буруутай этгээд тодорхой болох байсан бөгөөд буюу захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас дээрх нөхцөл байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Э.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН