| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0015/З |
| Дугаар | 221/МА2024/0674 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2024/0674
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Т, У.О
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн НА-222300000** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0596 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б
Хариуцагч Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Т, У.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2024/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Т” ХХК нь Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Т, У.О нарт холбогдуулж “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн НА-222300000** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0596 дугаар шийдвэрээр:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэг, 7.4.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.1.1, 13.1.2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.1.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.1.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 9.2.2, 9.2.3 дахь заалт, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн НА-222300000** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хувийн эрх зүйн гэрээний зарчмыг анхааралгүй татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн хариуцагч татварын байцаагч нар татварын хяналт шалгалт явуулахдаа Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг зөрчин нөхөн ногдуулалтын акт ногдуулсан байхад анхан шатны шүүхээс тус зөрчилд дүгнэлт хийлгүй процесс алдаатай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул тус шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэг. Анхан шатны шүүх НА-222300000** тоот нөхөн ногдуулалтын актын нэг дэх хэсэгт “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2020 оны тайлангийн албан татвар ногдох орлогын нийт дүнд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 132 айлын “П” цогцолбор хотхоны **А орон сууцны зориулалттай барилгын ерөнхий гүйцэтгэгч “Т” ХХК-тай байгуулсан гэрээний ажлын хөлсөнд ***, **** тоот орон сууцыг шилжүүлэн өгсөн гэж үзэн нийт 882,546,363.63 төгрөгөөс татвар тооцсон хэсгийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй тухайд:
...Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодит дүгнээгүй байна. Учир нь: Хяналт шалгалтын хугацаанд хамаарахгүй баримтыг үндэслэж татварын байцаагч болон шүүгч татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй тухайд: Шийдвэрт дурдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх бичиг баримт нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд татварын улсын байцаагч нар “Т” ХХК-ийн 2018-2021 оны татварын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаж акт тогтоосон байхад 2022 онд үйлдэгдсэн бичиг баримтыг үндэслэн уг 2 орон сууц болон 2 авто зогсоол, 1 агуулахаас зөвхөн 2 орон сууцыг 2021 онд борлуулсан байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн дээрх “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар (нийт 85 ширхэг объект) үүнээс **Г байрыг бүхэлд нь, **А байрнаас дээрх 2 орон сууц, 2 ширхэг авто зогсоол, 1 ширхэг агуулахыг хүлээлцэн өгөв гэж дурдсанаас гадна **А, **Б, **В байрнуудын доголдолтой ажлуудыг тохиролцсон хугацаанд засаж сайжруулаагүй тохиолдолд **А байрны 2 орон сууц, авто зогсоол, агуулахыг үл маргах журмаар буцаан шилжүүлнэ гэж харилцан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл талууд ажил гүйцэтгэх гэрээг эцсийн байдлаар дүгнэж байхад Улсын комиссын акт гарсан гэх үндэслэлээр татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.
Үүнээс гадна уг гэрээ хэрэгжиж дуусахад 1 талаас ажлын гүйцэтгэл, нөгөө талаас бартерт өгсөн байрны үнийн дүнгээр харилцан Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бичилцэхээр 19/04/**-** тоот гэрээний дөрөвдүгээр зүйлийн “Төлбөр хийгдэх нөхцөл”-ийн 4 дүгээрт заасан байгаа бөгөөд орлого ба зардал (өртөг) тэнцэж Аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлого 0 дүнтэй болохоос гадна уг ажил гүйлгээний борлуулалтын болон худалдан авалтын Нэмэгдсэн өртгийн албан татварын дүн тэнцүү тул төлөх татвар үүсэхгүй. Бартерын борлуулалтууд яг л энэ зарчмаар өнөөг хүртэл татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдэж байгаа. Түүнчлэн хэрэгт цугларсан “Т” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд “П” цогцолбор хотхоны **А байрны ***, **** тоотыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь үйл баримт нотлогдохгүй байгааг анхаарч үзэх нь зүйтэй. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2024 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 5/**** дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, П хотхон **А байрны ***, **** тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй байгаа талаар нотлох баримтыг гаргуулсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж аваагүй байгаа нь талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө шилжээгүй, Т ХХК нь борлуулалт хийгээгүй болохыг давхар нотолж байгаа болно.
Хоёр. Хөрөнгө оруулалтын гэрээгээр 4 иргэнд төслийн орон сууцнаас дотор засалгүйгээр 1 м.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр үнэлж борлуулсанд нөхөн татвар ногдуулсныг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болох тухайд:
...Дээрх 38 орон сууцыг нийт 4 иргэнтэй уг хотхоныг барьж эхлүүлэх анхны хөрөнгө оруулалт хийхэд буюу 2017, 2018 онуудад тухайн үеийн засалгүй байрны зах зээлийн унэ ханшаар 1 м.кв-ыг 1,000,000.00 төгрөгөөр тооцож өгөхөөр байгуулсан гэрээний дагуу засалгүйгээр иргэн Б.Г, Б.О, Н.У нарт 36 орон сууц, иргэн Г-д 2 орон сууцыг 2020 онд хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл харилцан хамаарал бүхий этгээдэд зах зээлийн үнэ ханшаас доогуур үнээр борлуулсан хэрэг огт биш бөгөөд манай компани уг хөрөнгө оруулалтаар төслийнхөө байрнуудыг суурийг хийж каркас ханануудыг барьж босгосноор захиалагч нартай орон сууц захиалан бариулах гэрээгээ хийх боломжтой болсон юм. “Т” ХХК иргэн Г-тай харилцан хамааралгүй бөгөөд шүүгч энэ тал дээр ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, харилцан хамаарал бүхий 3 иргэнд нийт 3049 метр квадрат талбай бүхий 38 орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж байрны тоо хэмжээ, метр квадратын хувьд зөрүүтэй дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.
Харилцан хамаарал бүхий этгээдэд зах зээлийн үнээс хямд үнээр борлуулсан гэж үзэж Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн**** дугаар тушаалаар батлагдсан “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам”-ыг мөрдлөг болгон ашиглаж харьцуулагдах байдлын шинжилгээ хийж борлуулалтын үнийг тогтоож байгаа бол уг журмын заалтуудыг мөрдөх ёстой. Тухайлбал уг журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “Харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний бодит үнэ, нөхцөлийг тодорхойлох зорилгоор үнэ шилжилтийн хамгийн тохиромжтой аргыг сонгож, хэрэглэхдээ Татварын ерөнхий хуулийн 6.1.37-д заасан харьцуулагдах байдлын шинжилгээ хийх бөгөөд дараах байдлаар хийж гүйцэтгэнэ”, 2.1.1-т “бодит үнэ, нөхцөлийг тодорхойлохдоо хяналтад байгаа ажил гүйлгээ болон харьцуулагдах бие даасан ажил гүйлгээ нь нэг тайлант жилд хамаарах” гэж заасан байна.
2017, 2018 онд хийгдсэн гэрээний дагуу хүлээлгэн өгч 2020 онд борлуулалтын орлогоор тайлагнасан орон сууцуудын борлуулалтын үнэлгээг 2020 оны 1 дүгээр сараас хийж эхэлсэн захиалгын гэрээнүүдийн дагуу 2020-2024 онуудад борлуулж дууссан орон сууцны үнэлгээтэй харьцуулж байгаа нь журмын дээрх заалттай нийцэхгүй үндэслэлгүй байна.
Гурав. Сангийн сайдын баталсан стандартын дагуу хийсэн бүртгэлийг хууль бус хэмээн дүгнэсэн тухайд:
2020 онд 536,674,500.09 төгрөг, 2021 онд 437,604,927.27 төгрөг, нийт 974,279,427.36 төгрөгийн баталгаат засварын нөөцийг борлуулалтын орлогын 5 хувиар байгуулж, борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулж тооцон албан татвар ногдох орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл..., Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчсөн гэж хариуцлага тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна.
МУ-ын Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандарт”-ын 6 дугаар хэсгийн 6.4.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч нь гэрээт ажилтай холбоотой ирээдүйн тодорхой хугацаанд баталгааны үүрэг хүлээхээр бол ирээдүйд үүсэж болох үүрэг хариуцлагыг НББОУС** “Нөөц, болзошгүй өр төлбөр, болзошгүй хөрөнгө”-д нийцүүлэн бүртгэнэ"..., 6.4.5-д “Аж ахуйн нэгжийн удирдлага нягтлан бодох бүртгэлийн бодлогоороо нөөцийг ямар сууриар хэмжихийг тодорхойлж, тогтвортой мөрдөнө”..., 6.4.7-д “Үүрэг хариуцлагын төлбөрийг барагдуулахад шаардагдах эдийн засгийн өгөөж бүхий нөөцийн урсгал гадагшлах магадлал байхгүй бол нөөцийн дүнг буцаан бичнэ” гэж заасан.Бид үйл ажиллагаандаа уг стандартыг мөрдөж борлуулалтын орлогын сууриар нөөц өр төлбөрийг 5%-р бүртгэж өртөг, зардалд бүртгэдэг. Энэ хугацаанд засварын зардал гараагүй тохиолдолд дээрх стандартын заалтын дагуу уг нөөцийг буцааж, борлуулалтын орлого бүртгэнэ.
Гэтэл батлагдсан стандартын дагуу болзошгүй өр төлбөрийн нөөц үүсгэж өртөг зардал бүртгэснийг хууль зөрчсөн гэж үзэж төлбөр ногдуулж байгаа нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзэж байна.
Дөрөв. Татварын улсын байцаагчид татварын хяналт шалгалт явуулахдаа Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс тус зөрчилд дүгнэлт хийгээгүй, журам зөрчиж ногдуулсан татварын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн тухайд:
...Татварын Ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.9-д заасан (1) энгийн хяналт шалгалт, (2) хялбаршуулсан хяналт шалгалт, (3) нарийн төвөгтэй хяналт шалгалт гэсэн 3 төрлөөр хяналт шалгалт хийхээр зохицуулсан байна.
...Үүнээс дүгнэхэд энгийн хяналт шалгалт хийж байх явцад харилцан хамаараг бүхий этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний үнэ, нөхцөл нь ижил төрлийн бие даасан ажил гүйлгээний үнэ, нөхцөлөөс ялгаатай байгаа тохиолдолд нарийн төвөгтэй хяналт шалгалтын төрлөөр өөрчлүүлэх саналыг Татварын ерөнхий газарт хүргүүлж, шийдвэрлүүлэх ёстой. Мөн дээрх журмын 2.10-д “нарийн төвөгтэй хяналт шалгалтад бусад салбарын мэргэжилтэн, гадаад улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, үнэ шилжилт, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм хэрэгжүүлэх зэрэг нарийн төвөгтэй ажиллагаа хийгдэх хяналт шалгалтыг хамааруулна” гэж зохицуулсан.
“Т” ХХК-д явуулсан хяналт шалгалтаар үнэ шилжүүлэлтийн тохиргоо хийсэн тул нарийн төвөгтэй хяналт шалгалтын төрлөөр өөрчлүүлэх саналыг хүргүүлэх шаардлагатай байсан. Гэтэл хяналт шалгалтын төрлийг өөрчлүүлэх санал, албан бичиг өөрчилсөн шийдвэр зэрэг хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалт явуулах удирдамжаас хэтэрсэн хүрээгээр хяналт шалгалт явуулсан. Улсын байцаагч нар нь хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээнд зөрчил илрүүлсэн бол Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.9.3-т заасны дагуу хяналт шалгалтын төрлийг өөрчлүүлэх саналыг хүргүүлэх ёстой байсан. Гэтэл татварын байцаагч нар хяналт шалгалтын төрлийг өөрчлүүлэлгүй хяналт, шалгалтыг явуулж татварын нөхөн ногдуулалт, торгууль, алданги ногдуулсан. Иймд хяналт шалгалт явуулах эрхгүй татварын байцаагч нар хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулан татварын нөхөн ногдуулалтын акт ногдуулжээ.
...Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0596 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Т, У.О нар нь “Т” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 22224***** тоот томилолт, Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн НА-222300000** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар[1] Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 785.443.415,52 төгрөгийн нөхөн татвар, 314.155.887,63 төгрөгийн торгууль, 28.882.252,21 төгрөгийн алданги, нийт 1.123.481.555,36 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
3. Дээрх актыг эс зөвшөөрч “Т” ХХК-ийн захирал Б.Г гомдол гаргасныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаад 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тогтоолоор[2] маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн НА-222300000** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Анхан шатны шүүх “...нөхөн ногдуулалтын актаар **А блок орон сууцны *** тоот 183.17 м.кв талбайтай 512.876.000,00 төгрөгийн дүнтэй 1 ширхэг орон сууц, 1602 тоот 457.925.000,00 төгрөгийн дүнтэй 1 ширхэг орон сууц нийт 970.801.000,00 төгрөгийн НӨАТ-гүй дүнгээр 882.546.363,63 төгрөгийн дүнтэй 2 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгөн гэж дүгнэн зөрчилд тооцсон нь үндэслэлтэй, ... гэрээний үнэ, аж ахуй нэгжийн албан татварт тайлагнасан борлуулалтын орлого, магадалгааны явцад ирүүлсэн зардлын баримт зэргийг үнэн зөвийг тодорхойлох боломжгүй буюу бодит бус үнийг хэрэглэсэн, жишиг үнийн аргыг хэрэглэснээр борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлж түүнтэй уялдан гарсан зардлыг тооцоолсон гэж үзэх үндэслэлтэй, ... нэхэмжлэгч нь нэгэнт борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулж тооцоогүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаж буй нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнаж төлөөгүй гэж үзэх нь үндэслэл бүхий байна” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Т” ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар;
5.1 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №19/04/**-** дугаар “Ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-ээр[3] Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 132 айлын “П” цогцолбор хотхоны **А орон сууцны зориулалттай барилгын ерөнхий гүйцэтгэгч “Т” ХХК-тай байгуулсан гэрээний ажлын хөлсөнд шилжүүлэн борлуулсан ***, **** тоот орон сууцны 882.546.363.63 төгрөгийн орлогын дүнгээс 709.743.785,64 төгрөгийн өртгийг хасаж 172.802.578,00 төгрөгийн, 38 орон сууцны борлуулалтын үнэлгээнд үнэ шилжүүлэлтийн тохируулга хийж, дутуу тайлагнасан 4.869.257.341,83 төгрөгийн дүнгээс 3.915.856.754,30 төгрөгийн өртгийг хасаж 953.400.587,53 төгрөгийн, нийт 5.751.803.705,47[4] төгрөгийн албан татвар,
5.2 2020 онд 536.674.500,09 төгрөг[5], 2021 онд 437.604.927,27 төгрөг нийт 974.279.427,36 төгрөгийн баталгаат засварын нөөцийг борлуулалтын орлогын 5 хувиар байгуулж, борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулж тооцон албан татварын ногдуулах орлогыг бууруулсан,
5.3 Нэмэгдсэн өртгийн албан татварын 2020 оны тайлангийн худалдан авсан бараа үйлчилгээнд 5.751.803.705,47 төгрөгийн[6] орлогод албан татвар тайлагнаагүй,
5.4 Нэмэгдсэн өртгийн албан татварын 2019 оны тайланд 2.147.856,90 төгрөгийн[7] хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулсан худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.
6. Актын 1 дэх зөрчлийн тухайд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, 12 дугаар зүйлийн 12.1.3-т “үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар”, 13 дугаар зүйлийн 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 16 дугаар зүйлийн 16.1.1-т “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал”, 18 дугаар зүйлийн 18.2-т “Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна” гэж заасантай нийцсэн, үнэ шилжилтийн тохируулга хийж татварын орлогыг тайлагнаагүй гэж үзэж борлуулалтад нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцсон нь үндэслэлтэй.
6.1 Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 132 айлын “П” цогцолбор хотхоны орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Т” ХХК ажиллахаар “Т” ХХК-ийн байгуулсан гэрээгээр[8] ажлын хөлсөнд **А байрны ***, **** тоот орон сууцыг шилжүүлэхээр тохиролцон, улмаар шилжүүлсэн болох нь нотлогдсон байна.
6.2 Өөрөөр хэлбэл тухайн гэрээгээр[9] тохиролцсон ажил гүйцэтгэгдсэн, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт[10] 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарсан зэргээс үзвэл тухайн орон сууцуудыг борлуулснаар бүртгээгүйг зөрчилд тооцсон нь зөв байна.
6.3 Татвар төлөгч “Т” ХХК нь нэр бүхий иргэдэд орон сууцны үнийг 1 м.кв-ийг 1.000.000 төгрөгөөр[11] үнэлэн хөрөнгө оруулалтын гэрээгээр 38 орон сууцны борлуулалтын үнэлгээнд үнэ шилжилтийн тохируулга хийгээгүй, дутуу тайлагнасанд татвар ногдуулсан нь үндэслэлтэй.
6.4 Тухайн иргэдийн хөрөнгө оруулалтыг өр төлбөр, хөрөнгө оруулалт хэсэгт бүрэн тайлагнаагүй байсан болох нь “Т” ХХК-ийн холбогдох тайлангаар нотлогдсон байх бөгөөд харилцан хамаарал бүхий этгээд хоорондоо зах зээлийн үнээс хэт бага үнээр орон сууцыг худалдан борлуулсныг үнэ шилжилтийн тохируулга хийж татвар ногдуулсныг буруутгах боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д заасантай нийцжээ.
7. Актын 2 дахь зөрчлийн тухайд: 2020 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 16 дугаар зүйлийн 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэж заасантай нийцжээ.
7.1 Анхан шатны шүүхийн “...Т ХХК нь барилгын ажлын гүйцэтгэгч бус, харин захиалагч болох нь тогтоогдож байх тул дээрх стандартын дагуу өр төлбөрийн нөөц үүсгэх этгээдэд хамаарахааргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
7.2 Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тушаалаар баталсан “Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандарт”-ын 6.4.2, 6.4.3-т заасан зохицуулалт барилгын ажил гүйцэтгэгчид хамаарах бөгөөд нийт 974.279.427,36 төгрөгийн баталгаат засварын нөөцийг борлуулалтын орлогын 5 хувиар байгуулж, борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулж тооцон албан татвар ногдох орлогыг бууруулсныг зөрчилд тооцсон нь үндэслэлтэй.
8. Актын 3 дахь зөрчлийн тухайд: Актын 1 дэх зөрчилд дурдсан нийт 5.751.803.705,47 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2.2, 9.2.3 болон холбогдох зохицуулалтыг зөрчсөн болох нь тогтоогджээ.
9. Актын 4 дэх зөрчлийн тухайд: Нэхэмжлэгч хуулийн этгээд энэ талаар Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй, анхан шатны шүүхэд маргаж үндэслэл тайлбар хэлээгүй, шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдаж байна.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулж Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 16-18 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 10-15 хуудас
[3] 1 хавтаст хэргийн 28-32 хуудас
[4] 1 хавтаст хэргийн 20 хуудас
[5] 1 хавтаст хэргийн 19 хуудас
[6] 1 хавтаст хэргийн 22 хуудас
[7] 1 хавтаст хэргийн 19 хуудас
[8] 1 хавтаст хэргийн 26-37, 99-105 хуудас
[9] 1 хавтаст хэргийн 99-105 хуудас
[10] 1 хавтаст хэргийн 79 хуудас
[11] 1 хавтаст хэргийн 38-46 хуудас