Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 109

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Улсын яллагч Л.Энхтайван

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

     Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлөг овогт Бумцэндийн Гомбод холбогдох эрүүгийн  201618000190 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 03-нд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2 ээжтэйгээ хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7-р баг, Минжийн хангай гудамж, Нарангийн 127 тоотод оршин суух, Зам замын байгууламж ХХК-д ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өөлөг овогт Бумцэндийн Гомбо, РД/БЕ86090319/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Гомбо нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд үйл ажиллагаа явуулах Анир нэртэй цэнгээний газрын гадна Б.Цогт-Очиртой машинд суулгах асуудлаар маргалдан улмаар түлхэж машин мөргүүлсний улмаас Б.Цогт-Очирын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. ҮүндШүүгдэгч Б.Гомбо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн …2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэд ирээд ажлын хамт олонтойгоо хамт караокед орсон. Караокенд ороод хүн тус бүрийн хоёр хоёр лаз пиво хувааж уугаад 11 цагийн үед амрах байр луугаа явах болсон боловч Б.Цогт-Очир цуг явахгүй байхаар нь би машинд суулгах гэж түлхсэн. Тухайн үед эрүү нь хугарсан талаар мэдээгүй байсан. 15 хоногийн дараа мэдсэн..... гэх мэдүүлэг.

Хохирогч Б.Цогт-Очирын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....бид нар микро автобуснаас буугаад хэсэг зуур зогсож байтал намайг Гомбо гэх залуу зүүн эрүүний доод хэсэг рүү нэг удаа цохиход маш ихээр өвдсөн. Миний эрүү тэр оройноос хойш өвдөөд байхаар нь маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Гомбод миний эрүү өвдөөд байна, хоол унд идэж болохгүй байна гэж хэлэхэд Гомбо ах нэг их тоогоогүй. Тэрнээс хойш хэд хоног миний эрүү өвдөөд хэцүү байхаар нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын 1-р хороололд байрлах Халиу нэртэй эрүү нүүрний эмнэлэгт үзүүлтэл тус эмнэлэгээс миний зүүн эрүүг хугарал, цууралттай байна гэсэн хариу өгсөн....... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/

Хохирогч Б.Цогт-Очирын 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн .......Б.Гомбо намайг гараараа болон ямар нэг эд зүйлээр цохиогүй. Намайг машинд суулгах гэж миний цээж рүү түлхэхэд би толгойн зүүн хажуугаараа машин мөргөсөн. Ингээд мөргөсний дараа миний эрүү хөндүүрлэж, зовиурласан……..Миний цээж рүү түлхсэн үүнийг би цохисон гэж бодоод буруу мэдүүлсэн  ..... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

Гэрч Т.Мөнхзулын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ......Манай байгууллагын буюу надтай хамт ажилладаг хүмүүс Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гүүр барих ажил хийж байсан ба 2016 оны 06-р сарын 05-ны өдөр даргаас чөлөө авч ажилчдаараа Ерөө суманд байдаг Анир гэдэг караокед сууцгаасан. Караокед суухдаа бид нар 2 шил архи, 20 гаруй пиво авч ууцгаасан. Тэгээд караоке хаах болоод бид нар гараад ажлынхаа байр луу явах гэтэл Цогт-Очир дахиад өөр караокед сууя, би хүнийг нь таньж мэднэ гээд нэг газар очоод эзэнтэй нь ярьсан чинь тэр караоке нь орой болсон тул ажиллахгүй гэсэн чинь Цогт-Очир би явахгүй, та нар яв, намайг энд үлдээ гээд машинд суухгүй байсан. Тэгсэн Гомбо ах машинаас буугаад Цогт-Очирыг машинд суу гэсэн чинь суухгүй байсан. Тэгсэн тэр хоёр хоорондоо зууралдаад хоёр биенээ түлхээд, тэгсэн Гомбо ах Цогт-Очирыг машинд суу гэж байна гэж хэлээд машин руу түлхсэн чинь Цогоо машин мөргөж унасан. Тэгээд Цогоог босгож машинд суулгаад бид нар байрлуугаа явсан. Тэгсэн маргааш өглөө нь Цогоо эрүү өвдөөд байна хоол унд идэж чадахгүй байна гэж хэлж ярьсан. Ийм л асуудал болсон...... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

Гэрч Ц.Цолмонгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ......тэгэхээр нь би одоо болно явцгаа гээд Цогт-Очирыг татаад машин руу суулгах гэтэл намайг түлхээд зүүж явсан нүдний шил, цүнх зэрэг зүйлс газар уначихаар нь би аваад эргээд харах хооронд Цогт-Очир /Цогоо/, Гомбо хоёр зууралдсан зогсож байсан. Би явахгүй та нар явж бай намайг энд үлдээчих гээд машиндаа суухгүй байсан учраас Гомбо Цогт-Очирыг машинд суулгах гээд тэр хоёр хоорондоо зууралдаад Гомбо Цогоог машин руу түлхсэн чинь Цогоо машиныг нүүр хэсгээрээ мөргөж унасан. Тэгээд тухайн үедээ ямар нэгэн зүйл болоогүй Цогт-Очир ч машиндаа суугаад бид нар байрлуугаа явсан...... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

Гэрч Д.Эрдэнэчулууны 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...... тэр хоёр суу суухгүй гээд хоорондоо маргалдаж зууралдаад 2 биенээ түлхээд, тэгсэн Гомбо Цогоог машинд суу гэж байна гэж хэлээд машин руу түлхтэл Цогоо машин мөргөөд унасан. Машин руу унахдаа нүүрээрээ очиж машин мөргөсөн. Тэгээд үүний дараа өөр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй бүгд машиндаа сууцгаасан. Харин маргааш өглөө нь Цогоо эрүү гэмтсэн энэ тэр гэж ярьсан явж байсан...... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №9373 тоот үзлэг хийсэн актанд 1.Цогт-Очирын биед эрүүний зүүн булангийн зөрөөгүй хугарал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

4.Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/

Шүүгдэгч Б.Гомбыг 2016-07-05 нд сэжигтнээр /хх 27/, 2016-09-03-ны өдөр яллагдагчаар / хх-ийн 29 дүгээр тал/ байцааж авсан тэмдэглэлүүд

Шүүгдэгч Б.Гомбын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх42/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Гомбо нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд үйл ажиллагаа явуулах Анир нэртэй цэнгээний газрын гадна Б.Цогт-Очиртой машинд суулгах асуудлаар маргалдан улмаар түлхэж машин мөргүүлсний улмаас Б.Цогт-Очирын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Б.Цогт-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх17-19/, Т.Мөнхзулын /хх20/, гэрч Ц.Цолмонгийн /хх-21/, Д.Эрдэнэчулууны /хх21/ мэдүүлгүүд, шинжээч эмчийн 9373 тоот дүгнэлт /хх35/ зэрэг болно.

Тухайн хэрэг болох байсан үед цуг байсан гэрчүүд болон энэхүү хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил мэргэжлийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

Хохирогч Б.Цогт-Очирын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэмтлийн зэрэг дээр маргаангүй байна.

Шүүгдэгч О.Гомбод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1-д зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулж буй хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Хохирогч Б.Цогт-Очир хохирол төлбөр төлөгдсөн гомдол саналгүй гэсэн тодорхойлолт ирүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн рентген зургийг хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297 -р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Өөлөг овогт Бумцэндийн Гомбыг мөн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-д заасан Бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Өөлөг овогт Бумцэндийн Гомбод 01 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.  .  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Гомбод оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Шүүгдэгч Б.Гомбо энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн рентгэн зургийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Гомбод оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Гомбын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндсэлэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

9.Шүүгдэгч Б.Гомбод урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ