| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2019/00173/И |
| Дугаар | 102/ШШ2019/00938 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2019/00938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Б
Хариуцагч: НШШГГ
2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б
нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу
хариуцагчийн төлөөлөгч В.Уранцэцэг
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НШШГГ нь 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төлбөр төлөгч “Х” ХХК, Н.Пүрэвдорж, Н.Б, Ч.Хадбаатар нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анханы болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа төлбөр төлөгч болон орон сууцны өмчлөгч нарт мэдэгдээгүй мөн дуудлага худалдаа явуулахдаа эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй ... тоот 91.85 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууц мөн Ү-... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6-р хороо, 10 хороолол 12/4г дугаар байрны ... 64.3 мкв талбайтай орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Уг дуудлага худалдааг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Дуудлага худалдаа болох талаар төлбөр төлөгч нарт ШШГТХ-ийн 14 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдээгүй. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.12.07-ны өдрийн 4/403 тоот албан бичигт Монгол шуудан гэсэн дардас дарсан нь Монгол шуудан уг албан бичгийг дугтуйлж албажуулан дардас дарах байтал албан бичигт дарсан нь хуурамч баримт бичиг гэж үзэж байна. Уг албан бичгийг конандаж өгсөн. Орон сууцнуудыг хэрхэн хэзээ үнэлсэн нь тодорхой бус дуудлага худалдааны үнэлгээ нь зах зээлийн үнээс хамаагүй доогуур байгаа тул уг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн нэр дээрх 100 айл дээр байгаа үл хөдлөх хөрөнгө болон Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлалтай орон сууц хоёрыг Голомт банкны 200,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очсоны дараа үнэлгээний компани үл хөдлөх хөрөнгүүдийг хэдэн төгрөгөөр үнэлснийг би мэдээгүй. Үнэлгээ хийх гэж байгаа компани нь манай 100 айл дээрх объектод очиж үнэлгээ хийсэн гэсэн. Дараа нь манай гэрт нэг залуу ирээд зураг авчихаад явсан. Үүнийг шинжээч томилсноо мэдэгдэж байна гэж ойлгосон. Тэрнээс намайг дуудсан, мэдэгдсэн зүйл байхгүй. Надад үл хөдлөх хөрөнгүүдийг хэдэн төгрөгөөр үнэлсэн талаараа ямар ч мэдээлэл өгөөгүй. Би 100 айлын объектоо зараад банкны зээлийн төлбөрөө хаана гэсэн бодолтой байсан. Гэтэл хоёр үл хөдлөх маань нийлээд 160 гаруй сая төгрөгөөр зарагдсан байсан. Иймд үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан гэсэн мэдэгдлийг авчихаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би хүсэлтээ шүүхэд гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй би танилцаагүй, надад хэдэн төгрөгөөр үнэлэгдсэнийг ч хэлээгүй харин анхны дуудлага худалдаа явуулна гэсэн мессеж ирсэн, түүнээс хэдэн төгрөг, хэдэн хувиар зарагдах гэж байна гэсэн ямар ч мэдээлэл аваагүй, шуудангаар ч баримт ирээгүй. Иймд дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч В.Уранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар “Х” ХХК, Н.Б, Н.Пүрэвдорж, Ч.Хадбаатар нараас 263.528.104 төгрөг гаргуулж “Голомт банк” ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Б, Н.Пүрэвдорж нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын Ү-... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6-р хороо, 10 дугаар хороолол, 12/Г байр ... 64,3 мкв талбайтай орон сууц, өмчлөлийн эрхийн улсын Ү-... дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7 дугаар хороолол, ... байр .... тоот 91,85 мкв талбайтай орон сууцнуудыг битүүмжлэн хурааж Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд 12/Г байр ... 64,3 мкв талбайтай орон сууцыг 84.685.865 төгрөгөөр, 53 байр ... тоот 91,85 мкв талбайтай орон сууцыг 159.826.290 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Х" ХХК, Н.Б, Н.Пүрэвдорж, Ч.Хадбаатар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/17829 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 12/Г байр ... 64,3 мкв талбайтай орон сууцны үнэлэгдсэн үнэ 84.685.865 төгрөгийн 70 хувь 59.280.105 төгрөгөөр, .. байр ... тоот 91,85 мкв талбайтай орон сууны үнэлэгдсэн үнэ 159.826.290 төгрөгийн 70 хувь 111.878.403 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар 12/Г байр ... 64,3 мкв талбайтай орон сууцны үнэлэгдсэн үнэ 84.685.865 төгрөгийн 50 хувь 42,342,932 төгрөгөөр, 53 байр .... тоот 91,85 мкв талбайтай орон сууны үнэлэгдсэн үнэ 159.826.290 төгрөгийн 50 хувь 79.913.145 төгрөгөөр оруулахад 12/Г байр ... 64,3 мкв талбайтай орон сууц 65,000,000 төгрөгөөр, 53 байр Ү-4 тоот 91,85 мкв талбайтай орон сууц 100,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч В.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бгийн гэрт нь очихоор байнга хүнгүй байдаг. Утсаар л дуудаж уулздаг. Мессежээр мэдэгдлүүдийг явуулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шуудан болон утсаар мэдэгдлүүдийг мэдэгдэнэ гэж заасан байгаа. Иймд мэдэгдлүүдийг утсаар мэдэгдэж байсан гэж үзэж байгаа. Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгчдөд шуудангаар хүргүүлсэн. Мөн утсаар Н.Бтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд үнэлгээ мэдэгдсэнээс хойш хөрөнгөө өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа авдаг. Энэ хугацаагаа авах уу гэж Н.Бтай ярихад авна гэсэн. Би энэ талаар мессежээр мэдэгдсэн. Гэрт нь очихоор дандаа хүнгүй байдаг шуудангийн бүртгэлийг харахад 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр явуулсан бичиг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр буцсан гэсэн бүртгэл байна. Шуудангаар явуулсан бичиг 1-2 хоногийн дараа эзэндээ очдог. Хэрвээ 3 хоногийн дотор шуудангаар явуулсан бичиг манайд буцаж ирээгүй бол хүлээж авах ёстой хүн хүлээж авсан гэж боддог. Тэгээд манайх 10 хоноход бичиг буцаж ирээгүй учир бичгээ хүлээж авсан гэж үзэж дараагийн ажиллагаагаа явуулсан. Хоёр дахь мэдэгдлийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр явуулсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буцаасан гэж байна. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр явуулсан бичгийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буцаасан гэж байгаа. Анхны дуудлага худалдаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болсон. Тэгэхээр мэдэгдэх хуудас дуудлага худалдаа болсны дараа 5 хоногийн дараа ирсэн. Хоёр дахь дуудлага худалдаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болсон байгаа. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр явуулсан бичиг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буюу хоёр дахь дуудлага худалдаа болсны дараа 3 хоногийн дараа манайд буцаж ирсэн. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Н.Б хариуцагч НШШГГт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгох шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон болон үнэлэх ажиллагаа хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн болохыг, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй, дээрх ажиллагааны талаар мэдэгдлийг хүргүүлсэн шуудангийн байгууллагын баримт нь хуурамч” гэж тайлбарласан ба харин хариуцагчийн төлөөлөгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явуулсан гэж маргаж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б, Ч.Хадбаатар, Н.Пүрэвдорж, “Х” ХХК-д холбогдох 263,528,104.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хооронд төлөх, уг хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 53 дугаар байрны Y-4 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 91.85м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 12/4г байрны ...од байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 64.3м2 талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрсэнийг баталгаажуулжээ.
Дээрх шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүйгээс НШШГГ 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ГХ2018/00493 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор биелүүлэх мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр танилцуулж, мөн өдрөө төлбөр төлөгч Н.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 53 дугаар байрны Y-4 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 91.85м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, төлбөр төлөгч Н.Пүрэвдоржийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 12/4г байрны ...од байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 64.3м2 талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгүүдийг 2018 оны 8 дугаар сарын 29, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хураан авч дахин төлбөр төлөх хугацаа тогтоожээ. Тухайн хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч тэд үнийг харилцан тохиролцож чадаагүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. Дээрх ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3, 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.5, 44.2.8, 44.2.9, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2, 54.3, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Харин шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон тогтоол, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу танилцуулах үүргээ биелүүлээгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгч Н.Бгийн шинжээч томилох болон үнэлгээтэй холбоотой асуудлаар санал, хүсэлт гаргах, гомдол гаргах, хөрөнгөө бие даан худалдан борлуулах эрхийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ... бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, ...гаргасан шийдвэрийн талаар танилцуулна”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгожээ. Уг ажиллагааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг дуудан ирүүлж гардуулах, боломжгүй тохиолдолд биечлэн, эсвэл баталгаат шуудангаар хүргүүлэх үүрэгтэй.
Дээрх ажиллагааны талаар төлбөр төлөгчид утсаар мэдэгдсэн гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “шаардлагатай тохиолдолд” утсаар мэдэгдэж болохыг зохицуулжээ. Шаардлагатай тохиолдол гэдгийг шийдвэр гүйцэтгэгч нь явуулсан ажиллагаа, гаргасан шийдвэрээ танилцуулахаар талуудыг дуудах, биечлэн мэдэгдэх, баталгаат шуудангаар хүргүүлэх ажиллагаа явуулсан боловч мэдэгдэж чадаагүй байдлыг ойлгоно. Хариуцагчийн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан болохоо нотлоогүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Мөн шинжээчийн үнэлгээг утсаар мэдэгдэж, хөрөнгөө өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон гэсэн атлаа энэ талаар тэмдэглэл үйлдээгүй, хөрөнгийн үнэлгээний тайланг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн байхад албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байх тул Н.Бд шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон гэж үзэхээргүй байна.
Иймд Н.Бд шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, шинжээчийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргах, хөрөнгөө өөрөө худалдан борлуулах эрхийг олголгүй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг үндэслэн явуулсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны ажиллагааг хууль зөрчсөн гэж үзнэ. Иймд Н.Бгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгө буюу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжилж, хураан авсан эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 53 дугаар байрны Y-4 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 91.85м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 12/4г байрны ...од байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 64.3м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол .... дугаар байрны .... тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 91.85м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол .... байрны ...од байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 64.3м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан ажиллагааг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА