Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,  

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Э********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000001590 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э********согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ********** тоот гэртээ хохирогч Д********“шооллоо” гэх шалтгаанаар гарыг нь мушгин унагааж “зүүн гарын богтос ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Болсон асуудлыг санаж байгаа. Хохиролд 1,370,000 төгрөг төлсөн. Хохирлыг төлнө” гэв.

Хохирогч Д******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Шүүгдэгчээс хохиролд 1,370,000 төгрөг авсан. Одоо өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг, цалин 1,650,000 төгрөг, үлдэгдэл хохирол 739,768 төгрөгийг нэхэмжилнэ. Хохирлоо бүрэн барагдуулчихвал гомдолгүй” гэв.

 

Эрүүгийн 2108000001590 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д********гийн:2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өмнө нь “********” ХХК-д ажилладаг байхдаа танилцсан *********тай уулзаад архи уугаад гэр рүү нь орсон. Э********“********”-д жолооч ажилтай, би гахай нядалдаг ажилтай байсан. Хамт ажилладаг байхдаа Э********ачиж явсан гахайгаа алдаад бугуйлдчихсан зогсож байсан бөгөөд би уг үйлдлийг нь шоолох маягаар “Тухайн үед чи гахайгаа алдчихаад бугуйлдчихсан зогсож байсан, тийм ээ” гэж хэлтэл Э********үгийн зөрүүгүй босож ирээд “ална чамайг” гэж миний зүүн гарыг тохойгоор нугалж ард мушгиж бариад буйдан дээр дээрээс дарж унагаах үед миний гар хугарчихсан. Тэгээд гараараа цээж толгой руу олон удаа цохисон. Тухайн үед **********ын эхнэр байсан бөгөөд “Чи нөхрөө аваач ээ, миний гар хугарчихлаа, эсхүл цагдаа дуудаад өгөөч” гэхэд тоохгүй, цагдаа дуудаж өгөхгүй байсан. Би түлхэж зүтгэж байгаад тэр чигээрээ гэрээс нь гарч зугтаад гарсан. Гадаа хөл нүцгэн 20-30 минут зогсож байгаад хаалгыг нь тогшиход Э********унтсан, хувцсаа өмсөж гэрээс нь гарсан. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө ГССҮТ-д үзүүлэхэд яаралтайгаар гар сарвууны тасагт хэвтүүлээд 22-ны өдөр мэс засалд орсон. Би гомдолтой байна. Хохирлын баримтуудаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хх-4-6),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.10.18-ны өдрийн 9893 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д********гийн биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-14-15),

Гэрч ***********: “...Тухайн өдөр Э********согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, миний өмнө нь харж байгаагүй, хамт ажиллаж байсан гэх залуутай орж ирсэн. Тэр хоёр 1 шил архи хуваан ууж байгаад нөхөр газар унтаад өгсөн. Тэр залуу манай нөхрийг татаж чангаагаад босгож ирээд “хоёулаа юм ярьж сууя л даа” гээд суулгасан. Ярьж сууж байгаад тухайн залуу манай нөхрийг шоолсон маягаар ажил дээр нь болсон асуудлыг ярихад нөхөр уурлаад зууралдаад хоёулаа ноцолдож байгаад харилцан нэг нэгнээ гараараа цохисон. Би хараагүй, цохих чимээ гарсан. Д******** манай нөхрийг дараад буйдан дээр зүүн тохойгоороо унасан. Буйдан дээр хэвтэж байсан хоёр хүүхдээ холдуулах хооронд “цагдаа дуудаач” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг (хх-12),

Гэрч ************: “...2021 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө унтаж байхад нөхөр Д******** гаднаас согтуу орж ирсэн. Хамт ажиллаж байсан **********ын гэрт уусан гэж хэлсэн. Согтуу орж ирээд “гар эвгүй болчихлоо” гэж  байсан. Шөнө Э********ёолоод “гар өвдөөд туслаач” гээд хашхираад хоносон. Өглөө сэртэл зүүн гар хавдчихсан байсан. ГССҮТ-рүү очиход яаралтайгаар шууны зөрүүтэй хугарал гээд мэс засалд орсон. Юу болсон талаар тодруулахад “**********ын гэрт архи уусан, “намайг шооллоо” гээд миний гарыг ард нугалж мушгиад буйдан дээр дарж унасан, дээрээс хэд хэдэн удаа цохисон” гэж хэлсэн. Өглөө нь Д********гийн толгой хавдартай, энгэр урагдсан байсан. Хагалгаанд орсны дараа Магсаржавтай утсаар залгахад “Цагдаад хандаад яах юм бэ тохиролцоё, хагалгаанд орох мөнгийг нь өгье” гэсэн. Дараа нь залгахад эхнэр нь “Мөнгийг чинь өгсөн биз дээ архичин минь” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-8),

Шүүгдэгч ************ яллагдагчаар өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 19-ний орой 18 цаг орчим цуг ажиллаж байсан Д********тай таарсан. Д******** “миний төрсөн өдөр болж байна, цуг ууя” гээд намайг дагуулаад Хархорин захын 19 дүгээр байрны гадаа түүний 3 найзтай нийлээд 2 ширхэг 0,75 литрийн архи уугаад 00 цаг орчим Д********г би гэр рүү дагуулаад орсон. ...архиа хувааж уугаад би унтчихсан. Д******** татаж чангаагаад, мангасдаж сэрээгээд “бос оо архи ууя” гэхээр нь босоод архи ууж байтал Д******** намайг шоолох маягаар “Та гахай алдчихаж билээ” гэхээр нь би уурлаад босч зууралдаад буйдан дээр займчуулаад унагаачихсан. Тэгтэл Д******** “гар хугарчихлаа” гэж орилоод гараад явчихсан. Тэгээд би унтчихсан. Би цохиж зодоогүй. Хохиролд 1,350,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хх-35-37),

“**********” ХХК-ийн “Д******** нь тус компанид ачигчаар 550,000 төгрөгийн цалинтай ажилладаг” гэх тодорхойлолт (хх-20), хохирлын баримтууд (хх-21-25),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-26), Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны тодорхойлолт (хх-49), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй талаарх лавлагаа (хх-40-41), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-43, 50), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-51-52), банкны дансны хуулга (хх-53-55) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,

шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргаж өгсөн хохиролд 600,000, 520,000 төгрөг шилжүүлсэн банкны мөнгөн шилжүүлгийн 2 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э********архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод өөрийн гэртээ хохирогч Д********“шооллоо” гэх шалтгаанаар биед нь халдаж, унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн гарын богтос ясны далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд 1,370,000 төгрөг төлөгдсөн. 731,768 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөгийг гаргуулж, ажил хийгээгүй үеийн цалингийн нэхэмжлэлийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Хохиролд нийт 2,681,768 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулчихвал гомдол саналгүй...” гэж,

шүүгдэгч “Хохирлыг барагдуулна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э********согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **********тоот гэртээ хохирогч Д********“шооллоо” гэх шалтгаанаар гарыг нь мушгиж буйдан дээр унагааж эрүүл мэндэд нь “зүүн гарын богтос ясны далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д********гийн...Хамт архи ууж байсан. Э********үгийн зөрүүгүй босож ирээд “ална чамайг” гээд миний зүүн гарыг тохойгоор нугалж ард мушгиж бариад буйдан дээр дээрээс дарж унагаах үед миний гар хугарчихсан...” гэх мэдүүлэг (хх-4-6), шүүх эмнэлгийн 9893 дугаар “1. Д********гийн биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-14-15), гэрч ********* “...Согтуу орж ирээд “гар эвгүй болчихлоо” гэхээр нь нойрондоо тоогоогүй унтчихсан. Шөнө Э********ёолоод “гар өвдөөд туслаач” гээд хашхираад хоносон. Өглөө зүүн гар нь хавдчихсан байсан. ...********ын гэрт архи уусан, намайг шооллоо гээд шууд миний гарыг ард нугалж мушгиад буйдан дээр дарж унасан, дээрээс хэд хэдэн удаа цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-8), гэрч ********* “...нөхөр уурлаад Д********тай зууралдаад хоёулаа ноцолдож байгаад харилцан нэг нэгнээ гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-12), шүүгдэгч ********** яллагдагчаар өгсөн “...намайг шоолох маягаар “Та гахай алдчихаж билээ” гэхээр нь би уурлаад зууралдаад буйдан дээр займчуулаад унагаачихсан Д******** гар хугарчихлаа гэж орилоод гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хх-35-37) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *********** согтуурсан үедээ хохирогч Д********үл ялих зүйлээр шалтаглан буйдан дээр дарж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд “Хохиролд нийт 2,681,768 төгрөг нэхэмжилнэ” гэснээс хэрэгт авагдсан баримт (хх-20-23)-аар хохиролд 914,235 төгрөг тогтоогдож, шүүгдэгч 1,370,000 төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Нэхэмжлэлийн шаардлагаас “өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хохирогч сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин “ажилгүй байсан хугацааны цалин 1,650,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд хохирогч ажил эрхэлдэг талаар ажил олгогчийн тодорхойлолт гаргаж өгсөн хэдий ч ажилгүй байсан хугацаагаа (хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдий хугацаанд ажилгүй байсан, үүнтэй холбоотой бусад баримт гаргаж өгөөгүй) буюу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байх тул энэ шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх дүгнээд холбогдох нотлох баримтаа хуулийн шаардлага хангуулан бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг дурдаж байна.

Нэхэмжилсэн хохирлын үнийн дүнд орсон эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн 1,167,533 төгрөг (хх-21, Гэмтэл согог судлалын үндэсний төв гэх баримт)-ийг Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан ““даатгуулагч” гэж энэ хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл тогтмол урьдчилан төлж, эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэнийг”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн хохирогч нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн болно.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэж,  

хохирогчийн өмгөөлөгч “Хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг төлж барагдуулна. Ажилтай, орлоготой” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.    

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь согтуурсан байсан, хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан гарыг нь мушгин, дарж унагаах үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, баримтаар 914,235 төгрөгийн хохирол тогтоогдож шүүгдэгч 1,370,000 төгрөг төлсөн, хохирогч “Хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, ам бүлийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.Магсаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /“********” ХХК-д жолооч ажилтай, тодорхой орлоготой/-ийг үндэслэн шүүгдэгч *********** 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт **********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 800,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э********цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.  Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу “ажилгүй байсан хугацааны цалин 1,650,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, “өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР