Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Нандинцэцэг, П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын  яллагч Б.*******

Иргэдийн төлөөлөгч Д.*******

Шүүгдэгч У.*******

                 Д.*******

Шүүгдэгч У.*******ын өмгөөлөгч  Э.*******

Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.*******

Хохирогч Ж.*******         

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******

Хохирогчийн өмгөөлөгч  Д.*******

Шинжээч Т. /цахимаар/

Шинжээч Т. /цахимаар/

Шинжээч  Ж.

Гэрч Д.

Гэрч С.

Гэрч П.

Гэрч Ц.

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******, Д.******* нарт холбогдох 1923001360090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамтаар Завхан аймгийн Улиастай сум баг 12 дугаар байр тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, одон зэрэг төрийн болон бусад салбарын шагналаар шагнуулж байсан, клиникийн профессор цолтой, Хүний гавъяат эмч, хэрэг хариуцах чадвартай, овогт *******, Регистрийн дугаар:

Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Завхан аймгийн их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Завхан аймгийн Улиастай сум баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Монгол Улсын Эрүүл мэндийн тэргүүний ажилтан болон бусад салбарын шагналаар шагнуулж байсан, клиникийн профессор цолтой, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******, Регистрийн дугаар:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.******* нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд түлэгдэлтийн улмаас мэс заслын тасагт хэвтэн эмчлэгдэж байсан Д.гийн  эмчлэгч эмчээр ажиллаж эмчилгээ хийхдээ “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамж”-н Түлэгдэлт, түлэнхийн өвчнийг эмчлэх, оношлох удирдамжийн заалтуудыг зөрчиж гийн түлэнхийн зэргийг үнэлээгүй, өвчтнийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гаргахдаа цаашид баримтлах дэглэм, заавар зөвлөмж, үргэлжлүүлэн авах тусламж үйлчилгээний талаархи тэмдэглэл, эмнэлгээс гарах үеийн дүгнэлтийг эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хөтлөөгүй, өвчтөнг эмнэлгээс гаргахдаа эмнэл зүйн үзлэгийг дутуу хийсэн, зовиур шаналгааг дутуу үнэлсэн буюу сүүлийн 2 хоног халуурсан байгааг үнэлээгүй зэргээр өвчний оношийг олж чадаагүй, оношлоогүй  эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан  буюу Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд түлэгдэлтийн улмаас мэс заслын тасагт хэвтэн эмчлэгдэж байсан Д.гийн  эмчлэгч эмчээр 2019 оны 08 дугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд эмчилгээ, үйлчилгээ хийхдээ “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамжийн заалтуудыг зөрчсөн, өвчний түүхэнд “... Өгзөг, хоёр хөлийг хамарсан 2 дугаар зэргийг түлэгдэлт гээд хувийг бичээгүй, өвчтөнийг цээж гэрэлд харах, гематологи, биохимийн шинжилгээнээс өөр шинжилгээ хийгдээгүй буюу холбогдох удирдамжид заасан түлэгдэлтийн үед хийх шинжилгээг бүрэн бүрдүүлээгүй, эмнэл зүйн үзлэг дутуу хийсэн, зовиур шаналгааг дутуу үнэлсэн, өвчний оношийг олж чадаагүй, оношлоогүй, өвчтөний эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа албан томилолтоор өөр газарт ажиллах үедээ зохих журмын дагуу өвчтөнөө хүлээлгэж өгөөгүй эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

            2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сум багийн тоотод гэртээ Д. нь халуун усанд түлэгдэж 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн  Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байсан ба өвчтөнг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эмчилгээг зохих журмын дагуу хийсэн гэж үзэж эмч У.******* нь эмнэлгээс гаргасан байна. Эмнэлгээс гарснаас хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч Д. нь уушигны хатгаа өвчний улмаас нас барсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан  нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгээс гараад 2 хоногийн дараа нас барсан талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ын “...2019 оны 08 дугаар сарын эхээр гэртээ хувцас угаагаад халуун тогоон дээр ус буцалгаж орхичихоод, угаасан хувцсаа гадаа гаргаж тээгээд зогсож байхад гэрт манай 4 настай охин уйлаад, чарлаад явчихсан. Тэгэхээр нь гүйгээд гэртээ ороод иртэл манай охин халуун тогоотой буцалсан ус руу бөгсөөрөө суучихсан байсан, ...тэгээд түргэн дуудсан, удалгүй түргэн ирээд манай охиныг аваад хэвтүүлсэн. Тэгээд 14 хоног Мэс заслын тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн, тэр үед Мэс заслын тасгийн зөвлөх эмч ******* гэгч бид нарыг охиноо аваад эмнэлгээс гар, эмчилгээ хийг дуусчихсан, одоо гар гэсэн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гараад гэртээ байж байгаад 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө уйлаад халуураад байсан, тэгээд түргэн дуудаад түргэн ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. ...Талийгаач охиныг минь аймгийн хэвтэн эмчилгээ хийлгэж байх хугацаанд аймгийн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нар шаардлагатай эмчилгээг хийгээгүй, охины минь биеийн 45 хувь нь түлэгдсэн байсан, тэгээд тухайн түлэнхийд нь зориулсан эмчилгээг л хийсэн, тос түрхсэн, дээр нь шингэн хийсэн, өөр эмчилгээ хийгээгүй. ...Би талийгаачийг хатгаа авсан талаар мэдээгүй, талийгаач эмнэлэгт хэвтэж байхдаа халуураад байсан, эмнэлгийн зүгээс талийгаачийн бусад эрхтэн ямар байгаа талаар шинжилгээ аваагүй, шаардлагатай эмчилгээг хийсэн, одоо гар л гээд байсан, би ******* эмчтэй уулзаж хүүхэд халуураад байна, үзээд өгөөч гэсэн чинь манай зүгээс хийх ёстой эмчилгээгээ хийсэн, одоо гар л гэсэн.  ...Би талийгаачийг түлэгдсэнээсээ болоод халуураад байгаа юм байна гэж бодож байсан, түүнээс хатгаа авсан талаар нь мэдээгүй. Би эмнэлгээс гарахаасаа өмнө ******* эмчид хүүхэд халуураад байна гэж хэлсэн. Тэр үед ******* эмч манайх шаардлагатай эмчилгээг хийсэн, эмчилгээ дууссан одоо гар л гэсэн. ...Талийгаачийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд ямар нэгэн шинжилгээ аваагүй. ...Талийгаачийг эмнэлгээс гарах үед эмч нарын зүгээс ямар нэгэн эмчилгээ зааж өгөөгүй. Талийгаач эмнэлгээс гарахаасаа 2 хоногийн өмнөөс л халуураад эхэлсэн, тэгээд эмнэлгээс гараад шөнө болохоор халуураад байсан, тэгээд өвчин намдаах лаа хийдэг байсан. ...Талийгаачийг эмнэлэгт хүлээж аваад цээж, уушиг зэргийг нь ямар ч эмч чагнаж үзээгүй, хувцсыг нь сөхөж түлэнхийг нь харчихаад л яваад байсан. ...Би маш их гомдолтой байна, хүүхдээ түлсэн нь миний буруу гэхдээ ядаж миний хүүг нэг удаа чагнаж үзсэн бол миний охин өдийд амьд байх байсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Г.ын “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өглөө “******* эмч охин бид хоёрыг эмнэлгээс гар гэж байна  гэж манай эхнэр над руу ярихаар нь би очиж эхнэр охин хоёроо тухайн өдрийн 12 цаг өнгөрч байхад эмнэлгээс гаргасан. Тэгээд гэртээ охиноо авч ирсэн. Эмнэлгээс гарснаасаа хойш л манай охин “шарх өвдөөд байна” гээд байсан, тэгээд эхнэр бид хоёр нөгөө түлэнхийн тосыг нь охиныхоо шархан дээр түрхэж өгөөд байсан. Манай охин өнгөрөхийн өмнөх өдөр “шарх өвдөөд байна” гэхээр нь эхнэр бид хоёр охиныхоо шархан дээр нөгөө түлэнхийн тосоо түрхэж өгөөд, бөгсөнд нь өвчин намдаах лаа нэгийг хийж өгсөн. Тэгээд орой охины толгойг бариад үзсэн халуун байхаар нь ээж нэг парацитрамон гэдэг эмнээс таллаж өгөөд унтуулсан, шөнө ахиад халуураад байхаар нь парацитрамон гэдэг эмнээс нэг бүтнийг өгсөн. Манай хүүхдийн халуун буухгүй хүүхэд нэг сонин болоод байсан, тэгээд цаг харах үед шөнийн 04 цаг өнгөрсөн байсан. ...эмнэлэг рүү хүүхэд халуураад болохгүй байна гэж дуудлага өгчихсөн. Эмч ирж үзээд манай охиныг өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр анх манай хүүхэд түлэг очих үед ******* эмч манай хүүхдийг хүлээн авч, мэсийн тасагт хэвтүүлсэн. Тэгээд ******* эмч манай хүүхдийг голлож үзээд байсан гэсэн, заримдаа Заагаа эмч үздэг байсан гэж манай эхнэр хэлж байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өглөө манай охиныг ******* эмч эмнэлгээс гар гэж хэлсэн. Яагаад гаргах болсон шалтгаанаа манай эхнэрт хэлээгүй эмчилгээ болсон л гэж хэлсэн гэсэн. ...Манай хүүхдийг эмнэлгээс гарах үед нь ******* эмч ямар нэгэн үзлэг хийгээгүй гэсэн. Тэгээд манай эхнэр ******* ******* эмчтэй уулзаж “Манай хүүхэд шөнөдөө халуураад байгаа гарч болох юм уу?” гэж асуухад ******* эмч манай эхнэрт “Манайх хийдэг эмчилгээгээ хийчихсэн, халуураад байвал үзүүлдэг газраа үзүүл” гэж хэлээд гаргасан байсан. Манай хүүхдийг эмнэлгээс гарах үед ******* эмч ямар ч эмчилгээ бичиж өгөөгүй, ямар нэгэн эмчилгээ хийгээрэй гэж юу ч хэлээгүй эмнэлгээс гаргасан. Ер нь манай хүүхдэд гарахын өмнөх хагас, бүтэн сайн өдөр ээлжинд гарч байсан сувилагч нар ямар нэгэн эмчилгээ хийгээгүй гэж манай эхнэр ярьсан. Эмчилгээ хийгээгүй хагас, бүтэн сайн өдөр манай хүүхэд шөнөд их халуурч хоноод байсан гэсэн.  ...түлэгдсэнээс хойш эмнэлэгт 14 хоног зүгээр эмчилгээ хийлгэчихээд бараг шарх нь эдгэж байгаад эмнэлгээс гарч гэртээ ирээд 2 хонож чадалгүй нас барчихсан болохоор эмнэлгийн эмчилгээ дутуу хийгдсэнээс л болж манай охин нас барсан гэж бодож байна. Ядаж гарах үед эмнэлгийн эмчилгээг бичиж өгсөн бол бид нар хувиараа ч гэсэн үргэлжлүүлэн эмчилгээ хийчих боломж байсан. Тийм учраас эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний дутагдал байгаа эсэх, эмчийн хариуцлагагүй байдлын талаар шалгуулмаар байна. ...эмчилгээ хийсэн эмчид гомдолтой байна, яагаад хүүхдийг эмнэлгээс гаргах болсныг тодруулмаар байна...” гэсэн мэдүүлгээр,

 Өвчтөн Д.д түлэгдэлтийн эсрэг эмчилгээ хийсэн, эмнэлгээс гарахын өмнөх шөнө халуурсан талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...Д.  анх 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай эмнэлгийн мэс заслын тасагт түлэгдсэн байдалтай ирж хэвтсэн байсан. Би тухайн хүүхдийг хэвтэн эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш 5 удаа ээлжинд гарч эмчлэгч эмч нарын бичсэн эмчилгээг болон шарханд боолт хийж байсан. Тэгээд тухайн хүүхэд манай эмнэлгээс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гарсан. ...Тухайн Д. гэдэг хүүхдийг анх эмнэлэгт хэвтүүлэхэд нь У.******* эмч үзлэг хийж хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд Д.******* эмч эмчилгээг нь хариуцаж хийж байсан. Мөн хүүхдийн эмч үзэж эмчилгээ бичсэн байсан. ...2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 19-ний өдрийн хооронд 15 хоног эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. ...Ер нь тухайн хүүхэд бүх биеийг хамарсан түлэгдэлтэй байсан. Тухайн хүүхдэд үрэвслийн эсрэг эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ, шарханд боолт зэрэг эмч нарийн заасан эмчилгээг хийж байсан. ... Намайг анх хүүхэд эмнэлэгт хэвтсэнээс хойш жижүүрийн сувилагчаар гарч эхлэхэд хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирчихсан байсан. ...хүүхдийн бие дээрх түлэнхийн шарх нь аньж эдгэрч эхэлсэн байсан. ...би талийгаач Д.г эмнэлгээс гарахын өмнөх өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 18-ны орой 17:00 цагаас нөгөө ээлжийн Байгаль, нараас жижүүр хүлээн авч 21:00 цагийн үед талийгаач Д.гийн амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагааны үзүүлэлтийг үзэхэд халуун нь 38.5 хэм халуунтай, пульс 148, амьсгал 17, хүчил төрөгчийн хангамж 97 хувьтай байсан нь хүүхэд дунд халууралтай, халууралтаа дагаад пульс ихэссэн байсан. Тэгэхээр нь би тухайн орой гарч байгаа жижүүрийн 1-р эмч Б. эмчид хүүхдийн биеийн байдлын талаар мэдэгдсэн. ...хүүхдийн шулуун гэдсээр өвчин намдаах лаа хийсэн. Тэгээд хэсэг зуур хүүхдийг ажигласан хүүхдийн халуун буурсан. Тэгээд хүүхдийн халууны талаар өвчний түүх /стор/ дээр тэмдэглэл хийсэн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өглөө У.******* эмч болон бусад сувилагч эмч нар хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн нарыг тойрон үзлэг хийсэн. Тэгээд эмч нарын өрөөнд орж У.******* эмчид жижүүрийн хоногийн мэдээг танилцуулж, талийгаач Д. орой нилээн халуурсан, жижүүр эмчид танилцуулж эмчилгээ хийсэн халуун буурсан гэж хэлсэн. Тэгээд л би ээлжнээс буугаад яваад өгсөн. ...Тухайн үед У.******* эмч тухайн хүүхдийг хариуцан гаргасан байх.... Д.гийн түлэнхий шарх нь маш сайхан эдгэж арьс нь ягаараад төлжиж байсан. Ямар нэгэн идээлсэн бугалсан, хувилсан шарх байгаагүй” гэсэн мэдүүлгээр болон тухайн хугацаанд  сувилагчаар ажиллаж эмчилгээг зохих журмын дагуу хийсэн талаар мэдүүлсэн гэрч П., С., Ц. нарын мэдүүлгээр,

Гэрч Ц.гийн “...хүүхдийг үзчихээд гарч ирэхэд Д.******* эмч хүүхдийн эмчилгээний талаар асууж байсан. Миний өвчний түүхэнд бичсэн эмчилгээг эмчлэгч эмч Д.******* хүүхдийнхээ биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан солих эрхтэй байдаг. ...Хүүхдийн биеийн гадна хэсэгт түлэгдэлтийн ил шарх их байсан учраас эмнэлгийн орчинд хатгаа өвчнөөр өвчлөх боломжтой. ...Тухайн өвчтөнийг хамгийн олон хоног, олон өдөр үзэж эмчилгээ хийсэн, өвчний түүхийн эмчлэгч эмч гэсэн дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан эмчийг тухайн өвчтөний эмчлэгч эмч гэж үздэг. ... Эмчлэгч эмч бол өвчтөнг өдөр болгон үзэж өвчтөний түүхтэй өдөр болгон танилцаж эмчилгээ нэмэх хасах болон хийсэн эмчилгээгээ бичнэ. ...Би гэдэг эмэгтэй хүүхдийг хэвтсэнийх нь маргааш нь нэг л удаа биеийг нь үзсэн дахиж үзээгүй. Надад үзүүлэх талаар хандаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.ийн “...Эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 72 цагийн дотор нас барсан учраас эмнэлгийн нас баралт гэж үздэг. ...Өвчтөнийг олон өдөр хоног, цагаар үзэж оношлон эмчилгээ хийж байгаа эмчийг эмчлэгч эмч гэх ба үйлчлүүлэгчийн өвчин эмгэгт тохирсон нарийн мэргэжлээр мэргэшсэн эмчийг хэлнэ. Тухайн тасагт Ерөнхий эмчийн тушаалаар нарийн мэргэжлээр томилогдсон эмч чиглэл бүхий өвчнийг эмчлэх үүргийг өвчтөний өмнө хүлээнэ. овогтой гийн эмчлэгч эмч нь Д.******* эмч байсан. ...Тасагт эмчлэгдэж байгаа өвчтөний эмчлэгч эмч албан томилолтоор явсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ болон тухайн тасгийн дотоод журмын дагуу зохицуулна. ...Өвчтөнийг эмчилж байгаа эмч нь тухайн өвчтөний өвчинд тохирсон эмчилгээг хийхийн зэрэгцээ эмчилгээний явцад үзлэг, шинжилгээний үр дүнд өөр өвчин эмгэг илэрсэн тохиолдолд бусад нарийн мэргэжлийн эмчид өвчтөнийг үзүүлж, онош тодруулан өвчтөнүүдэд тохирсон эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх үүрэгтэй. ...Тус эмнэлэгт хатгаа өвчнийг илрүүлэх боломжтой. Мөн илэрсэн тохиолдолд эмчилгээ хийх, эм, тарианы нөөц, боловсон хүчин эмч, мэргэжилтний хангалт манай эмнэлэгт байгаа... Өвчтөнийг эмнэлгээс гаргах асуудлыг тухайн өвчтөний эмчлэгч эмч шийдвэрлэнэ. Эмчлэгч эмчийн эзгүйд өвчтөнийг эмчлэгч эмчээс хүлээн авч, эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн эмчлэгч эмч шийдвэрлэж болно. ...1, 2, 3-р зэргийн түлэгдэлтийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилж болно. Улмаар түлэгдэлтийн улмаас өвчин эмгэг хүндэрч амь насанд эрсдэл үүсэж болзошгүй тохиолдолд 3-р шатны эмнэлэг болох Түлэнхийн Үндэсний төвд шилжүүлэн эмчилгээ хийлгэж болно. ...Эмч нь өөрийн эмнэлгээс гаргаж байгаа эмчлүүлэгчид өвчин эдгэрсэн, эмчлэгдсэн талаар тэмдэглэл хөтөлж, энэ талаар зөвлөгөө өгч танилцуулан, цаашид эмнэлгээс гадуур гэрээр эмчилгээ хийлгэх шаардлагатай бол эмчилгээг зааж, эмчлүүлэгчийн картанд тэмдэглэл хөтөлж зөвлөгөө өгнө… Зөвлөх эмч нь тасагт хэвтэж байгаа хүнд хүндэвтэр өвчтөнүүдэд тухайн эмчлэгч эмчийн зөвшөөрөлтэйгээр онош тодруулах, эмчилгээ зөвлөн хийх шийдвэр гаргах түвшний эмчийг зөвлөх эмч гэнэ. Зөвлөх эмч нь тасгийн эмч нарт зөвлөн туслах, шийдвэр гаргах эрхтэй, үүрэг бүхий эмч байна. ...биеийн халуун 8-р сарын 17, 18-ны өдөр 38.3-38.4 хооронд дундаж халуунтай байсан байна. Энэ халуурсан үед өвчтөнд эмч болон сувилагч нар халуун бууруулах болон шинж тэмдэг болон халуурах болсон шалтгаан, оношийг тодруулах эмчилгээ хийнэ. ...Тухайн үед эмч оношоо тодруулахын тулд бүхий л шинжилгээг төлөвлөж шаардлагатай тохиолдолд эмч нарын хамтарсан үзлэгийг хийж оношилгоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэж болно. Энэ тохиолдолд буюу 2 хоног халуурсан үед өвчтөнг эмнэлгээс гаргах ёс байхгүй. ...Эмнэлгээс гараад 72 цагийн дотор өвчтөн нас барах юм бол эмнэлгийн нас баралт гэж үздэг. ...хүнд өвчтөнг үнэлэх оношилгоо, сувилгаа хийгдээгүй онош тодруулалт  шинжилгээ бүрэн хийгдээгүй зэрэг дутагдал байна гэж үзэж шийдвэр гаргасан. ...түлэнхийн шарханд эмчилгээ зохих ёсоор хийг үр дүнд хүрсэн байсан гэж үзэж байна. Харин сүүлийн 2 хоногт халуурсан байдалд бол үзлэг, шинжилгээ хийж оношийг тодруулах байсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.гийн “...Түлэгдсэн өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг зохион байгуулах удирдамжийн дагуу У.*******, Д.******* нар түлэгдэлтийн талбай, гүнийг тогтоох, артерийн даралт хэмжих, судасны лугшилт тоолох, амьсгалыг тоолох, түлэнхийтэй өвчтөний хүнд хөнгөнг Франкийн индексээр тогтоох, хавсарсан гэмтэл байгаа эсэхийг тодорхойлох, захын судасны хүчилтөрөгчийн хангамжийг тодорхойлох, хүзүү, цээж, мөчдийн эргэн тойронд түлэгдэж тэр нь судас мэдрэлийг дарсан эсэхийг тогтоох, цус шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ зэргийг түлэнхийн шок, хурц хордлогоос гарах хүртэл өвчтөнд шаардлагатай шинжилгээнүүдийг өнжөөд давтан хийнэ гэснийг баримтлах ёстой байсан. Эмч нар дээрх шинжилгээнүүдийг давтан хийснээр амь хохирогчийн уушгины хатгааг илрүүлэх боломжтой байсан...” гэсэн мэдүүлгээр, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шинжлэн судалсан бичгийн баримтуудаар  тус тус тогтоогдож байна.

 Д.гийн амь хохирсон /нас барсан/ шалтгаан нь уушигны цочмог хатгаа өвчнийг оношлоогүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүйгээс болсон нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн яамны Хүүхдийн салбар зөвлөлийн шинжээч нарын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 969 дугаартай “...2.4. Уушгины цочмог хатгаа өвчнийг оношлоогүй тул зохих эмчилгээг хийгээгүй, өвчтөнд эмнэл зүйн үзлэг лабораторийн шинжилгээ багажийн шинжилгээ хангалтгүй хийсэн байна. 2.5 2.9. Уушгины цочмог хатгаа өвчний оношлоогүй тул зохих эмчилгээг хийгээгүй өвчтөнд эмнэл зүйн үзлэг лабораторийн шинжилгээ багажийн шинжилгээ хангалтгүй хийсэн байх ба уушгины цочмог хатгаа өвчний улмаас үхэлд хүрсэн байна...” гэсэн дүгнэлтээр,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай “... Талийгаач нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт биеийн нийт гадаргуугийн 45%-ийг хамарсан 1-3-р зэргийн түлэгдэлт гэсэн оноштой хэвтэн эмчилгээ хийлгэсэн байх ба уг оношинд тохирсон эмчилгээ хийгдэж байсан байна. Талийгаач нь дээрх түлэгдэлтийн улмаас уушгины цочмог хатгаа өвчнөөр хүндэрч нас баржээ. Уг үхэлд хүргэсэн өвчнийг оношилж, эмчилгээ хийгээгүй байна. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхээс үзэхэд лабораторын шинжилгээг бүрэн болон давтаж хийгээгүй байна. Цээж гэрэлд харах, цусны ерөнхий болон биохимийн шинжилгээг хийж хянаагүй байна. Уушгины цочмог хатгаа өвчний оношлоогүй тул зохих эмчилгээг хийгээгүй, өвчтөнд эмнэл зүйн үзлэг, лабораторын шинжилгээ, багажийн шинжилгээ хангалтгүй хийсэн байх ба уушгины цочмог хатгаа өвчний улмаас үхэлд хүрсэн байна. Тухайн эмнэлэгт хийгдэх ёсгүй /буруу/ эмчилгээ хийгдээгүй байна. Уушгины цочмог хатгаа өвчнийг эмнэлэгт хэвтэж байх үед оношлох боломжтой байсан. Уушгины цочмог хатгаа өвчин нь эдгэрэх боломжтой ба ямар хугацаанд үхэлд хүргэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Эмнэлгээс өвчтөнийг гаргах эсэхийг эмчлэгч эмч шийдвэрлэнэ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр авсан эд эсийн шинжилгээний өөрчлөлтөөс үзэхэд уушгины хатгаа өвчин нь талийгаачийг нас барахаас 4-өөс дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлтээр, 

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай “Аймгийн Нэгдсэн эмнэлэгт уушигны цочмог хатгаа өвчнийг илрүүлэх хүчин чадал бүхий багаж тоног төхөөрөмж байгаа. Уушигны цочмог хатгаа өвчний төгсгөл нь эдгэрэх, эндэх гэсэн төгсгөлтэй байна. Хэрэв үхлийн шалтгаан нь уушигны хатгаа өвчин мөн бөгөөд эмчилгээ хийгээд эдгэрэлтээр төгссөн тохиолдолд Д. амь насаараа хохирохгүй байх боломжтой байсан. Д.гийн биед эмчилгээ хийж байсан эмчлэгч эмч нь өдөр тутам үзлэг хийж өвчний түүхэнд тэмдэглэл хөтөлдөг, энэ үзлэгийн үед өөр ямар нэг өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн өвчнийг оношлоход шаардлагатай шинжилгээг хийж онош тодруулаад холбогдох стандарт удирдамжийн дагуу эмчлэх эсвэл өвчтөнг тасаг хооронд шилжүүлэх журмын дагуу харьяа тасагт шилжүүлэн эмчилнэ. Үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргахдаа Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5095:2017 стандартын 9.5, стационарт хөтлөгдөх анхан шатны маягтуудыг хөтлөх зааврыг мөрдөж ажиллана. ...Эмч У.******* нь үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргахдаа үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн дэвтэрт цаашид баримтлах дэглэм, заавар, зөвлөмж, үргэлжлүүлэн авах тусламж, үйлчилгээний талаарх тэмдэглэл, эмнэлгээс гарах үеийн дүгнэлтийг тэмдэглэх үүрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хөтлөөгүй нь Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5095:2017 стандартын 9.5.1, 9.5.2-ыг мөрдөж ажиллаагүй байна. Өвчний түүхийг дутуу хөтөлсөн нь (Жишээ нь: Өвчний төгсгөл, эмнэлгээс гарсан, шилжсэн, нас барсан байдлыг тэмдэглээгүй) Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 тоот тушаалаар батлагдсан эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1-ийг стационарт хөтлөгдөх анхан шатны маягтуудыг хөтлөх зааврын дагуу хөтлөөгүй байна...” гэсэн дүгнэлтээр болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогч Д.гийн өвчний түүх зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Завхан аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******ыг өвчтөн  Д.д “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс  хохирогч нас барсан” гэж Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.******* нь өвчтөн Д.д 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд түлэгдэлтийн эсрэг эмчилгээг хийсэн ба 8 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийг  дуустал хугацаанд албан томилолтоор ажилласан нь /2 дахь хавтаст хэргийн 133 дугаар тал/ авагдсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд албан томилолтоор ажилласан удирдамж болон албан томилолтоор  тогтоогдож байна.

 Д.*******ыг эмчилж байх хугацаанд өвчтөн Д.д уушигны хатгааны шинж тэмдэг илрээгүй, эмчилгээ стандартын дагуу явагдаж байсан нь шинжээчийн “...эмнэлэгт биеийн нийт гадаргуугийн 45%-ийг хамарсан 1-3-р зэргийн түлэгдэлт гэсэн оноштой хэвтэн эмчилгээ хийлгэсэн байх ба уг оношинд тохирсон эмчилгээ хийгдэж байсан байна...” гэсэн дүгнэлтийн  хэсгээр болон тухайн үед ажиллаж байсан /сувилагч нар/ гэрчүүдийн “...хүүхэд анх эмнэлэгт хэвтсэнээс хойш эмчилгээ хийлгэж, түлэгдэлтийн шарх нь аньж ягаарч эдгэрээд биеийн байдал нь сайжирсан...” гэсэн  мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж үзлээ.

Уушигны цочмог хатгааны эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах, ханиалгах байдлаар илэрдэг болох нь  шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог ба  шүүгдэгч Д.*******ыг  өвчтөнг эмчилж байх хугацаанд дээрх шинж тэмдэг илрээгүй  байна.

Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй өөрөөр хэлбэл эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовиурыг нь хөнгөвчлөх  талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй эсхүл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон  байх” гэж  тодорхойлсон ба  шүүгдэгч Д.*******ын дээрх үйлдлийн тухайд ажилдаа хайхрамжгүй хандсан шаардлагатай арга хэмжээ аваагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******ын  өвчтөнд хийсэн эмчилгээ стандартын дагуу явагдаж байсан ба уушигны хатгаа өвчний илрэх үед 2019 оны 08 дугаар сарын 17,18,19, 20, 21-ний  аль ч өдрүүдэд тэрээр өвчтөн Д.г оношлох эмчлэх боломжгүй болсон байсан тул түүний үйлдлийн улмаас  хохирогч Д.гийн амь нас хохирсон гэж үзэх боломжгүй байна.

 Улсын яллагч Д.*******ыг өвчтөнд Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамжийн заалтуудыг зөрчсөн, өвчний түүхэнд “...Өгзөг, хоёр хөлийг хамарсан 2 дугаар зэргийг түлэгдэлт гээд хувийг бичээгүй, өвчтөнийг цээж гэрэлд харах, гематологи, биохимийн шинжилгээнээс өөр шинжилгээ хийгдээгүй буюу холбогдох удирдамжид заасны дагуу  өвчтөнийг  Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

 Учир нь: Өвчтөнөөс  2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шинжилгээ авсан байдаг ба энэ шинжилгээгээр Д.гийн биеийн байдал харьцангуй тогтвортой болсон байсан байна.

 Түүнчлэн  өвчтөнийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргүүлээгүй нь шууд санаатай үйлдэл гэж үзэхгүй тул улсын яллагчийн яллаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Өвчтөн Д.  эмнэлгээс гарахаас өмнө буюу 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр биеийн халуун 38.30 хэм, 08 дугаар сарын 18-ны өдөр  биеийн халуун 38.50 хэм  байсан  болох нь хэрэгт авагдсан түүний өвчтөний  түүхээр тогтоогдож байна.

Шүүгдэгч У.******* нь  өвчтөнд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3-т заасан эмнэлгийн  мэргэжилтний үүрэгт хамаарах “үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх зөвлөгөө өгөх, эмчилгээ ...хийх, зэрэг хууль тогтоомжид заасан  үүргээ зөрчиж түүнийг эмнэлгээс гаргахдаа эмнэл зүйн үзлэг дутуу хийсэн, сүүлийн 2 хоног халуурсан зовиур шаналгааг  үнэлээгүй, уушигны хатгааг оношлоогүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ   хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  биелүүлээгүйгээс хохирогч нас барсан  байна.

Шүүгдэгч У.******* эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 05 /тав/ жилийн хугацаатай авсан нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  0030374 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ.

 Шүүгдэгч Ч.******* нь  Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-д “анагаах ухааны боловсрол олгох их, сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг хэлнэ” гэж  заасны дагуу “эмнэлгийн мэргэжилтэн” гэсэн ойлголтод хамаарна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдэг нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар  өвчин эмгэг гэмтэл бэртэл хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг  тус тус ойлгоно.

Шүүгдэгч У.******* Д.гийн уушигны хатгааг оношлох, эмчилгээ оношилгоо хийх боломжтой байсан боловч ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй энэ нь хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хүн эрүүл мэнд болон амь насаараа хохирч  хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан ч  өвчтөний сүүлийн 2 хоног халуурсан зовиур шаналгааг үнэлээгүй, онош тодруулах арга хэмжээ авалгүй түүнийг  эмнэлгээс гаргаснаас  уушигны хатгаа өвчин хүндэрч улмаас хохирогч нас барсан нь  гэмт хэргийн шинжтэй.

Дээрх  тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Иймд шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  буюу эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  биелүүлээгүйгээс  хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй байна.

Хохирол тооцсон талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулахтай холбогдон гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй бөгөөд  хохирогч Ж.******* шүүгдэгч нараас хохирогч амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал 6.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт байхгүй учир нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

 Иргэдийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаан хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан саналаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...шүүгдэгч У.******* буруутай, шүүдэгч Д.*******ыг буруутай гэж үзэхгүй байна...” гэснийг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч У.*******ын эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж ялыг, ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т зааснаар шүүгдэгч У.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамаарахгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч У.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т    “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “ Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.” гэж  тус тус заасан байна.

Өршөөл үзүүлэх  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялын 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр дүйцүүлэн тооцоход торгох ялаас 10.950.000 төгрөгийг хасахаар байна.

Шүүгдэгч У.*******д 6.000.000 төгрөгийн торгох ялыг оногдуулсан ба 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар дээрх торгох ялаас 10.950.000 төгрөгийг дүйцүүлэн хасаж, шүүгдэгчийг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч У.*******  нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн өвчтөний түүхийг хэрэгт хавсаргаж, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хавсаргагдсан болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ын эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4-т зааснаар шүүгдэгч У.*******д 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгийн торгох ялаас 10.950.000 төгрөгийг дүйцүүлэн хасаж шүүгдэгчийг торгох ялаас чөлөөлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.******* шүүгдэгчээс хохирогч амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал 6.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн өвчтөний түүхийг 1923001360090 дугаартай хэрэгт хавсаргасугай.

9. Шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч У.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД П.ДОРЖБАЛ

З.НАНДИНЦЭЦЭГ