| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2022/0151/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/157 |
| Огноо | 2022-12-12 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Т-д холбогдох 2216001880185 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Х овогт Н-н Т.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Т-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Ентүм, Түмний дэлгүүрийн урд талд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд эргүүлийн 1 дүгээр чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Д.Б, цагдаагийн дэд ахлагч Б.Ц нарын хууль ёсны албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан дэд ахлагч Б.Ц-н зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон, ахлах ахлагч Д.Б-н зүүн хөмсөг хэсэгт нэг удаа өшиглөж, албан дүрэмт хувцасны 2 ширхэг товчийг тасалж, хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Н.Т нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Ентүм, Түмний дэлгүүрийн урд талд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд эргүүлийн 1 дүгээр чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Д.Б, дэд ахлагч Б.Ц нарын хууль ёсны албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан дэд ахлагч Б.Ц-н зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж, гараас нь хазах, ахлах ахлагч Д.Б-н зүүн хөмсөг хэсэгт нэг удаа өшиглөж, албан дүрэмт хувцасны 2 ширхэг товчийг таслах, зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь:
1. Хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 09 сарын 06-ны орой эргүүлийн 1 дүгээр чиглэлд ахлах ахлагч Д.Б-н хамт үүрэг гүйцэтгэсэн. Оройны 22 цаг өнгөрч байхад манай 1 дүгээр чиглэлд үүрэг гүйцэтгээд явж байтал Ентүм, Түмний дэлгүүрийн урд талд нэг хүн согтуу орилж чарлаад байхаар бид хоёр очоод “...та орилохоо боль харьж амраарай...” гэж хууль ёсны шаардлагыг ахлах ахлагч Д.Б тавихад тухайн залуу “...би өөрийгөө мэдэж байна чамд хамаагүй пизда минь, зайл шээс минь...” гэж эсэргүүцэж миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд ахлах ахлагч Д.Б-г тэр залуу заамдаж аваад хавирах мэх хийх маягтай татаж байгаад ахлах ахлагч Д.Б тэр залуу хоёр хайсан дээгүүр давж унасан. Ахлах ахлагч Д.Б босож ирээд тэр залуугийн гараас нь татаад босгох гэтэл нүүр лүү нь өшиглөсөн. Ахлах ахлагч Д.Б бид хоёр тэр залуугийн 2 талаас бариад албаны машинд суулгаад эрүүлжүүлэх байрны гадаа авч ирээд машинаас буулгах гэтэл миний зүүн гарын шуунаас тэр залуу хазахаар нь тавиулахад хөхөрчихсөн байсан, эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөхөд драгер үлээхээс татгалзаж хажууд байсан эрүүлжүүлэх баривчлах байрны эмч Ж бид нарыг хэл амаар доромжлоод байсан... Аймгийн төв гудам буюу Ентүм, Түмний дэлгүүрийн урд орилоод явж байхад таарсан. Манай чиглэл буюу 1 дүгээр чиглэл мөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 54 дүгээр тал /
2. Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 09 сарын 06-ны орой эргүүлийн 1 дүгээр чиглэлд дэд ахлагч Б.Ц-н хамт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн оройны 22 цаг өнгөрч байхад 1 дүгээр чиглэлд үүрэг гүйцэтгээд явж байтал Ентүм, Түмний дэлгүүрийн урд талд нэг согтуу хүн орилж чарлаад байхаар нь бид хоёр очоод “...та орилохоо боль харьж амраарай...” гэж хууль ёсны шаардлагыг би тавихад тухайн залуу “...би өөрийгөө мэдэж байна чамд хамаагүй пизда, шээс минь...” гэж эсэргүүцэж дэд ахлагч Ц-н зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Би “...болиоч...” гэхэд тэр залуу намайг заамдаж аваад татахад бид 2 хайсан дээгүүр давж унасан. Би түрүүлж босоод тэр залуугийн гараас нь татаад босгох гэтэл зүүн хөлөөрөө миний зүүн хөмсөгний дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Миний албаны хувцас болох кителийн дээд 2 товчийг тасалсан байсан. Дэд ахлагч Б.Ц-н хамт тухайн залуугийн 2 талаас бариад албаны машинд суулгаад эрүүлжүүлэх байрны гадаа авч ирээд машинаас буулгах гэтэл дэд ахлагч Ц-н зүүн гарын шуунаас тэр залуу хазаж шүдний ором гаргаж хөхрүүлж зулгалсан байсан. Эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөхөд драгер үлээхээс татгалзаж хажууд байсан эрүүлжүүлэх баривчлах байрны эмч Жа бид нарыг хэл амаар тэр залуу бас доромжилсон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 58 дугаар тал/
3. Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 09 сарын 06-ны өдөр нэгдүгээр чиглэлд цагдаагийн дэд ахлагч Б.Ц, ахлах ахлагч Д.Б, Хоёрдугаар чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Ч.Н, олон нийтийн цагдаа Э.Э, Гурав, Дөрөвдүгээр чиглэлд би дэд ахлагч Д.Б, Олон нийтийн цагдаа А.Ж нарын хамт үүрэг гүйцэтгэсэн ... Аймгийн төв гудам буюу Ентүм, Түмний дэлгүүрийн урд тал нэгдүгээр чиглэлд ордог...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 61 дүгээр тал/
4. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр эргүүлд яваагүй. Би тухайн өдөр 1 дүгээр чиглэлд дэд ахлагч Ц-н хамт явах ёстой байсан. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М-н шийдвэрээр Есөнбулаг сумын байгаль орчны улсын байцаагч Э-н хамт Есөнбулаг сумын Рашаант багийн Шаврын гол руу ажлаар яваад эргүүлд гарч чадаагүй... Миний оронд ахлах ахлагч Б гарч үүрэг гүйцэтгэсэн байсныг орой 22 цагийн орчим аймагт орж ирээд мэдсэн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 64 дүгээр тал/
5. Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 09 сарын 05-ны өдөр эргүүлийн томилгоо хийх үед Д.Б, Ц нарыг 1 дүгээр чиглэлд, Б-г томилгоонд тавиагүй байж байгаад дэд ахлагч Б өмнө өдөр эргүүлд явсан байсан тул тухайн өдөр амрааж нэрийг нь штрикээр дарж ахлах ахлагч Д.Б 2 дугаар чиглэлд тавьсан байсан. Би нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан учир 2022 оны 09 сарын 06-ны өдөр эргүүлийг үүрэг даалгавар өгч гаргахад 1 дүгээр чиглэлд гарах ёстой байсан Д.Б Есөнбулаг сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хамт тус сумын Рашаант баг руу ажлаар явсан байсан. Эргүүл харуулын дүрмийн 3.3-д заасны дагуу томилгоонд өөрчлөлт оруулахаар цагдаагийн газрын даргаас зөвшөөрөл авч 2 дугаар чиглэлд явах гэж байсан цагдаагийн ахлах ахлагч Д.Б-г нэгдүгээр чиглэлд дэд ахлагч Ц-н хамт үүрэг гүйцэтгүүлэхээр томилгоон дээр засварлаж гаргасан. Ахлах ахлагч Д.Б, дэд ахлагч Б.Ц нар 1 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн... Эргүүл харуулын дүрмийн 3.3-д заасны дагуу эргүүлийг томилсон даргын шийдвэрээр өөрчлөлт оруулах эрхтэй байдаг бөгөөд тухайн өдрийн томилгоог цагдаагийн газрын дарга баталсан учир цагдаагийн газрын даргаас зөвшөөрөл авч өөрчлөлт оруулсан... Нэгдүгээр чиглэлд Оргил, Харзат багууд ордог... Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийг гаргасан иргэнд цагдаагийн алба хаагч нь хууль ёсны шаардлага тавьж, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох эрхтэй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 66 дугаар тал/
6. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 245 дугаартай “...1. Б.Ц-н биед зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо..
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 74-75 дугаар тал/
7. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 246 дугаартай “...1. Д.Б-н биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 81-82 дугаар тал/
8. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүлийн томилгоо”-ны хуулбар. /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/
9. “Үүрэг гүйцэтгэх алба хаагч нарт өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зөвлөмж баталгаа”-ны хуулбар. /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/
10. Хохирогч Б.Ц, Д.Б нарын албаны үнэмлэхийн хуулбар. /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/
11. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 33/01-4780 дугаартай “... Тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Б Есөнбулаг сумын Байгаль орчны байцаагчийн хамт Есөнбулаг сумын Наран баг руу ажлаар явсан талаар мэдэгдэж цагдаагийн ахлах ахлагч Д.Б-г “Цагдаагийн эргүүл, харуул дүрэм”-ийн 3.3-д заасны дагуу эргүүлийн томилгоонд өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн болно” гэсэн тодорхойлолт. /хавтаст хэргийн 48 дугаар тал/
12. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/196 дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм”-ийн хуулбар /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Т-н үйлдэл нь хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, биед нь халдсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэсэн хуульчилсан тайлбар хийсэн. Иймээс шүүгдэгч нь нийтийн хэв журам сахиулах чиг үүргээ хэрэгжүүлж байсан цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэнээрээ дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж шүүх үзсэн болно. Энэ гэмт хэргийн тухайд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэнээр төгсдөг бөгөөд заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 117 дугаар тал/, шүүгдэгчийн ХААН банк дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 100-104 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Т-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Т нь Топ бүлэг ХХК-д хамгаалагч албан тушаал дээр ажилладаг болох нь ажлын газрын тодорхойлолт, цалин шилжүүлсэн талаарх банкны дансны хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний сарын цалин хөлстэй нь уялдуулан шүүхээс оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтой Н-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 2,700(хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000(хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1(нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Т-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА