Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И ургийн овогтой Цын Т-д холбогдох 2216000000173 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-8 тоотод 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө Б.Эыг 5000 төгрөг хийнэ гэчхээд хийсэнгүй гэх шалтгаанаар зодож биед нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Тнь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-8 тоотод 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө Б.Эыг 5000 төгрөг хийнэ гэчхээд хийсэнгүй гэх шалтгаанаар зодож биед нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Т гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Ц.Т шүүх хуралдаанд: Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

   Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Манай нэг гэр хөдөө, нэг гэр маань аймгийн төвд байдаг юм. Би аймаг дахь гэртээ ганцаараа амьдардаг юм. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой 23 цагийн үед гэртээ амарч байтал Т ах 94000525 гэсэн дугаараас залгаад чи хаана байгаа юм бэ гэхээр нь гэртээ байна гэсэн чинь манайд согтуу Ц гэж залуутай цуг хүрээд ирсэн. Өглөө нь Т ах, ахад нь 5к хэрэгтэй байна гэхээр нь дансаа явуулчих гэж хэлээд мөнгийг нь хийж чадаагүй юм. Ингээд согтуу гэрт орж ирээд чи 5к-нд үхлээ юу анхнаасаа хийж чадахгүй байсан юм бол хийж чадахгүй гээд хэлчихгүй яасан юм бэ гэж хэлээд элэгрүү цохиж авснаа гэв гэнэт нүүр лүү зүүн гараа атгаж байгаа цохьчихсон. Тэгтэл хамарнаас цус гараад унасан чинь тэр хоёр гэрээс гараад явчихсан юм. Маргааш нь би эмнэлэгт очоод үзүүлтэл хамар хугарчихсан байна гэхээр нь цагдаад гомдол гаргасан юм. ... би хамраа янзлуулж авмаар байна, нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06 дугаар хуудас/,

 

          Гэрч Э.С гийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орой 23 цагийн орчимд Эрдэнэцогт намайг ВМ баарны гадна талаас ирж авсан. Тэгээд Эрдэнэцогтын гэрт нь бид 2 очсон. Гэрт нь орж ирээд байж байтал Эрдэнэцогтын утас нь дуугарсан. Тэгээд утсаа аваад хүнтэй яриад байсан. Тэгээд байж байтал удалгүй хашааных нь гадна 2 эрэгтэй хүн ирсэн. Нэг нь гэрт ороод ирсэн. Орж ирээд Эрдэнэцогттой маргалдаад байсан. Тэр залуу Эрдэнэцогтыг дагуулаад гэрээс нь гарсан. Би дагаад гарсан. Гэрийнх нь гадна Эрдэнэцогтыг тухайн залуу нүүр, хамар хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би айгаад шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 274 дугаартай “... Б.Эын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт шарх, 2 нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтлүүдээс хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хацарт шарх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

          2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн хохирогч Б.Эоос гаргаж өгсөн баримтыг хүлээн авсан тэмдэглэл, хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Ц.Тын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн байгаа, өөр нэмж ярих зүйл байхгүй. ... 2022 оны 10 дугаар сарын 03-ны шөнийн 00 цагийн орчимд Эрдэнэцогтыг гэртээ байна гэхээр нь очсон. Тэднийх Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-18 /218/ тоотод байдаг. Намайг очих үед Эрдэнэцогт гэрийнхээ гадна хашааныхаа үүдэнд байж байсан. Тэгээд хоорондоо маргалдаад би Эрдэнэцогтын нүүр, хамар хэсэгт гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, /хх 25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Тнь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Улсын яллагч шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй буюу 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хохирогчид анхан шатны эмчилгээ туслалцаа үзүүлж, эмчлүүлсэн эмчилгээ сувилгааны зардлыг төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 3 төрлийн эрүүгийн хариуцлагын санкцтай байдаг. Шүүгдэгч Ц.Тнь залуу хүн барилгын засварын ажил хийдэг. Тийм учраас ажил эрхэлж байгаа тул албадан ажил хийлгэх ялаас илүүтэйгээр тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү?” гэсэн дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (Дөрөв) сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.Тын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирлын тухайд: Шүүгдэгч Ц.Тнь хохирогч Б.Эод хамрын ясны хугарлын эмчилгээний зардалд 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И ургийн овогтой Цын Тыг Эрүүгихуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 (Дөрөв) сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ц.Т нь хохирогч Б.Эд эмчилгээний зардалд 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөгийг төлсөн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дхэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Түвшинжаргалд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дхэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР