Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0695

 

 

 

 

 

 

 

 

                            Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд

төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С

Хариуцагч НЗД

Гуравдагч этгээд “Ю” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/*** дугаар захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0718 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Нийслэлийн Прокурорын  газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е

Хэргийн индекс: 12/2023/0705/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нар нь НЗДд холбогдуулж “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/*** дугаар захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0718 дугаар шийдвэрээр: “Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нар давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх прокурорын шаардаж байгаа буюу энэ хэрэгт хамгаалах гэж байгаа “нийтийн эрх ашиг" гэдэг нь юу болох, яаж “нийтийн эрх ашиг” зөрчигдсөн, шүүхийн шийдвэрээр хэрхэн хамгаалагдах “нийтийн эрх ашиг” хамгаалж байгаагаа нотлох баримтаар нотлохын зэрэгцээ, маргаан бүхий актын үр дагавар нь нийтийн эрх ашгийг зөрчсөн, нөлөөлсөн гэдгийг бодит баримтаар гаргаж маргах ёстой, прокурор “голын сав газарт газар эзэмшүүлсэн нь нийтийн амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй” гэж “болзошгүй” гэх үйл баримтаар маргаж байгааг шүүхэд шаардах эрхтэй гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт ...“Ю” ХХК-д олгосон газар нь Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0000***** дугаартай гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ бүхий газар нь усны онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон болох нь тогтоогдож байгаа тул НЗД нь хууль зөрчиж уг газрыг эзэмшүүлсэн гэдэг нь нотлогдсон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо ... гэж захиргааны акт хууль бус талаар дүгнэсэн атлаа хүчингүй болгоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасан “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн тогтоолд “....прокурорын нийтийн эрх зүйн хүрээнд үүсэх шаардах эрхийн тухайд прокурорын нэхэмжлэл гаргах эрх буюу нийтийн объектив эрхийн хамгаалал хүсэж шүүхэд шаардах эрхийг хэт өргөн хүрээгээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, прокурор нь хууль зүйн зөрчилтэй акт болгоныг хууль зөрчсөн учир нийтийн эрх ашиг хөндсөн гэж үзэж, ямар нэг шалгуургүйгээр нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй гэж үзэхгүй эрх зүйн боломжгүй, прокурор нь хууль зүйн зөрчилгүй боловч нийтийн эрх ашгийг хөндсөн үр дагавар бүхий захиргааны актаар маргах ч боломжтой ба “нийтийн эрх ашиг хөндсөн” гэдэг ямар тохиолдол нь прокурорт шаардах эрх үүсгэх гэдгийг ялгаатай авч үзэх ёстой...” гэж хуульд нийцээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа ойлгомжгүй байдлаар, өөр хоорондоо зөрчилдсөн агуулгаар тусгаснаас гадна Монгол улсад дагаж мөрдөж буй хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтуудыг үгүйсгэсэн шинжтэй байна. Тухайлбал:

Прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлын эрх зүйн үндсийг зохицуулсан 2017 оны Прокурорын тухай хуулиар прокурор нийхийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх; Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэсэн хуулийн зохицуулалт; Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоол зэрэг холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, прокурор нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах эрх үүргийг Прокурорын тухай хуулиар тусгайлан одгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан “...хуулиар эрх олгогдсон этгээд”-д хамаарахаар байх ба нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах эрх нь хуулиар тусгайлан олгогдсон этгээд нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах” асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Түүнчлэн нэхэмжлэлийн агуулга буюу Монгол Улсын-Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2-т заасан Монгол Улсын иргэний “эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхийг хангах төрийн бодлого, чиг үүргийн хүрээнд хүрээлэн байгаа орчин, хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын даланг барьж, хууль тогтоомжоор онцгой болон энгийн хамгаалалтын бүс” тогтоон онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон хуулийн зохицуулалт, түүнийг дагаж гарсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийг онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам зэрэг нь зөвхөн тодорхой иргэн, хуулийн этгээдийн бус харин нийтийн эрх, ашгийг хамгаалсан, нийтээр дагаж биелүүлэх эрх зүйн хэм хэмжээ байхад шүүхээс дээрх хуулийн зохицуулалт, зорилго, үр дагавар, нийгэмд болж буй илэрхий үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр нийтийн ашиг, сонирхлын зөрчилд бодитой факт, нотлох баримт шаардах байдлаар дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдийн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Прокуророос хуульд заасан эрх, хэмжээнийхээ хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг ойлгомжтой, тодорхой байдлаар нийтийн зөрчигдсөн, сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл зөрчигдөж гаргасан болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0718 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар[1] Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгожээ.

3. Гуравдагч этгээд “Ю” ХХК-д Хан-Уул дүүрэг, ** дугаар хороонд 999.0 м.кв газрыг үйлчилгээ, конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-220600**** дугаарт бүртгэж, 0000***** дугаартай гэрчилгээг[2] 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр олгосон байна.

4. Маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд “Ю” ХХК-д олгосон 999.0 м.кв газар нь усан сан бүхий онцгой хамгаалалтын 999 м.кв-аар, үерийн далангийн хамгаалалтын бүсэд 999.0 м.кв-аар бүхэлдээ давхцаж[3] байгаа болох нь тогтоогджээ.

5. Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасны дагуу хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, ... анхан шатны шүүх маргаан бүхий газрыг усны онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон болох нь тогтоогдож байна гэж захиргааны акт хууль бус талаар дүгнэсэн атлаа хүчингүй болгоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасантай нийцэхгүй байна...” хэмээн маргасан.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж тус тус заасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм.

7. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын “хуулиар тусгайлан эрх олгогдсон” гэснийг прокурорын тухайд “Прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлгүйгээр, харин төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж тайлбарласан.

8. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж зааснаар прокурор нь хуульд заасан тохиолдолд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу оролцох боломжтой байна.

9. Холбогдох харилцааг зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 2-т “байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах”, 16 дугаар зүйлийн 2-т “Аймаг, НЗД байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1-д “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 4-т “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх”, 26 дугаар зүйлийн 1-д “Улсын байцаагч дараахь эрхтэй байна:”, 1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах”, 11-д “байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах, эсхүл дээд шатны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх”,

10. Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, НЗД усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 12.1.1, 12.1.3-т зааснаас гадна усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 13.1.6-д “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.1-д “усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, НЗД, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах”, 20 дугаар зүйлийн 20.4-т “Сав газрын зөвлөл нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.4.6-д “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих”,

11. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан байна.

12. Эдгээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл харьяалах нутаг дэвсгэрт нь хуулиар барилга, байгууламж барих, газар хагалах, газар эзэмшиж ашиглахыг хориглосон усан сангийн бүхий газар, онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд зөрчил гарсан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох, хяналт тавих асуудлаар хуулиар өөрт олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтан арга хэмжээ авах бүрэн эрхийг дээрх хуулиар олгосон байх ба ийнхүү хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах, хүсэлт тавьж, прокурорын байгууллагыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхэд оролцуулах эрхтэй.

13. Дээрхээс дүгнэвэл прокурор нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч захиргааны байгууллага, албан тушаалтнаас уг асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй, төлөөлүүлэхээр хүсэлт гаргаагүй байхад прокурорын зүгээс өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа гэх үндэслэлээр буюу хуулиар өөр захиргааны байгууллага, албан тушаалтанд хариуцуулсан асуудлаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хуулийн үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Засаг дарга хууль зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж үзвэл өөрөө, эсхүл дээд шатны албан тушаалтан болох Ерөнхий сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд уг шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 718 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нарын нэхэмжлэлтэй, НЗДд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/*** дугаар захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                        ШҮҮГЧ                                              А.САРАНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 52-56 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 58 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 87 хуудас