Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/306

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,  

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000121 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “*********” авто угаалгад угаагч ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** дугаар баг, ******** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод түр оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 552 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 486 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1 жил хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 446 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 зааснаар 4 сар баривчлах ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 25 жил хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 17.8 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жил хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ХМШЗ/02 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, ******* овогт **********ын ****(РД:**********).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************ тоотод байрлах гэртээ хохирогч ****үл ялих зүйлээр шалтаглан хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн сарвууны чигчий хурууны нугалах шөрмөс гэмтээсэн 2 тооны зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар архи уусан. **** “намайг хүмүүс даруухан гээд байдаг юм” гэхээр нь би эгдүүцээд л тэгсэн юм шиг байна лээ. Өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Нийт 4 шил архи уусан, нэлээд ухаан муудсан байсан. Болсон явдлыг санахгүй байгаа. Хохирогч, гэрч нар худлаа хэлээгүй байх. Тэр хүн над руу дайраагүй. Хохирол нэхэмжлээгүй, бололцоогоороо хэдэн төгрөг өгчихнө биз л гэж байсан. Хохиролд мөнгө өгнө гэж бодож байгаа. Нийгэмд сайхан амьдармаар байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2208000000121 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ****ийн: 2021 оны 12 дугаар сарын 15-ны орой ...ажлынхаа хэдэн хүнтэй хоёр шил архи уугаад ****** бид хоёр ****ахыг гэрт нь хүргэж өгье гээд Сонгинохайрхан дүүргийн *********** тоотод гэрт нь ирээд нэг шил архи уугаад юм яриад сууж байсан чинь ****ах гэнэт хутга бариад над руу дайрахаар нь би гараараа хаасан чинь зүүн гарын алга хэсгийг зүссэн. Бид хоёрыг ******** дундуур орж салгасан. Би тухайн үед ****ахтай хэрэлдэж маргасан асуудал байхгүй. Гэнэт хутга бариад дайрсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-15),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.22-ны өдрийн 681 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.****ийн биед зүүн сарвууны чигчий хурууны нугалах шөрмөс гэмтээсэн 2 тооны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-27-28),

Гэрч *********ын: “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед ажлаа тараад ******* ахынд гэрт ********* бид 3 очоод 1 шил архи уусан. Би согтоод унтаад өгсөн. Хэсэг унтаад сэрсэн чинь ****** ах, ******** хоёр муудалцаад байсан. Би салгасан. Яг юу болсон талаар сайн санахгүй байна. ...Одоо санаад байхад *****аас хутгыг нь булааж авсан...” гэх мэдүүлэг (хх-17),

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ ****, ********** нартай хамт 0,5 литрийн 3 шил архи уугаад орой 22 цагийн үед манай гэрт хамт ирсэн. Манай гэрт ирээд бид хэд архи ууж байхад **** над руу “Хүмүүс намайг даруухан гэж андуураад байдаг юм” гэхэд нь би “Чи наад үгээ надад зориулж хэлээд байгаа юм уу” гээд маргаан үүссэн. Би гэрийн гал тогооны хэсгийн тавиур дээр байдаг төмс арилгадаг хутгыг авч гараа савчсан чинь *******гийн зүүн гарын чигчий хурууг зүсч гэмтээсэн. Тухайн үед архи ууснаас болж маргалдсан. ****ийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-101),

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-9), шинжээчийн 2021.12.23-ны өдрийн 160 дугаар дүгнэлт (хх-33-34), биологийн шинжээчийн 2022.01.06-ны өдрийн 324 дүгээр дүгнэлт (хх-43-45), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-56), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-67), эд хөрөнгө бүртгэгдээгүй тодорхойлолт (хх-54, 62), таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-70-84) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ХМШЗ/02 дугаар захирамжийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********* тоотод байрлах гэртээ хохирогч ****үл ялих зүйлээр шалтаглан хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн сарвууны чигчий хурууны нугалах шөрмөс гэмтээсэн 2 тооны зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ****ийн ...Бид нар архи ууж байхад ****ах гэнэт хутга бариад над руу дайрахаар нь би гараараа хаасан чинь зүүн гарын алга хэсгийг зүссэн...” гэх мэдүүлэг (хх-15), шүүх эмнэлгийн 681 дүгээр “1. ****ийн биед зүүн сарвууны чигчий хурууны нугалах шөрмөс гэмтээсэн 2 тооны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-27-28), гэрч ******ын “...Архи ууж байгаад унтаад сэрсэн чинь ***** ах, ***** хоёр муудалцаад байсан ...****аас хутгыг нь булааж авсан...” гэх мэдүүлэг (хх-17), шүүгдэгч *****ын яллагдагчаар өгсөн “...Архи ууж байгаад гэрийн гал тогооны хэсгийн тавиур дээр байдаг төмс арилгадаг хутгыг авч гараа савчсан чинь ******ийн зүүн гарын чигчий хурууг зүсч гэмтээсэн. ****ийн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-101) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********ын согтуурсан үедээ хохирогч ****үл ялих зүйлээр шалтаглан хутгаар зүүн гарын чигчий хурууг зүсэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ****ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-15)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ****нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *********** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ****шалтгаан тодорхойгүйгээр хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн сарвууны чигчий хурууны нугалах шөрмөс гэмтээсэн 2 тооны зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулаад шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13  хоногоор тэнсэн суллагдсан хугацаан дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн тооцож, нийт 60 хоногийг нэмж, нийт 1 жил 10 сар 13 хоногийн хорих ялыг оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,  

шүүгдэгч “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ажил хийж зөв зүйтэй амьдармаар байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зүүн гарын чигчий хурууг хутга ашиглан зүсэх үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, нэхэмжилсэн зүйлгүй, хохирол төлөгдөөгүй, хохирогч “Гомдол санал байхгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэр бүлийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Шүүгдэгч ****урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нийт 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө хохирогч ****зодож, хүндэвтэр хохирол учруулсан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлээгүй үлдсэн дээрх ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч *********т энэ тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 10 сар 13 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* энэ тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоног буюу 2 сарын хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 (нэг) жил 10 (арав) сар 13 (арван гурав) хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР