Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 800

 

 

 

 

 

 

 

 

     2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2019/00800

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ....дугаар хороо, ..... дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ......дугаар байр, Номуун төв, ..... давхарт байрлах, “М....” ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,..... дугаар хороо, .... дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, Номуун төвд байрлах, “Х... ц.... г...” ХХК /РД:....../-д холбогдох,

 

6,006,590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, иргэдийн төлөөлөгч Э.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ”М” ХХК-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “М” ХХК  нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 115 дугаар байрны Номуун төвийн 2 давхарт Эрүүл мэндийн оношилгоо, шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө 5 цаг 30 минутын орчим манай компанийн ариун цэврийн өрөөний цэвэр усны дамжуулах холбоос задарсны улмаас ус алдаж, 1 давхар болон В1 давхарт Эрүүл мэндийн оношилгоо, шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг “Х в” ХХК-ийн компьютер болон тоног төхөөрөмж, шал, тааз зэрэг эд зүйлсэд 5,785,590 төгрөгийн хохирол, “И э” ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэсний төлбөр 220,000 төгрөг, нийт 6,006,590 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж “Х В” ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00202 дугаартай шийдвэрээр “Х В” ХХК-д 6,006,590 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх үзэж уг хохирлыг манай компани “Х В” ХХК-д төлөхөөр шийдвэр гаргасан. Манай компани нь “Х В” ХХК-д 6,006,590 төгрөгийг бүрэн төлсөн. Манай компани болон “Х В” ХХК нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 115 дугаар байрны Номуун төвийн 1 давхар болон 2 давхрыг “Х Ц Г” ХХК-тай барилга ашиглалт, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулж, үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани нь “Х Ц Г” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Барилгын ашиглалт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл сар бүр байр ашиглалтын төлбөрт 411,242 төгрөг, цахилгаан, сан техникийн зардалд сар бүр 181,818 төгрөг, харуул хамгаалалтад 300,000 төгрөгийн тус тус гэрээнд заасны дагуу төлдөг. Гэтэл манай компанийн ариун цэврийн өрөөний цэвэр ус дамжуулах холбоос 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны шөнө задарсны улмаас ус алдаж, “Х В” ХХК-д учирсан 6,006,590 төгрөгийн хохирлыг манай компани төлөх үндэслэлгүй байсан бөгөөд нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг бид биелүүлж, “Х В” ХХК-ийг хохиролгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор “М” ХХК-ийнзүгээс “Х Ц Г” ХХК-иас  “Х В” ХХК-д учирсан хохиролд төлсөн 6,006,590 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Манай компани нь талбайн өмчлөгч юм. Түүнчлэн тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт сантехникийн болон цахилгааны засвар үйлчилгээг мэргэжлийн зохих түвшинд чанартай хийж гүйцэтгэх, 6.9 дэх хэсэгт барилгыг мэргэжлийн гэрээт харуул хамгаалалтын албаар хамгаалуулах зэрэг нь “Х Ц Г” ХХК-ийн үүрэг юм. Мөн дундын өмчлөлийн цахилгаан, сантехникийн төлбөр сар бүр 181,818 төгрөг төлсөөр байтал “Х Ц Г” ХХК нь Номуун төвийн барилгын цахилгаан болон сантехникийн шугам хоолойн засварын ажлыг нэг ч удаа шинэчлэн хийж байгаагүйгээс үүдэн манай компанийн ариун цэврийн өрөөний цэвэр усны дамжуулах холбоос задарсны улмаас бусдад хохирол учирсан. Иймд манай компани үндэслэлгүйгээр “Хаппи веритас” ХХК-д төлсөн 6,006,590 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар жинхэнэ хариуцагч “Х Ц Г” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ”Х Ц Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай “Х Ц Г” ХХКнь 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Барилгын ашиглалт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл барилгын ашиглалт хариуцан ажиллаж байна. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө “М” ХХК-ийнөмчлөлийн талбайн ариун цэврийн өрөөний цэвэр усны дамжуулах холбоосны хаалт задарсны улмаас ус алдаж, В1 давхарт байрлах “Х В” ХХК-ийн эд хөрөнгөнд хохирол учруулсан. Барилгын ашиглалт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнд ашиглалт хариуцсан хуулийн этгээд нь тухайн барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүргийг гэрээгээр хүлээнэ гэж заасан. Тухайн барилгын дундын өмчлөлийн засвар үйлчилгээ буюу, цэвэр ус болон халуун усны шугам нь үндсэн шугамандаа хамаарч байгаа. Тухайн шугамаас салбарласан байгууллагуудын өмчлөлийн өөрийн хэсэг рүү орсон дамжуулах холбоосуудыг тухайн байгууллагууд өөрсдөө хариуцна гэж гэрээ нь дээр заасан байгаа. “Х В” ХХК хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаад, тухайн хохирлын гэм буруутай тал нь “М” ХХК  гэдгийг шүүх эцэслэн тогтоочихсон. Уг шийдвэрт “М” ХХК  гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч тал гэм буруугүй асуудлын талаар огт маргадаггүй, үнийн дүнгийн асуудлын талаар маргадаггүй. Уг хохирлыг манай компани хариуцахгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК  нь хариуцагч “Х ц г” ХХК-д холбогдуулан 6,006,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө 5 цаг 30 минутын орчим Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 115 дугаар байр, Номуун төвийн 2 давхрын өмчлөгч болох манай “М” ХХК-ийнариун цэврийн өрөөний цэвэр усны дамжуулах холбоос задарсны улмаас ус алдаж, 1 давхар, В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Х В” ХХК-ийн компьютер, тоног төхөөрөмж, шал, тааз зэрэг эд зүйлд хохирол учирчээ.

 

Үүнтэй холбоотойгоор “Х В” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00202 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас эд хөрөнгийн хохиролд 5,785,590 төгрөг, хохирлын үнэлгээ гаргуулсны төлбөр 220,000 төгрөг, нийт 6,006,590 төгрөгийг гаргуулж “Х В” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 19-20 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “Х Ц Г” ХХКнь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу “М” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу “Х В” ХХК-д төлсөн 6,006,590 төгрөгийг Барилгын ашиглалт хариуцсан этгээдийн хувьд хариуцах үүрэгтэй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч “М” ХХК  нь хариуцагч “Х ц г” ХХК -тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Барилгын ашиглалт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу хариуцагч “Х Ц Г” ХХКнь барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийх, харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч “М” ХХК  нь дундын өмчлөлийн зүйлийн сантехник, цахилгааны засвар үйлчилгээ, харуул хамгаалалтын ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч “М” ХХК  нь хариуцагч “Х ц г” ХХК -д холбогдуулан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлоо арилгуулахаар шаардлага гаргасан байна.

 

Талууд гэрээний нэг дэх хэсгийн 1-д “Барилгын ашиглалт хариуцсан этгээд” гэж тухайн барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг талбай өмчлөгчдийг төлөөлөн хэрэгжүүлж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг эрхлэн хариуцах үүргийг энэхүү гэрээгээр хүлээсэн хуулийн этгээдийг хэлнэ” гэж, 2-т “Нийтийн зориулалттай барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэж барилгын гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, шат, шатны хонгил, техникийн болон үйлчилгээний өрөө, цонх, хаалга, довжоо, барилгын халаалт болон халуун хүйтэн усны шугам, шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, машины зогсоол зэрэг байгууламж, эд хөрөнгө багтана” гэж тодорхойлсон байна.

 

Мөн гэрээний зургаа дахь хэсэгт Барилгын ашиглалт хариуцсан этгээдийн эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд үүнд ашиглалт хариуцсан тал буюу “Х Ц Г” ХХКнь 6.3-т “ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах”, 6.4-т “засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд хийх”, 6.8-д “Сантехникийн болон цахилгааны засвар үйлчилгээг мэргэжлийн зохих түвшинд чанартай хийж гүйцэтгэх” зэрэг үүргийг хүлээсэн бол “М ХХК” нь гэрээний 7.4-т зааснаар “Өөрийн талбайд ногдох шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг хариуцах ба шугам сүлжээнд дур мэдэн өөрчлөлт оруулахгүй байх” үүрэг хүлээжээ. Гэрээний 8.3-т “Төвийн шугам сүлжээтэй холбоотойгоор гарсан аливаа доголдлын хариуцлагыг ашиглалт хариуцсан этгээд хариуцахгүй”, 8.4-т “Хэрэглэгчийн болон гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болсон аливаа доголдол хохирлыг ашиглалт хариуцсан этгээд хариуцахгүй” гэж тусгасан байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ахлах байцаагчийн “Шалгалт хийсэн тэмдэглэл”, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/00202 дугаар шийдвэр, Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн байрны ариун цэврийн өрөөний суултуурын доорх цэвэр усны ф-15 трубаны хаалтад хугацаанд нь засвар үйлчилгээгээ хийгээгүй улмаас задарч ус алдсан болох нь нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаж, үгүйсгээгүй болно. /хх-ийн 14, 19-20, 108 дугаар тал/

 

“М” ХХК-ийнариун цэврийн өрөөний суултуурын доорх цэвэр усны ф-15 трубаны хаалт нь талуудын гэрээнд тусгагдсан “Нийтийн зориулалттай барилгынн дундын өмчлөлийн эд хөрөнгө”-д хамаарахгүй, хариуцагч “Х Ц Г” ХХКнь “М” ХХК-тай байгуулсан Барилгын ашиглалт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний дагуу өмчлөгч, эзэмшигчийн сантехникийн болон цахилгааны шугам сүлжээний засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг хариуцах үүрэггүй байх тул 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө нэхэмжлэгч “М” ХХК-ийнариун цэврийн өрөөний цэвэр усны дамжуулах холбоос задарсны улмаас ус алдсантай холбоотой хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүх хариуцагч “Х ц г” ХХК-иас 6,006,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 214,312 төгрөгийг гаргуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х ц г” ХХК-иас 6,006,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас 214,312 төгрөг гаргуулж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт оруулсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.АЗБАЯР

 

                             ШҮҮГЧИД                                                Т.ГАНДИЙМАА

 

                                                                                               Х.ЭНХЗАЯА