| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2022/0152/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/158 |
| Огноо | 2022-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н ургийн овогтой Ж-ын Т-д холбогдох 2216000000192 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.Т нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18-19 цагийн үед Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт бэр О.Этэй гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар О.Эийн нүүрэн тус газар болон мөр хэсэгт нь гараараа цохих, зүүн талын хацар луу алгадах, үсдэж хөл, нуруу, ууц руу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн, дээд, доод зовхи, ууцанд цус хуралт, зүүн эгэмд зулгаралт бүхий “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ж.Т нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18-19 цагийн үед Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт бэр О.Этэй гэрт нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар О.Эийн нүүрэн тус газар болон мөр хэсэгт нь гараараа цохих, зүүн талын хацар луу алгадах, үсдэж хөл, нуруу, ууц руу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн, дээд, доод зовхи, ууцанд цус хуралт, зүүн эгэмд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Т гэм буруутай болох нь:
Хохирогч О.Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт нөхөр Дашпэлжээгийн хамт гэртээ байж байсан. Тухайн үед нөхөр архи уусан унтаж байсан. Би тогоон дээр тараг бүрээд сууж байсан. Хадам ах Т ганцаараа манайд ирсэн. Манай нөхөр тэр хоёр юм яриад байж байгаад хадам ах над руу чи утсаар юу гэнээ гэж хэлээд урд талд нь байсан жижиг модон сандлыг аваад шидсэн чинь тухайн сандал нь тогоотой тарган дотор унасан. Тэгээд шууд босож ирээд миний зүүн талын шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа алгадаж аваад зүүн талын орон дээр дарж аваад хоёр удаа баруун талын мөр хэсэг рүү цохисон. Би гэрээс гараад зугтсан чинь гэрийн гадаа амбаарын үүдэнд надыг Т барьж аваад гараараа миний нүүрний хэсэгт хамар дээр нэг удаа цохиод хамраас цус гарсан мөн үсдэж аваад 2 удаа дагзны ар тал руу цохисон. 5 удаа миний хөл, нуруу, ууц руу өшиглөж зодсон. Би зугтаад уяатай нохой дээрээ очсон чинь Т ирж чадахгүй байсан тул мотоциклоо асааж унаад яваад өгөхөөр нь би гэртээ ороод нөхрийнхөө гар утсыг авах гэтэл өгөхгүй байхаар нь утас олж цагдаа дуудах санаатай би гэрээсээ гараад явж байсан чинь Т ирээд намайг хаачих нь бэ гээд хөөхөөр нь зугтаад Жыд очиж тэдний утсаар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас /,
Гэрч Д.Жы мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн орчим эхнэр Я.Хбид хоёр үхрээ сааж байхад Э хамраас нь цус гоожсон, хамар нь цаашаа чихэгдсэн байдалтай гүйгээд ирсэн. Тэгтэл Т мотоцикльтой араас нь ирэхэд Эийг гэртээ хариач гэхэд Э нь энэ намайг зодсон гээд уйлаад гэртээ харихгүй гэхээр нь би Эийг дагуулж гэртээ орсон. Т мотоцикльтойгоо буцаад явсан. Би гэртээ ороод яасан юм гэхэд Т нь орон дээр дарж унагаж мөр хэсэг рүү цохисон, сандал авч тогоотой тараг руу шидсэн, хамар луу цохисон, үснээс зулгаасан, бөөр лүү өшиглөсөн чинь бөөр өвдөөд байна гээд манайд хэвтээд байсан. Э цагдаа, эмнэлэг дууд гэхээр нь би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч ирээд Эийг шууд аймаг авч явж хамрыг чинь үзүүлье, нарийн шинжилгээ өг гэж хэлээд аваад явсан. Э амбаар мөргөсөн гэж хэлээгүй. Т зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
Гэрч Я.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг үхрээ саагаад сууж байхад Э уйлаад гүйгээд ирсэн. Т араас нь мотоцикльтой ирээд Эийг гэр лүүгээ яв гэж хэлсэн. Би явахгүй намайг Т зодсон гэж хэлээд явалгүй манай гэрт орсон. Эийн хамраас нь цус гарсан, мурийсан, хавдартай, хөл доголсон, бөөр өвдөөд байна гээд уйлаад байсан. Манай нөхөр Ж эмч болон цагдаа дуудсан. Эмч үзээд Нэгдсэн эмнэлэгт очиж хамрын чихээсийг гаргах юм байна гээд аваад явсан. Эийг Т цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №314 дугаартай “...О.Эийн биед гэмтэл учирсан байна. О.Эийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун, зүүн, дээд, доод зовхи, ууцанд цус хуралт, зүүн эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 хуудас/ гэх зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Т нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үйл баримтууд тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нараас ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Улсын яллагч Х.Гүнжидмаагийн “шүүгдэгч Ж.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуу/ нэгж буюу 500,000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийн хүрээнд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ж.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуу/ нэгж буюу 500,000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирлын тухайд: Хохирогч О.Эт шүүгдэгч Ж.Т аас эмчилгээний зардалд 300,000 /Гурван зуун мянга/ төгрөг төлсөн. Хохирогч нь “...хохирол барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н ургийн овогтой Жын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ж.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т д оногдуулсан 500,000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /Дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ж.Т д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ж.Т нь хохирогч О.Эт эмчилгээний зардалд 300,000 /Гурван зуун мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР