Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж ургийн овогтой Бийн Э-д холбогдох 2216001790152 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Э нийтийн албан тушаалтан буюу “Говь-Алтай АЗЗА” ТӨХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн 6.4.1 дэх заалтад “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.4 дэх заалтад “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох” гэж тус тус заасныг;

 

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1 дэх заалтад “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6 дахь заалтад “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь заалтад “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж тус тус заасныг зөрчиж, Говь-Алтай АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Дугарсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо хуралдаж бага оврын нөхөөсний индүү нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулаагүй байхад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18/012 дугаартай гэрээг “Фрэш оранж” ХХК-ийн захирал Ж.У-тэй байгуулж, гүйлгээ хийх төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурж, “Фрэш оранж” ХХК-ийн эзэмшлийн Хас банк дахь 5002037169 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17,880,000 /Арван долоон сая найман  зуун наян мянга/ төгрөгийг шилжүүлсэн,

 

Улмаар “Фрэш оранж” ХХК-ийн захирал Ж.У-ээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн дүү Б.О-ын эхнэр С.Н-ийн Хаан банк ХХК дахь 5322035067 тоот дансаар 8,000,000 /Найман сая/ төгрөгийг, мөн өдөр өөрийн Хаан банк ХХК дахь 5315340933 тоот дансаар 9,880,000 /Есөн сая найман зуун наян мянга/ төгрөгийг шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас Говь-Алтай АЗЗА ТӨХК-д 380,000 /Гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

   Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Э нийтийн албан тушаалтан буюу “Говь-Алтай АЗЗА” ТӨХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн 6.4.1 дэх заалтад “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.4 дэх заалтад “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох” гэж тус тус заасныг;

 

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1 дэх заалтад “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6 дахь заалтад “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь заалтад “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж тус тус заасныг зөрчиж, Говь-Алтай АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Д-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/43 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо хуралдаж бага оврын нөхөөсний индүү нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулаагүй байхад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18/012 дугаартай гэрээг “Фрэш оранж” ХХК-ийн захирал Ж.У-тэй байгуулж, гүйлгээ хийх төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурж “Фрэш оранж” ХХК-ийн Хас банкны 5002037169 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17,880,000 /Арван долоон сая найман  зуун наян мянга/  төгрөгийг шилжүүлсэн,

 

Улмаар “Фрэш оранж” ХХК-ийн захирал Ж.У-ээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн дүү Б.О-ын эхнэр С.Н-ийн Хаан банк ХХК дахь 5322035067 тоот дансаар 8,000,000 /Найман сая/ төгрөгийг, мөн өдөр өөрийн Хаан банк ХХК дахь 5315340933 тоот дансаар 9,880,000 /Есөн сая найман зуун наян мянга/ төгрөгийг шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, уг үйлдлийн улмаас Говь-Алтай АЗЗА ТӨХК-д 380,000 /Гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон шинжээрээ эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Тус гэмт хэргийг Б.Э үйлдсэн гэм буруутай болох нь:

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д ийн “... манай нэг ажилтны буруутай үйл ажиллагаанаас манай байгууллагад хохирол учирч, нэг ёсондоо бараа, техник тоног төхөөрөмж авах мөнгөнөөс завшсан байна” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 65-66-р хуудас/

 

   Яллагдагч Б.Эгийн 5315340933 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 97-100-р хуудас/

 

   Фрэш оранж ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 227-р хуудас/

 

   Б.Эгийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 56-67-р хуудас/

 

Гэрч Ж.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу 17,880,000 төгрөгийн үнэ бүхий бага оврын индүү нийлүүлэх гэрээ байгуулсан. Ингэхдээ би тухайн мэдээллийг анх цахим тендерийн сайтаас Говь-Алтай аймгийн АЗЗА ТӨХК-аас бага оврын замын индүү худалдан авах тендер зарласан байсан. Би 17,880,000 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн юм. Ингээд тухайн тендерт манай компанийг шалгарсан талаар мэдэгдсэн бөгөөд би Улаанбаатар хот явчхаад Ховд аймаг руу буцаж байхад танай компанитай гэрээ байгуулах шаардлагатай байна гэхээр нь би Говь-Алтай аймагт саатаж гэрээг байгуулчхаад Ховд аймагт ирэхэд миний компанийн 5001845863 гэсэн Хас банкны данс руу 17.880.000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгө нь индүүний мөнгө гэсэн утгаар орж ирсэн бөгөөд мөнгө орсны дараагаар Говь- Алтай аймгийн АЗЗА ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогч Э над руу залгаад танай компанийн данс руу мөнгө хийсэн байгаа та тухайн мөнгийг миний өгсөн данс руу шилжүүлчих гэхээр нь би өөрийнхөө компани данснаас мөнгөө аваад өөрийнхөө хувийн Хаан банкны 5845210829 дугаарын данс руу шилжүүлээд Эгийн явуулсан данс руу буцаагаад мөнгийг нь шилжүүлсэн. Ингэхдээ би орж ирсэн мөнгөнөөс НӨАТ-ийн шимтгэл авч үлдээд шилжүүлсэн байгаа. Би бол уг нь тухайн тендерийн мэдээллийн цахимаас хараад тухайн индүүг нь Хятадаас аваад нийлүүлье гэж бодсон. Гэтэл миний компанийн данс руу шууд 100 хувь мөнгө шилжиж орж ирсэн би бодохдоо эхлээд 70 хувь орж ирээд нийлүүлсний дараа 30 хувь нь орох байх гэж бодсон боловч 100 хувийн санхүүжилт орж ирээд удалгүй Э залгаад тэр мөнгийг авчихсан” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 165- 167-р хуудас/,

 

   Гэрч Ц.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр надад хэлэхдээ оны эцэс болоод хугацаа нь давчуу болчихлоо тэгээд ч цаад захиалагч байгууллага нь мөнгөө буцаагаад шилжүүлчих гээд байна тэгээд мөнгийг нь буцаагаад шилжүүлчихлээ. Нийлүүлэх гэсэн ч хоног хугацаа нь давчуу бараг амжихгүй юм байна гэж хэлж байсан. ...Ж.У-гийн Фреш оранж ХХК нь мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн, индүүг нийлүүлээгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 169-170-р хуудас/,

 

   Гэрч С.Нийн “Миний Хаан банкны 5322035067 тоот данс руу Улаанхүүгээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөгийг гүйлгээний “Оранж хувцасны үнэ” гэсэн утгаар шилжүүлсэн гүйлгээг одоо ёстой санахгүй байна. Б.Э эгч л миний данс руу мөнгө хийлгэж байсан байх гэж бодож байна. Миний данснаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэцогт гэж хүний данс руу 6,702,500 төгрөгийг мөн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Эгийн 5315340933 тоот данс руу 700,000 төгрөг нийт 7,402,500 төгрөг шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Б.Э эгч л миний данс руу мөнгө шилжүүлээд буцаагаад дээрх данс руу явуулсан байх гэж бодож байна. Ж.У-гээс шилжүүлсэн 8,000,000 төгрөгнөөс хувьдаа зарцуулаагүй...Би Ж.У- гэж хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 174- 175-р хуудас/,

 

            Гэрч С.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би бага оврын индүү худалдан авах үнэлгээний хороог албан ёсоор байгуулж албан ёсны тушаал гаргаж байгаагүй. Үнэлгээний хороо байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалыг надаар хүний нөөц Баянжаргал эгч өөр бичиг баримтуудын хамтаар гарын үсэг зуруулахдаа дунд нь хийгээд зуруулсан байх. Тушаал дээр зурагдсан байгаа гарын үсэг минийх мөн. Үнэлгээний хороо албан ёсоор байгуулаагүй учир албан ёсоор хуралдаагүй гэдгийг мэдэж байна. Ямар ч техник хэрэгсэл худалдан авлаа гэхэд ерөнхий инженер болон механик инженер хоёроос заавал техникийн тодорхойлолт гардаг. Тэгэхэд бага оврын индүү худалдан авах үед надаас техникийн тодорхойлолт гаргуулж аваагүй. Нягтлан Э “манай авах ёстой индүү, хямд үнээр авч байгаа шүү” гэж тухайн үед хэлж байсан. Уг үнийн дүнгээр тонн, жин ихтэй том индүү авах ёстой байсан. Одоо байгаа энэ индүү нь бага оврынх, тонн жин багатай индүү. ...Би хайхрамжгүй байдлаасаа болж нарийн бичиг Оийн оруулж ирсэн тоотон дээр гарын үсэг зурсан байна. Миний гарын үсэг мөн байна. Тухайн үед албан тоотон дээр юу бичигдсэн талаар сайн уншиж танилцаагүй зурсан нь миний ажлын хариуцлага. 2018 оны хавар замын нөхөөсний ажил эхлэхийн өмнө нягтлан бодогч Э “битум ирчихсэн байгаа, буулгаж аваарай гэсэн. Нярав Б эгчээр ачиж ирсэн жолоочид нь хоол цай бэлдүүлээд өгүүлэх гэсэн чинь Б эгч энэ жолооч хотоос ирээгүй хүн байна ш дээ хоол идэхгүй, гэр нь аймагт байдаг, би Алтайн хүдрээс өглөө гараад одоо ирж байна” гэж хэлэхээр нь л хотоос ирээгүй юм байна гэж мэдсэн. Тэр битүм нь өнжсөн, өөрөөр хэлбэл үйлдвэрээс гараад нэг жил өнжсөн битүм болохыг бүүр сүүлд мэдсэн. 2018 онд бараа, материал, түлш, шатахуун хямдхан байсан үе. Тухайн үед битүмний үнэ 1,300,000 орчим байсан нь үнэн. Уг худалдан авалт хийх үед захирлаар Л.М-Э, нягтлан бодогч Б.Э нар байсан. Э надаар 6-7 гүйлгээний баримт дээр гарын үсэг зуруулсан. Миний гарын үсэг зурсан тэдгээр баримт дотор 17,880,000 төгрөгний гүйлгээний баримт гарч ирэхээр нь би Эгээс энэ юун учиртай мөнгө вэ, ажлын хувцасны гүйлгээ юм уу гэж асуухад Э үгүй ээ наадах чинь нөгөө бага оврын индүүний мөнгө гэж хэлэхээр нь би 1-3 тонн жинтэй индүүнүүд байдаг болохоор тэр л юм байх гэж ойлгоод тэгээд ч хөдөө явах яаралтай ажилтай байсан учир бүх гүйлгээн дээр гарын үсэг зурж баталгаажуулаад явсан. Он гарсны дараа нэг өглөө ажил дээр манай ажлын хашаанд бага оврын индүү ирсэн байсан. Тэгээд очоод үзэхэд 800 кг жинтэй давхар төмөр бултай индүү байсан. Тухайн индүүний зах зээлийн ханш нь шилжүүлсэн үнийн дүнтэй нийцэхгүй, арай хямд индүү юм шиг санагдаж байсан. Хаанаас авчирсан талаар мэдэхгүй. Би Ж.У- гэж хүнтэй биечлэн уулзаж гэрээ байгуулаагүй, зүс барааг нь харж байгаагүй. Нягтлан бодогч Б.Э надаар үүнээс гадна өөр бичиг баримт дээр гарын үсэг зуруулах явцдаа гэрээний зөвхөн арын хуудсыг хавчуулаад зуруулсан байхыг үгүйсгэхгүй. ” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 185-187, 7 дугаар хх-ийн 100-101-р хуудас/,

 

              Гэрч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Үнэлгээний хороо хуралдсан хуралдаагүйг би үнэндээ санахгүй байна. Хуралдсан гээд хэлчихвэл худлаа мэдүүлэг өгчихсөн болох гээд, огт болоогүй гээд хэлбэл болсон байвал худал хэлчих гээд байна. Хэзээ билээ цаг хугацааг санахгүй байна. Би өрөөндөө бичиг хэрэг Оюундэлгэртэй цуг суудаг юм. ...одоо санаад байхад нягтлан Э Фреш оранж ХХК-аас хамгийн бага үнийн санал ирүүлсэн байна гэж хэлсэн санагдаад байна” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 199-200-р хуудас/,

 

              Гэрч А.Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...яг үнэндээ би хуралд орсноо ч сайн санахгүй байна. Баримтууд дээр зурагдсан гарын үсэг нь бол миний өөрийн гарын үсэг мөн. Надаар дараа нь гарын үсэг зуруулсан ч байж магадгүй” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 203-205-р хуудас/,

 

              Гэрч Н.Оийн “Э намайг 3 компанид үнийн санал явуулсан урилга мөн тендерийн хариуг албан тоотон дээр бичээд гаргаад өг гээд надад ноорог цаасан дээр бичсэн зүйл өгсөн. Тэр ноорог нь болохоор бага оврын индүүний тендерийн шалгаруулалтын хариу бас 3 компанид үнийн санал өгч байгаа утгатай байсан ба нэг компанид нь шалгаруулсан гэдэг утгатай, нөгөө компанид нь шалгаруулаагүй гэдэг утгатай хариу байсан. Тэгээд би тоотон дээр бичиж гаргаад тухайн үед захирлаар ажиллаж байсан Дээр гарын үсэг зуруулсан. Нягтлан Э надад нэг хувийг нь өгчих гээд авч байсан санагдаж байна. Би бага оврын индүүний тендерийн үнэлгээний хороонд орж ажиллаагүй. Би хүүхдээ төрүүлчхээд 2021 оны 02 сард ажилдаа орж байсан. Намайг ажилдаа ороод удаагүй байхад нягтлан бодогч Э 2018 оны тендерийн материал алга болчихсон байна, дахиж шинээр бүрдүүлэхээс, тэр тендерийн баримтад үнэлгээний хорооны дүгнэлт байсан юм гээд надаар үнэлгээний хорооны дүгнэлт бичүүлж байсан. Ингэж бүрдүүлэх шаардлагатай байна, та хэд үнэлгээний хороонд байгаа шүү, захирлын гаргасан өмнөх тушаалаа хараарай гэхээр нь байгууллагын захирлын тушаалыг харсан чинь Э, Б, Д, Б, Б бид 5-ын нэр тэр тушаал дээр бичигдсэн байхаар нь ийм дүгнэлт гардаг юм байлгүй, үнэлгээний хороо хуралдсан юм байлгүй гээд гарын үсгээ зурсан. Автогрейдерийн хроп нийлүүлэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороонд миний бие нарийн бичгийн даргаар ажилласан. Үнэлгээний хорооны даргаар нь С.Б, гишүүдэд С.Д, А.Э, хараат бус Э.О нар ажилласан. Харьцуулалтын аргаар тендер зарлахад ямар ч компани оролцоогүй. Үнэлгээний хорооноос шууд гэрээ байгуулах зөвлөмжийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захирал Ш.Т-д хүргэсэн. Цааш яасныг мэдэхгүй. Шууд худалдан авалт хийх эрхийнхээ дагуу захирал Ш.Т, ерөнхий нягтлан бодогч Б.Э нар уг компанитай гэрээ байгуулсан” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 213-215-р хуудас/,

 

             Гэрч П.Бын мөрдөн байцаалтад өгсөн “Манай байгууллага бага оврын индүү авахын хувьд авсан. Чухам яг хаанаас, ямар хүнээс авсан эсэхийг мэдэхгүй. Хотоос авсан юм уу, Эрээнээс авсан юм уу гэдгийг мэдэхгүй. Үнэлгээний хороонд намайг орсон шүү гэж хэн нэгэн танилцуулаагүй. Үнэлгээний хороо байгуулсан тушаал дээр миний нэрийн ард техник тоног тоо бүртгэл хариуцсан мэргэжилтэн /ТТБХ Мэргэжилтэн/ гэж байна. ...тухайн үед байгаагүй ба замын мастер албан тушаалд ажиллаж байсан. Энэ тушаалыг би танаас одоо л танилцаж харж байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 218-219-р хуудас/,

 

             Гэрч Э.Оийн “... Би Говь-Алтай АЗЗА ТӨХК-ийн тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд оролцож байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 233-234-р хуудас/,

 

             Бага оврын индүү худалдан авах тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хх-ийн 237-250-р хуудас, 6 дугаар хх-ийн 1-3-р хуудас/,

 

             Фрэш оранж ХХК-ийн 5002037169 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хх-ийн 4-5-р хуудас/,

 

             Фрэш оранж ХХК болон иргэн Ж.У-гийн арилжааны банкны дансны хуулга /6 дугаар хх-ийн 7-16-р хуудас/,

 

             С.Нийн Хаан банкны 5322035067 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хх-ийн 17-21-р хуудас/,

 

             Говь-Алтай АЗЗА ТӨХК-ийн явсан бичгийн 2018 оны бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хх-ийн 33-41-р хуудас/,

 

             Б.Эгийн ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /7 дугаар хх-ийн 9-14-р хуудас/,

 

             Бага оврын индүү худалдан авах тендерийн баримт бичгүүд /7 дугаар хх-ийн 180-186-р хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 122/5094 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр  шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагдана.

 

Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой юм.

 

Б.Эг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд Говь-Алтай АЗЗА ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байжээ.

 

Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад ““нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;”, мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 4.1.3 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус заасан.

 

Мөн Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцед зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалтнаас нь үл хамааран” төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан тул Б.Э нь төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий нягтлан бодогчийн хувьд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Эгийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах үйл ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдаагүй, төрийн үйлчилгээ иргэдэд шударгаар хүрэх, сонгон шалгаруулалтын тэгш байдал, төрийн албаны хууль дээдлэх зарчим алдагдаж, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг хохирол хор уршиг шаардахгүй өөртөө болон бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэрэг бүрэн үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Шүүгдэгч Б.Эгийн дээрх албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

   2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Улсын яллагч Ц.Батзаяа “...шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6500 /Зургаа мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /Зургаа сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргаж оролцлоо,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдэх эрх хэмжээ байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн торгуулийн ялын санкцын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж шүүх хуралдаанд оролцлоо.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5800 /Таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 /Таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирлын тухайд: Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 380,000 /Гурван зуун наян мянга/ төгрөгийг АЗЗА ХХК-ийн 24000027234 тоот дансанд төлсөн байх тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж ургийн овогтой Бийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /Хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,800 /Таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,800,000 /Таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан торгох ялыг 2 /Хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгасугай.

 

6.Шүүгдэгч Б.Эгийн Хас банк дахь 5000147493 тоот дансанд зарлагын хөдөлгөөний хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгосугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР