Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогтой Цын Д-д холбогдох 2216000000188 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Улаан багийн Хаяа гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн ТОЗ-8 загварын бага калибрын буугаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад багтах Хар сүүлт 1 тооны зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн соёолон насны мориор тээвэрлэж амьтны аймагт 3,400,000 /Гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эд зүйлийг тээвэрлэсэн” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.Д нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Улаан багийн Хаяа гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн ТОЗ-8 загварын бага калибрын буугаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтад багтах Хар сүүлт 1 тооны зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, өөрийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн соёолон насны мориор тээвэрлэж амьтны аймагт 3,400,000 /Гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Д гэм буруутай болох нь:

 

          1.Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-17 дугаар хуудас/,

 

          2.Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хар сүүлт зээрийн маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

 

          3.Мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн санал, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаартай тогтоол /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

          4.2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

          5.Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... тухайн болсон асуудлын талаар мэдээгүй байсан юм. Өнөөдөр л энэ талаар сонсож мэдэж байна. Тухайн газар нь Цогт сумын Төгрөг багийн нутагт хамаардаг юм. Энэ хэрэгтэй холбоотой санал, хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

          6.Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “ ... 2022 оны 10 дугаар сарын 28-ны өглөө манай хүү Хаяагийн гол руу явж үхэр малаа тууж ирнэ гээд морио мордоод явсан юм. ...орой намайг хонинд яваад ирэхэд буу нь байхгүй байсан. Эхнэр нь хэлэхдээ буугаа үүрээд явсан гэж хэлсэн юм. ТОЗ-8 маркын буутай юм. ...2022 оны 10 дугаар сарын 30-ны өглөө Д  ээждээ үхрээ туугаад явж байсан чинь баригдчихлаа гэж хэлсэн гэсэн. Хэнд баригдсан талаар ээжээс нь тодруулахад би хориотой ан агначихсан юм аа гэж хэлсэн гэсэн. Би эхнэрээс энэ талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

          7.Гэрч А.Уын мөрдөн байцаалтад өгсөн “...тэгээд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өглөө хяналт шалгалтаа үргэлжлүүлж байхад тухайн Хаяа гэх газарт үл таних морьтой залуу явж байхаар нь зам асуухаар миний бие болон Ц.Тын хамт очсон. Тэгээд морьтой залуугийн хажууд нь очиход мориндоо саарал нимгэн уут ганзагалаад явж байхыг нь анзаарсан. Тэгээд ардаас нь О.А болон Б.Т нар ирээд тухайн морьтой залууд өөрсдийгөө танилцуулаад хяналт шалгалтаар явж байгаагаа танилцуулаад ганзагалсан байсан уутыг үзэхээр шаардлага тавьж мориноос нь буулгаад уутыг задалж үзсэн. Тэгээд тухайн уутанд шинээр гаргасан цус болсон мах байсан тухайн мах нь хар сүүлтийн махтай адилхан байсан юм. Тухайн хүнээс юун мах вэ гэж асуухад хар сүүлтийн мах гэж тайлбарласан. Тэгээд хар сүүлтийг хаана юугаар алсан вэ гэж асуухад галт зэвсэг ашиглаж буудаж алсан гэсэн. ... тэгээд таны буу хаана байгаа вэ асуухад миний буу энүүхэнд ойрхон загны ардуур нуугаад үлдээсэн гэж хэлсэн. Тэгээд тухайн буу байсан газарт очиж шалгахад ТОЗ-8 маркын буу байсан. ...арьсыг нь гаргаж өгөөгүй байсаар байгаад цагдаагийн байгууллагаас хүмүүс ирэхээр хаана байгааг нь хамт хайж байгаад загны ёроолд нуусан байсныг олж тогтоосон. ...хээр морьтой залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

          8.Гэрч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Цогт сумын Төгрөг багийн нутаг Өлгийн адгийн сухай гэх газарт эхнэрийн хамтаар малаа маллаж амьдарч байсан. Тэгээд тухайн өдрийн орой 22 цагийн үед намайг унтах гээд орондоо орчихсон байхад манай нохой хуцаад морины туурайн чимээ дуугарахаар нь манай эхнэр хүн ирж байна гэж хэлээд гэрээс гараад нохой хорьж өгсөн. Тэгтэл Д  манайд орж ирсэн. Орж ирээд мэнд ус мэдээд би хаагуур юу хийж яваад ирэв гэтэл Бага таягийн Залаагийн амнаас гэрээсээ хаяа орж үхрээ тууж гаргаж ирэх гэж явна гэж хэлсэн. Тэгээд хоол, цай идэж уучхаад морио гэрийн гадаа машинаас уячхаад унтлаа гэж хэлээд гэрээс гарч орж ирээд унтсан. Тэгээд өглөө нь эхнэр бид хоёрыг босоогүй байхад эртхэн мордоод Хаяа орж үхрээ аваад буцна, буцахдаа танайхаар орж унд цай ууна гэж хэлээд яваад өгсөн. ...морьтой ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

          9.Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Батмагнайгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай “...1932 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэсэн ТОЗ-08-01 загварын бага калибрын буу байна. 2.Уг галт зэвсэг нь ан агнуур-спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн буу байна. 3.Уг буугаар буудлага үйлдэх боломжтой эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээнд ирүүлсэн 5,6x15 мм-ийн калибрын 2 ширхэг сумаар 2 удаа туршилтын буудлага хийхэд буудлага үйлдэгдэж байна. Шинжилгээнд ирүүлсэн буу нь гох дарахгүйгээр өөр ямар нэгэн хүчний нөлөөгөөр буудлага үйлдэгдэхгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-55 дугаар хуудас/,

 

          10.Говь-Алтай аймаг дахь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатарын 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 2022/03 дугаартай “...Уг амьтны эд эрхтний бүтэц толгой шүдний бүтцээр 3 настай бие гүйцсэн 1 толгой хар сүүлтийн зээр болох нь тогтоогдож байна. Хөл мах 4 ширхэг /хаа, гуя/ бусад яс хүзүү 1 ширхэг, өвчүү 1 ширхэг, сээр 1 ширхэг, ууц сүвээ 1 ширхэг, арьс 1 ширхэг, толгой 1 ширхэг байна. Хар сүүлт зээрийн эр нь эвэртэй байдаг учир эр бодгаль болох нь тогтоогдож байна. Тухайн амьтан нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховор амьтны төрөлд багтдаг бөгөөд тухайн амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 23 дугаар тогтоолыг үндэслэн тогтооход хар сүүлтийн 1 ширхэг нь 1,700,000 байх ба 2 дахин өсгөж тооцоход нийт хохирол 3,400,000 төгрөг байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-69 дүгээр хуудас/,

 

          11.Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн нэгдсэн санд гол төмөр АВN2496, замаг 4544 дугаартай галт зэвсэг бүртгэлгүй байна гэх 2022  оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 33/06-4830 дугаартай албан бичиг /хх-ийн 86 дугаар хуудас/,

 

          12.Эд мөрийн баримт болох зээрийн арьс, толгойнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 107-111 дүгээр хуудас/,

 

          13.Ц.Д ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Улаан багийн Залаа гэх нэртэй газарт байх өөрийн гэрээс үхрээ хайхаар өөрийн эзэмшлийн улаан хээр зүсмийн соёолон морийг унаад Үхрээ хайхаар Хаяагийн булаг гэх газар руу явсан. Би тэгээд явсаар байгаад Өлгий гэх нэртэй байх Жаргалсайхан гэх айлд орой 20 цагийн үед очсон. Тэгээд тэр айлдаа унтчихаад маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед босоод үхрээ хайхаар Хаяагийн булаг руу явсан. Тэгээд үхрээ хайгаад явж| байхад Хаяагийн голын заган дотор 3 тооны зээр тааралдсан. Би тэгээд мориноос буугаад хамгийн урд нь байсан зээрийг нь буудсан юм. Тэгэхэд миний буудсан зээр газар дээрээ унасан. Би тэгээд буудсан зээрээ чирч заган дотор оруулчхаад үхрээ хайгаад явсан. Би үхрээ Хаяагийн голоос 17 цагийн орчимд олоод үхрээ туугаад буцаад явсан. Үхрээ Талбай гэх нэртэй газарт үхрүүдээ хашаад нөгөө алсан гэх зээр рүүгээ явсан. Тэгээд тэр газартаа очоод тухайн зээрийг төхөөрч аваад махыг хоёр хуваагаад морин дээрээ тохоод үхэр байсан газар луугаа явсан. Талбай гэх газарт очиход амбаартай худаг байсан. Амбаар нь онгорхой байхаар нь махаа түүн дотор оруулаад уутныхаа амыг нээгээд тэр дотор тавьсан. Би тэгээд тэндээсээ Цогоо гэх айлд очиж хоносон. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өглөө үхрээ туугаад гэр рүүгээ явсан. Үхрээ хашсан газраасаа 2 км орчим явж байсан чинь мотоцикльтой хоёр хүн, араас нь машинтай хүмүүс ирж уулзсан. Дархан газарт ажилладаг Анхбаяр гэх хүн чи юу ганзагалж яваа юм. Үзье гэж хэлсэн. Би тэгээд шалгуулсан. Тэгсэн тэр хүн би утсаар ярьчхаад хүрээд ирье гээд машин руугаа явсан. Одоо сумаас цагдаа ирж байгаа тэгээд чамайг хүлээлгэж өгчхөөд явна гэж хэлсэн. Тэр газраа хүлээж байгаад цагдааг хүрээд ирэхээр нь би зээр агнасан газраа зааж өгсөн. Ямар нэгэн бичиг баримт байхгүй. Миний өөрийн эзэмшлийн галт зэвсэг байгаа юм. Би үхрээ хайгаад явахдаа гэрээсээ буугаа үүрээд явсан юм. Тухайн унаж явсан гэх улаан хээр зүсмийн адуу нь миний өөрийн эзэмшлийн адуу байгаа юм. Зөв талын гуяан дээрээ саран дэвсгэртэй, монгол “Д” үсгэн тамгатай. Зээр агнах нь хориотой ан гэдгийг нь мэднэ. Хууль бусаар ан агнасан тохиолдолд хуульд зааснаар хариуцлага хүлээлгэдэг гэдгийг мэднэ. Тухайн ан хийсэн гэх Хаяагийн гол гэх нэртэй газар нь Цогт сумын Төгрөг багт харьяалагддаг юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Д ийн агнасан хар сүүлтий зээр нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтад багтсан байна.

 

Шүүгдэгч Ц.Д ийн үйлдэл нь хар сүүлтий зээр буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүхий эдийн зүйл болох махыг нь өөрийн эзэмшлийн улаан хүрэн зүсмийн соёолон насны мориор тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүний түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүний түүхий эдийг тээвэрлэсэн...” нь “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсэг, зэвсэг, уналга зэргийг хураан авч хадгалах, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Д ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  Байгаль орчин, уур амьсгалын санд 3,400,000 (Гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн баримт /хх-ийн 139 дүгээр хуудас/, гэмт хэргийг үйлдэх үедээ уналга болгон ашигласан соёолон насны морийг 900,000 /Есөн зуун мянга/ төгрөгөөр, “ТОЗ-8” загварын галт зэвсгийг 400,000 (Дөрвөн зуун мянга) төгрөгөөр тус тус үнэлсэн “Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-921/4234 дугаартай шинжээчийн үнэлгээний тайлан дүгнэлт /хх-ийн 78-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлснийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Улсын яллагч Ц.Батзаяа “... шүүгдэгч Ц.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Д ид “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах...” зэрэг эрүүгийн хариуцлагын санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлан ойлгож байгаагаа илэрхийлж байгаа. Прокурорын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан ойлгож, үүний улмаас учирсан 3,400,000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Мөн прокурорын зүгээс тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй буюу ял шалгах хуудас авагдсан. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж хохирлын баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай. Мөн прокурортой ял тохиролцсон буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэх ялыг оногдуулж орж ирсэн. Шүүх бүрэлдэхүүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг үндэслэн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээ шүүх бүрэлдэхүүнд байгаа. Тийм учраас хуульд заасан доод хэмжээгээр тэнсэх хугацааг оногдуулж өгнө үү? ...” гэсэн саналыг гаргаж шүүх хуралдаанд оролцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж тус тус заасан байна.  

Шүүгдэгч Ц.Д ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг “... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт багтана.

Иймээс шүүгдэгч Ц.Д нь “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас амьтны аймагт учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Д ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 3 (Гурав) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “оршин суух газар, ажил ... өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэж заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Байгал орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж тус тус хуульчилсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” тогтоосон 1 дүгээр хавсралтад хар сүүлтийн үнэлгээг 1,700,000 (Нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр тогтоосон байна.

 

Иймээс 1 ширхэг хар сүүлтий үнэлгээ 1,700,000 (Нэг сая долоон зуун мянга) төгрөгийн хохирлыг 2 дахин нэмэгдүүлж, шүүгдэгч Ц.Д ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт 3,400,000 (Гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учиржээ.

 

Шүүгдэгч Ц.Д нь дээрх хохирлыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Байгал орчин, уур амьсгалын сан”-гийн 100900013040 дугаартай Төрийн сан дансанд төлж барагдуулсан баримт хэрэгт авагдсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан.

 

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Ц.Д ийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан улаан хүрэн зүсмийн соёолон насны морины үнэ болох 900,000 (Есөн зуун мянга) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Д оос гаргуулан улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн гол төмрийн дугаар ABN2496, замагны дугаар 4544 ТОЗ-8 маркийн 1 ширхэг галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн металл өнгийн хутга 1 ширхэг, зээрийн арьс 1 ширхэг, зээрийн толгой 1 ширхэг, зээрийн мах буюу хаа 2 ширхэг, гуя 2 ширхэг, сээр 1 ширхэг, хүзүү 1 ширхэг, нуруу 1 ширхэг (1 хайрцаг бүхий 16 кг 490 грамм мах)-ийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х ургийн овогтой Цын Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эд зүйлийг тээвэрлэсэн “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Ц.Д ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 3 (Гурав) сарын хугацаагаар тэнссүгэй.    

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.Д ид “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Д ид хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д нь хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 3 (Гурав) сарын хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 дэхь заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн гол төмрийн дугаар ABN2496, замагны дугаар 4544 ТОЗ-8 маркийн 1 ширхэг галт зэвсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Отгонбаярт даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийг үйлдэх үедээ уналга болгон ашигласан соёолон насны морины үнэ болох 900,000 (Есөн зуун мянга) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Д оос гаргуулан улсын орлого болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн металл өнгийн хутга 1 ширхэг, зээрийн арьс 1 ширхэг, зээрийн толгой 1 ширхэг, зээрийн мах буюу хаа 2 ширхэг, гуя 2 ширхэг, сээр 1 ширхэг, хүзүү 1 ширхэг, нуруу 1 ширхэг (1 хайрцаг бүхий 16 кг 490 грамм мах)-ийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

9.Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ц.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

12.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХБААТА