| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2022/0195/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/194 |
| Огноо | 2022-12-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Ч.Батбаатар /цахимаар/
Шүүгдэгч О.Цэрэндорж /цахимаар/
Иргэний хариуцагч Ц.Тунгалаг /цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Цэрэндоржид холбогдох 2223001280583 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.Цэрэндорж нь Завхан аймгийн Алдархаан сум, Чигэстэй баг, Загастайн давааны урд талын замд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн орчимд Тоёота Ланд круйзер-200 маркийн 82-90 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож Ц.Тунгалагийн эзэмшлийн Тоёота ланд круйзер-200 маркийн 82-90 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 92.917.000 төгрөгийн их хэмжээний хохирол, зорчигч Б.Тулгабат эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч О.Цэрэндорж нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй баг Загастайн давааны урд талын замд Тоёота Ланд круйзер-200 маркийн 82-90 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Тухайн зам тээврийн осол гарахад хамт байсан энэ талаар мэдүүлсэн хохирогч Б.Тулгабатын “...2022 оны 06 дугаар сарын 29-ний өглөө Цэрэндорж, Эрдэнэтуяа, Төрмандах бид 4 Увс аймгийн чиглэлд гарсан. Замдаа Архангай аймгийн нутагт хоноод маргааш өглөө буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед Увс аймаг руу хөдөлсөн. ...Тэгээд хөдлөхдөө Увс аймаг явж байсан гэж андуурч Завхан аймгийн нутаг руу явсан байх. Засмал замаар явж байгаад 18 цагийн үед нэг мэдэхэд л машин уначихсан яг юу болсон талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр,
Ослын талаар мэдүүлсэн хохирогч Ц.Төрмандахын “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өглөө замдаа гарсан. ...16 цагийн үед намайг удаан явлаа гээд өөрөө жолоо авсан. ...Цааш Загастай даваа өгсөж аваад нэг мэдэхэд осолд орсон...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн хохирогч Л.Эрдэнэтуяагийн “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг дөхөж байхад хөдлөөд өдөр зогсож нэг цай уугаад тэгээд машин явж л байсан. Нэг мэдэхэд машин тойрог дээр багтахгүй баруун эргээд хад мөргөхгүй гэж зүүн дараад замын хажуугаар унасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Зам тээврийн осол гарсан нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “Тоёота Ланд круйзер-200 маркийн 82-90 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Цэрэндорж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан” гэсэн магадлагаагаар болон Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Цэрэндоржийн үйлдлийн зам тээврийн ослын улмаас Б.Тулгабатын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх эмнэлгийн шинжилгээний 11395 дугаартай “Б.Тулгабатын биед тархи доргилт, баруун 10, 11-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл эрүүл мэндийн удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Дээрх зам тээврийн осын улмаас 92.917.000 төгрөгний хохирол учирсан нь “Хөрөнгө Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээгээр “Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд 92.917.000 төгрөгийн шууд, 110.782.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлангаар тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч О.Цэрэндорж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Тулгабатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, иргэний хариуцагч Ц.Тунгалагт их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч О.Цэрэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна. Энэ шүүх хуралдаанаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар түүнээс гаргуулах хохирол төлбөргүй ба цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардал болон бусад хохирлоо шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Шүүгдэгч О.Цэрэндоржоос хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч О.Цэрэндоржид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Цэрэндорж нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Түүнчлэн улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Цэрэндорж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Цэрэндоржийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч саналаа дэмжиж байна.
Шүүгдэгч О.Цэрэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Цэрэндоржийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан.
Шүүгдэгч О.Цэрэндоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэрэндоржид тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримт хураагдсан О.Цэрэндоржийн В ангиллын 18727 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Цэрэндорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.
,Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөхөлдөө овогт Онжилийн Цэрэндоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О.Цэрэндоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Цэрэндоржид дээрх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэрэндоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэрэндоржид тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч О.Цэрэндоржид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар энэ тогтоолоор шүүгдэгч О.Цэрэндоржоос гаргуулах хохирол төлбөргүй ба цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардал болон бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримт хураагдсан О.Цэрэндоржийн В ангиллын 18727 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч О.Цэрэндорж нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА