Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/958

 

                

 

 

 

 

 

 

    2022          12             20                                         2022/ШЦТ/958

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,

Улсын яллагч: П.Отгонбаатар /Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,

Өсвөр насны шүүгдэгч ***, түүний хууль ёсны төлөөлөгч ***, өсвөр насны шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

Өсвөр насны шүүгдэгч ***, түүний хууль ёсны төлөөлөгч ***, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай  явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *** овогт ***ын ***, *** овогт ***ын *** нарт холбогдох эрүүгийн 2205019412218 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 8 дугаар сарын 13-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** сургуулийн сурагч, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  

*** овогт ***ын *** /***/.

 

Монгол улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** сургуулийн сурагч, ам бүл 3, аав ээжийн хамт, *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

*** овогт ***ын *** /***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч *** нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***тай гэмт хэргийг үйлдэхээр үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байгаль эх” цогцолборын орчим хохирогч ***ийн эзэмшлийн ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэж авч 600.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд өсвөр насны шүүгдэгч *** нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***тай гэмт хэргийг үйлдэхээр үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байгаль эх” цогцолборын орчим хохирогч ***ийн эзэмшлийн ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэж авч 600.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ***ий өгсөн “...Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ***ын өгсөн “...Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205019412218 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...Нэг сандал дээр үл таних 5 залуу сууж байхаар нь би очоод “Тамхи байна уу” гэж асуухад үл таних 3 залуу нь сууж байсан сандлаасаа гэнэт босож ирээд үл таних 170 орчим см өндөртэй махлагдуу цагаан царайтай залуу нь гэнэт миний зүүн нүд хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохиод би газарт унахад босож ирсэн гэх 3 залуу намайг цохиж өшиглөж байснаа намайг анх цохисон гэх залуу миний гарт байсан гар утсыг минь аваад над руу хандаж “Чи надаас тамхи гуйдаг нь биш шүү” гэж хэлээд миний толгой хэсэг рүү өшиглөөд байж байтал нэг эмэгтэй хүн цаанаас “Хүүе та нар болиоч” гээд орилоход тухайн залуус намайг зодохоо болиод миний гар утсыг авсан гэх залуу “Одоо миний дошноос зайл” гэж хэлэхээр нь би айгаад зугтаж цагдаад хандсан. Миний алдсан гэх утас хар өнгөтэй, ай фоне 8 плас загварын тунгалаг кэйстэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...Үл таних өндөр, шар царайтай ах амандаа тамхи зуугаад, гартаа утас барьчихсан бид нарын урд алхаж ирээд “гал байна уу? Дүү нараа” гэхэд ***ий найз *** гэх хүүхэд гэнэт тэр ахыг баруун хөлөөрөө хавирч унагаагаад дээрээс нь өшиглөөд цохиод байж байхад *** босоод тухайн баруун гарт байсан гар утсыг нь булааж аваад тухайн ах руу хандаж “чи тамхи татдаг болчихсон юм уу” гэж хэлээд нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд *** гэх найзтайгаа нийлээд цохиж зодоод байж байхад цаад талд явж байсан үл таних нэг эмэгтэй хүн “Хүүе та нар болиоч хүн аллаа” гээд орилоход *** тухайн хүний гар утсыг бариад ертөнцийн зүгээр баруун тал руугаа чиглээд алхахад *** гэх хүүхэд бас тухайн хүнийг зодохоо болиод хойноос нь алхаад явахаар нь *** болон ***ий нөгөө найз бид 3 хойноос нь дагаж алхаж яваад WL баар руу буцаж орж үйлчлүүлж байгаад 06 цагийн орчим тухайн баарнаас гараад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн өгсөн “...сандал дээр суугаад, уугаад, юм ярилцаад байтал ертөнцийн зүгээр хойд талаас МҮИС талаас согтуу юм шиг алхсан, шар царайтай өндөр туранхай, утсаар яриад амандаа тамхи зуусан ах алхаад бид нарын урд ирж зогсоод бид нараас гал асуухад ***ий найз *** гэх хүүхэд тухайн ахын урд очиж зогсоод тэр ах руу хандаж “Чи гал асуудаг болсон юм уу” гэж хэлснээ гэнэт баруун хөлөөрөө хавирч унагаасан чинь *** гэнэт тухайн ах руу очоод нөгөө газарт унасан байсан ахын баруун гарт нь байсан гар утсыг булааж авснаа ***, *** хоёр үргэлжлүүлээд зодоод байж байтал цаанаас нэг үл таних эгч “Хөөе та нар болиоч, цагдаа дуудлаа шүү, хүн аллаа” гээд орилоход ***, *** хоёр тухайн ахыг зодохоо болиод бид нар WL баар руу буцаж очоод тэндээ үйлчлүүлж байгаад 06 цагийн орчим тухайн баарнаас гараад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...байран дундаас шал согтуу, өндөр туранхай, шар царайтай ах бид нар руу чиглэж ирээд гал асуухад ***ын найз *** гэх хүүхэд тухайн ахын урд очиж зогсоод тэр ах руу хандаж “Чи бид нараас гал асуудаг хэн бэ, Хаана байгаа гэдгээ мэдэж байна уу” гэж хэлснээ баруун хөлөөрөө хавирч унагаагаад дээрээс нь хавирч байснаа *** тухайн ахад хандаж “Утсаа өг” гэж орилоход нөгөө гал асуусан гэх ах “Миний утсыг авчих, харин намайг зүгээр явуулчих” гээд утсаа өгөх гэхэд ***, *** рүү хандаж “Утсыг нь авчих” гэж хэлсэн чинь *** тухайн ах руу очоод тухайн ахын баруун гартаа барьсан байсан гар утсыг аваад тухайн ахын дээрээс нэг удаа цохиод холдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 тал/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-922/4072 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56 тал/,

 

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 135-142 тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч ***ын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 143 тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч ***ий нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 144 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 тал/, *** дүүргийн *** хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91 тал/, *** дүүргийн *** сургуулийн тодорхойлолт /хх-ийн 92-102 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 тал/, өсвөр насны шүүгдэгч ***ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 120 тал/, *** сургуулийн тодорхойлолт /хх-ийн 121-132 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 тал/

Өсвөр насны шүүгдэгч ***ын хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн 154-162 тал  /

Хохирогч ***ийн прокурорт өгсөн хүсэлт /хх-ийн 163 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч *** нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***тай гэмт хэргийг үйлдэхээр үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байгаль эх” цогцолборын орчим хохирогч ***ийн эзэмшлийн ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэж авч 600.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн...”гэх дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох ***ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/, ***ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/, ***ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/, ***ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-38 тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-922/4072 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56 тал/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 135-142 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Дээрэмдэх гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлэх гэх шинж нь гэм буруутай этгээд хохирогчийг ямар нэг хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрнэ.

Хохирогчийн эсрэг энэхүү айлган сүрдүүлсэн заналхийлэх шинж тогтоогдож байхад хүч хэрэглээгүй гэх шинжээр дээрмийн гэмт хэрэг үгүйсгэгдэхгүй юм.

 

Өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч нар нь хохирогчийн биед  халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй болохыг шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 8240 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.

 

Өөрөөр хэлбэл, өсвөр насны шүүгдэгч ***, *** нар нь хохирогчийн биед халдах явцдаа түүнийг хавирч унаган улмаар дээрээс нь цохиж өшиглөн шунахайн сэдлээр хохирогчийн эзэмшлийн Айфоне-8 плас маркийн гар утсыг түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн авсан болох нь хохирогч ***ийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага /хх-ийн 6 тал/, гэрч ***, ***, ***ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

 

Өсвөр насны шүүгдэгч ***, *** нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдэх боломжтой байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, өсвөр насны шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ***т 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн хохирол учирсан байх ба өсвөр насны шүүгдэгч ***, *** нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч ***т 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгийг төлж барагдуулсан байх тул өсвөр насны шүүгдэгч ***, *** нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч ***, *** нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хор уршиг, өсвөр насны шүүгдэгч ***, *** нарын хувийн байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 5 сартай, 16 нас 9 сартай  байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлд заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын  хугацаагаар тогтоох нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй нөхцөл байдал зэргийг шүүх харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2, 3 дах хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг мөн  хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгож, үүрэг хүлээлгэсэн арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд....хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно...” гэж хуульчилсан байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон....гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно ” гэж заасан байна.

 

Улсын яллагчаас, өсвөр насны шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулах боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь  өсвөр насны шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж болох тухай  нарийвчилсан, тусгайлсан зохицуулалт тул өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

  

Өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт талууд гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрх нээлттэй бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч *** овогт ***ын ***, *** овогт ***ын *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч ***ын ***, ***ын *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлд заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын  хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2, 3 дах хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг мөн  хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгосугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт  үүрэг хүлээлгэсэн арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.  Өсвөр насны шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ