Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2021/0018/з |
Дугаар | 22 |
Огноо | 2021-11-02 |
Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАТХ-т холбогдох
“ОАТХ-ийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох”, “2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”, “ОАТХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тушаалд өөрчлөлт оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай 119/2021/0018/З тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани 2018 онд орлого 50 саяд хүрч 2019 оны 4 сард НӨАТ /Нэмүү өртгийн албан татвар/ суутган төлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ авсан. 2019, 2020 оны орлого НӨАТ суутган төлөгч байх 50.0 саяд хүрэхгүй байгаа 2019 онд 6 063 400,00 төгрөг, 2020 онд 35 334 545,46 төгрөгийн татвар ногдох орлого орсон тул 2020 оны 07, 08, 09, 10, 11, 12 саруудын тайлангаар НӨАТ 3 533 454,54 төгрөгийн татвар тайлагнасан.
2021 оны 1-р сарын орлого 5 909 090,90 төгрөгний орлогод НӨАТ-ын тайлангаар 590 909,09 төгрөгний татвар тайлагнасан. Нийт тайлагнасан татвар 4 124 363,63 төгрөг болсон. 2021 оны 03-р сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актаар 236 363,63 төгрөгийн торгууль, 6 760 төгрөгийн алданги тавигдаж нийт 4 367 487,26 төгрөгийн татвар тайлагнасан.
Монгол Улсын НӨАТ-ын тухай хуулийн 2-р бүлэг 5-р зүйл 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөг хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” гэсэн заалтын дагуу 2019, 2020 оны компанийн орлогын хэмжээ дээрх хуулинд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул манай компанийг НӨАТ суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгох ёстой байсан. Энэ талаар 2019 оны 12 сарын 25-нд 11 тоот, 2020 оны 07 сарын 08-нд 02 тоот, 2021 оны 01 сарын 26-нд 01 тоот, 2021 оны 03 сарын 15-нд 04 тоот албан бичгээр хүсэлтээ удаа дараа гаргасан боловч ОАТХ тухайн хүсэлт, өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй хамгийн сүүлийн 2021 оны 03 сарын 15-ны манай 04 тоот албан бичгийн хариу болгож өгсөн 2021 оны 04 сарын 01-нд 01/268 албан тоотдоо 2021 оны 03 сарын 17-ны өдрийн А/15 тасалбар болгон НӨАТ суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болголоо гэдгийг дурьдаагүй нь А/15 тоот тушаалыг бүр сүүлд нь нөхөж гаргасан гэж үзэж байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 12-р зүйл 12.1.2-т “Татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх” заалтын дагуу хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх, Татварын ерөнхий хуулийн 12-р зүйл 12.1.7-д “Татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх”, Татварын ерөнхий хуулийн 12-р зүйл 12.1.8-т “Татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх” гэсэн татварын төлөгчийн эрх зөрчигдсөн байна.
2021 оны 04 сарын 01-ний өдрийн 01/268 тоот албан бичгээр манай компаний 2021 оны 03 сарын 15-ны албан бичигт хариу өгөхдөө НӨАТ-ын хуулийн 6, 10 дахь заалтаар албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан этгээд нь албан татвар суутган төлөгч байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэж заасан тул нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн. Гэтэл манай компани 2019 оны 12 сарын 25-наас эхлэн НӨАТ төлөх хэмжээнд хүрэхгүй байна гэдгээ удаа дараа илэрхийлээд байгаа. Үүнийгээ НӨАТ-ын хуулийн 6.8-д “Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харъяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн заалтыг үндэслэл болгосон. Уг заалтыг хэрэгжүүлээгүй хуулийг зөрчиж манай компаний өргөдөл хүсэлтийг 2021 оны 03 сарын 17-ны А/15 тоот тушаал хүртэл шийдэхгүй байгаа ОАТХ-ийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож татварын улсын байцаагчийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү. “Б” ХХК-ийн НӨАТ суутган төлөгчөөс 2020 оны 01 сарын 25-наас хасах гэж А/15 тушаалдаа өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ОАТХ-ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:“ ...Татварын албанд Нэмэгдсэн өртгийн суутган төлөгчөөс хасагдах хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын 2020 оны А/02 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журамд заасны дагуу “Б” ХХК-ийн суутган төлөгчөөс хасагдах хүсэлтийг үндэслэн Эрсдлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид шилжүүлж, тус нэгжээс тухайн татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байх үеийн эрсдлийн түвшинг тооцон 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Эрсдэл өндөртэй” гэж татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр томилолт үүсгэн, хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжид шилжүүлэн тус нэгж татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулж 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №НА-20210000012 дугаартай нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Ийнхүү хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаартай тушаалаар Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасаж шийдвэрлэсэн үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 “Албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан этгээд нь албан татвар төлөгч байх үеийн үүргээс чөлөөгдөхгүй бөгөөд шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу харьяалах татварын албаны даргын тушаалаар суутган төлөгчөөс хасагдаагүй буюу суутган төлөгч байх үед нэхэмжлэгч компани түрээсийн гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг авсан нь уг гэрээний төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзнэ. Ийнхүү бусдад борлуулсан бараа ажил үйлчилгээний төлбөртөө нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч байгаа нь “Б” ХХК нь уг татварыг төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тул хяналт шалгалтын нэгж татварыг төлүүлэхээр акт тогтоосон болно. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу үйлдсэн нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гардан авсан бөгөөд гардан авсан тэмдэглэлд тус актыг хүлээн зөвшөөрсөн хэсэгт мөн гарын үсэг зурсан. Тус хуулийн 43 дугаар зүйлд зааснаар нөхөн ногдуулалтын актыг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №НА-20210000012 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч ОАТХ-ийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа гомдол гаргаагүй байна. Гэтэл нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах журмыг зөрчиж шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь хуулиар ногдуулсан татварыг төлөөгүй ямар нэгэн зөрчил байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 6.9-т “Албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн болон уг бүртгэлээс хасагдсан хувь хүн, хуулийн этгээдийн нэрийн жагсаалтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ” гэж татварын хэлтсийн ажил үүргийг тус хуулинд заасан байна. Энэ хуулиас харахад компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээ хүчингүй болгуулах хүсэлтээ тавих шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-т “Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно” гэж татварын хэлтсийн ажил үүргийг хуульчилж өгсөн. Гэвч манай компани НӨАТ-ын асуудлаар шүүх байгууллагад хандаж байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж хуульчилсан. Аж ахуйн нэгж хариуцсан татварын улсын байцаагч сар бүр НӨАТ, ААНОАТ зэрэг татвар төлөхийг шаардаж, мөн ямар аж ахуйн нэгж татвараас чөлөөлөгдсөнийг татварын хэлтсийн удирдлагадаа тайлагнадаг. Энэ хуулийг зөрчсөн нотлох баримт нь бол бүтэн 2 жилийн дараа НӨАТ төлөх бүртгэлээс хасч, НӨАТ-ын гэрчилгээг хүчингүй болгосон тушаал шийдвэрийг гаргасан байгаа. Энэ нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/586 дугаартай албан бичигт дурьдсан. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Эрсдэл өндөр” гэж татвар төлөгчийн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл хийхээр болсон гэсэн шийдвэр гаргасныгаа Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9-т заасныг хэрэгжүүлэх шийдвэр гарсан талаар өөрсдийнхөө албан бичгээр баталгаажуулж өгсөн. 2 дахь нотлох баримт бол Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01/07 албан тоотоор “Б” ХХК-д албан бичиг өгсөн. Түүнд татварын маргаан таслах зөвлөлийн чиг үүрэгт хамаарахгүй гэсэн хариуг ирүүлсэн.
Мөн Татварын хэлтсээс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/268 тоот албан бичгийг “Б” ХХК-д өгсөн. Манай компанийн өгсөн хамгийн сүүлийн хүсэлт нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоотоор ТХ-т хандаж, нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгөөч гэсэн 2 хуудас албан бичгийг хүргүүлсэн байгаа. Энэ албан бичгийн хариу болгож 04 дүгээр сарын 01-ний өдөр 01/268 тоот хариу хүргүүлэхдээ 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тоот тушаал гарсныг мэдэгдээгүй. Энэ үед тушаал гараагүй байсан. Хүчингүй болгоод өгөөч гэсэн албан бичиг өгөөд байхад хариу өгөхдөө 03 дугаар сарын 17-ны өдрийн тушаал гарсан талаар мэдэгдээгүй, энэ талаар бичээгүй байна гэдэг нь энэ тушаал гараагүй байна гэсэн үг. Үүгээр нотлогдож байна. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/268 тоот бичгийг авсны дараа бид нарын шүүхэд хандах хугацаа 04 дүгээр сарын 09-ний өдөр дуусч байсан.
Тэгээд шүүхэд хандсан. Шүүхийн процесс явагдаж байхад хариуцагч тал 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тоот тушаалаа шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Үүнийг манай компани мэдээгүй байж байгаа энэ тушаалыг шүүхэд хавтаст хэрэгтэй танилцаж байх хугацаандаа мэдсэн. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т “татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Энэ заалтыг зөрчсөн нотолгоо нь татварын хяналт шалгалт хийх томилолтын дугаар 2021300233 томилсон хугацаа нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэсэн албан бичиг байгаа. Надад 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ц гэдэг татварын байцаагч утсаар мэдэгдсэн. Гэхдээ 2021 оныг шалгана гэж хэлээгүй. 2019, 2020 оныхоо материал, сүүлийн дараалсан 12 сарынхаа баримтыг аваад ирнэ шүү гэхээр нь бүх материалаа авчирч өгсөн. Гэтэл 2021 оныхыг шалгасан. Түүнийг нотлох баримт нь 03 дугаар сарын 02-ны өдрийн С-ийн гаргасан тушаал, бичиг баримтаа хүлээлгэж өгсөн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Татварын алба хүлээн авсан баримт бичгийн бүртгэлийн дугаар 25971 гэсэн бүртгэлээр хүлээлгэж өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/586 тоот захиргааны хэргийн шүүхэд өгсөн албан бичгээр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эрсдэлийн үнэлгээ хийгээд эрсдэл тогтоосон.
Үнэлгээ хийснийг энэ албан бичиг дээрээ баталгаажуулсан байгаа. НӨАТ-ын хувьд 50 саяас орлого их болсон эсхүл тэнцүү гарсан үед эрсдэл гэж тооцно. Гэтэл үүнд хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтаа мөн хууль зөрчиж хийсэн. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан. Дараагийн татварын жил гэхээрээ 2022 он болчихож байгаа. Татварын жил гэдэг нь хуулиараа Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.28-т “татварын жил” гэж тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хэлнэ гээд бичсэн заалтыг зөрчсөнөө өөрсдөө нотолж 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын акт дээрээ татвар төлөгчийн хүсэлтийн дагуу гэж шалгалт хийх үндэслэлээ гаргасан. Татварын хяналт шалгалт хийхийг “Б” ХХК өөрөө хүсэлт гаргасан мэтээр бичсэн байгаа. Манай компани бол хяналт шалгалт хийгээд өгөөч гэсэн ямар ч хүсэлт өгөөгүй, яагаад гэвэл татварын жил маань дуусаагүй байгаа. Нөхөн татварын актан дээр №НА-20210000012 тоот акт тавих үндэслэлээ тайлбарлахдаа Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй гэж заасныг удирдлага болгов гэж байгаа. Энэ акт тавьсан үндэслэл нь ерөөсөө энэ байгаа. Татварын шалгалт хийж байхад шалгалтад орж буй компани татварын цахим систем рүү орж засвар хийх техникийн боломжгүй, нэвтрэхийг хориглосон хаалттай байдаг. Үүнийг нотлуулахаар хүсэлт гаргасан ба хариу нь ирсэн байна. Энэ актын үндэслэл нь дараа хяналт шалгалт хийж байх хооронд 2021 оны 01 дүгээр сарын тайланг засварласан гэж манай компанид акт гаргасан. Тэгэхээр засварлах үндэслэл байхгүй гэдгийг өөрсдийнх нь гаргаж өгсөн саяын нотлох баримтад дурьдсан байна. Татварын шалгалт хийж байх хугацаанд засаагүй гэдгээ батлах эрх нь байгаа.
НӨАТ суутган төлөгчийн тайлан гээд 2021 оны 01 дүгээр сар “Б” ХХК татвар төлөгчийн мэдээлэл гээд хүлээн авсан цаг минуттайгаа байгаа. Энэ тайланд одоо хүртэл ямар нэгэн засвар хийгээгүй байгаа. Татварын хяналт шалгалт дууссаны дараа орж засвар хийж болно. Энэ асуудал бол татварын хяналт шалгалт хийсэн актад 2021 оны 01 дүгээр сарын түрээсийн 5.909.090,90 мөнгийг орлогод, НӨАТ ногдуулаагүй гэж бичсэн байгаа. Баримтыг өгсөн. Татварын актыг хууль бус гэдгийг Маргаан таслах зөвлөлөөс хариу бичиг өгсөн. Яагаад гэхээр энэ үйл явдлыг татварын зөрчил биш болохыг нотолж ОАТХ-ийн Маргаан таслах зөвлөл 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 01/07 тоот албан бичгээр татварын маргаанд хамаарахгүй гэж хариу өгсөн байгаа. Энэ актыг шалгаж байхдаа татварын Улсын байцаагч Ц, Г нар нь хувийн зүгээс залилангийн аргаар манай компанид хандсан. 2021 оныг шалгана гэж хэлээгүй, санхүүгийнхээ бичиг баримтуудыг авч ирж өг гэж хэлэхдээ 2019, 2020 онуудад шалгалт хийнэ гэж авч ирүүлчихээд 2021 оных дээр шалгалт хийсэн нь үндэслэлгүй” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “НӨАТ төлөгчөөс хасагдах хүсэлт, НӨАТ суутган төлөгчийн бүртгэх, бүртгэлээс хасах журам гэж байдаг. Энэ журамд заасны дагуу суутган төлөгчөөс хасагдах хүсэлтээ “Б” ХХК бичгээр гаргасан. Татварын ерөнхий газрын 2020 оны А/02 дугаартай тушаалаар НӨАТ суутган төлөгчөөр бүртгэх болон бүртгэлээс хасах журам гэж баталсан. Энэхүү журмын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.2.1-т заасны дагуу хүсэлтийг эрсдэлийн удирдлагын газарт шилжүүлдэг. Хяналт шалгалтыг ямар тохиолдолд хийх ёстой юм бэ гэхээр татварын байгууллага өөрсдөө зөрчил илрүүлсэн тохиолдолд мөн татвар төлөгч, аж ахуй нэгж хүсэлтээ өгсөн тохиолдолд энэ ажиллагааг хийдэг. Дээрх журамд зааснаар НӨАТ суутган төлөгч хасагдах хүсэлтээ илэрхийлэх юм бол эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн нэгж нь энэхүү журамд заасны дагуу эрсдэлийн түвшинг тодорхойлдог. Эрсдэлийн түвшинг тооцоод эрсдэл өндөртэй татвар төлөгчийг хяналт шалгалт хийлгэхээр хяналт, шалгалтын нэгжид шилжүүлдэг. Манай тохиолдолд “Б” ХХК хүсэлтээ өгөөд эрсдэлийн удирдлагын нэгжээс “эрсдэл өндөртэй” гээд тогтоогдоод хяналт шалгалтын дүнгийн тушаал цахимжсан учраас автоматаар системд томилолт үүсэж орж ирсэн. Энэхүү томилолт үүсээд 03 дугаар сарын 01-ний өдөр эрсдэл өндөртэй гэж тогтоогдсон. 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд хяналт шалгалт хийгдэхээр автоматаар томилолт үүсэн, хяналт шалгалтын холбогдох материалыг авч шалгаад 03 дугаар сарын 09-ний өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байдаг. НӨАТ суутган төлөгчийн бүртгэлээс хасах журмын дагуу хийгдсэн учраас хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тайлбартаа хяналт шалгалт хийх шаардлагагүй байхад манайд хяналт шалгалт хийсэн гэж байна. Журамд заасны дагуу хэрвээ суутган төлөгчөөс хасагдах гэж байгаа бол Эрсдэлийн удирдлагын газар НӨАТ төлөгчөөс хасагдаж байгаа бүх ААН, иргэдийн эрсдэлийн түвшинг тодорхойлж зөвхөн эрсдэл өндөртэй тохиолдолд хяналт шалгалтыг хийдэг.
Энэхүү журамд зааснаар Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар манайх хяналт шалгалт хийж байх явцад татварын тайландаа ямар нэгэн засвар оруулахгүй гэж заасан. Хуульд зааснаар засвар оруулах боломжгүй. 2020 оныхоо татварын тайланд 2021 ондоо залруулга хийх боломжтой байдаг. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар хяналт шалгалт хийгдэж байгаа тохиолдолд буюу хяналт шалгалтын томилолт үүссэнээр тухайн тайланд залруулга хийх боломжтой болдог. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нөхөн ногдуулалтын акт гарсны дараа нэхэмжлэгч тал тус актыг хүлээж аваад зөвшөөрч, 03 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зураад авсан байгаа. Ингээд авсныхаа дараа буюу 03 дугаар сарын 15-ны өдөр ОАТХ-т хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Татварын маргаан таслах зөвлөл шийдвэрлэх журамтай тул энэ талаар мэдэгдэж хариуг хүргүүлсэн. Харин Татварын маргаан таслах зөвлөлд “Б” ХХК нь НӨАТ төлөгчийн бүртгэлээс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хасч өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хяналт шалгалтын нэгжээс тухайн актыг гардуулж, зөвшөөрч гарын үсэг зурсан учраас шууд татварын албаны захиргааны тасагт шилжүүлж өгсөн. Ингээд захиргааны тасаг 7 хоногийн дотор буюу хуульд заасан хугацаандаа А/15 дугаартай тушаал гаргаж НӨАТ төлөгчөөс хасч шийдвэрлэсэн байдаг. Энэхүү тушаалдаа 02 дугаар сарын 28-ны өдөр буюу 02 дугаар сарыг дуустал хугацаагаар хяналт шалгалт хийсэн учраас 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн буюу 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгож НӨАТ төлөгчийн бүртгэлээс хассан. 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн хүсэлт нь энэ нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг ТХ-т өгсөн. Тийм учраас манайх 04 дүгээр сарын 01-ний өдөр “нөхөн ногдуулалтын актыг хэрвээ хүчингүй болгуулах, зөвшөөрөхгүй байгаа бол Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу акттай холбоотой гомдлыг Татварын хэлтсийн дэргэхэд Маргаан таслах зөвлөлд гомдол гаргана” гэсэн хариуг өгсөн байгаа. Ингээд Маргаан таслах зөвлөлд хандахгүйгээр шүүхэд хандсан. Тухайн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл өмнө гаргасаныг тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна гэж үзээд хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Тухайн шүүхийн шийдвэрийг гардаж аваад нэхэмжлэгч компани ОАТХ-ийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 06 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч компанийн өгсөн хүсэлтэд тухайн актыг ийм үндэслэлээр зөвшөөрөхгүй байна гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Зөвхөн НӨАТ төлөгчөөс хасах хугацааны талаар дурьдсан ба татварын маргаан таслах зөвлөлөөс “Маргаан таслах зөвлөлийн хариуцан шийдвэрлэх гомдол биш байна” гэсэн хариуг 2021 оны 01/07 дугаартай албан бичгээр өгсөн. Мөн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгч компани маань өмнө нь 15 дугаартай шүүхийн шийдвэрт заасныг биелүүлэхгүйгээр, өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлэхгүй, зөрчлөө арилгахгүй дахин нэхэмжлэл гаргасан учраас акттай холбоотой маргаан буюу актын үнэн зөв тайлбарласан эсэх актыг үнэн зөв тавьсан эсэх, нөхөн татвар ногдуулж байгаа нь зөв юм уу, буруу юм уу гэдэг маргааныг Маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлүүлээгүй учраас шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч талаас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр №04 дугаартай албан бичгээр манайд хандахдаа “нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байдаг. Нөхөн ногдуулалтын актыг ТХ биш Татварын маргаан таслах зөвлөл шийдвэрлэнэ гэсэн хариуг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/268 тоотоор өгсөн байгаа. Түүнээс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тушаалаар хаслаа гэдэг хариуг өгөөгүй. Тушаалаар хасагдахаар Тасгийн даргад тухайн аж ахуй нэгжийн хасагдсан талаар танилцуулж, бүртгэлээс хасаад зохих журмын дагуу арга хэмжээ авахыг тушаал дээрээ үүрэг болгоод явдаг.
Ийм үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. “Б” ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн бүртгэлээс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хасах гэж А/15 тушаалдаа өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах гэсэн шаардлагад хариу тайлбар хэлэхэд НӨАТ суутган төлөгчөөс хасагдах журмын дагуу эрсдэлээ тооцоод хяналт шалгалтаа хийгээд үүнээс хойш буюу тухайн эрсдэл тооцоод хяналт шалгалт хийх өдрийг хүртэл хасах боломжгүй. Та эрсдэл өндөртэй гэж гарч НӨАТ төлөгчөөс хасагдах гэж байгаа учраас тухайн томилолт дуусах өдрийг хүртлэх хугацаагаар шалгадаг. Яагаад гэвэл тухайн өдрийг хүртэл НӨАТ төлөгч хэвээрээ байгаа учраас НӨАТ төлөгч байх хугацааны үеийн тайланг шалгана. Ингэж шалгаад 03 дугаар сарын 01-ний өдрөөс буюу түүнээс хойш НӨАТ төлөгчөөс хасагдаж байгаа гэдгийг тушаалдаа дурьдаж өгсөн байгаа. Тийм учраас “2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хасах” гэж тушаалдаа өөрчлөлт оруулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК ОАТХ-т холбогдуулан “ОАТХ-ийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох”, “2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Нөхөн ногдуулалтын №НА-20210000012 тоот актыг хүчингүй болгуулах”, “ОАТХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тушаалд “Б ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хасах гэсэн өөрчлөлт оруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан.
Нэг: “ОАТХ-ийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь: “...манай компанийн өргөдөл, хүсэлтийг 2021 оны 03 сарын 17-ны өдрийн А/15 тоот тушаал хүртэл шийдэхгүй байгаа ОАТХ-ийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох”-оор шүүхээс шаардсан.
Нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 25, 2020 оны 07 дугаар сарын 08, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “...Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасч өгнө үү...” гэх хүсэлт[1] тус тус гаргасныг ОАТХ хүлээн авч, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тушаалын 4 дүгээр хавсралтын “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-ын Зургаагийн 6.1, 6.2, 6.2.1, 6.2.2, 6.2.6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулж, “Эрсдэл өндөртэй” татвар төлөгч гэж үзэн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс хасах тухай” А/15 тоот тушаалаар 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн[2] байна.
Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д “Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь ОАТХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тоот тушаалыг эс зөвшөөрвөл Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/02 тоот тушаалын 4 дүгээр хавсралтын “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-ын Долоогийн 7.1-д “Хувь хүн, хуулийн этгээд нь албан татвар суутган төлөгчөөр бүртгэх, бүртгэлээс хасах үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо тухайн татварын албаны дээд шатны татварын албаны даргад гаргана” гэж заасны дагуу гомдлоо гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “...Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасч өгнө үү...” гэх хүсэлтүүдийг[3] ОАТХ шийдвэрлэсэн[4], нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: “2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
ОАТХ-ийн татварын Улсын байцаагч нар “Б” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдах хүсэлтээр хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар 590.909.09 төгрөгийн нөхөн татвар, 236.363.63 төгрөгийн торгууль, 6.760 төгрөгийн алданги, нийт 834.032.72 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ[5].
Татвар төлөгч нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрвөл Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй байдаг.
Нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлээгүй, мөн уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот шийдвэрээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн[6] байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №08 тоот албан бичгээр ОАТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд “...ОАТХ-ийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тоот тушаалыг хугацааны хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Иймд манай компанийг 2020 оны 07 дугаар сарын 08-наар НӨАТ суутган төлөгчийн бүртгэлээс хасах... шийдвэрлэж өгнө үү”[7] гэсэн хүсэлт гаргасаныг ОАТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хүлээн аваад 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр №01/07 тоот албан бичгээр “...маргаан таслах зөвлөлийн чиг үүрэгт хамааралгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх хариуг,
-мөн, нэхэмжлэгч “Б” ХХК-иас ОАТХ-т маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулахаар хандсаныг[8] хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №01/268 тоот албан бичгээр “...маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдье”[9] гэх хариуг тус тус хүргүүлсэн байна.
Үүнээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий №НА-20210000012 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-д холбогдуулан Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно” дэх хэсэгт зааснаар харьяалах Татварын маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт /Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой/ зааснаар тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Нөхөн ногдуулалтын №НА-20210000012 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. “ОАТХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тушаалд “Б ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хасах гэсэн өөрчлөлт оруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн тухайд:
ОАТХ-ээс “Б” ХХК-ийн “...Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасч өгнө үү...” гэх хүсэлтүүд гаргасаныг шийдвэрлэсэн[10] болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх бөгөөд энэ нь захиргааны байгууллагын хууль бус “Эс үйлдэхүй”, татгалзсан шийдвэр” /акт/ гэсэн 2 хэлбэртэй байдаг.
Иймд хүн, хуулийн этгээд нь захиргааны хууль бус “татгалзал” болох эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэл, эсхүл татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийг гаргах боломжтой.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь ОАТХ-ийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 тоот албан бичгээр[11] “...ОАТХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Иймд манай компанийг 2020 оны 07 дугаар сарын 08-аар НӨАТ суутган төлөгчийн бүртгэлээс хасахыг Татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөл шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
Уг хүсэлтийг Татварын маргаан таслах зөвлөл хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01/07 тоотоор[12] /...маргаан таслах зөвлөлийн чиг үүрэгт хамааралгүй болохыг үүгээр мэдэгдье/ хариу хүргүүлсэн бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл... ажиллана” гэж заасантай нийцэж байгаа, тус татварын маргаан таслах зөвлөл /хариу/-ийг буруутгах үндэслэлгүй бөгөөд ОАТХ нь маргаан бүхий А/15 тоот тушаалаар “Б” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн тул эс үйлдэхүй болон татгалзсан шийдвэр гаргасан гэж үзэхгүй.
Мөн “Б” ХХК нь маргаан бүхий А/15 тоот тушаалд[13] өөрчлөлт оруулахаар Татварын маргаан таслах зөвлөлд хандсан нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс А/15 тоот тушаал өөрчлөлт оруулах өргөдөл, хүсэлтээ ОАТХ-ийн дээд шатны байгууллага, мөн өөрт нь хандан шийдвэрлүүлж болохоор байсан.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “ОАТХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тушаалд “Б” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хасах гэсэн өөрчлөлт оруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар “Б” ХХК-ийн “2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №НА-20210000012 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8, Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ОАТХ-т холбогдуулан гаргасан “ОАТХ-ийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох”, “ОАТХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/15 тушаалд өөрчлөлт оруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
[1] ХХ-ийн 29-31 дүгээр тал
[2] ХХ-ийн 123 дугаар тал
[3] ХХ-ийн 29-31 дүгээр тал
[4] ХХ-ийн 123 дугаар тал
[5] ХХ-ийн 8-17 дугаар тал
[6] ХХ-ийн 6, 18-21, 32-35 дугаар тал
[7] ХХ-ийн 115 дугаар тал
[8] ХХ-ийн 31-33 дугаар тал
[9] ХХ-ийн 34 дүгээр тал
[10] ХХ-ийн 123 дугаар тал
[11] ХХ-ийн 35 дугаар тал
[12] ХХ-ийн 6 дугаар тал
[13] ХХ-ийн 123 дугаар тал