Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0704

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д

Хариуцагч НЗД

Хариуцагч НГЗБА

Нэхэмжлэлийн шаардлага: НГЗБА-ны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Д-т холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, НГЗБА-ны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/**** тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг НГЗБА-нд даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0586 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г

Хэргийн индекс: 128/2024/0276/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Д нь НЗД, НГЗБА-нд тус тус холбогдуулж “НГЗБА-ны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Д-т холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, НГЗБА-ны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/**** тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг НГЗБА-нд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0586 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэлийн эхний шаардлага бол НГЗБА-ны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр хурлын шийдвэрийн Д.Д-т холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох явдал юм. Тодруулбал, маргаан бүхий гол зүйл бол дээрх зөвлөлөөс иргэн Д.Д-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа газрын хэмжээг хасах эрх хэмжээ байсан эсэх, мөн ийнхүү шийдвэрлэхдээ ямар хуульд үндэслэсэн нь тодорхойгүй байсан тул тухайн шийдвэрийг илт хууль бус гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тухайн этгээдэд иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүй үндэслэл байгаагүй буюу хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хууль, заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан тохиолдлыг ойлгоно.. гэж Улсын дээд шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2020/0*** дугаартай тогтоолд тайлбарласан байдаг. Харин шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.5-д “...хууль тогтоогч тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээг хуульчлаагүй, хууль тогтоомжид тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй байхад шийдвэр гаргасан бол захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамруулан авч үзнэ” гэж тайлбарлаад, шийдвэрийн 3.12-д “...Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НГЗБА-ны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлөөс иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хянан үзэж, шийдвэрлэх чиг үүргийн дагуу нэхэмжлэгч Д.Д-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг судлан үзэж, барилгажсан талбайн хэмжээгээр газар эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх илт хууль бус актад хамаарахгүй” гэж дурдсан.

Гэвч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хянан үзэж шийдвэрлэх чиг үүрэгтэй этгээдийн нэр дотор НГЗБА-ны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн нэр байдаггүй. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 3.5-д тайлбарласнаар бол хууль тогтоомжид тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ тус этгээдэд олгоогүй нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлд хамаарахаар байгаа юм. Эндээс шүүх хуулийг буруу тайлбарласан гэдэг нь тодорхой харагдана.

Хоёр. Шийдвэрийн 3.13 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайд:

Шүүхийн шийдвэрийн энэхүү хэсэгт нэхэмжлэгч тал Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хугацаанд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ өгөөгүй учраас эзэмших эрх дуусгавар болсон нэгэнт дуусгавар болсон газрын эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд бууруулж сунгахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэсэн нь тус шийдвэрийн 3.5-д “...хууль тогтоомжид тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй байхад шийдвэр гаргасан бол захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамруулан авч үзнэ” гэж тайлбарласантай зөрчилдөнө. Өөрөөр хэлбэл, нэгэнт хуулиар эрх хэмжээ олгоогүй асуудлыг шийдвэрлэсэн бол тэр шийдвэрийг захиргааны акт илт хууль бус байх үндэслэлд хамааруулна гэж үзнэ, харин газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэхэд тухайн этгээдэд хуулиар эрх хэмжээ олгосон байхыг шаардахгүй; гаргасан шийдвэрийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй гэх байдлаар хуулийг илт буруу тайлбарлажээ.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэнд эрх хэмжээ олгогдсон эсэхээс үл хамаараад тухайн этгээдэд иргэний газар эзэмших эрхийн хугацааг “сунгах эсхүл сунгахгүй” байх л эрх олгогдсоноос бус “хэмжээг бууруулж сунгана” гэсэн эрхийн сонголт олгоогүй байна. Харин захиргаа газрын хэмжээг өөрчлөх тохиолдолд Газрын тухай хуулийн холбогдох өөр зохицуулалтыг хэрэглэх байжээ.

Гурав. Шийдвэрийн 3.17 болон 3.18-д заасан үндэслэлийн тухайд:

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуульд орсон өөрчлөлтөөр газрын ...эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрхийг Нийслэлийн газрын албанд олгосон тул НГЗБА-ны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр хурлаас гарсан шийдвэрийг илт хууль бус гэж үзэхгүй гэсэн нь буруу дүгнэлт болсон. Учир нь дээрх 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр шийдвэр НГЗБА-ас бус тухайн албаны дэргэдэх Газар эзэмших ашиглах эрхийг шийдвэрлэх зөвлөлөөс гарсан бөгөөд ийнхүү шийдвэр гарахад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуульд орсон өөрчлөлтөөр өмнөх зохицуулалт үйлчилж байсан.

Мөн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр шийдвэрээр маргаан бүхий газрын эзэмших эрхийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдэхдээ хуулийн хугацаанд өргөдлөө гаргасан эсэхийг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй байдаг бөгөөд харин НГЗБАнаас нэхэмжлэгч талд хариу өгсөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01-08/**** тоот албан бичигт “газар эзэмших эрхийн хугацаа дууссан байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломж” гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Учир нь НГЗБАн дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр шийдвэрээр Д.Д-ийн газар ашиглах эрхийн хугацаа ямартай ч сунгаж шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү сунгасан хэр нь дараа нь газар эзэмших эрхийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хариу өгснийг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

Дөрөв. Шийдвэрийн 5.1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухайд:

Энэ хэсгийн 5.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэрэг шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг анхан шатны шүүх нь тайлбарлаж хэрэглэхэд маргаж буй НГЗБА-ны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр хурлын бичлэгийг нэмэлт нотлох баримтаар цуглуулах шаардлагагүй гэж үзсэн” гэж тайлбарласан.

Гэвч бидний зүгээс илт хууль бус болгохыг тогтоолгохоор маргаж буй шийдвэр болох НГЗБА-ны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр хурлын тогтоолд иргэн Д.Д-т холбогдох газар эзэмших эрхийг сунгахдаа газрын нийт талбайн хэмжээг хасах болсон шалтгаан нөхцөлийг хууль зүйн агуулгаар үндэслэлтэй тайлбарласан, хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх уг нөхцөл байдлыг үнэлэхгүйгээр тухайн захиргааны актыг илт хууль бус гэж үзэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь тухайн шийдвэр нь бичмэл хэлбэрээр гарахдаа огт хууль үндэслээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус байх үндэслэлийг хангаж байгаа бөгөөд хариуцагч талаас дээрх маргааны бүхий шийдвэрийг гаргахдаа хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зөвлөлийн хурлаар ярилцаж гаргасан гэж мэтгэдэг. Гэвч шүүх тухайн нөхцөл байдлыг тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох хурлын тэмдэглэл /бичмэл болон дуу дүрсний/-ийг нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх нотлох зарчмын хүрээнд авах шаардлагагүй гэж дүгнэж нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй.

Тав. Шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан тухайд:

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох 2006.12.04-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр баталгаажсан барилгын суурийн хэмжээг буюу иргэн Д.Д-ийн өөрийн хөрөнгөөр цутгасан 140 м.кв барилгын суурийг устгаж, газрын хэмжээг яагаад 24 м.кв болгов гэдэг дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Тухайн маргаан бүхий шийдвэрийн улмаас иргэний өмчлөх эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байгаа. Учир нь Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын алба өөрсдөө дээрх гэрээгээр газрын болон барилгын суурийн хэмжээг 140 м.кв гэж баталгаажуулсан, мөн энэхүү баталгаат хэмжээг тогтоосон актыг хэн ч хүчингүй, болгоогүй байхад 140 м.кв-аар цутгасан барилгын суурийг 24 м.кв болгож шийдвэрлэж байгаа өмнө гаргасан шийдвэрээ өөрсдөө үгүйсгэж байгаа хэлбэр бөгөөд ийнхүү хүний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг шалгаж, үнэлэхгүйгээр шүүх шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэдэгт эргэлзээ төрж байна. Ийнхүү шүүх нотлохыг баримтыг буруу үнэлсэн, хэрэглэсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0351 дугаартай “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай” шийдвэрийг хүчингүй болгож, зохих шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Д-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Өнөрбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...маргаан бүхий гол зүйл бол дээрх зөвлөлөөс иргэн Д.Д-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа газрын хэмжээг хасах эрх хэмжээ байсан эсэх, мөн ийнхүү шийдвэрлэхдээ ямар хуульд үндэслэсэн нь тодорхойгүй байсан тул тухайн шийдвэр нь илт хууль бус” хэмээн маргасан.

          3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар[1] Хан-Уул дүүргийн * дугаар хороонд, 140 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, худалдаа үйлчилгээний зориулалтаар Д.Д-т эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн 00***** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[2] олгож, 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[3] байгуулжээ.

          4. НГЗБА-ны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Д-т холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

          4.1 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана”, 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тус тус заасан.

          4.2 Нэхэмжлэгч Д.Д нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр[4] газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр хурлын тэмдэглэлээр[5] иргэн Д.Д-ийн газрын хэмжээг барилгын сууриар болгож талбайн хэмжээг хасахаар шийдвэрлэсэн.

          5. Анхан шатны шүүхийн “...нэгэнт дуусгавар болсон иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд 24 м.кв хэмжээгээр бууруулж сунгахаар шийдвэрлэснийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

          6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Д-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөр дуусгавар болж байхад 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр уг хүсэлт гаргасан нь дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргахаар хуульчлан тогтоосон байхад уг хүсэлтээ хуульд заасан хугацаанд цахимаар гаргаагүй байх тул ...нэхэмжлэгчийн 2013 оноос хойш АНУ-д ажиллаж амьдарч байсан, газрын эзэмших хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгуулж чадаагүйгэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          7. НГЗБА-ны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/**** тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг НГЗБА-нд даалгах шаардлагын тухайд:

          7.1 НГЗБА-ны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01-08/**** дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[6] “...газрын эзэмших эрхийн хугацааг сунгах тухай ирүүлсэн хүсэлтийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ** дүгээр хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 заалтад заасны дагуу таны эзэмшиж байгаа газраас нийтийн эзэмшлийн тоглоомын талбайг хасаж, цаашид барилгын суурь талбай болох 24 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахаар “Зөвшөөрсөн” дүгнэлт гарсан болно” гэж,

          7.2 НГЗБА-ны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01-08/**** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[7] “Иргэн таны газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай хүсэлтийг судалж тус албаны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01-08/**** дугаартай албан бичгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 заалтад заасны дагуу эзэмших байгаа газраас нийтийн эзэмшлийн тоглоомын талбайг хасаж, цаашид барилгын суурь талбай болох 24 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар албан бичиг хүргүүлсэн байна. Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авдаг бөгөөд таны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэж тус тус хариу хүргүүлжээ.

           8. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

          9. Нэхэмжлэгч Д.Д-ийн газраас нийтийн эзэмшлийн талбайг хасаж үлдэх 24 м.кв газарт газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн ба дээрх хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эгүүлэн авах саналыг Засгийн газарт гаргаж болно гэж хуульчилсан ба нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон байх тул маргаан бүхий албан бичиг хуульд нийцсэн байна.

          10. Түүнчлэн нэхэмжлэгчийн байрлаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эргэн тойрон хүүхдийн тоглоомын тайлбай, мод тарьсан байдалтайгаар тохижуулсан байгаа болох нь хэрэгт авагдсан фото зургаар тогтоогдож байх тул ийнхүү нийтийн эзэмшилд зориулан эзэмшил газрын хэмжээг багасгасныг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.  

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ө-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                        ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

 

 

[1] 1 хавтаст хэргийн 27-28 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 18 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 19-20 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 15-16 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 116-118 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 108 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 107 хуудас