Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0600/Э |
Дугаар | 2022/ШЦТ/582 |
Огноо | 2022-08-22 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч А.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б** овгийн А.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2210000000855 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б** овгийн А.У нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл** хамт ** дүүргийн **дугаар хороо, **тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй (РД:УЦ********).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Яллагдагч А.У нь Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** хотхоны ** дугаар байрны ** тоот хохирогч С.Х-ийн гэрт 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр очиж хоноод 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрт нь ил байсан Самсунг Эс-21 ультра загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэг болохын өмнөх өдөр би хохирогчийнд очиж хоносон. Утсыг нь яагаад авах болсон бэ гэхээр би найзынхаа машиныг осолд оруулаад, өөр машин лизингээр авч өгсөн. Түүний хүүг сар болгон төлдөг. Сүүлийн 03 сар төлбөрийн төлж чадаагүй учраас манай найзын машин тэр өглөө ачаад аваад явсан. Би Х-д огт хэлэлгүйгээр утсыг нь авч, 900.000 төгрөгөөр ломбардад тавьж, найзынхаа машиныг авч өгсөн. Тэр үед би зээл хөөцөлдөж байсан. Зээл маань бүтээд Х-гийн утсыг ломбардаас авч, буцаагаад өгсөн боловч би Цагдаагийн байгууллагад гомдол гаргачихсан гэж хэлсэн. Би үнэн учраа хэлж, уучлалт гуйсан. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000000855 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10:30:56 цагт ирсэн “У** гэх залуу гэрээс гар утас аваад явсан байна” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал), Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
2. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эд зүйл буюу “Самсунг галакси эс 21 ультра” маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эд зүйл буюу “Самсунг галакси эс 21 ультра” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
3. Хохирогч С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:
“...Би 2022.06.15-ны өдөр /sscrawn9/ гэх инстаграмм хаягтай У гэх залуутай танилцсан. Танилцаад энэ хугацаанд чаатлаж байсан бөгөөд 2022.06.27-ны өдөр би тухайн залуутай чаатлахад “би ажлаа тараад очвол унтчихсан байх уу? 12 гээд ажлаасаа тарна” гэхээр нь би “тийм ээ, унтчихсан байна” гэхэд “тэгвэл 10 өнгөрөөд очвол болох уу?” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдрийнхөө 23:10 цагийн үед манай гэрт ирсэн. Манай гэрт бид хоёр юм ярьж байсан бөгөөд 00:00 цаг өнгөрөөд би унтлагын өрөөндөө орж унтаад тухайн У зочны өрөөнд унтсан. Өглөө нь буюу 2022.06.28-ны өдөр 08:00 цагийн орчимд сэрүүлэг дугарахад би сэрүүлгээ унтраагаад 00-ын өрөө орсон. Тухайн үед том өрөө рүүгээ харахад өмсөж ирсэн гутал нь харагдсан бөгөөд би 00 руу орж бие засчхаад 10 орчим минутын дараа гараад ирэхэд байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь тоогоогүй буцаж унтаад 09:30 цагийн орчимд сэрээд зочны өрөө рүү ороод гэрт байдаг Самсунг С21 ультра утсаа хайгаад олохгүй байсан тул залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд дахиад залгаад үзтэл холбогдох боломжгүй болчихсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...2022.06.27-ны өдөр 00:00 цагийн орчимд л хэрэглэсэн байх, унтлагын өрөөний орны хажууд вайрэлэс чаржер дээр тавиад унтсан. Цэнэг нь 50 орчим хувь байсан. ...Утасны дугаар нь байхгүй, хаана ямар ажил хийдгийг нь мэдэхгүй байна. Дан инстаграммаар харьцаж байсан, надад хэлэхдээ гэр нь дарь эхэд байдаг гэсэн. 2 жилийн өмнө Турк-д 2 жил байж байгаад ирсэн гэсэн. ...Би 2021 онд 4.000.000-р авч байсан. Миний өөрийн үнэлгээ 4.000.000? байна. Утасны ард талын шилний баруун доод булан хагархай. ИМЭЙ код нь 355495960620394. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
-Хохирогч С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн:
“...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар тодор.хой ярьсан учраас надад нэмж хэлэх зүйл байхгүй. ...Би У өөрийн “Самсунг Эс-21 Ултра” загварын гар утас авч явахыг огт зөвшөөрөөгүй. ...Надад огт мэдэгдэлгүй миний гар утсыг авсан. ... Надад огт хэлээгүй, Манай гэрээс намайг ариун цэврийн өрөөнд байхад нууцаар гараад явсан байсан. ...А.У нь миний гар утсыг хулгайлж авч явсны дараа би Цагдаагийн байгууллагад хандсан. Түүний дараа А.У нь миний инстаграмм хаягийг блок хийсэн байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1600 цагийн үед блокоо гаргаад миний инстаграмм хаяг руу “Чи намайг цагдаад өгчихсөн юм уу. Одоо өргөдлөө буцаагаад авчих би чиний утсыг эргүүлж өгье” гэж хэлэхээр нь “Би чамтай ярих юм байхгүй. Одоо цагдаагийн байгууллага шийдвэрлэнэ гэж хэлсэн. ...Миний гар утсанд ******** дугаарын утас ашиглагдаж байсан. ...Би утсаа бүрэн бүтэн хүлээж авсан учраас надад ямар нэг гомдол санал байхгүй. ...Би болсон бүх зүйлийг өөрийн мэдүүлгээр өгсөн тул цаашид дахиж мэдүүлэг өгөх мөн хавтаст хэргийн материалтай танилцахгүй ба шүүх хуралд оролцохгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
4. Шүүгдэгч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр өгсөн:
“...Би 2022 оны 06 дугаар сарын 17-йы Х гэх эмэгтэйтэй ‘‘Инстаграмм” апплакешнээр танилцаж байсан. Түүний дараагаар улам дотносож инстраграмаар чаатлаад хэсэг хугацаа өнгөрсөн. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х-гийн инстаграмм хаяг руу чат бичиж байгаад танай гэрт очиж болох уу хэсэг хугацаанд юм ярьж сууя гэж хэлэхэд Х зөвшөөрсөн. Х-гийн гэр нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хаяг өгсний дагуу очиход ганцаараа бага зэрэг халамцуу сууж байсан. Би Х-гийн гэрт орохоос өмнө нэг шил вино авсан байсныг бид 2 хувааж уугаад амарсан Маргааш өглөө нь буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 08°° цагт босоход Х ариун цэврийн өрөөнд орчихсон байхаар нь орны хажуу талд байсан Хгийн Самсунг загварын гар утсыг аваад шууд гэрээс нь гарсан. Х-гийн утсыг аваад Баянзүрх дүүргийн Сансарт байрлах ломбард орсон. Ломбард орохоос өмнө утсыг формат хийж бүх зүйлийг нь устгаад тухайн утсанд байсан симийг гаргаж хаяад 900.0000 төгрөгт тавьсан. ...Би ямар нэг зөвшөөрөл аваагүй. Харин 1500 цагт инстаграмм хаягаар “Би утсыг чинь зөвшөөрөлгүй аваад явчихлаа. Надад зээлийн асуудал байсан болохоор яаралтай шийдэх хэрэгтэй байсан юм уучлаарай" гэж хэлэхэд Х нь “Би чамайг аль хэдийн Цагдаагийн байгууллагад өгсөн” гэж хэлсэн. ...Надад яаралтай зээл төлөх асуудал байсан учраас зөвшөөрөлгүй аваад ломбардад 900,000 төгрөгт тавьсан. ... Би зээлээ төлөх зорилгоор Т-гийн данс руу шилжүүлсэн. Би уг мөнгийг шилжүүлэхдээ танихгүй хүнийг гуйж байгаад дансыг нь ашиглаж шилжүүлсэн юм. ...Би утсыг нь буцааж өгөх зорилготой байсан. Миний зээл тулчихсан байсан болохоор яаралтай ашиглаад эргүүлж өгөх гэж байсан юм. Эргүүлж өгөхөөс өмнө Х нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би одоо хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Надад үнэхээр хулгай хийе гэсэн бодол байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
-Шүүгдэгч А.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би Хан-уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаагийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2210000000855 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би урд өгсөн сэжигтний мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. ...Миний хувийн зүгээс өр нэхэгдээд байсан учраас С.Х гэх эмэгтэй гар утсыг өөрт нь хэлэлгүй авч гараад ломбардад тавьж мөнгийг нь хэрэглэчхээд буцаагаад ломбардаас буцаагаад авсан. ...Би уг гар утсыг Баянзүрх дүүрэгт байрлах “Crown” нэртэй ломбардад 900,000 төгрөгт тавьчхаад тухайн өдрөө буцаагаад авчихсан. Ингээд Цагдаагийн байгууллагад уг гар утсыг хураалгасан. ...Би ямар нэг зөвшөөрөл аваагүй. ...Би эхэндээ С.Х-д мэдэгдэлгүйгээр гар утсыг нь аваад явсан нь миний буруу. Гэхдээ би санаатай ийм үйлдэл хийгээгүй утсыг нь буцааж өгөх гэсэн боловч Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
6.1 Гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:
“...Би У-ын төрсөн ээж нь байгаа юм. ...Миний хүү У нь 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод миний анхны хүүхэд болон мэндэлсэн. Миний хүү У нь ** цэцэрлэг, Нийслэлийн ** дугаар бүрэн дунд сургуулийг тус тус суралцаж төгссөн. Сургуульд суралцаж байх хугацаандаа хичээл номдоо маш сайн сурдаг, эцэг эхийнхээ маш сайн хүү байсан. 2015 онд Нийслэлийн ** дугаар сургуулийг төгсөөд их сургуульд оролгүйгээр эцэг А-ын хамт гутал хийж борлуулдаг ажил хөдөлмөр хийсэн. Ингээд 2016 онд би Турк улс руу яваад нэг жил орчим ажиллаж байгаад хүү У-ыг өөрөө дээрээ аваад бид 2 хамт Турк улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад 2019 онд Монгол улсад ирсэн. Турк улсаас ирээд одоог болтол Баянзүрх дүүргийн ** хороололд байрлах ** нэртэй сүлжээ дэлгүүрт ажиллаж байгаа юм. ...Миний А.У нь надтай хамт амьдардаг бөгөөд тухайн өдөр гэртээ хоноогүй гэж санаж байна. ....Миний хүү эцэг эхийн үгэнд их сайн ордог, хүмүүжилтэй сайн хүүхэд байгаа юм. ... Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Миний хувьд ийм асуудал гаргаж Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаад их гайхаж байна.. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
6.2 Шүүгдэгч А.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (хавтаст хэргийн 46 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 56-58 дахь тал), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-62 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.У-д холбогдох гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.У нь хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б** овгийн А.У-г Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б** овгийн А.У-г Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, 3 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх,албадлагын арга хэмжээ авсан хэсгийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж. онгодуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн 2210000000855 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.У цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Х нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА