Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/941

 

       

 

 

 

 

 

 

2022             12          14                                     2022/ШЦТ/941

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2205033222541 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Пицца хат” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хотхоны 615 дугаар байрны 24 тоотод оршин суух, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчин 10 дугаар гудамжны 75 тоотод оршин суух бүртгэлтэй, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сар хорих ял шийтгүүлсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Боржигон овогт Гансүхийн Ган-Эрдэнэ /Регистрийн дугаар: УД92090219/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн 2 давхрын 202 тоот өрөөнд тавьсан байсан хохирогч Д.Туяагийн эзэмшлийн 1,350,000 төгрөгийн үнэ бүхий iPhone 11 pro загварын, мөн хохирогч Л.Эрдэнэчулууны эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий iPhone 8 plus загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч нарт нийт 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би хохирлоо төлж барагдуулсан. Тухайн сургууль руу дулаацах гэж орсон. Би ажил хийж байгаа юм. Эхнэр бид хоёр хүүхэдгүй, эхнэр маань хүүхэд төрүүлэх боломжгүй тул ажил хийж байгаад эхнэрээ Солонгос улс руу эмчилгээнд явуулах гэж байгаа. Дахиж ийм зүйл хийхгүй, гэмшиж байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08-11 дүгээр хуудас/,

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-45 дугаар хуудас/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-46-47 дугаар хуудас/,

Хохирогч Д.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Барилгын политехникийн коллежийн 2 давхарт байрлах ерөнхий нягтлангийн өрөө рүү орох гээд өрөөнөөсөө гарч явчихаад 2-3 минутын дараа ирэхэд миний ширээн дээр цэнэглэж байсан манай ажлын Эрдэнэчулууны гар утас болон ширээн дээр байсан миний iPhone 11 pro маркийн гар утас байхгүй байсан. Тэгээд хяналтын камер шалгахад үл таних залуу манай өрөөнөөс гар утсыг авч байгаа болох нь бичигдсэн байсан. Манай байгууллагын камерт бичигдсэн залууг би хараад танина, тэр залуу махлагдуу, дундаж өндөртэй залуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-17-18 дугаар хуудас/,

Хохирогч Л.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний гар утас цэнэггүй болоод 202 тоот өрөө болох нярвуудын өрөө орж нярав болох Туяа эгчид 15 цаг 40 минут хавьцаа өгч цэнэглүүлж үлдээгээд 206 тоот өрөөнд орох байсан боловч багш нар тараад явсан байсан. Тэгээд 211 тоот өрөө рүү очсон. Тэнд багш нарын зөвлөгөөний хурал болж байсан. Би тэнд удалгүй 5-10 минут болоод тараад гараад Нарансүх ахлах нягтлангийн өрөө рүү орсон чинь Нарансүх ахлах Туяа та хоёрын гар утас алга болсон юм уу гэхээр нь нээрээ алга болсон юм байна гэж бодоод Туяа эгчийн өрөө рүү ортол өрөө нь хоосон байсан. Тэгээд би хяналтын камер шүүхээр доошоо 1 давхар луу буугаад камер дээр очтол Туяа эгч манай техникийн ажилтантай камер шүүж байсан. Тэгээд хамт камер шүүлцээд Туяа эгчийн өрөө рүү үл таних эрэгтэй хүн ороод гарсан бичлэгийг хараад энэ хүн авсан байна гэж бодсон. Камерын бичлэг дээр тэр эрэгтэй төв хаалгаар орж ирээд шууд баруун урд талын шат руу гарах чиглэлд алхаад үүдний аркан доор хэсэг зогсож байснаа 2 давхар руу гараад эхлээд 209 тоот өрөөний хаалганы орчим хэсэг саатаж байсан. Тэгээд Туяа эгч өрөөнөөсөө гараад явахад хойноос нь 2 багш өнгөрөөд явангуут тэр залуу 202 тоотын нярвуудын өрөө рүү орж байсан. Тэгээд өрөөнөөс гарахдаа халаасандаа яг юм хийж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-25-27 дугаар хуудас/,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...iPhone 8 plus 128 gb, хуучин, 1 ширхэг 550,000 төгрөг, iPhone 11 pro 256 gb, хуучин, 1 ширхэг 1,350,000 төгрөг” гэсэн тайлан /хх-38-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехникийн коллежийн 2 давхарт 202 тоот өрөөнд байсан 11 pro загварын гар утас, iPhone 8 plus загварын хоёр ширхэг гар утсыг хулгайлан авсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, хохирлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-55-56 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-74 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-75 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-76 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн 2 давхрын 202 тоот өрөөнөөс хохирогч Д.Туяагийн эзэмшлийн 1,350,000 төгрөгийн үнэ бүхий iPhone 11 pro загварын, мөн хохирогч Л.Эрдэнэчулууны эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий iPhone 8 plus загварын, нийт хоёр ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсны улмаас хохирогч нарт 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Д.Туяа, Л.Эрдэнэчулуун нарын мэдүүлэг, “Кости-эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь хохирогч нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар хохирогч нарт 300,000 төгрөгөөс буюу бага хэмжээнээс дээш 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн ердийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгосон Г.Ган-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Туяад 1,350,000 төгрөгийн, хохирогч Л.Эрдэнэчулуунд 550,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад iPhone 8 plus загварын 550,000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг шүүгдэгч Г.Ган-Эрдэнээс хураан авч хохирогч Л.Эрдэнэчулуунд биет байдлаар нь буцаан өгсөн /хх-46/, хохирогч Д.Туяад гар утасны үнэ болох 1,350,000 төгрөгийг нөхөн төлсөн /хх-47/ байна.

Хохирогч Д.Туяа, Л.Эрдэнэчулуун нар “хохирол барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй” талаар тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд оршин суугаа дүүргийнхээ нутаг дэвсгэрээс 6 /зургаа/ сарын хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг оршин суугаа газар болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 6 /зургаа/ сарын хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ган-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА