Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/583

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

хохирогч Ч.Б,

шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т** овгийн Т.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000854 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т** овгийн Т.У нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт засварчин ажилтай, ам бүл*** хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:УХ********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч Т.У нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ***төвийн үүдэнд эр, эмийн хардалтын улмаас эхнэр Б.Б-тай хамт ажилладаг Ч.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун хөмсөгний язарсан шарх, баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Т.У нь шүүх хуралдаанд мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210000000854 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13:29:39 цагт “Хүнд зодуулчихлаа” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 10 дахь тал), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн **дүгээр хороо ***тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

3. Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 06 дугаар сарны 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 12 дахь тал), 1 ширхэг диск-ийг эд зүйл/бичиг баримт, гомдол, мэдээлэл бусад баримт-ийг хүлээн авсан 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-23 дахь тал),

5. Гэрэл зурагт үзлэг хийсэн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

6. Бичмэл нотлох баримт болох Facebook болон Teams гэх аpp-ийн нийт 19 хуудас хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн хуулбарууд (хавтаст хэргийн 26-46 дахь тал),

7. Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

“...Би 2022 оны 06-р сарын 24-ний өдөр ** манай **** ХХК байгууллагын үзэсгэлэн худалдаа болсон юм. Тэгээд 08 цагийн үед манай ажлын газрын Б гэх эмэгтэй хүний ********* дугаарын утаснаас над руу залгахаар нь авсан чинь танихгүй эрэгтэй хүн намайг ална, зодно гэх мэтээр айлган сүрдүүлээд байсан тул би тэнэг юм уу, мэдрэл муутай юм уу гэж хэлээд тасалсан. Тэгээд Б-н дугаараас 7 8 удаа залгаад бас ******** дугаараас хэд хэд залгасан байсан. Би тасалчхаад *** 1 давхарт үзэсгэлэн худалдааныхаа танилцуулгыг хариуцаад ажиллаж байхад өдөр 13 цагийн үед миний зүс мэдэх У гэх нэртэй Б-н салсан найз залуу над дээр ирээд “Хоёулаа гараад уулзъя” гэж хэлсэн. Би юм бодоогүй дагаад ** урд хаалгаар гараад дараа нь төв хаалганаас 200 метр зайтай харанхуй буланд намайг хүнгүй газар дагуулж очоод “Чи Магнайтай ямар харилцаатай юу нь юм” гэж асуухад нь бид хоёр ажлын сайн найзууд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь надад “Та хоёрын найз гэж юу байдаг юм” гэж хэлээд эхлээд баруун гараараа байх, шууд цээж рүү цохиод өвдгөөрөө миний төмсөг рүү цохиход нь би өвдөлтдөө тонгойсон чинь нүүр лүү маань 2 3 удаа өвдөглөсөн. Тэгээд би хүн аллаа шүү дээ гээд ёолоод шууд доошоо унасан чинь цээж рүү цохих шиг болсон. Тухайн үеийн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн учир би нарийн сайн хэдэн удаа яаж цохисныг хэлж мэдэхгүй байна, миний амнаас хүртэл цус гарсан. Камерын бичлэгт бичигдсэн байх. Ямартай ч миний нүүрний зүүн талаар их өвдөж байна, Миний нүүр лүү цохисон байх гэж бодож байна. Тэгээд би У гэх залууд энэ газар камертай шүү, ярилцаад учраа олчхож болдоггүй юм уу, чи намайг аллаа? гэж хэлсэн чинь миний пудволканаас зуураад “М та хоёрыг нүүрэлдүүлнэ ээ” гээд өөр тийшээ чирэх шиг болсон чинь тэнд Б зогсчихсон бид хоёрт “Чи ярилцаад учраа олно гээгүй юм уу” гэж хэлж байх үед У гэх залуу нь миний шанаа руу цохиод нүүр лүү мөргөхөд нь миний хөмсөг задраад цус урссан. Тэгсэн чинь У утсаар нэг хүн рүү залгаад машинаа аваад хүрээд ир гэж хэлээд Б тэр хоёр хоорондоо маргалдаад Б уйлаад суусан ба тухайн маргалдаж байх үед нь би өөрийн on 7 маркийн хар өнгийн гар утсаар хүн рүү залгах гэсэн чинь миний утсыг газар луу аваад шидсэн. Тэгээд би дахиад утсаа аваад ажлынхаа А гэдэг нэртэй эгчийн ******** дугаар луу залгаад сонсог гэж бодоод гартаа бариад байж байсан чинь А эгч гарч ирээд У гэх залууг болиулах гэж оролдсон. Тэр үед Приус 20 маркийн машин ирээд нэг эрэгтэй хүн бууж ирснээ бас намайг зодох гэж оролдоод тэр хоёр намайг машиндаа суулгах гэж оролдоход нь би суухгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн. У гэх залуу Бг янхан, гичий гэх мэтээр доромжилж байгаад над дээр хүрч ирээд бид хоёр салчихлаа гээд миний толгойг хана руу саваад бас цохиход нь би “Та нарыг цагдаад хэлнэ, хүнийг бас ингэж болохгүй" гэсэн чинь тэр машинтай ирсэн залуу “Хэрвээ цагдаад хэлэх юм бол надад шоронгоор явж байсан найз байгаа шүү дэмий шүү чамайг бараг алчих байх” гэж сүрдүүлээд дахиж миний шанаа руу цохичхоод машинтайгаа гурвуулаа яваад өгсөн. Хэрвээ ажлын маань А эгч гарч ирээгүй бол У бас тэрний найз хоёр намайг машиндаа авч яваад алчих л байсан. Анхнаасаа алах санаатай ирсэн байх. Мөн тэр У гэх залуу нь Бг байна хардаж дарамталдаг, бас гэрээсээ шөнө орой хөөж байсан гэсэн. Миний хувьд эрүүл мэнд, сэтгэл санаагаар маш их хохирсон, би ажлын бүтээмж, нэр хүндээрээ ч хохирсон, би маш их гомдолтой байна. ...Б бид хоёр нэг газарт ажилладаг сайн найзууд юм. Өөрөө надад  гэрлэлтээ батлуулж амжаагүй боловч нөхөр хүүхэдтэй гэр ярьж байсан. Бид хоёр яг нэг дор ажилладаг байсан тул Б надад өөрийн найз залуу буюу нөхөр болох Утай холбоотой гэр бүлийн таарамжгүй байдал, хардалт, дарамт зэргийг надтай нээлттэй ярилцаж байсан. Хэрэг учрах болох үед өмнө нь Б-н хэлснээр бол тэр хоёр салсан байсан. ...Би У гэх хүнийг Б-н найз залуу гэдэг утгаар зүс танина. Өөр ямар нэгэн байдлаар харилцаа холбоо байхгүй. Тэр хүн бид хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа юм уу маргаан байгаагүй. Миний зүгээс Б-д сайн найз, ажлын хамтрагчийн зүгээс зөвлөгөө өгч ярилцдаг байсан. ...Би 2022 оны 06 сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхээр очоод эмчийн заавраар томографт цээж толгойгоо мөн рентгенд үзүүлсэн. Би нарийн ширийн гэмтлийг сайн хэлж мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарж ирэх байх. Ямартай ч миний хөмсөгт оёдол тавьсан, мөн эмчийн хэлснээр хавирга чинь хугарсан, зүрхэнд чинь цус хурсан байх шиг байна гэсэн. Надад гаргаж өгөх баримтууд байгаа, бүгдийг нь нэг дэх өдөр авч ирж өгнө өө. ...Би зодуулж байсан учир хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч намайг камергүй газар луу чирэх үед Б тэнд уйлаад л байгаад байсан мөн сүүлд утсаараа залгахад манай ажлын А эгч ирж зодохыг нь болиулсан. Хэрвээ тэг эгч маань ирээгүй бол өдийд ямар ч байх байсан юм. Угаасаа тэр У гэх залуу шийдчихсэн байсан байх. Би цагдаад хэлнэ шүү гэхэд өөдөөс хэл хэл, би нэгэнт өнгөрсөн хүн гэж яриад байсан. ...Би гар утсандаа үзлэг хийлгэхгүй. ...Би өөрийн эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаагаараа маш их хохирсон. Би байгууллагын нүүр царай, менежер хийдэг ажилтай хүн. Би хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би 3 хоног ажиллах ёстой байсан ажлаа ч хийж чадаагүй, удахгүй байгууллагын үндсэн ажилтан болох гэж байсан. Миний ажил, цалин, чадвар чадамж бүгд алдагдаад байна. Энэ бүх хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Гомдолтой байна. Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал),

8. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

            “..Б бид хоёр нь илэн далангүй ярилцдаг ажлын найзууд байсан юм. Нөхөр У бид хоёр дундаа нэг охинтой, гэхдээ гэр бүлийн уур амьсгал их тааруу байдаг учир би 2022 оны 05 сарын сүүлээс 06 сарын 10-ны өдөр хүртэл байх, аав ээжийндээ 14 хоногийн хугацаанд амьдарч байсан. Нөхрөөсөө хөндийрсөн тэр хугацаанд Баас надтай илүү дотносох гэсэн хандлага миний Байгалмаа Б гэх хаягтай фейсбүүк чаатанд ирдэг байсан. /Б-ын фейсбүүк хаяг-Batuk Chinbat/. Тухайн үед би нөхрөөсөө хөндийрсөн байсан учир Б-тай өмнөхөөсөө илүү дотно байдлаар чааталж байсан ч гэхдээ ер нь Б нь надад “залуу хүнд угаасаа ийм асуудал гардаг, ер нь нөхрөөсөө сална гэсэн шийдвэртээ хэвээрээ л байсан дээр дээ” гэх мэт чаат, зөвлөгөө их өгдөг байсан. Манай нөхөр У нь хэдий муудалцсан ч гэсэн надтай эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг байсан. Тэгээд би нөхөр Утай эвлэрч тэр талаараа ажлынхаа менежер эгчдээ хэлээд их баяртай байсан боловч Б нь мэдээд надад дургүйцэж хөндийрөх хандлага гаргасан. Би нөхөр Утаа өөрийнхөө утасны кодыг өгсөн байсан бөгөөд тухайн үед би Б-тай чааталсан чаатаа устгаагүй байсан. Манай нөхөр Б бид хоёрын чатыг хараад их сэтгэлээр унаж надаас учир байдлыг асуухад би тайлбарлаж хэлсэн ба манай нөхөр маргааш Б-тай уулзаж ярилцаж үзнэ гэж хэлсэн. Тэгээд л маргааш нь ийм зүйл болчихлоо. Уул нь манай нөхөр хүн зодож цохиж явдаг хүн биш. ...Би тэр хоёрыг уулзаж эхлэх үед бол байгаагүй. Манай нөхөр Б-ыг дуудах гээд ** руу орчихсон, би өөр газар хүлээгээд сууж байсан юм аа. Манай нөхөр эхлээд Баас чи манай эхнэртэй ямар харилцаатай юм бэ, найзуудаас илүү дотно харилцаатай юм уу гэсэн чинь Б тийм гэж хариулаад цээжээ өгсөн гэсэн. /пэндэлзсэн гэж хэлж болох байх гэв/ Тэгээд манай нөхөр намайг дуудахаар нь би харсан чинь тэр хоёр барьцалдаад авчихсан Б-ын баруун талын хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Би салгаж чадахгүй гэж бодсон учир тэр хоёр луу дөхөж очоогүй, тэр хоёр барилцалдахаа болиод чанга дуугаар маргалдаад байсан. Тэгээд ажлын менежер Амарбаясгалан гарч ирээд удалгүй нөхрийн найз Баярсайхан гэх залуу бид хоёрыг хүүхэд дээр маань аваачих гээд ирчихсэн, тухайн үед бид 5 ярилцсан. Манай нөхөр Б-т чи цагдаагийн байгууллагад хандаж болно, би энэ үйлдлийнхээ хариуцлагыг хүлээнэ, гэхдээ чи өнөөдөр манай гэр бүлийг үймүүлж амьдралыг маань сүйрүүллээ гэж хэлээд бас цохисондоо уучлалт гуйсан. Тэгээд нөхөр, Баярсайхан бид гурав охиныг маань авах гээд Улаанхуаран руу явсан. ...Манай нөхөр бид хоёрын чатыг уншаад скрийншот хийгээд устгасан учир байхгүй. Гэхдээ манай нөхрийн гар утсанд скрийншот хийсэн зургууд байгаа. Тэрийг гаргаж өгье. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),

            9. Шүүгдэгч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Манай эхнэр Б анхны ажилдаа ороод 3 сар болоод сая ажилтныг жинхлэх хуралдаа орсон юм. Эхнэр маань ажилдаа орсноосоо хойш 1 сарын дараа өөр салбар луу шилжиж ажилласнаасаа хойш зан ааш нь өөрчлөгдөөд хөндийрөөд байгаа юм шиг санагдсан. Тэгээд надад хар төрөөд эрэгтэй хүнтэй болсон юм болов уу гэж бодоод хүүхэдтэйгээ цуг ажил дээр нь очоод Б гэх залуутай эхнэрийнхээ ар гэр, өмөг түшиг гэдэг утгаар танилцсан. /Угаасаа манай эхнэрийн ажилдаг салбарт манай эхнэр болон Б хоёр ажилладаг гэв/ Тэгээд 2022 оны 06 сард байх орой 10 өнгөрч байхад эхнэрийн фейсбүүк чаатанд харьсан уу гэсэн чат Баас ирэхээр нь би хариу бичнэ гэтэл эхнэр надаар бичүүлэхгүй байсан тул би уурлаад энэ яагаад ийм орой чам руу чат бичиж байгаа юм бэ, ямар хариу ирэх гээд байгаа болоод бичүүлэхгүй байгаа юм гэж уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд эхнэр надад хоёулаа таарахгүй байх шиг байна, хэсэг тусдаа байж үзье гээд аав ээжийнх руугаа очсоноос нь хойш хэд хоногийн дараа би эхнэрээсээ эргэж эвлэрэх талаар ярилцаж гуйгаад ер нь бол эвлэрсэн боловч хөндий, түлхсэн байдал нь хивэндээ байсан. Тэгээд би 2022 оны 06 сарын 23-ны орой эхнэрээ унтаж байхад нь утсыг нь аваад шалгаж үзсэн чинь Б тэр хоёрын чат байхгүй байсан боловч Айфон утасны Recently deleted хэсгээс устгагдсан скрийншотуудыг олоод орж үзсэн чинь Б манай эхнэр хоёрын хоорондын дотно харилцсан чаатнууд байсан. Ажлынх нь Teams гээд application руу орсон чинь бас тэр хоёрын бие биеэ халамжилсан, уулзъя гэх мэт утгатай мессежнүүд байсныг би скрийншот хийж авсан юм. Тэгээд би эхнэрээ тэр шөнө сэрээгээд маргалдаад маргааш нь бид хоёр явж Б-тай уулзахаар очсон. Очихоосоо өмнө би тэр өдрийн өглөө нь эхнэрийнхээ утаснаас Б луу яриад манай эхнэртэй ямар холбоотой талаар асуухад хэн бэ чи хуц гэх мэт бүдүүлэг үг хэлээд тасалсан. Тэр өдөртөө **руу эхнэртэйгээ цуг очоод эхнэрийгээ гадаа нь хүлээлгээд би Б-ын ажил руу очиж түүнд хоёулаа гараад уулзъя гэж хэлээд бид хоёр гарч **ийн ертөнцийн зүгээр чанх хойно нь байдаг хар барилгын машины зогсоол руу ордог хаалтын тэнд уулзаад би “Чи манай эхнэртэй ямар холбоотой юм, хүүхэд өнчрүүлэх гэж байгаагаа мэдэж байна уу?” гэсэн чинь Б нь “зүгээр сайхан ажлын найзууд” гэхээр нь би чааталсан скрийншотуудыг нь үзүүлээд “ийм сайхан найзууд гэж юу байсан юм, энэнээс илүү дотно юм биш үү" гэсэн чинь “тийм ээ илүү дотно” гээд өөдөөс пэндэлзээд дөхөж ирээд байсан, тэгэхээр нь дургүй хүрээд тэсэхгүй нүүр лүү нь цохиод авсан хэдэн удаа цохисноо санахгүй байна, бас элэг рүү нь өвдөглөсөн. Тэгээд тонгойхоор нь гэр орондоо согтуу байхдаа дууддаг юм уу чи гээд нөгөө чатуудыг нь харуулаад ийм дотно найз гэж байдаг юм уу гэсэн чинь зугтаах гээд байхаар нь татаж чангааж араас нь гүйгээд **гийн машин ордог хаалтын тэнд очихоор нь чирээд эхнэрийнхээ хүлээж байсан машины зогсоолын булан руу Б-ын өмднөөс нь татаад чирч явж байх зуур бас толгой руу нь мөргөсөн, тэрнээс болж хөмсөг нь сэтэрсэн байх. Тэгээд эхнэрийнхээ урд Б-ыг чирч очоод тэр хоёроос харилцааных нь талаар асуусан чинь тэр хоёр хоёулаа юу ч ярихгүй байсан. Тэгээд би тайвшраад одоо би чамайг цохихгүй яах ч үгүй гээд ярилцаад нөгөө анх уулзсан хэсэгтээ буцаж очоод байж байтал менежер гээд нэг эмэгтэй нь ирээд дараа нь манай найз Баярсайхан эхнэр бид хоёрын хүүхэд дээр аваачих гээд хүрч ирсэн байсан. Удалгүй Б “та хоёрыг салсан гэж бодоод би эхнэртэй чинь илүү дотно харилцаж эхэлсэн, ажлынхан бүгдээрээ мэдчихсэн байсан, уучлаарай” гэхээр нь би “Чи гэр бүл салгаж манай 3 нас хүрээгүй охиныг өнчрүүлэх шахлаа” гэсэн чинь “Намайг уучлаарай, би ч гэсэн хүүхдэд хайртай” гээд байсан. Менежер эмэгтэй нь болохоор энэ хүмүүсийн ажлыг яах юм бэ гээд хажуугаас баахан ажил яриад байхаар нь би та орж бай, энэ гэр бүлтэй холбоотой асуудал гэж хэлсэн. Тэгээд удалгүй эхнэр манай найз бид 3 Улаанхуаран руу хүүхэдтэйгээ явсан. Манай найз Баярсайханы хувьд Б-ын биед гар хүрсэн асуудал байхгүй. ...Би эхнэрээ хардсаны улмаас Б-ын биед халдсан. ... Би бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа ба хохирогчид төлбөрөө төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. ...Би гэм буруу дээрээ маргаан байхгүй. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-85 дахь тал),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9082 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгний гадна дээд ирмэгээр 2 см урт ирмэг харьцангуй тэгшдүү шархтай, баруун дээд зовхи овойж хавдсан, духны баруун дээд хэсэгт үсний заагаар 2x2 см бүдэг ягаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

Дүгнэлт:

1. Ч.Б-ын биед тархи доргилт, зүүн 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун хөмсөгний язарсан шарх, баруун дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна /шинжээч эмч Н.Энхцолмон/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

            11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 92 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 93 дахь тал) гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түмэд овгийн Түвшинжаргалын У-г Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Түмэд овгийн Түвшинжаргалын У-г Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ут торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн 2210000000854 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.У баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Ч.Б-т төлөх төлбөргүй болохыг дурдсугай тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ч.Б энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                         Т.АЛТАНТУЯА