Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/584

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогч Д.Э, А.Г,

шүүгдэгч З.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт З.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210013100827 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овогт З.Т нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **хотхоны **байрны ** тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй (РД:УХ********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Яллагдагч З.Т 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр **хотхоны ** байрны ** тоот гэртээ хадам ээж Д.Э-тай гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь 2 нүдний салстад цус харвалт, зүүн эгэмд зулгаралт, хүзүү, баруун гарын 5-р хуруунд цус хуралт, дагзны хуйх, эрүү, баруун гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн **дугаар хороо, **хотхон, ** байрны гадаа хадам аав А.Г-ыг “архи уусан байна” гэх шалтгаанаар гараараа цохиж цох, зүүн чихэнд шарх, баруун тохой, 2 өвдөг, 2 шилбэ, баруун шуунд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, нийт хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч З.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210013100827 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Нэг. Д.Э-ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд.

1.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20:2:55 цагт “хүргэн Т намайг зодоод байна” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 7 дахь тал),

1.2 Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд би төрсөн охин Э-тай гэр бүлийн маргаан болон Э-ны нөхөр Т-ийн талаар маргалдсан. Чиний нөхөр чинь нөхөр хүүхдээ харахгүй ажил хийхгүй байна гэсэн утгатай яриад утсаар маргалдаад орой 19 цаг өнгөрөөд би ажлаа тараад охины амьдарч байгаа Хан-Уул дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **хотхоны **байрны ** тоот гэрт нь очсон чинь миний нөхөр Г зээг маань харж байхаар нь би, чи яагаад ааваар нь хүүхдийг нь харуулахгүй байгаа юм бэ? хүүхдийн аав нь гадуур зугаалаад чи хүүхдийг нь хараад байж байх юм гэж хэлээд байж байсан чинь хүргэн Т гаднаас орж ирэхээр нь чи яагаад хүүхдээ харахгүй байгаа юм бэ? чи ажил хийхгүй зөндөө олон жил болж байна амьдралд нэмэр байхгүй гээд хэлээд маргалдаж байсан чинь нөхөр Г гэрээс нь гараад явсан. Ингээд Т бид 2 зээ хүү Энхдэлхий 1 нас 8 сартай хүүхэдтэй нь үлдээд чи гэр бүлээс гадуурх харилцаатай гэж хэлсэн чинь миний өмсөж байсан хувцаснаас заамдаж аваад хоолойг маань боогоод хана мөргүүлж хаалганы булан мөргүүлээд хоолой боохоор нь би өөдөөс нь эсэргүүцэж байгаад арай гэж гарыг нь тавиулсан чинь миний нүүр лүү гараараа цохисон би яаж байгаа юм гээд маргалдаж байхдаа би өөрийнхөө гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн чинь хүргэн гараад явсан би зээ хүүгийн хамтаар гэртээ байж байсан чинь миний охин Э гаднаас орж ирсэн. Тэгтэл цагдаа нар ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авчирч мэдүүлэг авч шүүх эмнэлэгт үзүүлээрэй гээд шинжээч томилж өгсөн. ...Хэрэглээгүй эрүүл байсан. Хүргэн архи уудаггүй. ...Хүргэн маань гэр бүлдээ анхаарал халамжгүй үр хүүхдээ хайхардаггүй. Ажил хийдэггүй. Юм л болохоор нөхрийг маань дуудаж хүүхдээ харуулдаг. Охин маань ганцаараа ажил хийгээд амьдралаа авч явж байгаа дээр нь чи гэр бүлээс гадуурх харилцаатай хүн гэж хэлсэн чинь маргаан үүссэн. ...Гэр бүлийн баталгаатай эсэхийг би мэдэхгүй байна. ...Би ямар нэгэн гар утсаараа зураг авхуулсан зүйл байхгүй. Хэрэг болсон үедээ би Гарьд гэдэг байцаагчид өөрийнхөө байгаа байдлыг харуулсан бусдаар ямар нэгэн зураг авсан зүйл байхгүй. ...Нөхөр маань гараад явсан. Т бид 2 зээ хүүгийн хамтаар байж байгаад цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь Т гараад явсны дараа охин Э гаднаас орж ирсэн. ...Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй. Эм тариа худалдаж авсан баримт байхгүй. Би эм тариа аваагүй. ...Хуульд заасан арга хэмжээг авч өгөөч гэж хүсэж байна. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

1.3 Гэрч Э.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:

            “...2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн ээж Э надтай утсаар гэр бүлийн маргаанаас маргалдсан. Би ээжийгээ сэтгэцийн эмнэлэгт очиж үзүүлээ гэж хэлсэн ээж маань уурлаад орой 19 цагийн орчимд нөхөр бид 2-ын амьдардаг. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** хотхоны ** байрны ** тоотод ээж чинь ирчихлээ гэж нөхөр Т над руу залгаад ээж чинь ирээд орилоод байна гэж хэлэхээр нь би ажлаасаа гараад 5 минутын дотор яваад орсон . Миний ажил манай байрны 2 давхарт байрладаг учраас гэр лүүгээ яваад орсон чинь нөхөр хүүхэд тэвэрсэн байдалтай хүүхдийн амнаас нь цус гарсан байдалтай нөхөр хүүхдээ тэвэрсэн байдалтай ээжийгээ аваач ээ гэж хэлж байсан. Ингээд ээж бид 2 гэрт үлдээд байж байх байхад 1 цагийн дараа цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд ээжийг маань цагдаагийн хэлтэс дээр авчирсан. ...Гэр бүлийн маргаанаас болсон. Ээж бид 2 утсаар маргалдсан чинь ээж маань гэрт ирсэн. ...Ямар нэгэн эд зүйл харагдаагүй. Би тэр өдөр гар утсаараа бичлэг хийсэн байгаа. ...Би нөхрөөсөө асуусан чинь ээж чинь гаднаас орж ирээд аавтай хэрүүл маргаан хийгээд байсан. Би хүүхдээ аваад гарах гэж байсан чинь намаг хэл амаар доромжилсон. Ингээд би уурлаад гарах гэж ээжтэй чинь зууралдаж ноцолдсон гэж надаа хэлсэн. Аргаа бараад чам руу залгасан чи яасан удаан орж ирдэг юм гэж надаа хэлсэн. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. ...Ээж маань сахрын хяналтад байдаг. Бусдаар өөр ямар нэгэн эмнэлэг хяналтад байдаггүй. Би ээжийгээ бол одоо сэтгэцийн өөрчлөлтэй байгаа байх гэж боддог. ...Тухайн болсон үйл явдлыг би өөрөө нүдээрээ хараагүй. Харин маргаан эхэлж байхад аав маань байсан. Хүүхдийн амнаас цус гарсан асуудлыг бол мэдэхгүй байна. Би нөхрөөсөө асуусан чинь би хүүхдээ тэвэрч байсан чинь ээж чинь миний тархи толгой руу цохиод байсан. Тэгж байхад хүүхэд маань өртсөн гэж надаа хэлсэн. Бусдаар ямар нэгэн санаа зорилгоор хүүхдийг маань зодож цохисон зүйл байхгүй байх гэж бодож байна. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

            1.4 Шүүгдэгч З.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би ажлаа тараад гэр лүүгээ орох гээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** хотхоны ** байрны ** тоот гэр лүүгээ орох гэж байсан чинь манай байрны ах гадаа тамхи татаад зогсож байхаар нь би бас хамт тамхи татаад гэр лүүгээ орсон. Би цахилгаан шатанд суугаад 4 давхар луу буусан чинь хүүхэд маань уйлаад чанга дуу чимээ гарахаар нь хаалга онгойлгосон чинь хадам аав Г хадам ээж Э нар хоорондоо маргалдаад хэрэлдэж байсан. Би гэртээ ороод хүүхдээ аваад тэврээд зогсож байсан чинь хадам аав гэрээс хувцсаа өмсөөд гараад явсан. Би хүүхдээ аваад гарах гэсэн чинь хадам ээж намайг гаргахгүй хөгийн арчаагүй чи миний охины толгойг эргүүлсэн гэх мэтээр хэл амаар доромжлоод миний өмсөж Зайсан хувцаснаас бариад намайг зодоод байсан. Тэгээд би гарах гэхэд намайг гаргахгүй гээд зууралдаад байж байсан чинь эхнэр Э гаднаас орж ирээд хадам ээж бид 2-ыг салгаад намайг хүүгээ аваад гар гэж хэлэхээр нь би хүүгээ аваад гараад явсан. ... Би Э-ыг цохиж зодоогүй надтай зууралдаад байсан. ...Би хүүхдээ тэврээд зогсож байхад намайг явуулахгүй гээд зууралдаад байсан. Миний өмсөж байсан хувцаснаас зулгаагаад байсан. Би биед нь гэмтэл учруулаагүй. ...Намайг гаднаас ороход Э нөхөртэйгөө маргалдаад хэрэлдээд байсан. Хэн учруулсныг нь мэдэхгүй байна. ...Намайг Э-ын охинтой сууснаас хойш намайг хэл амаар доромжлоод арчаагүй чи миний охинтой нийлсэн суусан гэх мэтээр маргаан үүсээд байдаг. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал),

1.5 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7300 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Нүүр цэлхэгэр, хоёр нүдний доод салстад цэгчилсэн цус харвалттай, шилэн хүзүүнд 6х4 см, хүзүүний урд дунд хэсэгт 5x1 см, баруун дунд хэсэгт 2х2 см, баруун гарын алганы ар талд 5-р хурууны харалдаа Зх2 см улаан хүрэн өнгийн цус хуралттай, зүүн эгэмд 9x1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, эрүү зүүн талдаа 6х4 см талбайд овойж хавдсан, баруун гарын 5-р хуруу хавантай, эмзэглэл ихтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан, дагзны хуйх 6х5см талбайд овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэл ихтэй.

Дүгнэлт:

1. Д.Э-ын биед хоёр нүдний салстад цус харвалт, зүүн эгэмд зулгаралт, хүзүү, баруун гарын 5-р хуруунд цус хуралт, дагзны хуйх, эрүү, баруун гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй /шинжээч эмч С.Эрдэнэцэцэг/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

1.6 Аюулын зэргийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Бага” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

1.7 Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 324 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол (хавтаст хэргийн 82-83 дахь тал),

Хоёр. А.Г-ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд.

2.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20:2:55 цагт “хүргэн Т намайг зодсон” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 84 дэх тал),

2.2 Хохирогч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...Би 2022 оны 07 сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд найз Х-ын хамт 1 шил /0,5 литр/ архи хувааж ууж хууч хөөрч байхад охин маань яриад намайг хүргээд өгье гэсэн. Тэгээд би охиных руугаа одоо очиж байна шүү гээд Хан-Уул дүүргийн ** хотхон ** байр луу очиход охин маань нөхөртөө намайг тосоод ав гэж хэлсэн юм байна лээ нөхөр нь гараад ирсэн. Би тэгээд таксинаас согтолттой буугаад очсон чинь манай охины нөхөр З.Т /УХ********/ нь над руу “гөлөг чинь архи уучхаад гэхээр -ь миний дургүй хүрээд өөдөөс нь хэдэн үг хэлсэн чинь шууд нүүр лүү цохиод унагасан ба би босож ирээд зөрүүлж цохих гэсэн чинь чадаагүй ба намайг дахиж 2, 3 удаа нүүр шанаа руу цохиод би шат мөргөж унах шиг болсон ба шатаар чирээд дээрээс дэвсэж зодоод байсан. Манай орцны жижүүр гарч ирээд салгах гээд дийлээгүй, ба удалгүй охин гарч ирээд шууд намайг салгаад охин Э бид хоёр ГССҮТ-рүү очиж үзүүлсэн. ...Намайг зодсон хүн нь манай охины хамтран амьдрагч буюу миний хүргэн Т /90908884/ бөгөөд их түргэн ууртай, 5 сард бас манай эхнэрийн биед гар хүрч байсан. Миний хувьд Т-тэй хэрүүл маргаан хийж байсан асуудал байхгүй. Надад гар хүрнэ гэж бодож ч байсангүй. ...Т нүүр шанаа руу ихэвчлэн цохисон ба би цохиулсан эрчиндээ шатаар унахад шатаар чирч дээрээс дэвссэн. Би охинтойгоо хамт ГССҮТ-д очиж үзүүлээд би духандаа 4 оёдол, зүүн чихэндээ 2 оёдол тавиулсан, мөн толгойн дээр зулгаралттай, хамар, уруул цохиулснаас болж хавдаж шалбарсан, баруун тохойны хойд хэсгийн арьс зулгарсан, 2 хөл өвдөг, шилбэ хэсгээр шалбарч зулгарсан байдалтай бие маань их зовуурьтай байна. Би гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...Намайг орцны үүдэнд зодуулж байхад орцны жижүүр Х /********/ хараад ирээд салгасан. ...Би гомдолтой байна, би хэзээ ч хүнд зодуулж яваагүй, хүргэн гэсэн хүн маань намайг зодчихоод ичихгүй явж байна, би эрүүл мэндээрээ хохирсон, сэтгэл санаа, эрүүл мэндийнхээ хохирлыг төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал),

-2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн:

“...Надад урд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй. ...Хохирол барагдуулсан зүйл байхгүй. ...Надад хавтаст хэргийн материалд хавсаргах баримт байхгүй байна. ...Би эрүүл мэндээрээ хохирсон их гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал),

2.3 Гэрч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

            “...2022 оны 07-р сарын 10-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн ** хороо ** хотхоны ** байрны гадна байрны оршин суугчид болох 2 эрэгтэй хоорондоо зодолдоод байсан Хоорондоо зууралдаад болохгүй болохоор нь салгах гэж оролдсон. Гэтэл нэгнийх нь жирэмсэн авгай нь жаахан хүүхдээ тэвэрчихсэн гарч ирсэн. Тэгээд нөгөө 2 эрэгтэй чинь дахиад зодолдоод нэгнийгээ өшиглөөд, цохилцоод байсан. Гарч ирсэн авгай нь нөхрийгөө одоо болно гэхэд нөхөр нь хүүхдээ тэврээд байр луугаа орсон. Тухайн жирэмсэн хүүхэн зодуулсан хөгшин хүнтэй хамт машиндаа суугаад яваад өгсөн. ...Төмрөө гэх арай залуухан нь манай байранд оршин суудаг, зодолдож байсан хөгшин нь болохоор тухайн залуутай хамт амьдардаг хадам аав нь гэж бодож байна. Тухайн хүмүүс хоорондоо гараа атгаад нүүр нүдгүй цохилцоод байсан. Яаг хаана хаанаа цохилцсон талаар нь санахгүй байна. Би тухайн 2 хүнийг салгах гээд дундуур нь ороод 3 уулаа хамт шат руу унасан. Түүний дараагаар тухайн хүмүүсийн хөгшнийх нь толгойноос цус гараад байсан. ...Тухайн зодоон болж байсан хэсэг рүү харсан чиглэлийн хяналтын камер байгаа. ...Хөгшин нь нэлээн согтуу байсан Төмөрөө болохоор архи уудаггүй санагдаж байна. Би Төмөрөөг өмнө нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байхыг харж байгаагүй. ...Би тухайн газар 1 жил орчим жижүүрээр ажиллаж байна. Тухайн үед би байрны урд хэсгийн талбайг эргэх гээд явж байсан юм. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),

            2.4 Шүүгдэгч З.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            2022 оны 07 дугаар сарын 10-ны орой 2100 цагийн үед гэртээ эхнэр Э, ой 8 сартай хүү Энхдэлхий нарын хамт байсан. Энэ үед хадам аав Э руу залгаад “Өө би очиж байна шүү, гарч ирж аваарай, нэлээн уучихсан шүү” гээд утсаа салгасан. 5 минут орчмын дараа ирчихлээ гээд залгахаар нь гэрээс гараад таксинаас буухаар нь мөнгө төлбөрийг нь төлөөд хадам аав Г-ыг тосож авсан. Хадам аав нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байхаар нь “Та ингэтлээ уух хэрэг байсан юм уу” гэтэл намайг “Чи муу писда хэн бэ” гээд нэлээн хэл амаар доромжилсон. Хадам аав архи их уусан байсан болохоор хэлсэн хараалыг нь нээх тоохгүй таксинаас буулгах гээд гараас нь бариад авахад нүүрэн тус газарт 2 удаа цохисон. Цохиулсныхаа дараа хадам аавд хандаж “Та чинь одоо яаж байгаа юм бэ, яагаад агсам согтуу тавиад байгаа” юм гэж хэлээд барилцаад авсан. Ингээд хэрүүл хийж, зууралдаад байрны урд очоод бүүр дийлдэхгүй болохоор нь нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон. Ингээд жижүүр ах гарч ирээд салгах гэсэн боловч огт салж өгөхгүй байж байгаад эхнэр гарч ирэх үед хоорондоо салсан. Урд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. ...Би одоогийн байдлаар төлөөгүй байгаа. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал),

-2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн:

“...Би өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. ...Одоогийн байдлаар байхгүй. Өөрсдөө надаас хохиролтой байна гэж мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй, хэрэггүй гэж хэлсэн. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 127 дахь тал),

2.5 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9830 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духанд цох хэсэгт босоо байрлалтай 2 см урттай мэс заслын оёдолтой, зүүн чихний гэдэсний доод хэсгээс чихний хөндий рүү үргэлжилсэн 1,5см урттай мэс заслын оёдол бүхий шархнуудтай. Баруун тохойд 2x1,5см, баруун өвдөгт 5х3 см, баруун өвдөгний гадна доод хэсэгт 2x1 см, баруун шилбэний урд дунд хэсэгт 0,5х0,2 см, 1x0,2 см, зүүн өвдөгт 2,х1 см, 2х1 см, зүүн шилбэний урд дунд хэсэгт 2,5х2 см хүрэн ягаан өнгийн зулгаралтуудтай. Баруун шууны гадна дээд хэсэгт 5х3 см, 8х2 см арьсны өнгөц давхарга хууларсан байв. Зүүн чамархайд бага зэрэг овойж хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй байв.

Дүгнэлт:

1. А.Г-ын биед цох, зүүн чихэнд шарх, баруун тохой, хоёр өвдөг, хоёр шилбэ, баруун шуунд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /шинжээч эмч О.Нансалмаа/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 97-98 дахь тал),

3. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            3.1 Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 112 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-66 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22/62 дугаар тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 122 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 109 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 110 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б** овогт З.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б** овогт З.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2210013100827 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Э, А.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА