| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2022/0603/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/585 |
| Огноо | 2022-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ширээт овгийн Эрдэнэбатын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2210000000806 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ширээт овгийн Эрдэнэбатын Д нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, **настай, эмэгтэй, дээд боловсролтой, **мэргэжилтэй, **** ХХК-д эдийн засагч ажилтай, ам бүл *хамт Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, **тоотод түр оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:АП********).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Яллагдагч Э.Д нь Хан-Уул дүүргийн **дугаар хороо, **хотхоны **дүгээр байрны **тоот Ч.Ү-гийн гэрт 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа нийт 7 ширхэг үнэт эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 47,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.
Хоёр. Эрүүгийн 2210000000806 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 07:12:01 цагт ирсэн ”хүүхэд асрагч гэрээс эд зүйл хулгайлсан байна” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
2. Хэргийн газарт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн **дугаар хороо, **хотхон, **дүгээр байрны **тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-11 дэх тал),
3. Хохирогч Ч.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“...2022 оны 04 дүгээр сүүлээр Үнэгүй.мн дээр гэрийн үйлчлэгч байрлаж ажиллахаар ажилд авна гэсэн зар тавьсан байсны дагуу Эрдэнэбатын Д гэх эмэгтэй уг зарын дагуу холбогдоод ирж уулзсан, тэгээд цалин мөнгөө тохиролцоод ажлаа тохироод 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт буюу Хан-Уул дүүргийн **хороо **тоотод ирсэн. Тэгээд ирсэн даруйд нь гэрээ хэлэлцээр хийе гэж удаа дараа хэлсэн боловч гэрээ хийхээ түр хойшлуулж байя иргэний үнэмлэхээ хаячихсан байгаа гэж хэлээд гэрээ хийхээс зайлсхийгээд байсан юм. Тэгээд уул нь байрлаж ажиллаж байсан боловч Э.Д нь заримдаа хоногоор алга болоод аль эсвэл шөнө дунд орж ирээд байдаг байсан ба янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд дүү аваарт орлоо машинаа мөргүүлчихлээ хүнд мөнгө зээлүүлсэн тэрийгээ аваад ирье гэх мэтээр гараад алга болчихдог байсан юм. Тэгээд заримдаа намайг байхгүй байх үед манай дүү нар ирээд манай гэрт орох гэхээр хаалганы код хийгээд онгохгүй бүүр доод түлхүүрээр нь түгжээд нээхгүй уддаг байсан. Тэгээд Э.Д нь орой болгон гараад явчихдаг байсан, тэгээд өчигдөр орой 19 цагийн үед гарч яваад ирэхгүй удаад байсан болохоор нь надад гэнэт жаахан хар төрөөд 2022 оны 05 сарын 27-ны шөнө өөрийн унтлагын өрөөний шүүгээний шургуулгад байсан эд зүйлсээ шалгаад үзсэн чинь дандаа үнэтэй цайтай бөгж болон ээмэг зүүлтүүд нь байхгүй болчихсон байсан, тэгэхээр нь би залгаад Д-г хаана явна гээд асуусан чинь утсаа авахгүй хариу бичихгүй байхаар нь аягүй олон удаа залгаад юм хулгайлаад алга болчихлоо гээд айгаад эвтэйхэн оройтсон хамаагүй хүрээд ирээрэй гэж дуудаад унтчихсан, тэгээд үүрээр 06 цагт босоод Д-гийн цүнхийг үзсэн чинь миний “Эл Ви” брэндийн гарын бугуйвч гарч ирсэн, тэгээд би шууд Д-г унтаж байхад нь босгож ирээд чи миний бүх алга болсон юмыг авсан байна гаргаад өгчих гээд хэлсэн чинь эхлээд үгүй гэж байснаа сүүлдээ би танд буцаагаад өгье гэж хэлсэн тэгээд түүнээс яг юу юу авсныг нь асуухад ломбардад ээмэг гинжийг чинь тавьсан, урт цагаанд зарим бөгжийг чинь зарсан гэж хэлсэн. Тэгээд хамгийн сонин нь дандаа хамгийн үнэтэй эд зүйлсийг маань авсан байсан ба ил толины урд байсан ээмэг бөгж хийдэг хайрцгаас бараг юм аваагүй ганцхан сувдан ээмэг гинжийг авсан, харин далд байсан шүүгээнээс хамгийн үнэтэй алмаазан бөгжнүүдийг авсан. ...Намайг гэртээ байхгүй үед манай хоёр охин болох Сундари /З настай/ Саяана /2 настай/ нар нь гэрийн үйлчлэгч Д-тай хамт үлддэг байсан. ...Манай гэрт хяналтын камер огт байхгүй. 1-т Тиффани брэндийн гурван алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж 1.600 ам.доллароор Австри улсаас 2015 онд худалдаж авч байсан хайрцаг нь гэрт маань байгаа. 2-т Тиффани брэндийн 2 каратын алмазтай цагаан алтан сүйн бөгж 51.000 ам.доллароор мөн Австри улсаас 2015 онд худалдаж авч байсан хайрцаг нь одоо байгаа. 3-т Тиффани брэндийн цагаан алтан шар оруулгатай сүйн эрэгтэй бөгж 2.300 ам.доллароор мөн Австриас 2015 онд худалдан авч байсан. 4-т Битүү алмаазан шигтгээтэй Бадмаараг чулуутай цагаан алтан бөгж Япон улсад үйлдвэрлэсэн. 5-т Усан болор чулуутай алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж мөн Япон улсад үйлдвэрлэсэн. 6- т Сувдан шигтгээтэй тойроод алмаазан шигтгээтэй шар алтан бөгж Япон улсад үйлдвэрлэсэн. 7-т Сувдан шигтгээтэй монет гинж, мөн сувдан шигтгээтэй хос ээмэг үнэ өртгийг нь сайн мэдэхгүй байна. Харин 4,5,6 дахь Япон улсад үйлдвэрлэсэн бөгжнүүд нь нийт 30.0 сая төгрөгийн үнэтэй. ...Би Д-тай 1.000.000 төгрөгийн сарын цалин тохирсон ба урьдчилгаа гээд 400.00 төгрөгийг өгсөн байгаа, үлдэгдэл 600.000 төгрөгөөс нь тогтмол ажиллаагүй өдрөөс нь хасаад өгнө. Өөр өр төлбөрийн асуудал байхгүй. ...Эд зүйлсээ авчихвал гомдол санал алга. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),
-Хохирогч Ч.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн:
“...Надад өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл гэвэл Э.Д нь манай гэрээс хадаас хулгайлж авч явсан эд зүйлсээ бүгдийг нь тавьсан ломбард болон зарсан хүмүүсээсээ Д нь өөрийн мөнгөөрөө худалдан авч надад эргүүлж буцааж өгсөн, надад одоо хохиролтой зүйл байхгүй. ...Надад одоо гомдол санал байхгүй, би бүх алдсан эд зүйлсээ олж авсан. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
4. Иргэний нэхэмжлэгч **капитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:
2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 4.4 граммтай 2 ширхэг монет ээмгийг 320.000 төгрөгөөр Д гэгч барьцаанд тавьсан. Тухайн үед Д гэх иргэн нь өөрийн бичиг баримттай, манай ломбардын санд урьд нь өмнө нь хулгайч залилагчаар бүртгэгдэж байгаагүй болохоор нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй манай 10-р хорооллын туслах зам дагуу байрлах П** нэртэй ломбардад барьцаанд уг хулгайн ээмгийг авсан байсан. ...Д огт ямар нэгэн төлөлт хийгээгүй байсан ба уг ээмгийг хугацаа дуусахаас өмнө цагдаагийн байгууллагаас ирж хурааж авсан. Манай байгууллагаас зээлдүүлсэн 320.000 төгрөгөө гаргаад авчихмаар байна. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
5. Шүүгдэгч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр өгсөн:
“...2022 оны 04 дүгээр сарын 27-нд Үнэгүй.мн дээр хүүхэд харах гэсэн утгатай зар байхаар нь холбогдоод **т очиж Ү гэж хүнтэй уулзаад тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлээд Ү гэх хүний Хан-Уул дүүргийн **тоотод асрагч үйлчлэгч хийхээр тохирсон юм. Тэгээд гэр цэвэрлэж байгаад тоос арчиж байгаад шүүгээнд үнэт эдлэл ээмэг бөгж гинж байхыг нь анзаарсан юм, тэгээд надад өр зээлийн дарамт орж ирээд байсан ба би хуучин нөхөр Ө-аас 4.0 сая төгрөг зээлсэн байсан нь байнга нэхэгдээд дарамттай байсан юм. Тэгэхээр нь би унтлагын өрөөний шүүгээний дээд талд нь байсан ээмэг бөгжний саван дотроос нийт 2 ээмэг 2 бөгж 1 зүүлт, доод талынх нь шургуулгаас 4 ширхэг цагаан бөгж авсан, тэгээд эхлээд 10-р хорооллын Начин заан ломбардад ээмэг тавьсан, тэгээд 10-н хорооллын Нархан нэртэй рестораны хажуу талд нь бас нэг ломбардад гинж тавьсан, тэгээд Модны 2-т байрлах ломбардад ээмэг, тэгээд Хар хорин 2 бөгж зарсан, тэгээд Урт цагаан дээр хувь хүнд 4 бөгж зарсан, тэгээд яг хэдэн төгрөгт зарсан талаараа санахгүй байна. Тэгээд би Үүрээ эгчээс мөнгө зээлээч гэж асууж үзсэн боловч надад мөнгө зээлээгүй ба мөнгө олдвол эгч нь зээлнэ гэж хэлсэн, тэгээд би их харамсаж байсан, буцаагаад авч өгнө дөө гэж бодсон боловч чадаагүй мөнгө олдоогүй. ...Би тухайн бөгжнүүд гинж ээмэгнүүдийг Ү эгчийнх гэдгийг мэдэж байсан ба өөрт нь хэлээд тавьчихвал зөвшөөрөхгүй байх гэж бодоод би Ү эгчээс асуулгүй өөрийн дураараа эд зүйлсийг нь авч яваад зарчихсан юм. ...Би одоо тухайн газруудыг болон хүмүүсийг хаана байгаа зааж өгч чадна. ...Би салсан нөхөр Ө-ын 400,000 төгрөгийн өрийг өгсөн, утасныхаа лизинг болох 67,000 төгрөгийг төлсөн, Х-ын өр болох 1,500,000 төгрөгийг өгсөн, Юнителийн төлбөр болох 180,000 төгрөг өгсөн. Нөмөр аппликэйшны зээл болох 200,000 төгрөг. Тэгээд бас ойр зүйлийн зүйлсдээ зарцуулсан, такси болон хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан. Тухайн эд зүйлсийг зарсан мөнгөө 5011493394 тоот дансаар авч байсан. ...Би ганцаараа явж байсан ба 2 удаа болохоор Ү эгчийн хардаг хоёр нялх хүүхэд дагуулж явсан. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
-Шүүгдэгч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би Ү гэх хүний гэрт асрагч хийхээр 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр уулзаж Хан-Уул дүүргийн 17-р хороо 504-602 тоотод очиж тэндээ байрлан ажиллахаар болсон юм. Тэгээд нэг өдөр байж байсан чинь надаас авлагатай хүмүүс над руу яриад өрөө нэхээд байсан юм, тэгээд би Ү эгчээс мөнгө асуухад мөнгө байхгүй байгаа талаараа хэлсэн, тэгээд би дараа нь нэг өдөр Ү эгчийг гэртээ байхгүй хойгуур нь гэр түүний ширээн дээр байдаг ээмэг бөгжний хайрцгаас нь хэд хэдэн ширхэг ээмэг бөгж зүүлт гэх мэт зүйлс аваад ломбардад тавьсан, тэгээд заримыг нь зарсан, тэгээд авч чадаагүй байж байтал Ү эгч мэдчихсэн. ...Би Ү эгчид учруулсан хохирлоо барагдуулсан ба зарагдсан эд зүйлсийг олж авч худалдаж аваад Ү эгчид хүлээлгэж өгсөн, харин ломбардад тавьсан байсан эд зүйлийг нь төлбөрийн би өөрөө төлөөд Ү эгчид эд зүйлсийг нь хүлээлгэж өгсөн. ...Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч Э.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (хавтаст хэргийн 59 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Д-д холбогдох гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Д цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш** овгийн Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш** овгийн Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Э.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн 2210000000806 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Д цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Ү, иргэний нэхэмжлэгч **капитал ХХК-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА