Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0614/Э |
Дугаар | 2022/ШЦТ/592 |
Огноо | 2022-08-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч С.Ууганбаяр,
шүүгдэгч У.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б** овогт У.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210014320888 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б** овогт У.Г нь **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ** настай, Бүрэн дунд боловсролтой, **мэргэжилтэй, **ХХК-д **ажилтай, Ам бүл* хамт Хан-Уул дүүргийн **дугаар хороо **дугаар байрны **тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:УШ********).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Яллагдагч У.Г 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэр “**” ХХК-ийн хашаанд хохирогч Ж.Б-г “найзыг нь үсэдсэн байна” гэх шалтгааны улмаас цүнхээрээ толгой хэсэгт цохиж дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүгдэгч У.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.
Хоёр. Эрүүгийн 2210014320888 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 18:14:28 цагт “зодоон болоод согтуу хүн хүний толгой хагалсан” гэх гомдол /мэдээлэл/-ын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дэх тал),
2. Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:
“...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг **хороо ** гэх өөрийн ажлын байрандаа үдээс хойш 17 цагийн үед ирсэн намайг ирэхэд манай эхнэр Э ажлаасаа гарч ирээд миний түгээлийн машин дотор орж ирж суусан тэгээд юм яриад бууж байтал Б гэх эхнэртэй цуг ажилдаг эмэгтэй гарч ирээд миний ирсэн ирээд жолоочийн эсрэг талын хаалга онгойлгоод манай эхнэр Э-гийг цэвэрлэгээгээ хийгээч гэж загнасан тэгсэн манай эхнэр би цэвэрлэгээгээ хийчхээд гарч гэх мэт маргалдсан тэгснээ Б буцаад ажил руугаа буцаад орсон тэгээд би бас ажил руугаа хувцсаа солих гээд орсон тэр үед Э үлдсэн тэгээд намайг хувцсаа сольчхоод гараад ирэхэд Б манай эхнэрийг машин дотор багалзуурдчихсан байж байсан тэгэхээр нь би шилэн хүзүүн дээрээс нь татлаа гэсэн чинь үснээс нь татчихсан тэгсэн удаагүй Ганаа ирээд чи миний найзыг үсэдлээ гээд над руу дайрсан тэгээд би тэр хоёртой ноцолдож байгаад Б миний толгойг доош дарсан тэгсэн толгой цохих шиг болсон тэгээд буцаад дээш өндийхөд манай эхнэр уйлаад толгой чинь хагарсан байна гээд байсан тэгэхээр нь би гараараа тэмтрээд үзэхэд цус гарч байсан тэгээд би ажил руу орсон тэгэхэд араас Б орж ирж байсан тэгэхээр нь би хаалганы хажууд байх гал унтраагуурыг аваад өөдөөс нь өргөөд буцаагаад тавьсан тэр үед манай ажлын хүмүүс ирээд биднийг салгасан. ...Хэн нь цохиж байгааг хараагүй ямар ч байсан толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон. ...Шүүх эмнэлэгт үзүүлсэн өөр эмнэлэгт үзүүлээгүй. ...Ил харагдах шарх сорив байхгүй толгой хааяа нэг өвддөг. ...Эм тарианы мөнгө гэх мэт гарсан зардлаа төлүүлмээр байна. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн:
Г намайг Б-г хойш үсдээд машинаас татаж байхад араас ирээд миний дагз хэсэг рүү нэг удаа цохисон тэгээд иргээд харсан чинь миний хөмсөг рүү мөн нэг удаа цохисон. ...Б миний бие рүү гараараа хэд хэдэн удаа цохих шиг болсон яг хаашаа яаж цохисныг нь би сайн санахгүй байна. ...Г тэр өдөр гартаа хар бараан өнгийн мөрөндөө үүрдэг урт оосортой цүнхтэй байсан. ...Ямар нэгэн зүйл барьсан байсан эсэхийг сайн санахгүй байна. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулмааргүй байна. ...Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
3. Гэрч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:
“...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг **хороо “**” ХХК-д болох өөрийн ажлын байрандаа байж байхад 17 цагийн үед тог тасарсан байсан тэгээд би савлагааныхаа өрөөг цэвэрлэчхээд гараад манай үйлдвэрийн хажууд байх нөхрийнхөө түгээлтийн машин дотор нөхөр Б-той цуг юм яриад сууж байсан тэгсэн Б гарж ирээд хөөе чи цэвэрлэгээгээ хийгээч гээд гараад ирсэн тэгээд машин дээр ирсэн тэгээд манай нөхөр зөрөөд ажил руугаа орчхоод ирье гээд гарсан тэгсэн Б хаалга онгойлгоод намайг багалзуурдаад байж байхад манай нөхөр Б ирээд Б-гийн үснээс нь татаад буулгасан тэр үед Г ажлаас гарч ирж байсан тэгэхэд манай нөхөр Б-тай зууралдаад байж байсан тэгээд ганаа ирээд манай нөхрийн толгойн ар хэсэг рүү нь гарт байсан жижиг гар цүнхээр нэг удаа цохисон тэгээд удаагүй манай нөхрийн толгойноос цус гарч байхыг нь харсан тэгээд нөхөртөө толгойноос чинь цус гараад байна гэж хэлсэн тэгсэн манай дарга гарж ирээд салгасан. 3үгээр ажлын газар ажилдаг хүмүүс. ...Ерөөсөө төлбөр мөнгө аваагүй. ...Би Б, Г нарыг цохисон зүйл байхгүй. ...Г гарт байсан жижиг гар цүнхээр толгойн ар хэсэг рүү нь нэг удаа цохисон Б-г би манай нөхрийг цохиж байгааг хараагүй. ...Ажлын байрны цэвэрлэгээнээс болж маргалдсан. ...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй ...Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
4. Гэрч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг **хороо “**” ХХК-д болох өөрийн ажлын байрандаа байж байсан тэгээд орой 17-цагийн үед Э ажлын байраа цэвэрлээгүй байхаар нь гараад хартал нөхрийнхөө ажлыг түгээлтийн машин дотор сууж байсан тэгэхээр нь би очоод машины хаалгыг нь онгойлгоод Э-тэй цэвэрлэгээ хийсэн хийгээгүй гэж маргалдаж байсан тэгсэн араас Э-гийн нөхөр болох Б миний үснээс чирч намайг машинаас буулгасан тэгсэн тэр үед Г ажлаас гарж ирж таараад намайг үсдүүлсэн байсан учраас салгах гэж оролдоод удаагүй салсан тэгээд чи намайг үсэдлээ гээд түлхсэн чинь намайг заамдаж аваад угзарч татаад толгойг минь дарсан байсан тэгэхээр нь би гарт байсан утсаараа боль гээд нэг удаа цохисон гэхдээ хаашаа цохиж байгаагаа хараагүй тэгээд удаагүй Э машинаас буугаад нөхрийнхөө ажлын үүдэнд очоод Г бид 2-г хэл амаар доромжлоод байсан тэгснээ эргээд Б-ын ажил руу орсон тэгээд гадаа байсан Б болон Г бид хэд араас нь орсон тэгсэн дотор ороод Б хаалганы үүдэнд байсан галын хорыг аваад намайг цохих гэж дайраад байсан тэр үед Б-ын толгой нь хагарсан байсан цус гараад байсан тэгээд гараараа цусаа арчсанаа намайг заамдаж аваад заамдаж байсан гараараа цохиод байсан тэгээд нээх удаагүй манай ажлынхан салгасан. Хан-Уул дүүрэг **р хороонд байрлах **ХХК-д саван зуурагчийн ажил хийдэг. ...3үгээр ажлын газрын хүн нээх харилцдаггүй. ...Өш хонзонгийн зүйл бид хоёрт байхгүй. ...Зүгээр уулзаж ярилцсан зүйд байгаа мөнгө төгрөг өгсөн зүйл бол байхгүй угаа өөрөө эмнэлэгт үзүүлээгүй уулзъя гэсэн ч уулзахгүй байгаа. ...Намайг доош нь дарсан байсан болохоор хаана цохисноо мэдэхгүй байна гэхдээ зүүн гарт байсан гар утсаараа нэг удаа цохисон. ...Намайг заамдаж аваад үсдэж аваад үсдээд байсан миний уруул руу цохисон байсан тэр үед мэдээгүй сүүлд харсан уруул сэтрээд хавдсан байсан. ...Ажлын байрны цэвэрлэгээнээс болж маргалдсан. ...Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),
Гэрч Н.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“...Бод үсдүүлж байхдаа тавиулах гэж 2-оос 3 удаа цохисон тэгэхдээ хаана нь цохиж байгаагаа мэдэхгүй байсан. ...Намайг үсэдсэн мөн ноцолдож байхдаа миний уруул руу цохисон байсан. ...Хохирлын мөнгө гэж 100.000 төгрөгийг Б-ын данс руу шилжүүлэн хийсэн тэгээд Б-той холбогдон дахин өөр зүйл хэрэг болох талаар асуух гээд залгахаар утсаа авдаггүй уулзъя гэхээр уулздаггүй байсан. ...Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
5. Шүүгдэгч У.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг **дугаар хороонд байрлах “**” ХХК-д байсан тэгээд орой ажил тарахаас өмнө 17 цагийн үед Б, Э хоёр хоёулаа ажлын байрандаа байхгүй байсан тэгэхээр нь гадагш гарсан намайг гарахад Б, Э тавилга зөөдөг машин дотор сууж байх шиг байсан тэгсэн Э-ийн нөхөр нь Б-г үсдээд машинаас буулгаж байсан тэгэхээр нь би араас нь очсон тэгээд эхлээд салгах гэтэл салгаж чадаагүй тэгэхээр нь би болиоч гээд Б-ын ар нуруу хэсэг рүү нь өөрийн баруун гарт байсан хар өнгийн нэг талдаа үүрдэг богино оосортой гар цүнхнийхээ оосроос бариад нэг удаа цохисон тэгсэн Б Б-гийн үснээс тавиад эргэж хараад над руу гараараа далайж байгаад өөрийнхөө үйлдвэр лүү орчихсон араас нь Б орсон тэгэхээр нь би араас нь ороход Б хана налчихсан Б тэр хоёр ноцолдож байсан тэгсэн удаагүй араас нь Сайхнаа толгой нь хагарчихлаа шүү дээ гэж орилоод ажлын газрынх нь нэг залуу хүрж ирээд салгасан. ...Баруун гартаа барьж байсан хар өнгийн цүнхээр ар хэсэг рүү нь нэг удаа цохисон. ...Ж.Б-д учирсан гэмтлийг миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Б нь миний найз Б-г үсэдсэн байсан учраас араас нь очоод болиулах гээд цүнхээрээ нэг удаа цохисон. ...Нэмж ярих зүйл байхгүй миний мэдүүлсэн бүгд үнэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5731 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Дагзны хуйханд 0,9x0,5 см хэмжээтэй шархтай, бага зэрэг хавдсан, цус гарна. Баруун хөмсөгний дээр 0,6x0,3 см, баруун хацарт 1,0x0,5 см бүдэг хүрэн ягаан зулгаралттай. Биед ил харагдах өөр гэмтэлгүй.
Дүгнэлт:
1. Ж. Б-ын биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /шинжээч эмч Т.Сэлэнгэ/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт (хавтаст хэргийн 91 дэх тал), “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 92, 93-94 дэх тал),
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч У.Г-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (хавтаст хэргийн 70 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дахь тал), иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дахь тал), хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У.Г-аас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг түүнд танилцуулахад зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шүүх шалгаж, хянан шийдвэрлэсэн болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “У.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэр “**” ХХК-ийн хашаанд хохирогч Ж.Б-ыг “найзыг нь үсэдсэн байна” гэх шалтгааны улмаас цүнхээрээ толгой хэсэгт цохиж дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч У.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн **дугаар хорооны нутаг дэвсгэр “**” ХХК-ийн хашаанд хохирогч Ж.Б-ыг “найзыг нь үсэдсэн байна” гэх шалтгааны улмаас цүнхээрээ толгой хэсэгт цохиж дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28, 30 дахь тал), гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43, 44 дэх тал), шүүгдэгч У.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5731 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Г-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч У.Г нь учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогч гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч У.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан бөгөөд У.Г улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудаст У.Г нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй гэж тэмдэглэгдсэн нь түүнийг ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Шүүгдэгч У.Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрсөн байх тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Г хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б** овогт У.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Г-д баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА