Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2022/0210/Э |
Дугаар | 2022/ШЦТ/231 |
Огноо | 2022-12-19 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Шүүгдэгч: А.Хүнбиш, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хүнбишид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000156 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Хорчин овогтой Адьяадуламын Хүнбиш, / РД: ВН94072311 /,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч А.Хүнбиш нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар баг 16 гудамжны 5 тоотод байрлах иргэн Ж.Энхтөрийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч Монел маркийн 32 инчийн телевизор, 25 литрийн багтаамжтай 1 ширхэг бетоныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Ж.Энхтөрд бага хэмжээнээс доош буюу 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Хүнбишийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баяраа гэх найзындаа 19 цагийн үед байж байгаад 21 цагийн үед гэр рүүгээ явж байгаад замаараа Энхтөр гэх айлд орсон гэр нь онгорхой байсан. Тэгэхээр нь зурагтын аваад гарч яваад хашааны үүдэн дээр эргүүлийн хоёр цагдаад баригдсан. Тэгээд намайг цагдаа нар авч ирсэн. Би Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургуульд 1 дүгээр ангиасаа 5 дугаар анги хүртэл сурсан. Би 5 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан. Би уншиж бичиж чадна, бичиг үсэг мэднэ. Би тухайн үед согтуу байсан. Би хэргийг хүлээн зөвшөөрч байна. Миний энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би энэ хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би Энхтөр гэх айлаас 1 зурагт авсан. Өөр 25 литрийн төмөр сав аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 203-204/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг А.Хүнбиш мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байна мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ж.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн:
....Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны орой цагийг сайн санахгүй байна. Манай аавын 95438033 гэх утас руу цагдаагаас Отгонбаяр гэх цагдаа залгаад танай гэр лүү хулгай орсон байна. Та гэртээ ирэх боломжтой байна уу гэсэн. Тэгээд гэртээ орж үзэх үед манай гэрийн хоймор хэсэгт байсан зурагт, 25 литрийн хөнгөн цагаан усны сав алга болсон байсан. Манай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 7-16-5 тоотод байрлах гэрт манай эхнэр Энхтүвшин гэх хүн 2022 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр гэртэй байна гэж манай аав Жасрайтай утсаар ярьсан гэсэн.Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 10-ний орой ажлаа тараад 20 цагийн үед Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 2-3-28 тоотод оршин хадам ээж Жагай гэх айлд очих үед манай эхнэр Энхтүвшин нь хадам ээжийнд согтуу байсан. Тэгэхээр авалгүй хадам ээжийнд ороход явсан.2022 оны 04 дүгээр сарын 10-ний орой манай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7’ дугаар багийн 7-16-5 тоотод байрлах гэрт ямар нэгэн хүн байгаагүй. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 7-16- 5 тоотод байрлах манай гэрт хамгийн сүүлд манай эхнэр Энхтүвшин байсан болохоор гэрээ цоожилсон эсэхийг нь мэдэхгүй байна.Би эхнэр Энхтүвшинтэй ярих үед манай эхнэр Энхтүвшин нь гэрээ цоожилсон гэж байсан. Би Monel маркийн 32 инчийн зурагтаа 2014 онд 400.000 төгрөгөөр зах Совингоос худалдаж авч байсан. Харин 25 литрийн хөнгөн цагаан усны савын 100.000 төгрөгөөр үнэлж байна......гэх мэдүүлэг / хх-ийн 11-13 /,
4. Гэрч Ж.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн:
...2022 оны 04 дүгээр сарын 10-ны орой би эргүүлийн үүргийг Цагдаагийн дэд ахлагч Г.Отгонбаярын хамт гүйцэтгэж байсан. 21 цаг 22 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16-13 тоотын дуудлагаас буцаж явж байх үед зурагт тэвэрсэн явган хүн явж байсан. Тухайн иргэнийг хөдөлгөөнт эргүүлийн машины чанга яригчаар “зогсож бай” гэх үед зурагтаа шууд газар үлдээгээд цааш зугтаад айлын хашаа руу орсон. Дэд ахлагч Г.Отгонбаяр араас нь гүйж тухайн иргэнийг барьж ирэх үед тухайн зурагт барьж явсан хүн А.Хүнбиш гэх иргэн байсан. Тэгээд зурагт хаашаа зөөж яваа гэдгийг асуухад тухайн зурагт нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 16- 05 тоотод оршин суух хаягтай Ж.Энхтөрийн гэрийн зурагт болох нь тогтоогдсон. Хүнбиш нь ганцаараа 7-гийн 16 дугаар гудамжны 6-10 тоот хашааны хавьцаа явж байсан. Хэн нэгэн хүн хамт яваагүй. Хүнбиш гэх хүн нь надтай таарах үедээ зурагт барьсан байсан. Өөр ямар нэгэн эд зүйл байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг / хх-ийн 16-18 /,
5. Гэрч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
...2022 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цаг 22 минутын үед би ахлагч Ж.Энхбатын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 7-16-13 тоотод дуудлагаас буцаж явах үед Баянхонгор аймгийн Цахир 7 дугаар багийн 7-16 тоот гудамжинд зурагт тэвэрсэн явган хүн явж байсан. Тухайн иргэнийг хөдөлгөөнт эргүүлийн машины чанга яригчаар “зогсож бай” гэх үед тухайн иргэн зурагт тэвэрсэн явж байсан бөгөөд зурагтаа шууд газар үлдээгээд цааш зугтааж айлын хашаа руу орсон.Тэгээд би эргүүлийн машинаас бууж зурагт тавиад зугтаасан иргэний араас хөөж барих үед тухайн иргэн Хүнбиш гэх иргэн байсан. Тэгээд юун зурагг хаашаа зөөж яваа гэдгийг Хүнбишээс асуух үед тухайн зурагт “миний зурагт” гэхээр нь “гэрт чинь очиж үзье” гэхэд худлаа гэдгийг нь мэдсэн. Ж.Энхтөрийн гэрийн гадаа ирэх үед Ж.Энхтөрийн гэрийн гэрэл асаалттай, гэрт нь орохоор хашаа руу нь орох үед гэрийнх нь хаалга түгжээгүй байхаар нь орж үзэх үед Ж.Энхтөрийн зурагт байхгүй байсан. Тэгээд Ж.Энхтөрийн утсаар холбогдож “танай гэрт хулгай орсон байна одоо гэртэй ирэх боломж байгаа” эсэх талаар асуухад Ж.Энхтөр нь “манай эхнэр гэрт байгаа за за би одоо яваад очъё” гээд Энхтөр гэртээ ирсэн. Тэгээд Хүнбишийн барьж явсан гэх зурагтыг “танай зурагт мөн үү” гэж үзүүлэх үед манай зурагт мөн байна...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 21-23 /,
6. Гэрч С.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7- 16-5 тоотод байрлах гэрээсээ 17 цагийн үед гараад ээжийн дүү болох Бор гэх айлд очиж байж байгаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2-8-23 тоотод байх ээж Пүрэвжаргалын гэрт очсон. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны орой гэрээсээ гарах үедээ гэрээ цоожилсон. Би гэрээ ногоон өнгийн гэртэй саарал цоожоор цоожилсон. Гэрээ цоожлоод гарахад би ганцаараа байсан. Гэрээ цоожилсон цоожны түлхүүр надад байдаг байсан. Өөр хүнд байдаггүй байсан. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны орой гэрээс гарахад манай 25 литрийн усны сав гэрийн дотор талд гэрийн зүүн хаяанд байсан. Хулгай орсон өдөр алга болсон байна лээ...гэх мэдүүлэг / хх-ийн 26-28 /,
7. Гэрч А.Тэрбишийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь 435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байсан. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр магадлангаар суллагдаж 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт ирсэн. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт ирээгүй байсан. Би тэр талаар мэдээгүй байсан. Тэр үед би Баянхонгор аймагт байгаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 199-200 /,
8. Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дугаартай шинжээчийн:
....Монел маркийн 32 инчийн өнгөт зурагт 220.000 төгрөг,
25 литрийн бетон 50.000 төгрөг, эд зүйлийн нийт үнэ цэнэ 270.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 30 /, болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-6 / шүүгдэгч А.Хүнбишийн ял шийтгэл эдэлж байсан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 37 /, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 2022/ХМШЗ/11 дугаартай зорчих эрхийн хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 137-140 /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Хүнбиш нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар баг 16 гудамжны 5 тоотод байрлах иргэн Ж.Энхтөрийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрт нэвтэрч Монел маркийн 32 инчийн телевизор, 25 литр бидоныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Ж.Энхтөрд бага хэмжээнээс доош буюу 270.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч Ж.Энхтөрийн мэдүүлэг, гэрч Ж.Энхбат, Г.Отгонбаяр, С.Энхтүвшин, А.Тэрбиш нарын мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 151 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Хүнбишийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Хүнбиш бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Энхтөр нь алдагдсан зүйлсээ буцааж авсан талаар илэрхийлсэн тул шүүгдэгч А.Хүнбишийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч А.Хүнбишид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч А.Хүнбиш нь өмнө нь Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж өмнөх тогтоолоор эдлээгүй байсан 1 жил 04 сар 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 06 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялаас 1 жил 04 сар 18 хоногийн ялыг эдлэхээс зайлсхийсэн тул тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн 11 дүгээр шүүгчийн захирамжаар 1 жил 04 сар18 хоногийн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч А.Хүнбиш нь уг ялыг эдэлж Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд 2022 оны 08 дунгаар сарын 02-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байсан бөгөөд хохирогч Ж.Энхтөрийн эд зүйлийг хулгайлсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж 2022 оны 08 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорьсон байгаа бөгөөд Шүүх шүүгдэгч А.Хүнбишийн цагдан хоригдсон 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдрөөс хэргийг эцэслэн шийдвэрлэх өдөр хүртэл 139 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Иймд шүүх шүүгдэгч А.Хүнбишид хохирогч Ж.Энхтөрийн эд зүйлсийг орон байранд нэвтэрч үйлдсэн хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан үйлдэлд нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 18 хоногийн хугацааны ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялын хугацааг тогтоож шийдвэрлэлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорчин овогт Адьяадуламын Хүнбишийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хорчин овогт Адьяадуламын Хүнбишийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Хүнбишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн нэг жил дөрвөн сар арван найм / 01 жил 04 сар 18 хоног / хоногийн хугацааны ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг хоёр жил дөрвөн сар арван найм / 02 жил 04 сар 18 / хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Хүнбишийн цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч А.Хүнбишид оногдуулсан хоёр жил дөрвөн сар арван найм / 02 жил 04 сар 18 / хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч А.Хүнбиш нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Хүнбишид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Хүнбишид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ