Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй   хийсэн   шүүх   хуралдаанаар   Баянхонгор   аймгийн   Прокурорын газрын  хяналтын  прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  11.4 дүгээр   зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар   яллах   дүгнэлт   үйлдэж   ирүүлсэн  2214001680208 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.  Шүүгдэгч,   Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* / РД:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Л.******* нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс Нам толгой 1 дүгээр багт байх хөдөө гэр рүүгээ явах замдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ийн баруун гар тус газарт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун богтос, шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эхнэр болон Нарангэрэл бид 2 өөрийнхөө Мустанг-5 маркийн мотоциклоор Жаргалант сумын төв рүү хүнсний хэрэглээний эд зүйл авах зорилгоор сумын төв рүү 11 цагийн үед орсон. Тэгээд эхнэр бид 2 худалдаа авалтаа хийгээд сумын төв дээр байж байтал манай багийн Гэрэлцогт гэх залуу танихгүй нэг залуутай явж байсан ба надтай тараад сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Богд гэх хүнсний дэлгүүр лүү Гэрэлцогт ороод 2 литрийн савлагаатай Сэрүүн гэх нэртэй 2 ширхэг пиво аваад гарч ирээд Гэрэлцогт, танихгүй залуу манай эхнэр бид 4 сумын төвөөс баруун зүгт буюу хөдөө гэр рүүгээ явж байх замдаа Хайрханы ам гэх газарт зогсоод бид 4 Гэрэлцогтын авсан 2 пивыг хувааж уусан. Тэгээд 15 цагийн үед шиг санаж байна бид 4 пивоо хувааж ууж дуусчхаад байж байтал манай эхнэр Нарангэрэл сум ороод дахиж пиво аваад уяа гэхээр би яах гээд байгаа юм явъя Нарангэрэлийг араараа суулгаад бид 2 хөдлөөд гэр лүү явсан харин Гэрэлцогт, танихгүй залуу 2 гэр лүүгээ салаад явсан. Тэгээд замдаа явж байхдаа бие засах гээд зогсоод шээчхээд эхнэр Нарангэрэлд хандан чи дуртай юм бол саяны 2 залуутайгаа яваад пиво авч уухгүй юу гээд уурласан чинь манай эхнэр чи юу гээд байгаа юм гээд миний нүүр лүү шороо авч цацаад үснээс зулгаагаад байхаар би урандаа баруун хөлөөрөө Нарангэрэлийн баруун гарынхан шууны хэсэгт 1 удаа өшиглөсөн чинь Нарангэрэл баруун гараа бариад өвдөөд байна гэхээр нь би очоод гарын бариад үзсэн чинь Нарангэрэлийн баруун гарын шууны санжганаад унжаад хугарсан гэмээр байхаар мотоциклийн араараа суулгаад буцаад сумын төв рүү гарын бариулах зорилгоор явсан чинь мотоциклын дээр донслоод гар нь өвдөөд байна гэхээр нь би эхнэрээ булгааж үлдээгээд ойрхон байсан айл руу унаа олохоор явсан чинь замд Энхбаяр гэх айл байхаар нь манай эхнэр гараа бэртээгээд мотоцикл дээр явж болохгүй байна гээд Энхбаярын машиныг гуйсан чинь зөвшөөрч манай эхнэрийг очиж аваад би гэр лүүгээ яваад машинаараа 2 хүүхдээ аваад Нарангэрэлийн араас сумын төв орсон. Тухайн үед эхнэрийн гарыг Ичинхорлоо гэх эмч үзсэн ба би тухайн үед манай эхнэр мотоциклоос унаад гараа бэртчихлээ гэж худлаа ярьсан. Тухайн үед 4-лээ нийлээд 2 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй 2 ширхэг пиво уусан тухайн үед эхнэртэйгээ маргалдах үед эхнэр бид 2 бага зэргийн согтолттой байсан. Би тухайн үед Нарангэрэл, Гэрэлцогт, танихгүй залуу нийт 4 лээ ууж байсан пивоо дуусчхаад явах гэхэд манай эхнэр Нарангэрэл дахиж сумаас пиво авчирч уяа гэж тухайн үед хэлсэн ба Гэрэлцогт, танихгүй залуугаас салаад явж байх үед замдаа зогсоод Нарангэрэл рүү пиво уух дуртай байгаа юм бол тэр 2 залуутайгаа уухгүй юу гэж хэлсэн чинь манай эхнэр над руу уурлаад нүүр лүү шороо авч цацаад үснээс зулгаагаад байхаар нь урандаа баруун гар луу нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч буюу өөрийн эхнэр болох Нарангэрэлийн эмчилгээний зардлыг тухайн үедээ бүрэн гүйцэт төлж барагдуулсан. Тухайн манай эхнэрийн гарын эмчилгээнд нийт 1.500.000 төгрөгийн зардал гарсныг төлж барагдуулсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас манай эхнэр Нарангэрэл 67.000 төгрөгийн эмчилгээний төлбөр гарсан байсныг төлж барагдуулсан. Иймээс би хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....гэх мэдүүлэг / хх-ийн 105-106 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

           3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 15-ний өдөр хурим найраа хийсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нөхөр болох ******* бид 2 миний төрсөн охин болох Номин луу мөнгө шилжүүлэхээр хөдөөнөөс сумын төв рүү орж ирсэн. Тэгээд мөнгө төгрөгөө шилжүүлээд явах гэж байтал *******ын найз гэх Гэрэлцогт бас нэг үл таних залуугийн хамт явж байсан тэгээд бүгдээрээ нийлээд 3 ширхэг Сэрүүн гэх нэртэй пиво хувааж ууж дуусаад тэндээсээ за 2 уулаа явъя гээд ******* бид 2 мотоциклтой хөдөө гэр лүүгээ явсан тэгээд би замдаа бие засъя гээд зогсоод бие засчихаад явах гэтэл ******* намайг нөгөө хамт пиво уусан 2 залуутай намайг хардаад чи муу янхан минь наад 2-тойгоо хамт явахгүй юу чи бол тэгж мэдэхээр янхан ш дээ гээд намайг доромжлоод байхаар нь би газраас шороо атгаад нүүр лүү цацсан тэгсэн чинь над дээр хүрч ирээд миний баруун гар руу нэг удаа өшиглөсөн тэгээд нэг мэдсэн чинь миний баруун гарын шуу унжчихсан байсан. Тэгээд тэндээсээ эмнэлэг рүү явах гэтэл гар өвдөөд явж болохгүй байна гэхэд ******* нэг хүн рүү яриад машинтай нь дуудсан тэгээд би тэр хүний машинд суугаад шууд эмнэлэгт ирсэн. Тэгээд Ичинхорлоо эмчид мотоциклоосоо унаад гараа гэмтээчихлээ гээд худлаа хэлээд үзүүлтэл Ичинхорлоо эмч чиний баруун гарын 2 шуу чинь хугарсан байна гээд чиг тавиад боож өгөөд надад 2 ширхэг өвчин намдаах тариа хийж 13/А маягтыг бөглөж өгөөд намайг шууд аймаг руу яв гэж хэлсэн тэгээд тухайн өдөр орой болчихоод маргааш өглөө нь 2 ширхэг өвчин намдаах тариа бэдэн аваад шууд аймаг руу *******ын машинтай хамт явсан замдаа өвчин намдаах тариагаа хийгээд аймаг орсон. Тэгээд 103 түргэн тусламж дээр очоод үзүүлэхэд наадахаа гипсдүүлээд ир гэсэн тэгээд гилсдүүлээд 3 хонотол эргээд шуу хэсгээрээ гар унжаад байхаар нь эргээд эмнэлэг дээр очтол наадахаа хадуулах шаардлагатай байна. Та хотод хадуулж болно эсвэл энд хадуулж болно гэхээр энд хадуулчихъя гэж хэлсэн. Сумаас аймаг руу 2021 оны 05 дугаар сарын 30-ний өдөр очоод аймаг гараа гипсдүүлж 3 хоноод 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хагалгаанд орж хадуулсан. Тэгээд би гарныхаа боолтыг солиулаад эмнэлэгт 12 хоноод байж байтал манай нөхөр сумын эмч боолтыг хийдэг гэнээ гээд намайг эмнэлгээс гаргаж аваад 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдөр охин Номингийн хамт өөрийн ээж болох Наранцэцэгээр аймгийн баруун талын постон дээр хүргүүлж очоод 3 уулаа сумд ирсэн сумд тэгээд боолтоо эмнэлэг дээр хийлгэчихээд шууд хөдөө гэр лүүгээ явсан тэгээд очоод 7 хонож байтал ******* Номинг гаднаас юм аваад ир гэхэд манай охин нөгөөхийг авчирч өгөөгүй тэгсэн чинь чиний энэ зулбасга хүний үгэнд орохгүй юм чи наад зулбасгаа аваад манай гэрээс зайл гэхээр нь би ямар ч байсан зулбасга төрүүлээгүй хүн төрүүлсэн гээд жаахан хашгачиж байхад чи дандаа хүүхдээ өмөөрч байдаг гээд муу писдаа гээд намайг хараагаад байсан. Тэгэхээр би манай хүүхэдтэй ерөөсөө таарахгүй юм байна гээд хүүхдээ маргааш нь аймаг руу явуулсан. Тэгээд 2022 оны 02 сард цагаан сараар айлд очиж архи ууж гэртээ орж ирээд өдөр унтаж амар гэтэл намайг шууд ор луу түлхээд унагаасан тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гэхэд миний унтаж хэвтэх чамд хамаагүй гээд намайг үсдэж унагаад гэрээс чирч гадаа гаргаж байгаад миний нүүр, толгой руу баахан дэвссэн тэгээд би жаахан гадаа сууж байгаад гэр лүүгээ ортол ******* орон дээр.гараад унтаад өгсөн байсан Тэгээд би маргааш чи намайг арай аймар болгосон байна гээд ээж дээ хэлнэ гэхэд битгий хэлээ гээд байхаар нь би шууд ээждээ хэлсэн. Тэгээд ээж залгаж та 2 юу болоод байгаа юм бэ гэхэд ******* манай ээжид өөрийгөө хамгаалж.юм яриад тухайн асуудал тэгээд өнгөрч байсан Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би нөхөр хүүхдийн хамт гол дээр хувцас угааж байтал наймаа хийж яваа гээд машинтай 2 хүн бид нар дээр ирсэн тэгээд тэндээс бид 2 хүүхдээ хувцас хунар авч өгтөл нөгөө наймаа хийж байсан 2 хүн манай нөхөрт 2 литрийн савлагаатай Сэрүүн гэх нэртэй  1 ш  пиво өгөөд яваад өгсөн тэгээд бид нар хувцсаа угаагаад байж байтал манай нөхрийн хамаатан болох Сайнжаргал ах бид нар дээр ирсэн тэгээд манай  нөхөр нөгөө пиво гаргаад 3 уулаа хувааж уугаад байж байтал Сайнжаргал жаахан халчхаад намайг манай архичин бэрээр юу байна гэж хэлсэн тэгэхээр би нөгөө Сайнжаргал ахад та юу яриад байна наад үгээ бодож хэлээрээ гээд машиндаа ороод суусан. Тэгээд нөгөө Сайнжаргал ах манай нөхөртэй гадаа нэлээн сууж байгаад яваад өгсөн тэгээд би хамаг хувцсаа хамаад машиндаа хийчхээд танай хамаатан садангууд яахаар намайг янз бүрийн үгээр хэлдэг юм гэж *******т хэлсэн чинь би яаж мэддэг юм би ямар тэгж хэл гээд байгаа биш гэхээр нь би машиндаа суугаад хүүхэдтэйгээ 3 уулаа гэртээ очсон гэр лүүгээ ороод би орон дээр гараад хэвтэж байтал ******* үхэртээ явлаа гээд гарсан тэгээд би *******ыг үхэртээ яваад ирэх хооронд унтсан байсан гээд гаднаас орж ирээд намайг бос гэхээр нь би сэрээд босох гэж байтал хүүхэд үхэрт дайруулах гээд байна гээд намайг баруун хөлөөрөө миний зүүн хөл рүү нэг удаа өшиглөсөн тэгээд чи яахаар намайг өшиглөдөг юм гээд жаахан маргалдаад үхрийн зэл рүү явж байтал намайг хогийн шүүрээр гар луу цохихоор нь би газраас жижигхэн чулуу аваад шидсэн чинь *******ын толгой дээ онож толгой нь бага зэрэг хагарч цус гоожтол хадам ээж цагдаагийн байгууллагад өгч 2022 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед цагдаагийн албан хаагч нар ирээд бид 2-ыг аваад явсан. Тэрнээс хойш одоо болтол зодож цохисон зүйл байхгүй. Би *******ыг засарчих болов уу гээд цагдаагийн байгууллагад хэлэлгүй өнгөрөөдөг байсан.Би Жаргалант сумын эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлж байгаагүй. Харин 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гараа хугалуулчихаад эмнэлэгт ирээд мотоциклоо унаад гараа бэртээчихлээ гэж худлаа хэлээд чиг тавиулж боолгоод 2 ширхэг өвчин намдаах тариа хийлгээд 13/ А маягт бөглүүлээд шууд аймаг руу яв гэсэн тэгээд цаг нэлээн орой болсон байхаар хоноод өглөө эрт явъя гээд гэртээ очиж амраад маргааш өглөө нь сумын эмнэлэг орж 2 ширхэг өвчин намдаах тариа аваад аймаг руу очоод гараа гипсдүүлж 3 хоноод 4 дэх хоногоос нь аймгийн гэмтлийн тасагт хадуулж тэндээ 12 хоноод эмнэлгээс гарсан тухайн үед гараа хадуулсны зардал болон ор хоногийн мөнгө болох 1.350.000 төгрөгийг ******* эмчид өгсөн байсан. Одоо миний биед зовиур байхгүй. Тэгэхдээ 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гараа хадуулсан хадааснуудаа авхуулна. Би *******аас мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 37-40 /,

....Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр болох ******* нь 2021 оны 05 дугаар сарын 29-ны өдөр миний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардал мөнгийг бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 41 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Иргэний нэхэмжлэгч Д.Одонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....******* гэх хүнд манай байгууллагын зүгээс нийт 67.000 төгрөг олгогдсон. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багц гэж 53.000 төгрөг, тус өдөр нэгдсэн эмнэлгийн амбулаторын үзлэг гэж 14.000 төгрөг, нийт 67.000 төгрөг олгогдсон. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрвээ буруутай этгээдийн үйлдлийн улмаас зардал гарсан бол эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэн хохирлыг барагдуулах ёстой байдаг...гэх мэдүүлэг / хх-ийн 47- 50 /,

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Надад 2022 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр манай охин Нарангэрэл над руу залгаад уйлаад “манай нөхөр ******* намайг дарамтлаад хэцүү байна, би салмаар байна, гэртээ харимаар байна. Бас 2021 оны 05 дугаар сарын сүүлээр миний гарыг өшиглөөд хугалсан би тухайн үедээ таниас нуугаад үнэнийг хэлээгүй одоо ингээд 2 дахь удаагаа зодлоо миний ам хавдсан хөдлөхгүй байна бас хэл амаар байнга доромжилдог” гэж хэлсэн. Тэгээд би та нар ямар сонин хүмүүс вэ хэрвээ таарч тохирохгүй бол гэртээ ирэхгүй юу гээд аль аль чангахан үг хэлсэн тэгээд нилээн ярьж байгаад утсаа тасалсан харин тэрнээс хойш ахиж яриагүй байж байгаад 2022 оны 07 дугаар сарын эхээр манай худ болох Лхамсүрэн энэ хоёр хоорондоо таарч тохирохгүй байнга хэрэлдэж зодолдоод байна. Миний үгэнд орохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн шүү гэж над руу ярьсан.  Надад 2022 оны 02 дугаар сард буюу цагаан сараар уйлж ярихдаа ******* хугалсан тэгэхдээ би *******ын 2 найзтай 4 үүлээ пиво ууж дуусаад гэртээ харих гээд явж байх замдаа намайг нөгөө 2 найзтайгаа хардаад байхаар нь би нүүр лүү нь шороо цацсан. Тэгсэн чинь миний гар луу өшиглөөд гар хугалсан” гэж сүүлд нь 2022 оны 02 дугаар сард хэлсэн. Нарангэрэл гараа хугалаад Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 12 хоног хэвтэж эмчлүүлсэн тэгээд гараа шууд сум руугаа явцгаасан...гэх мэдүүлэг / хх-ийн 61-63 /,

7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2021 оны 05 дугаар сард Нарангэрэл гэх хүн мотоциклоос унаад гараа бэртээчихлээ гэж ирсэн. Тэгээд үзлэг хийхэд баруун гарын шуу ясны хугарал гэж оношлон эвийн аргаар гар засал хийж чиг боолт тавин дараагийн шатлалын эмнэлэгт 13А маягт бичин дараагийн шатанд шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна хагалгаа хийлгээд боолтоо солиулахаар ирээд боолтоо солиулаад явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 64-66 /,

8. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* н ь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирж үзүүлэхдээ “Баянхонгор аймгийн Жаргалант суманд 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мотоциклоос унаж гэмтсэн” гээд баруун гарын шууны яс. богтос яс, дунд 3-ны нэгээр хугарч зөрсөн байдалтай ирсэн. Тэгээд үзээд эвийн болон эмийн эмчилгээ тухайн үйлчлүүлэгчтэй хийсэн. Тэгээд тухайн эмчилгээ нь үр дүнгүй учир 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай мэс заслын тасагт хэвтэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэс заслын хагалгаанд орсон...гэх мэдүүлэг / хх-ийн 70-71 /,

9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 07 сарын 26-ны өдрийн 517 дугаартай шинжээчийн:

1. *******ийн биед тухайн үед баруун гар тус газарт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун богтос, шуу ясны хугарал гэмтэл учирсан ба 2021 оны 06 дугаар сарын 04-нд хугарлыг засах мэс засал эмчилгээ хийгджээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 81-82/,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд бусадтай согтууруулах ундаа хэрэглэж сумын төвөөс Нам толгой 1 дүгээр багт байх хөдөө гэр рүүгээ явах замдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр *******ийг хардаж түүний баруун гар тус газарт нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун богтос, шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт  болсон нь  хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч *******, *******,  ******* нарын мэдүүлэг, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 517 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хохирол нэхэмжлээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай Прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнсэх хугацаатай адил хэмжээгээр хугацааг тогтоож хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Хохирогч ******* нь эрүүл мэнддээ хүндэвтэр хохирол авсны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчлүүлсэн бөгөөд тусламж үйлчилгээнд эмнэлгийн байгууллагаас 67000 төгрөгийг гаргаж уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын байгууллага төлсөн байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн дээрх зардлыг төрөөс иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагаднөхөн төлнө гэж хуульчилсаны дагуу шүүгдэгч *******аас 67000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар  шүүгдэгч ******* овогт *******гийн *******т оногдуулах хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг  хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл  мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 67000 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ