Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0716

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “Б” ГХОХХК

          Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б

          Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-2122******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0645 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б

          Хэргийн индекс:128/2024/0407/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Б” ГХОХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-2122******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг зарим хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0645 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.2, 84.2, 10 дугаар зүйлийн 10.1, 18 дугаар зүйлийн 18.6.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ГХОХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо:

“...Үүнд: Актын 1-т туслах үйл ажиллагаа борлуулалтын орлогыг бүртгээгүй тул 1,843,915,163.64 төгрөгийн зөрчилд 276,576,211.06 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги ногдуулсан бөгөөд үүний задаргааг тодруулахад 890,709,000 төгрөгийн урьдчилж орсон борлуулалт хэмээн хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж татвар ногдуулсан байсан. Үүнийг шалгаж үзэхэд манай компанийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн, урьдчилж орсон орлогын дансанд бүртгэгдсэн 890,709,000 төгрөгийг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч төлбөрийн баримтыг системд бүртгэсэн байсныг бүрэн гүйцэт шалгаж тогтоогүй бүхэлд нь нөхөн татвар торгууль алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

Актын 3-т үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого хэмээн 235,309,000.00 төгрөгт тооцсон 7,058,987 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги нь ямар хөрөнгө хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаарх санхүүгийн анхан шатны баримт дансны орлого зарлагын гүйлгээнд тулгуурлан гаргаагүй, үүнд үндэслэн тооцоолол хийгээгүй гэж үзэж байна.

Актын 4-т Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайланд 2021 онд 2,079,224,163.64 төгрөгийн НӨАТ-н борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 311,671,149.20 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги тооцсон нь илэрхий алдаатай тооцоолол хийсэн гэж үзэж байна. Учир нь ТУБ нар тооцоолол хийхдээ “Т” ХХК-с барааны үнэд байр авч 953,203,163.64 төгрөгөөр борлуулсан гэж мөн 2020 онд МУ-н гаалийн байгууллагад мэдүүлэн оруулж ирсэн 5 автомашиныг зарж борлуулсны орлогоос НӨАТ төлөөгүй гэж үзэж төлбөр ногдуулсан. ТУБ нар болон Маргаан таслах зөвлөлөөс үүнийг тогтоохдоо “Б ХХК нь Т ХХК-д 8 төрлийн диаметр бүхий 1,339.61 тонн барилгын арматур төмрийг ... нийлүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №СR2021*****-* тоот худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар Т ХХК-ийн барьсан орон сууцны зориулалттай байрнаас 6 байр, 5 авто зогсоолыг бартерт 1,313,659,000.00 төгрөгийн үнэлгээтэй/ авахаар тохиролцсон нь компани хооронд хийсэн тооцоо нийлсэн актаар нотлогдож байна” гэжээ. Б болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан дээрх худалдах худалдан авах гэрээний төлбөрт бартераар байр орон сууц болон бусад зүйлс авах талаар тохиролцоогүй бөгөөд энэхүү дурдсан 6 байр 5 авто зогсоолыг манай компани өөрийн өмчлөлд аваагүй бүртгэлд оруулаагүй худалдан борлуулаагүй байхад худалдан борлуулж орлого олсон гэж байгаа нь, үндэслэлгүй, мөн дээрх 5 автомашин нь өнөөдөр ч манай компанийн нэр дээр бүртгэлтэй өдөр тутам үйл ажиллагаандаа ашиглаж байхад худалдан борлуулсан гэж үзэж төлбөр тогтоосон. Ийм байхад энэхүү орлого болоогүй зүйлд НӨАТ тооцох,  түүнд торгууль алданги бодох нь хууль зөрчсөн үйлдэл болжээ гэж үзэхээр байна. Харин үүнийг хасаж үлдэх тайлагнасан орлогод ногдох торгууль алдангийг дээрх “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль” 2020 оны хуулиудад хамрагдуулан чөлөөлөх байсан гэж үзэж байна.

Эдгээр хуулийн үндэслэлгүйгээр тогтоосон санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн гүйцэт харж үзэж нягтлаагүй, үнэлж дүгнээгүй ТУБ-ч нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №НА-2122******* дугаар Нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан актын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг, анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх “Б” ГХОХХК-ийн Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-2122******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг зарим хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид Зөвлөгөөн гэх/ ажиллана, 19.2-т Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж,

2.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно” гэж зааснаас үзвэл хэрэг хуваарилах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчийг өөрчлөх асуудал нь Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам-д үндэслэн тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журмаар зохицуулагдах бөгөөд уг журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх, Зөвлөгөөний шийдвэргүйгээр өөрчлөх боломжгүй байх зэрэг шаардлагыг хангах, хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх ёстой.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “Б” ГХОХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-2122******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг зарим хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.А-д хуваарилагдан 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3892 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А-ийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 56** дугаар “Шүүх хуралдааныг товлон зарлах тухай” захирамжаар захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад товлож шийдвэрлэсэн ба 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 63** дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар тус шүүхийн шүүгч Ц.М шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

5. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр шүүгч Ц.М-ыг томилсныг албажуулснаас өөр шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн шийдвэр байхгүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ц.М даргалан шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

6. Иймд хуульд заасан ямар үндэслэлээр, хэний шийдвэрээр шүүгч Б.А-ээс шүүгч Ц.М-д шилжүүлсэн нь тодорхойгүй, үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, хэргийг хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ГХОХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                           О.ОЮУНГЭРЭЛ

              ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА