Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 238

 

МАГАДЛАЛ

 

2018.01.19                                                     Дугаар 238                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Э.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02560 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б у б д х м х а холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б у б д х м х а-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулж 1 жилийн хугацаатай ариутгагчаар ажиллахаар болсон. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахин ажиллаж байсан. Гэтэл Б у б д х м х албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б\115 дугаар хууль бус тушаал гарган хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж ажлаас үндэслэлгүйгээр халсан. Б.С-н ажлын орон тоонд түр тушаалтай ажиллаагүй байхад ийнхүү үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд энэхүү хууль бус тушаалтай холбоотойгоор өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байгаа бөгөөд Б у б д х м х албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б\115 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:        Хавтаст хэрэгт 4 ариутгагчийн ажилд орсон, хүүхэд асрах чөлөө авсан бүх тушаалыг өгсөн. н.Гантуяа нь 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 58 дугаартай тушаалаар ажилд ороод, хүүхэд асрах чөлөөг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 64 дугаартай тушаалаар авсан. н.М нь 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 109 дугаартай тушаалаар ажилд орсон. Үүний дараа хүүхэд асрах чөлөөг 2 удаа буюу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тус тус авч байсан. Б.С нь 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар ажилд ороод, түүний дараагаар 2 удаа хүүхэд асрах чөлөө авсан. Хамгийн сүүлд хүүхэд асрах чөлөөний хугацаа нь дуусгавар болоод ажилд орох хүсэлтээ гаргасан. Б.С-н оронд Э.Н-г түр томилон ажиллуулж байсан. 2010 оноос хойш ажиллаж байсан ариутгагч нарыг ажлаас чөлөөлөх боломжгүй. Зөвхөн хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.С-н оронд Э.Н-г томилж ажиллуулсан юм. 3 ариутгагч ажлаа хийж байсан бөгөөд дээр нь Б.С орж ирсэн. Э.Н хувьд түр тушаалтай байсан учраас ингэж шийдвэр гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн б/115 тушаалын үндэслэл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар харилцан тохиролцсон гэж байгаа. Б.С ажилдаа орох гэж байна. Тийм болохоор чи чөлөөлөгдөх нь байна шүү гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Н-г Б у б д х м х албаны ариутгагчийн эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 890 258 төгрөгийг хариуцагч Б у б д х м х албанаас гаргуулж Э.Н олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Б у б д х м х албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүйг дурдаж, хариуцагчаас 77 194 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинг буруу тогтоосон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 10 сар 24 хоног байна. Тиймээс 10 сар ажлын 18 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 5 130 814 төгрөг болж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2010 оноос хойш ажиллаж байгаа ариутгагчдыг ажлаас чөлөөлөх ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Зөвхөн Б.С-н оронд түр томилон ажиллуулж байсан Э.Н өөр ариутгагчийг ажлаас чөлөөлөх ямар ч боломжгүй болсон. Үлдсэн 2 ариутгагчийн ажилд орсон, хүүхэд асрах чөлөө авсан тухай тушаалуудыг нотлох баримтаар гаргаж өгөх болно. Мэргэжлийн бус, түр тушаалтай ажиллаж байсан Э.Н-г 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 заалтыг оруулсан. Учир нь Э.Н-г 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын өрөөнд мэргэжилтэн Э.Б-г байлцуулан уулзаж хүний оронд түр ажиллаж байгаа тухаи ярилцахад өөрөө хүлээн зөвшөөрч ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй гээд зөвшөөрсөн. Гэрчээр оролцуулах Төрийн үйлчилгээний ажилд түр тушаалаар томилогдон ажиллаж байсан Э.Н нь хүний оронд түр ажиллаж байснаа хүлээн зөвшөөрсөн тул тухайн шийдвэрийг гаргасан. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.8 дахь заалт, Олон улсын иргэний нисэхийн дүрэм, Олон улсын Эрүүл мэндийн дүрэмд зааснаар ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн буюу мэргэжлийн гэрчилгээтэй хүн хийнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Э.Н-г өөрийн биеэр мөн тус албанаас гэрчийн этгээдийг шүүх хуралд тус тус оролцуулах саналтай байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагчаас гаргуулбал зохих олговрын хэмжээг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Б у б д х м х а холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.С-н оронд түр тушаалтай ажиллаагүй байхад түүнийг ажилдаа орсноор хууль бус тушаал гарган ажлаас халсан...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...хүүхэд асрах чөлөөтэй байсан Б.С-н оронд нэхэмжлэгчийг түр томилон ажиллуулж байсан, Б.С-н чөлөөний хугацаа дуусч ажилдаа орсон, Э.Н-г өөртэй нь тохиролцон ажлаас чөлөөлсөн учир нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч байгууллагын даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/86 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ариутгагчаар түр томилсон, ажил олгогч байгууллагын эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 тоот тушаалаар “Б.С-н хүүхэд асрах чөлөө дуусгавар болсонтой холбогдуулан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч нь сард 467 582 төгрөгийн цалин авч байсан, Э.Н нь шүүхэд гомдлоо 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулбал зохих олговрын хэмжээг буруу тооцсон байна.

Нэхэмжлэгч Э.Н нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тэрээр 2016 оны 10 дугаар сард 463 082 төгрөг, 11 дүгээр сард 778 066 төгрөг 12 дугаар сард 176 577 төгрөгийн цалин авсан байх ба 1 сарын дундаж цалин нь 472 575 төгрөг, 1 өдрийн цалин 22 504 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг шүүх хэргийг шийдвэрлэсэн өдрөөр тооцоход 10 сар 18 хоног байх тул түүний ажилгүй байсан хугацааны олговорт 5 130 814 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02560 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...3 890 258 төгрөгийг хариуцагч Б у б д х м х албанаас гаргуулж Э.Н олгосугай.” гэснийг “5 130 814 төгрөгийг...” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...хариуцагчаас 77 194 төгрөг гаргуулан” гэснийг “97 043 төгрөг” гаргуулан гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 77 194 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                   

                                         ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ                                     

 

                                                                                                      М.НАРАНЦЭЦЭГ