Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00924

 

 

 

******* холдингс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02719 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1966 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: ******* холдингс ХХК

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:******* ХХК

 

нэхэмжлэл: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,*******ны 2, 4, 13, 91, 93, 126, 146 тоот хаягт байрших орон сууцуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзамын хяналтын журмаар 2020.10.30-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сугарням, өмгөөлөгч Б.Раднаасүрэн, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Отгонбаатар, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ******* холдингс ХХК нь БЗД-н 16-р хорооны нутаг дэвсгэр байрлах Баяжих цогцолборын 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий барилгын үндсэн хөрөнгө оруулагч болох Вишн Экспресс компани болон Зенит интелиженс компаниас олгосон захиран зарцуулах эрхийн дагуу орон сууц, талбайг иргэдэд урт хугацааны зээлийн гэрээний дагуу худалдан борлуулах үйл ажиллагааг явуулж байна. БЗД-н ИХАШШ-н 2018.03.07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Хуурмагнай ХХК-иас 1,684,460,626 төгрөг гаргуулж,******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа НШШГГ-н шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг хууль бусаар явуулж байна. Учир нь ШШГТХ-д заасан төлбөр төлөгч-хуулийн этгээд нь Хуурмагнай ХХК байхад ******* холдингс ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий талбайг захиран зарцуулах эрхийг улсын бүртгэлийн байгууллагад түдгэлзүүлэх, зарим хөрөнгийг битүүмжлэх тогтоол гаргах зэргээр бусдын хөрөнгөд хууль бусаар халдаж байна. Манай компани нь 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий талбайг иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацааны дотор хуваарийн дагуу орон сууц, талбайн үнийг төлөх уян хатан нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх хууль бус ажиллагааны улмаас олон худалдан авагчийн эрх ашигт ноцтойгоор хөндөгдөж байна. Манай компанийн зүгээс НШШГГ-н удирдлага, ШШГЕГ-н удирдлагад өргөдөл, гомдол гаргасан боловч шийдвэрлэх арга хэмжээ аваагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Э.Цэрэнхандын БЗД-н ИХАШШ-н 2018.03.07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч этгээдээс бусад Шүүхийн шийдвэрээр хэн нэгэнд өр төлбөргүйд тооцогдоогүй этгээдийн хөрөнгөд чиглэсэн ажиллагааг хийж байгаа нь хууль бус байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй, хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,*******ны 2, 4, 13, 91, 93, 126, 146 тоотод байрлах нийт 7 орон сууцыг битүүмжилснийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Төлбөрт битүүмжилсэн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Хуурмагнай ХХК бөгөөд тус барилгыг 2016.01.27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч Хуурмагнай ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Рави Жагасиа нь Хуурмагнай ХХК, ******* холдингс ХХК, Vision express LTD, Zenith Intelligence Corporations LTD-ийг дангаар эзэмшдэг буюу Рави Жагасиагийн компаниуд болох тодорхойлолтыг Улсын бүртгэлийн хэлтсээс хүргүүлж, ******* холдингс ХХК-ийн нэр дээр орон сууц, автозогсоолыг шилжүүлэх утга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна. ******* холдингс ХХК нь Рави Жагасиагийн хамаарал бүхий этгээд буюу түүний охин Мона Рави Жагасиагийн 100 хувийн үүсгэн байгуулсан /2017.09.25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн/ хуулийн этгээд бөгөөд Хуурмагнай ХХК болон******* ХХК-д холбогдох иргэний хэргийг гурван шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсний дараа буюу 2018.10.23-ны өдрийг хүртэлх хугацаанд Рави Жагасиа нь ******* холдингс ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирлаар ажилласан болох нь тогтоогдсон. Хуурмагнай ХХК нь өөрийн эзэмшлийн улсын комисст хүлээлгэн өгсөн дээрх барилгаас худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн орлогыг 2019.03-р улиралд тайлагнахдаа үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого 8,233,261,409 төгрөгийг тайлагнасан нь БЗД-н татварын хэлтсээс 2020.01.09-ний өдрийн 20-05/55 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Тус газраас ******* холдингс ХХК-ийг төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулан ашиг орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжин, төлбөрт битүүмжилсэн хөрөнгийг худалдан борлуулж, дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар БЗД-н Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан, хэрэг шалгагдаж байна. Иймд төлбөр төлөгч Хуурмагнай ХХК-ийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* ХХК тайлбартаа: Хуурмагнай ХХК нь дээрх орон сууцнуудын өмчлөгч гэдгээ нотлох ёстой. Өмчлөгч нь биш атлаа шүүхэд манай хөрөнгө гээд, захиран зарцуулах эрхийг авсан гэж нэхэмжлэл гаргах замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 101/ШШ2020/02719 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 001/ХТ2018/01418 дугаар тогтоолын дагуу явагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/29 дүгээр тогтоолоор битүүмжилсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,*******ны 2 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, нэхэмжлэгч ******* холдингс гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,*******ны 4, 13, 91, 93, 126, 146 тоотод байрлах орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1966 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02719 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/29 тоот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,*******ны 2 тоот хаягт байрших орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс мөн хаягт байрших 4, 13, 91, 93, 126, 146 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-н 172.2.1, 172.2.2.-д заасан үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Нэгдүгээрт; НШШГГ-н 227 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Цэрэнхандын явуулж байгаа ажиллагаа нь БЗД-н ИХАШШ-н 2018.03.07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Хуурмагнай ХХК-иас 1,684,460,626 төгрөг гаргуулж,******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа бөгөөд уг шийдвэрийг гүйцэтгэхдээ ******* холдингс Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж ажиллагаа явуулсан. Учир нь БЗД-н 16-р хороо, 16-р хороолол,*******ны 4, 13, 91, 93, 126, 146 тоот байрыг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хууль, Иргэний хуулийг зөрчсөн. ******* холдингс Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь БЗД-н 16-р хороо, 16-р хороолол, 18-р байрны 126, 146 тоот байрууд нь Вишн Экспресс компанийн 2017.09.28-ны өдрийн БЗД-н бүртгэлийн хэлтэст хандсан 17/27 тоот албан бичиг, түүний хавсралт жагсаалтаар, мөн тус байрны 4, 13, 91, 93, тоот байрууд нь Зенит интелиженс компанийн БЗД-н бүртгэлийн хэлтэст хандсан 2017.09.28-ны 17/27 тоот албан бичиг, түүний жагсаалтаар улсын бүртгэлд тэмдэглэгээ хийсний дагуу захиран зарцуулж байгаа болно. Ийнхүү БЗД-н 16-р хороо, 16-р хороолол, 18-р байрны 4, 13, 91, 93, 126, 146 тоот орон сууцыг ******* холдингс Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэр дээр бүртгэсэн нь ******* холдингс Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2017.09.28-ны өдрийн 17/03 тоот албан бичиг, 2017.10.24-ний өдрийн 1024 тоот албан бичиг, Вишн Экспресс гадаадын компанийн 2017.10.24-ний өдрийн БЗД-н бүртгэлийн хэлтэст хандсан 10/24 тоот албан бичиг, түүний хавсралт жагсаалтаар, Хуурмагнай ХХК-ийн 2017 оны 11.06-ны өдрийн 113 тоот албан бичгээр нотлогдоно. Хуурмагнай ХХК болон ******* холдингс ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Рави Жагаси нь ажиллаж байсан бөгөөд одоогоор ******* холдингс ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болно. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-т Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ..., мөн хуулийн 6.1-т Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.., мөн хуулийн 6.2-т Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.. гэж тус тус заасан. БЗД-н 16-р хороо, 16-р хороолол, 18-ар байрны 4, 13, 91, 93, 126, 146 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх нь ******* холдингс Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд Хуурмагнай ХХК-ийн хөрөнгө биш юм. Иргэний хуулийн 83.1-т Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно..., мөн хуулийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.. гэж заасан бөгөөд БЗД-н 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжих цогцолборын 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий барилгын үндсэн хөрөнгө оруулагч нь Вишн Экспресс компани, Зенит интелижене компани бөгөөд Хуурмагнай ХХК нь тухайн орон сууцыг******* ХХК-иар захиалан бариулснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохгүй юм. НШШГГ-н 227 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь БЗД-н ИХАШШ-н 2018.03.07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Хуурмагнай ХХК-иас 1,684,460,626 төгрөг гаргуулж,******* ХХК-д олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Хуурмагнай ХХК-ийн хөрөнгөд ажиллагаа хийх, хэрэв төлбөрийг барагдуулахад хөрөнгө нь хүрэлцэхгүй байвал хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр барагдуулах байтал ******* холдингс Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бусдаас итгэмжлэн авсан хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй гэх үндэслэлээр шууд ажиллагаа хийсэн нь хууль бус юм. Хоёрдугаарт; шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхэд БЗД-н ИХАШШ-н 2018.03.07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй хууль бус болохыг тогтоолгож, УБ хот, БЗД, 16-р хороо, 16-р хороолол, 18-р байрын 2, 4, 13, 91, 93, 126, 146 тоот хаягтай нийт 7 орон сууцыг битүүмжилснийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байтал Шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэх болон хэний хөрөнгө гэдэгт ач холбогдол өгөлгүйгээр, гэрчилгээгүй бол өмчлөгчөө нотолж чадаагүй гэж үзнэ хэмээн бусдын хөрөнгөд халдсан үйлдлийг шүүх зөвтгөсөнд гомдолтой байна. Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан талаар гомдол гаргах эрх нь зөвхөн тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчид хамаарна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 89.1-т Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ..., мөн хуулийн 93.1-т Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй... гэж тус тус заасан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй нь Хуурмагнай ХХК-ийн хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд НШШГГ-н ажиллагаа нь өөрөө хуульд нийцээгүй байхад түүнийг үндэслэлгүйгээр зөвтгөсөн нь хууль бус шийдвэр болсон. Учир нь өнөөгийн нийгэмд орон сууц барих, түүнийг бусдад худалдахад түрээсийн үйлчилгээ явуулах, урт хугацааны зээлээр худалдах зэргээр шууд ашиглалтад орсон орон сууцанд тухай бүр гэрчилгээ гардаггүй. Гуравдугаарт; ИХШХШТХ-н 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тухайд; Хариуцагч НШШГГ-н төлөөлөгч тус газрын 227 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Цэрэнханд нь төлбөр авагч******* ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг Анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хангаж,******* ХХК-ийг ХХША-нд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах захирамж гаргаж оролцуулсан ба******* ХХК нь Баяжих цогцолборын 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий барилгын захиалагч Хуурмагнай ХХК-тай байгуулсан гэрээгээ нотлох баримтаар өгч ХХША-нд тухайн хөрөнгө нь Хуурмагнай ХХК-ийн хөрөнгө гэсэн байр суурьнаас хуралд оролцсон. Гэтэл ******* холдингс Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал Б.Сугарням, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн нараас уг ХХША-нд төлбөр төлөгч Хуурмагнай ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг Анхан шатны шүүхэд гаргасныг хангаагүй ба хүсэлтэд гомдол гаргах боломж олголгүйгээр хурлыг явуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс ИХШХШТХ-н 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно... гэж заасны дагуу уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай холбогдуулан Хуурмагнай ХХК-ийг зайлшгүй оролцуулах шаардлагатай талаар тайлбарласан боловч зохигчийн мэтгэлцэх, хэргийн үйл баримтын талаар хүсэлт гаргах эрхийг Анхан шатны шүүхээс ноцтой зөрчиж хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс мөн адил үүнд анхаараагүй. ШШГТХ-н 33-д төлбөр төлөгч, авагч буюу талуудын эрх, үүргийг хуульчилсан. Мөн хуулийн 44-д заасан шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээ нь хууль зөрчсөн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал шүүх зөвхөн 7 байрны битүүмжлэлээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болох нэхэмжлэлийн шаардлага түүнд холбогдуулан гаргасан битүүмжлэх, хураах ажиллагааны тогтоолын талаар гаргасан үйл баримтыг хэлэлцээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* холдингс ХХК 2020.04.30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,*******ны 2, 4, 13, 91, 93, 126, 146 тоот хаягт байрших орон сууцуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн байна. Нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлахдаа ... ******* холдингс ХХК нь Вишн Экспресс компани болон Зенит интелиженс компаниас олгосон захиран зарцуулах эрхийн дагуу орон сууц, талбайг иргэдэд урт хугацааны зээлийн гэрээний дагуу худалдан борлуулах үйл ажиллагааг явуулж байгаа.... Хуурмагнай ХХК-иас 1,684,460,626 төгрөг гаргуулж,******* ХХК-д олгох гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явуулж байна... төлбөр төлөгч нь Хуурмагнай ХХК байхад ******* холдингс ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна... өргөдөл, гомдол гаргасан боловч шийдвэрлэх арга хэмжээ аваагүй... хэн нэгэнд өр төлбөргүйд тооцогдоогүй этгээдийн хөрөнгөд чиглэсэн ажиллагааг хийж байгаа нь хууль бус байна... гэсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...битүүмжилсэн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Хуурмагнай ХХК юм... Хуурмагнай ХХК, ******* холдингс ХХК, Vision express LTD, Zenith Intelligence Corporations LTD нь Рави Жагасиагийн компаниуд юм.... ******* холдингс ХХК-ийг төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулж байна... гэжээ.

Анхан шатны шүүх 2020.05.08-ны өдрийн 19260614/29 дүгээр тогтоолоор битүүмжилсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,*******ны 2 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, мөн байрны 4, 13, 91, 93, 126, 146 тоотод байрлах орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа ... ажиллагааг хууль бусаар явуулсан гэх үндэслэлээр орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг шаардсан байна... Хуурмагнай ХХК-с төлбөр гаргуулж******* ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна... энэ явцад орон сууцын тус тус битүүмжилжээ....Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.4.2-р төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжилнэ., 32.3-т төлбөр авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ...нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрийг биелүүлэх төлбөр төлөгч этгээд биш ба .... 2 тоотын өмчлөгчөөр 2017.01. 28-ны өдөр бүртгэгджээ... уг орон сууц нь төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй хөрөнгө байна... 4, 13, 91, 93, 126, 146 тоотод байрлах орон сууцнуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжилсэн ажиллагааг хууль бус талаар шүүхэд гомдол гаргах эрх нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчид хамаарах ч нэхэмжлэгч эдгээр эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ нотлоогүй.... орон сууцнуудыг бусдад худалдан борлуулах эрхийг Хуурмагнай ХХК-иас гэрээгээр шилжүүлж авсан гэх тайлбараа нотлоогүй... гэсэн дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх 2020.05.08-ны өдрийн 19260614/29 тоот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,*******ны 2 тоот хаягт байрших орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс мөн хаягт байрших 4, 13, 91, 93, 126, 146 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо ... шүүх нэхэмжлэлийг зөв шийдвэрлэсэн боловч баримталсан хуулийг буруу зааж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг оруулж тодорхойлсон нь оновчгүй болсон..гэж үзсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дүгээр шийдвэрээр Хуурмагнай ХХК-с 1,684,460,626 төгрөг гаргуулж******* ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх 2018.10. 16-ны өдрийн 001/ХТ2018/01418 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн, төлбөр төлөгдөөгүй тул 2019.03.05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

 

Төлбөр төлөгч Хуурмагнай ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны зориулалтаар, нэгж талбарын 133017/0081 дугаар бүртгэлтэй, 3190 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж, 166 айлын орон сууцны барилгыг захиалан бариулсан, 2016.01. 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулсан нь хэрэгт буй баримтуудаар тогтоогджээ.

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол,*******ны 4, 13, 91, 93, 126, 146 тоот орон сууцны өмчлөгч нь ******* холдингс ХХК болох нь мөн Хуурмагнай ХХК-иас орон сууцыг худалдан борлуулах эрхийг шилжүүлэн авсан нь тус тус нотлогдоогүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1966 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ