| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2019/03660/И |
| Дугаар | 183/ШШ2019/00766 |
| Огноо | 2019-04-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2019/00766
2019 оны 4 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2019/00766 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н СӨХ/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б холбогдох,
Байшингийн гадна ханын засварын зардалд 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, хариуцагч С.Б, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн эмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д байшингийн гадна хана дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар, Иргэний хуулийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлнө гэж тус тус заасныг үндэслэн*******ны гадна фасадны засварын зардалд *******,*******,*******,*******,*******,******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******ас 300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Н СӨХ нь 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай байшин барилгуудад сүүлийн 10-аад жил огт их засвар үйлчилгээ хийгдээгүй. Тус СӨХ-ийн гүйцэтгэх Захирал өөрчлөгдөж тайлан балансаа хүлээлгээн өгөхөд 58 сая төгрөгийн өртэй, ямар ч хуримтлалгүй, санхүүгийн хувьд хямралтай байсан. Иймд бүх гишүүдийн хурал хуралдаж айл бүрээс 300,000 төгрөгийг нэмж гаргуулан 2018 оны 8 дугаар сард төлүүлж, их завсар буюу 51Б барилгын гадна фасадыг шинэчлэн засварлаж, фасадыг будах, дээврийн илүү гарсан хэсгийг модоор доторлон, усны хаялгуудыг шинэчлэн байрлуулсан ажлуудыг хийсэн.******* 50 айлтай, нийт 15 сая төгрөгийн хуримтлал үүсгэх байтал хариуцагч нь төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус хотхоны 51б-29 тоотод оршин суудаг. Нэхэмжлэгч байшингийн гадна хана нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 147.1-д заасан үүргээ биелүүлэхгүй гадна хана засварлахад гарсан зардлыг тодорхой хэсэг болох 300.000,00 төгрөгийг төлөхгүй байна гэж үзсэн. Миний хувьд 2019 оны 3 сарын 04-ний өдрийн тайлбартаа СӨХ-д сар бүр төлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардалд 36,150 төгрөгийг тогтмол төлсөөр байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 01 сарын төлбөрийг төлсөн тул Иргэний хуулийн 147.1-д заасан үүргээ биелүүлэхгүй байгаа гэж үзэхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1-д заасны дагуу байшингийн гадна хана нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан, түүний засварын зардлыг цаг тухайд нь төлж байсан. Учир нь СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын 2011 оны 4 сарын 08-ны өдрийн тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн, засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг 1 айлаас 30,150 төгрөг, 2014 оны 4 сарын 12-ны өдрийн тогтоолоор 33,150 төгрөг, 2018 оны 5 сарын 07-ны өдрийн тогтоолоор 36.150 төгрөг гэж тогтоосон төлбөрийн мөнгөөр дундын өмчлөлийн эд хөрөнгө болох гадна хананд засвар хийх ёстой бөгөөд сар бүр төлөх уг төлбөрийг төлсөөр байтал дундын өмчлөлийн хөрөнгө болох гадна ханыг засварлахдаа нэмж 300.000 төгрөг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Н СӨХ нь С.Б-д холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засварын зардалд 300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ оршин суугчид хуралдаж гадна фасад засварласан тул 1 айлд оногдох зардлыг гаргуулна гэж, хариуцагч нь сар бүрийн төлбөрөөс засварын зардлыг гаргуулах байтал хэдхэн оршин суугч хуралдсан, эрхгүй этгээд даргалсан, 47 айлтай байхад 48-52 тоот зөвшөөрсөн гэж байгаа нь хууль бус шийдвэр тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.
Сууц өмчлөгч С.Б нь хуульд зааснаар тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь зардлыг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй” гэжээ.
Тус Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар суурь үнийг 36,150 төгрөг гэж тогтоосноор хариуцагч нь сар бүр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргээ биелүүлсэн, талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч СӨХ-ы бүх гишүүдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тогтоолоор*******ны айл бүрээс 300,000 төгрөг хурааж, фасадны засварын зардалд 15,000,000 төгрөгийг бүрдүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр фасад хийх талаар оршин суугчдын хуралдааны тэмдэглэлээр нийт 47 айлаас 300,000 төгрөг хураан авах талаар саналыг 25 айл хүлээн зөвшөөрч 57,2 хувийн саналаар засварыг гүйцэтгэхээр болсон гэж шийдвэрлэсэн байна.
Н СӨХ-ы дүрмийн 2-ын К-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн их ба урсгал засварт зориулж, төрөөс болон бусад байгууллага, иргэдээс зохих журмын дагуу зээл авах, энэ зорилгоор сан байгуулж ажиллах гэж холбооны эрх үүргийг тодорхойлсон, 6-ын 13-т холбооны удирдах зөвлөл нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй гэж, 6-ын 14-ийн В-д удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлаар гарсан саналыг тусгасан ажлын төлөвлөгөөг эцэслэн батлах гэж, 8-ын 21-д холбоо үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх журмыг заасан байна.
Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү дүрмийн заалтуудыг баримтлаагүй, сууц өмчлөгч нараас сар бүр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний хураамжаас шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх байхад оршин суугчдын хурал хийсэн гэж тухайн хуралд хэдэн айлын төлөөлөл оролцсон нь тодорхойгүй, 25 айл хүлээн зөвшөөрсөн гэсэн атлаа 6 хүн дэмжсэн санал гаргасан байгаа ч үлдэх 19 айлууд хуралд оролцсон эсэх, саналыг нь ямар хэлбэрээр яаж авсан нь баримтгүй, 47 айлаас хураан авах саналыг хэлэлцүүлсэн атлаа 48-52 тоот зөвшөөрсөн тэмдэглэлийг үндэслэн Удирдах зөвлөлийн 3 гишүүн шийдвэрлэсэн байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.1-д Удирдах зөвлөлийн дарга удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалах байтал тухайн хурлыг ТУЗ-ийн дарга ******* даргалаагүй, хурал даргалсан ******* нь тухайн СӨХ-д ямар ажил эрхэлдэг, хэнээс түүнд эрх олгосон болох нь тодорхойгүй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно гэжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр хуульд нийцээгүй 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тогтоолыг үндэслэн хариуцагчаас тухайн хурлаар шийдвэрлэсэн 300,000 төгрөгийг нэхэмжиж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар С.Б-аас байшингийн гадна ханын засварын зардалд 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Н Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ