Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Анхбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Р.Машлай,                                                                                                                               шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шинжээч Ц.Түвшинцэнгэл /цахимаар/,

гэрч С.Баярсайхан /цахимаар/,

шүүгдэгч Х.Пүрэвдалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Халтарын Пүрэвдалайд холбогдох эрүүгийн 2107000390064 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, 304 дүгээр байр, 84 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   Боржигон овогт Халтарын Пүрэвдалай /РД: РФ88081775/.

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Пүрэвдалай нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “Эрүүл Монгол Мax Эко” ХХК-ийг төлөөлж Т.Ган-Очиртой тухайн үеийн ханшаар 50 тонн самар нийлүүлэх хэлцлийг байгуулж, улмаар 1 кг самрыг 6.500-7.500 төгрөгийн хооронд нийлүүлэхээр тохиролцсоны дагуу “Эрүүл Монгол Маx Эко” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас өөрийн эзэмшлийн 5011412553 тоот дансаар дамжуулан 230.000.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч Х.Пүрэвдалай нь дээрх мөнгөнөөс 75.377.550 төгрөгийн үнэ бүхий самрыг нийлүүлэлгүй бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Пүрэвдалай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх би хэлцэл байгуулахдаа тухайн үеийн зах зээлийн ханшаар гэж 50 тонн самрын гэрээ байгуулсан. Яагаад 50 тонн самрын гэрээ байгуулсан бэ гэхээр сумаас өгч байгаа самрын нөөцөн дээр тулгуурлаж гэрээг байгуулсан. Тэгээд би 10, 10 тонноор нь тухайн үед нь бэлтгэж нийлүүлэхээр Т.Ган-Очир буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нь гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ би 6.500-7.500 төгрөгийн хооронд гэж огт хэлцэл хийгээгүй. Би зах зээлийн ханшаар нь гэж хэлцэл хийсэн. Ингэж бодоод надаас зөрүү мөнгө, нөхөн төлбөр нэхэмжлээд байгаа. Үүнийг өшөө илүү судалж үзэх, гэрчийн мэдүүлгүүдийг сайн шалгаж өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Самар 09 дүгээр сарын 15-ны өдөр эхэлдэг, самрыг хоёр гурван хоногийн дотор цуглуулдаггүй гэж байна. 09 дүгээр сарын 15-нд хүмүүс хэзээ ч уул руу гардаггүй. Аль 08 сард гараад 09 дүгээр сарын 15-нд дундаа орж байхад зарим нь бууж ирдэг. Манай Монголчууд “09 дүгээр сарын 15-ны өдөр боллоо за уул руу самар түүе” гэдэггүй. Тэр үед орж ирэх нь орж ирээд, овоорох нь овоороод, авах нь авчихсан байдаг. Бас нэг юм байна, Б.Гал-Эрдэнэ л гээд байх юм. Х.Пүрэвдалай Б.Гал-Эрдэнэд хэдэн төгрөг өгнө үү, Батаад хэдэн төгрөг өгнө үү тэр огт хамаарал байхгүй. Бид Х.Пүрэвдалайгаас мөнгөө нэхэмжилж байгаа болохоос биш түүний зарцуулалт бидэнд огт хамаагүй. 09 дүгээр сарын 15-ны үеийн самар хамгийн нойтон, түүхий самар байдаг бөгөөд хамгийн хямд үнэтэй байдаг. Одоо ч манайх самар авч байна, 1000, 2000 тонн самар авчихсан байна. Самрын үнэ хэзээ өсдөг вэ гэхээр самар хатаад, өөрөө модноосоо унадаг тэр үеийн хуурай самрын үнэ өсдөг, бас том чөмөгтэй самрын үнэ өсдөг. Түүнээс биш Архангай аймгийн самар үнэтэй, Хөвсгөл аймгийн самар хямдхан гэж ярихгүй. Жил жилдээ ондоо байдаг. Нэг жил Хөвсгөл аймагт самар сайн гарсан бол дараа жил нь Архангай аймагт самар сайн гардаг. Дараа жил нь Хэнтий аймагт самар сайн гарах гэх мэт байдаг. 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.Гал-Эрдэнэ жоохон самар авсан, самар ихээр орж ирдэггүй, өчнөөн өдөр хүлээдэг гээд байна. Бид нар өөр хүмүүсээс самар авахдаа ч гэсэн үргэлж өнөөдрийнх нь ханшаар авна уу гэхээс биш, бид нар Х.Пүрэвдалайгийн 3.500 төгрөгөөр аваад 10 хоног дараад гаргаж ирсэн самрыг 7.500 төгрөгөөр худалдаж авах ямар хэрэг байгаа юм бэ? Бид нар тэр үнээрээ л самраа аваад байгаа. Ямар ч хүн, ямар ч компани ашиг хийх гэж л байгаа. Заавал тэр танихгүй хүнд өчнөөн зуун сая төгрөгөө өгчхөөд 3.500 төгрөгөөр авсан самраа хэд хоног хадгалаад үнэд оронгуут нь ирээд бидэнд шахах юм бол бид тэгж наймаа хийж яах юм бэ? яг тэр өдрийн ханш хэд вэ гэдгээр л бид боддог. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Шинжээч Ц.Түвшинцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Мөнхбаяраас мөрдөгчийн тогтоолыг ирүүлсэн байдаг. Мөрдөгчийн тогтоолыг ирүүлэхдээ хэргийн талаар товч дурдаад 2 хавтас болгож ирүүлсэн. 1 дүгээр асуултад 2020 оны 09 дүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хуш модны 1 кг самрын үнэлгээг асууж, дараа нь тээврийн зардалтай холбоотой асуудлыг асууж ирүүлсэн байна. Он сарын хувьд 15 хоногийн хугацаан дахь зах зээлийн үнэ, ханшийн хувьд тухайн он цагт өөрчлөлтийн таамаглал нь 20 буюу түүнээс дээш хувиар багассан тохиолдолд тухайн он сар өдрийн өөрчлөлтийг үнэлгээний тайланд тусгаж оруулж өгдөг. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хуш модны самрын хувьд 20 хувиас дээш гарсан хэлбэлзэл байхгүй байсан тул зах зээлийн дундаж үнээр үнэлгээ, тайлангаа хүргүүлсэн.” гэв.

 

Гэрч С.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Самрын зах зээлийн анхан шатны үнэлгээ буюу тухайн үеийн ханш бол 5.000-6.000 төгрөг гээд эхэлж байсан. Эрдэнэбулган суманд энэ жил бас 5.000-6.000 төгрөг гэж байснаа шууд огцом 7.000, 9.000 төгрөг болж байсан. Би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө бүгдийг тодорхой мэдүүлсэн байгаа. ... Татвар тушаагдах үед энэ компани дээр олон итгэмжлэгч байсан. Х.Пүрэвдалай би ийм зүйл дээр авах гэж байгаа гээд мөнгөн дүнгээ тушаагаад, байгаль хамгаалагч эрхийн бичиг өгсөн байсан. Би дараа нь лавлаж асуусан. Тушаасан мөнгөн баримт дээр хуулбар үнэн гэдгийг даруулаад хавсаргаж өгсөн.” гэв.

 

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Д.Өлзийсайханы мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал),
  2. Гэрч С.Болдбаатарын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал),
  3. Гэрч Т.Ган-Очирын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал),
  4. “Норд роуд” ХХК-ийг төлөөлж Т.Ган-Очир, Х.Пүрэвдалай нар нь 50 тонн самар бэлтгэн нийлүүлэх тухай хэлцэл (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал),
  5. “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5011412553 дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 04-05 дахь тал),
  6. Шүүгдэгч Х.Пүрэвдалайгийн эзэмшлийн Хаан банкны 5027289747 тоот депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 50-53 дахь тал),
  7. Гэрч Б.Гал-Эрдэнийн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 25-28, 35, 135-137, 176-177 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал),
  8. Гэрч Б.Ганбаярын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дахь тал),
  9. Гэрч Э.Гантулгын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150-153 дахь тал),
  10. Гэрч Б.Гансүхийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дахь тал),
  11. Гэрч Э.Идэрийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дахь тал),
  12. Гэрч Б.Гал-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5912005167 тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дэх тал),
  13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Анхбаярын мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 10-11, 212 дахь тал),
  14. Гэрч Вао Вэндэгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал),
  15. Гэрч Д.Мягмарсүрэнгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал),
  16. Гэрч С.Баярсайханы мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дахь тал),
  17. Шүүгдэгч Х.Пүрэвдалайгийн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дахь тал),
  18. Гэрч Б.Гал-Эрдэнээс гаргаж өгсөн гар бичмэл болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 56-59, 78-79 дэх тал),
  19. “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-аас Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал),
  20. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал),
  21. Гэрч Б.Гал-Эрдэнийн Самар авч байсан талаарх тооцоо (1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал),
  22. “Норд роуд” ХХК-ийн захирал Д.Энх-Амгалангийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргатай байгуулсан  “Ойн дагалт баялгийн нөөц /хуш модны самар/-ийг ашиглах” гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал),
  23. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг (олгох тасалбар), төлбөрийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал),
  24. Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 130-133 дахь тал),
  25. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 132 дугаартай яллах дүгнэлт  (2 дугаар хавтаст хэргийн 100-108 дахь тал),
  26. “Норд роуд” ХХК-ийн ойн дагалдах баялгийн төлбөр төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 220-221 дэх тал),
  27. Албан бичиг, тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 204-206 дахь тал),
  28. Шинжээч томилсон тухай мөрдөгчийн тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал),
  29. “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн НД-22-142 дугаар “Шинжээчийн дүгнэлт” (2 дугаар хавтаст хэргийн 224-228 дахь тал),
  30. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай прокурорын 65 дугаартай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 113-115 дахь тал),
  31. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал),
  32. Мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал),
  33. Өмгөөлөгч Г.Наранбаатарын цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал),
  34. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хүсэлтийг хангасан тухай хариу мэдэгдэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал),
  35. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хүсэлтийг хангах тухай Мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал),
  36. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Хүсэлтийг хангасан тухай хариу мэдэгдэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 237 дахь тал),
  37. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Хүсэлтийн хангах тухай Мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал),
  38. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүсэлтийг бүрэн хангах тухай 16 дугаартай Прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал),
  39. Хохирлын хэмжээ гаргасан санхүүгийн зураглал (2 дугаар хавтаст хэргийн 51-52 дахь тал),
  40. Хөвсгөл аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас (2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал),
  41. Шүүгдэгч Х.Пүрэвдалайгийн гэрлэлтийн баталгааны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 47, 103 дахь тал),
  42. Шүүгдэгч Х.Пүрэвдалайгийн эзэмшлийн Хаан банкны 5027289747 тоот депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 50-53 дахь тал) зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Х.Пүрэвдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, хохирогчийн өмгөөлөгч Р.Машлай хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн байр сууринаас оролцож, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Х.Пүрэвдалай нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “Эрүүл Монгол Мax Эко” ХХК-ийг төлөөлж Т.Ган-Очиртой тухайн үеийн ханшаар 50 тонн самар нийлүүлэх хэлцлийг байгуулж, улмаар 1 кг самрыг 6.500-7.500 төгрөгийн хооронд нийлүүлэхээр тохиролцсоны дагуу “Эрүүл Монгол Маx Эко” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас өөрийн эзэмшлийн 5011412553 тоот дансаар дамжуулан 230.000.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч шүүгдэгч Х.Пүрэвдалай нь дээрх мөнгөнөөс 68.490.500 төгрөгийн үнэ бүхий самрыг нийлүүлэлгүй бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Д.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын эхээр манай компанитай Х.Пүрэвдалай гэдэг хүн аман хэлцэл хийж 50 тн байгалийн түүхий самар бэлтгэж тухайн үеийн ханшаар авахаар тохиролцон түүний эзэмшлийн Хаан банкны 5075289747 дугаартай дансанд нь 2020.09.15-нд 50 сая төгрөг, 2020.09.18-ны өдөр 30 сая, 2020.09.21-нд 50 сая, 2020.09.24-нд 100 сая төгрөг, нийтдээ 230 сая төгрөг шилжүүлсэн. Х.Пүрэвдалай нь 2020.09.26-ны өдөр 10 тн 128 кг самар, 2020.10.01-ний өдөр 11 тн 157 кг самар нийлүүлж, нийтдээ 21 тн 285 кг самар нийлүүлснээс хойш харилцаагүй алга болсон. Одоо 28 тн 715 кг самар буюу үнийн дүнгээрээ 91.647.500 төгрөгийн үлдэгдэлтэй, түүнийгээ манай компани нэхэмжилж байна.  ...Тухайн үеийн аман хэлцлийн дагуу 1 кг самрыг 6500 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон. Самар ороод ирэхээр нь манай санхүүгийн ажилтнууд 6.500 төгрөгөөр тооцож авсан байна. Манай өгсөн мөнгөөр Х.Пүрэвдалай нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 48 тн самар бэлтгэсэн бөгөөд 21 тн самрыг “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-руу ачуулаад үлдсэн самрыг нь хаашаа яасан талаар нь мэдэхгүй гэж цуг самар бэлтгэсэн Б.Гал-Эрдэнэ гэдэг залуу ярьдаг. Тэгэхээр Х.Пүрэвдалай нь манай мөнгөөр самар бэлтгээд 21 тн самрыг өгч, үлдсэнийг нь өгөлгүй залилан мэхэлсэн гэж үзэж байна. ...Манай захирал С.Болдбаатар Х.Пүрэвдалайтай самар бэлтгэх хэлцэл хийх үеэр Т.Ган-Очиртой холбогдож асуухад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Х.Пүрэвдалай нь хүмүүсээс самар авахаар тохиролцон бэлтгэсэн байна гэхээр нь Т.Ган-Очирыг гуйж 50 тн самар бэлтгэх хэлцлийг тэдний “Норд роуд” ХХК-тай хийж авсан юм билээ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

  • Гэрч С.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын эхээр манай компанийн махны борлуулалтыг хариуцдаг Цэнгэл гэдэг хүн Х.Пүрэвдалайг самар авч байна, мөнгө нь байвал хүмүүсээс бэлтгэсэн самрыг нь худалдаж авна, манай компани самар бэлтгэвэл ямар вэ гэхээр нь би “Норд роуд” ХХК-ийн Хөвсгөлд байдаг Т.Ган-Очир гэдэг хүнтэй холбогдож Х.Пүрэвдалай гэдэг хүнийг асуухад хүмүүсээр түүлгэчихсэн мөнгийг нь өгөөгүй самар гар дээр нь бэлэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Ган-Очирт чи Х.Пүрэвдалайтай 50 тн самрын гэрээ хийчих бид мөнгийг нь шилжүүлье гээд гэрээгээ хийчихлээ гэхээр нь санхүүд хэлж мөнгийг нь 4 удаа тасалж явуулсан. Манай санхүүгийн нягтлан Цэрэндэжид 2020.09.15-ны өдөр эхний гүйлгээгээр 50 сая төгрөгийг Х.Пүрэвдалайгийн эзэмшлийн Хаан банкны 5075289747 дугаартай дансанд нь 2020.09.15-нд 50 сая төгрөг, 2020.09.18-ны өдөр 30 сая, 2020.09.21-нд 50 сая, 2020.09.24-нд 100 сая төгрөг, нийтдээ 230 сая төгрөг шилжүүлсэн. 91.647.500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ... Манай нягтлан Цэрэндэжид Налайх дүүргийн төвд байдаг Налайх захын хажуугийн Хаан банкны салбар дээр очиж 4 удаагийн гүйлгээ хийсэн. ...Түүний ажилладаг “Норд роуд” ХХК нь өмнө нь манайхтай хамтран ажиллаж байсан бизнесийн түнш юм. Тэднийх самар боловсруулж экспортод гаргадаг компани юм. Хэдэн жилийн өмнө самрын бизнест хамтран ажиллаж байсан. ...Би үгүй гэж бодож байна. Т.Ган-Очир тэгэх хүн биш. Тэгээд ч Х.Пүрэвдалайтай хамт самар бэлтгэсэн Б.Гал-Эрдэнэ гэдэг залуу танай мөнгөөр 48 тн самар авсныг би мэдэж байна гэж хуулийн зөвлөх Д.Өлзийсайханд хэлсэн байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал),

 

  • Гэрч Т.Ган-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 09 сард /хэдний өдрийг санахгүй байна/ Хөвсгөл аймгийн төвд ажлаар явж байхад компаниас захирал С.Болдбаатар залгаад Эрдэнэбулган суманд очоод самар бэлтгэх 2 залуу хотоос очихоор нь уулзаад Эрдэнэбулган сумын нутагт самар байна уу үгүй юу, уулнаас буулгаад түүж байгаа хүмүүс байна уу үзээдэх, байна гэвэл тэр 2 залууд мөнгө шилжүүлж самар авхуулна гэж хэлсэн. Эрдэнэбулган суманд Х.Пүрэвдалай, Б.Гал-Эрдэнэ гэдэг 2 залуутай уулзаж гурвуулаа хөдөө явж үзэхэд самар бэлтгэж байгаа хүмүүс байсан. Х.Пүрэвдалай, Б.Гал-Эрдэнэ нарт самраа өгнө гэсэн найз нөхөд, танил хүмүүс нь сумын төвд ч байсан. 50 тн самар хангалттай бэлтгэчих хүрэлцээтэй байхаар нь захирал С.Болдбаатарт боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгээд сумын захиргаан дээр очиж нотариатаар баталгаажуулж “Норд роуд” ХХК-ийг төлөөлж би Х.Пүрэвдалайтай 50 тн самрын хэлцэл хийж “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-аас 50.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. Түүнээс хойш 2 хоноод би Улаанбаатар хот руу ирсэн бөгөөд Х.Пүрэвдалай нь над руу залгаж 10 тн самар ачих гэж байна, тосож авах хүнийхээ дугаарыг өгөөч гэж ярьснаас хойш ямар нэг холбоогүй сураг тасарсан. ...Манай “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-тай уялдаатай ажилладаг компани самар боловсруулах зөвшөөрөлтэй болохоор “Норд роуд” ХХК-ийн нэр дээр хэлцэл хийчих гэж С.Болдбаатар захирал хэлсэн. Би тэр компанид ажилладаггүй.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

  • “Норд роуд” ХХК-ийг төлөөлж Т.Ган-Очир Х.Пүрэвдалай нар нь 50 тонн самар бэлтгэн нийлүүлэх тухай хэлцэл (2 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал),

 

  • “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5011412553 дугаартай данснаас “5075289747 тоот данс руу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 50.000.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 50.000.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” талаарх дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 04-05 дахь тал),

 

  • Шүүгдэгч Х.Пүрэвдалайгийн эзэмшлийн Хаан банкны 5075289747 тоот депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 50-53 дахь тал),

 

  • Гэрч Б.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд самар бэлтгэх ажил эрхэлж байсан. 2020 оны 09 дүгээр сард Т.Ган-Очир Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд очиж Х.Пүрэвдалайтай самар нийлүүлэх гэрээ хийсэн. Улаанбаатар хотоос “Эрүүл Монгол Max Эко” ХХК-иас 230 сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн гэж хэлж байсан. Бид хоёр нийт 49 тн 900 кг самрыг худалдаж авч бэлтгээд сумын төвд оруулж ирсэн. Үүнээс 2020 оны 10 сарын эхээр Х.Пүрэвдалай 20 тн самрыг Улаанбаатар хот руу “Эрүүл Монгол Max Эко” ХХК-руу ачуулаад, үлдсэн 29 тн самраас 8 тн самрыг тэнд байсан ченжид Х.Пүрэвдалай зарж, 21 тн самрыг Дарханаас ирсэн ченжид 1 кг-ийг 10.400 төгрөгөөр зарсан. Би тэрийг нь мэдээд “Эрүүл Монгол Max Эко” ХХК-руу явуулах самрыг яаж байгаа юм бэ гэхэд тэр самар байгаа болно гээд л байсан. Х.Пүрэвдалай тэнд самар бэлтгэж байхдаа цахим тоглоом тоглодог байсан. 2020 оны 12 дугаар сард Х.Пүрэвдалай над руу утсаар яриад “Эрүүл Монгол Max Эко” ХХК-ийн Цэнгэл ахад өгөх ёстой мөнгөөрөө тоглочихсон, одоо мөнгө байхгүй гэж ярьсан. Надад ашиг гэж хуваасан юм байхгүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал),

 

  • Гэрч Б.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Эрдэнэбулган сумаас зүүн хойш 60 км-т 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бөөрөлж гэх газраас барагцаагаар 2020.09.18-аас 2020.10.10 хүртэл 28 тн 299 кг самар худалдаж авсан. Сумаас баруун урагш 80 гаруй км-т 3 дугаар багийн Зэрлэг гэх газраас 2020.10.15-аас 2020.11.04 өдрийг хүртэл 21 тн 602 кг самар бэлтгэж сумын төв рүү явуулсан байна. Түүний зарцуулалтыг Х.Пүрэвдалай мэдэж байгаа. ...Татварт ямар ч байсан мөнгө төлсөн, хэдэн төгрөг төлснийг мэдэхгүй. Хөдөө уулнаас 31 машинаар нэг удаа тээвэрлэх хөлс 1.500.000 төгрөг болж байсан. ...1 дүгээр багт байхад надад бага багаар өгч явуулаад барагцаагаар 50-аад сая төгрөг өгч нутгийн иргэдийн түүсэн самрыг авхуулсан, тэгэхэд 4.000-7.500 төгрөг хүртэл өсөж байхад нь авсан байна. Дараагаас нь эхлээд би хүмүүсийн самрыг авч үлдээд Х.Пүрэвдалайд бичиг хийж өгч явуулаад тооцоог Х.Пүрэвдалай сумын төв дээр хийдэг байсан. 3 дугаар багт 6.000-7.500 төгрөгийн хооронд авхуулсан. Би тэр үед утсаар яриад юм уу тэдэн кг самар авлаа гэж бичиг хийж гарын үсэг зураад явуулж сумын төвд Х.Пүрэвдалай мөнгийг нь өгдөг байсан. Хөдөө ууланд самар бэлтгэх үедээ бичиж байсан дэвтрээсээ хуулж цэгцэлж бичээд авсан самрын нийт хэмжээг гаргахад 49 тн 901 кг самар бэлтгэсэн байна лээ. Тооцооны дэвтрээс хуулж бичиж цэгцэлснийг хуулбарлан хэрэгт хавсаргаж байна. Би ашиг гэж 9 сая гаруй төгрөг авсан. Самар бэлтгэхээр бид 2 дундаа Серс гэдэг Солонгосын ачааны машин 7 сая төгрөгөөр, ардаа ачаатай Пикап жип машиныг сумаасаа 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Ажил дууссаны дараа Серс машиныг би авч, Пикапыг Х.Пүрэвдалай авсан. “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-аас ирсэн 230 сая төгрөгөөр 2 машин, 1 мотоциклийн үнэ, миний авсан 10 сая шахуу төгрөг, татварын зардал, тээврийн зардал энэ бүгдийг хасаад 49 тн 900 кг самар бэлтгэсэн нь үнэн, би уулнаас өөрийн биеэр авсан болохоор мэдэж байгаа. 50 тн самраа “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-д тушаагаад хамгийн багаар бодоход бид 2-т 80 сая төгрөгийн ашиг гарах байсан. Анх бид 2 олсон ашгаа 50, 50 хувиар хуваана гэж тохиролцсон байсан. Гэтэл бэлтгэсэн самрыг Х.Пүрэвдалай тэнд нь хүнд хотын ханшнаас дээгүүр үнээр зарчхаад надад юу ч өгөөгүй. “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-д нийлүүлэх ёстой 8 тн самрыг Сүхээ гэдэг хүнд зарсан гэж сонссон, 20 тн самрыг Дарханы ченж Мийгаа гэдэг хүнд өгөхийг би харсан. ...2020 оны 10 сарын дундуур ченж Сүхээд 1 кг самрыг 7.500 төгрөгөөр зарсан гэсэн, 10 сарын сүүлээр Мийгаад 7.500-10.600 төгрөгийн хооронд өгсөн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал),

 

  • Гэрч Б.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Х.Пүрэвдалай самар авхуулахаар дансаар явуулсан мөнгө байхгүй. 1 дүгээр багийн Бөөрөлж гэх газар Улиадын аманд 2020 оны 09 дүгээр сарын 20-д гарах үед 20 гаруй сая төгрөг бэлнээр өгч би самар худалдаж авсан. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын эхээр 15, 16 сая орчим төгрөг авч самар авсан. Х.Пүрэвдалай нь эндээс явахдаа миний утсан дээр аккаунт нээж тоглож эхэлсэн. Миний Хаан банкны карт нь олон улсад гүйлгээ хийх эрхтэй карт бөгөөд Х.Пүрэвдалай самар авах мөнгөөрөө гүйлгээ хийх гэхээр өөрөө банкны картгүй болохоор миний карт, картын нууц дугаарыг авч үлдсэн. Эрдэнэбулган саманд очоод 2020 оны 09 дүгээр сарын 10-ны үед миний картыг авч, “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-аас мөнгө орсны дараа миний данс руу 50.3 сая төгрөг шилжүүлж валют болгож хөрвүүлээд цахим тоглоом тоглосон байсан. Би Х.Пүрэвдалайгаас 2020 оны 09 дүгээр сард 900.000 төгрөг дансаар авсан нь үнэн бөгөөд өөр ямар ч мөнгө дансаар аваагүй. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үед хөдөө самар авахаар гардаг өдрөө 20 сая төгрөг авсан. Түүний дараа өөрөө очихдоо авч очсон болон би мөнгөгүй болох үедээ тэнд байсан 2 ченжээс мөнгө аваад дараа нь Х.Пүрэвдалай тэр хүмүүст тооцоо хийж өгсөн мөнгөний нийлбэр 20 сая төгрөг болоод байгаа. Түүнийгээ 20 сая төгрөг өгсөн гэж тайлбарлаж байна. Нийлбэр нь 40 орчим сая төгрөг бөгөөд түүгээр би самар худалдаж авч явуулсан. Сүүлийн 60 сая төгрөг гэдэг нь бол огт аваагүй мөнгө” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дахь тал),

 

  • Гэрч Б.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 09-10 дугаар саруудад Эрдэнэбулган суманд байгалийн самар авч байсан. Би тус сумын 3 дугаар багийн Хөөвөр гэх газарт байгалийн самар авч байсан. ...2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хөдөө модондоо цайруулсан самар 7.100-7.200 төгрөг байсан. Сумын төвд самраа оруулж ирж өгвөл 8.000 төгрөг байсан. ...2020 оны 10 сарын сүүлээр 9.000-10.000 төгрөгийн хооронд өссөн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дахь тал),

 

  • Гэрч Э.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 9 дүгээр сард цайруулсан самар 1 кг нь 5000 төгрөгөөр, 10 сарын 01-ний өдрөөс хөдөө модондоо цайруулсан самар 1 кг нь 7000-8000 төгрөг байсан. ...10 дугаар сарын сүүлээр 9.000-10.000 төгрөгийн хооронд байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал),

 

  • Гэрч Б.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Х.Пүрэвдалайг олон улсын сүлжээний мөрийтэй тоглоомыг тоглож байсныг мэднэ. Ямар тоглоомыг сайн мэдэхгүй. Ямар ч байсан тоглож байсныг харсан. ...Би Х.Пүрэвдалайг Эрдэнэбулган суманд 2020 оны 9, 10 дугаар сард самар авч байх үедээ гар утсаараа мөрийтэй тоглож байхыг нь харсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дахь тал),

 

  • Гэрч Э.Идэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.Пүрэвдалайгийн эгч нь Х.Пүрэвдалайг гар утсаараа тоглоод мөнгө алдаад байна гэж санаа зовсон байдалтай хэлж байсан. Б.Гал-Эрдэнийг гар утсаараа мөрийтэй тоглоом тоглодог гэж огт сонсож байгаагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь тал),

 

  • Гэрч Б.Гал-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5912005167 тоот дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 213-214 дэх тал),

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мөн Х.Пүрэвдалай нарыг самраас ашиг олох хямдаар анх ярьсан үнээс бага авбал ашиг нь өөрсдөд нь унах нөхцөлтэй тэдэнд ашигтай хэлцлийг бид хийж өгсөн. Манайд бол 6.500-7.500 хооронд нийлүүлнэ гэж тохирсон байсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 15-нд 50.000.000 төгрөг 10 тонн самрын үнэ шилжүүлсэн. Үүнд ойн дагалдахын хураамж төлөх үнэ багтсан байсан. Бидэнд ойн дагалдахын хураамж 13.000.000 төгрөг гэж хэлсэн тул бид энэ мөнгийг ч тооцож эхний урьдчилгааг төлсөн. Үлдсэн нь самар авах мөнгө гэж хэлээд 3 удаа мөнгө шилжүүлсэн. Тэгтэл ойн дагалдахын төлбөр нь үнэндээ бол 8.000.000 төгрөг болсон байтал илүү үнэ хэлж дундаас нь мөнгийг нь авч хэрэглэсэн. Сүүлд нь хэрэг нээгдсэнээс хойш самар цуглуулсан он cap өдөр, авсан нэгж үнэ, жингийн тооцооноос үзэхэд 10 тонн самар ойн, ойн дагалдах хураамжийн төлбөр хангалттай багтах үнэ болохыг мэдсэн. Энэ 4 удаагийн сүүлийн хэсгийг самрын үнэ өсөөд байна гээд яаравчлуулан 100.000.000 төгрөг шилжүүлсэн. Үнэ өсөхөөс үл шалтгаалан 6.500-7.000 төгрөгөөр бид авахаар тохиролцон байсан. Ингээд 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 тн 128 кг, 10 сарын 01-ний өдөр 11 тн 157 кг самар, нийт 21 тн 285 кг самар авсан. Хэлцлийн дагуу 10 тонн болох үед л нэг ачуулахаар хийгдсэн тул 2 удаа манай руу ачуулсан байсан. Тэгээд сүүлийн мөнгө өгүүлээд самар ачуулсны дараа Х.Пүрэвдалай нь манайтай холбоо тасалж хэлцлийн дагуу самраа нийлүүлж тооцоогоо бодоогүй алга болсон байдаг. Тэгээд 10 дугаар сарын 01-ээс хойш хэлцлийн дагуу хэзээ үлдэгдэл самрыг нийлүүлж тооцоо нийлэх вэ гэж асуух бүрд хариу хэлэлгүй “танай самрыг би нийлүүлсэн, мөнгө дууссан та нарт өгөх мөнгө, самар байхгүй, та нар наад самраасаа хангалттай ашиг олсон” гэх мэтээр үл тоож бидний үлдэгдэл мөнгийг өгөхгүй өдий хүрлээ. Энэ хүний манайхаас хүлээн авсан мөнгө татвар болон хураамжаа төлөөд авсан самрыг кг үнээр нь бодвол /самар бэлтгэсэн иргэн Б.Гал-Эрдэнийн гар бичмэлээр хөөвөл/ мөнгийг 09 дүгээр сарын 15-аас 09 дүгээр сарын 24-ны хооронд 230.000.000 төгрөг шилжүүлж, үүнээс 09 дүгээр сарын 26-ны өдөр болон 10 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 21 тн 285 кг самрыг Б.Гал-Эрдэнийн тооцоогоор хөөн үзээд манай мөнгөнөөс 1 кг-ийг 4.000-7.000 төгрөгөөр бодоход 117.772.450 төгрөгөөр худалдаж авсан байна. Бид бусад зардал болох “Ойн дагалдахын төлбөр” болох 8.000.000 төгрөг, тээврийн зардал буюу ачилтын зардал 10.000.000 төгрөг, үйл ажиллагаанд ашигласан Серс машин 7.000.000 төгрөг, Х.Пүрэвдалайгийн өөртөө авсан Пикап жипний 10.000.000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг мотоцикл 1.850.000 төгрөг зардлуудыг хасаж тооцоод үлдэгдэл мөнгө болох 75.377.550 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөн дүнг тооцоолсон түүнийг гэрчлэх баримт болох Б.Гал-Эрдэнийн гар бичмэлийг эксэл файлд буулгаж мөнгөн дүн, самар бэлтгэн худалдан авсан газар, цаг хугацаа, нэгжийн үнэ зэргийг тооцоолон бодож гаргасан бөгөөд тооцоог гаргасан баримтыг бас хэрэгт хавсарган өгч байна.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Шүүхийн хэлэлцүүлгийн үед Х.Пүрэвдалай нь 6.500-7.500 төгрөгөөр самрыг манайд нийлүүлэхээр болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай компани нийт 230.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Энэ мөнгөндөө манайд 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 тн 128 кг, 10 дугаар сарын 01-ний өдөр 11 тн 157 кг самар, нийт 21 тн 285 кг самар нийлүүлсэн. Тэгэхээр 09 дүгээр сарын 26-ны өдөр нийлүүлсэн 10 тн 128 кг самрыг 6.500 төгрөгөөр бодож өгсөн, энэ нь 65.832.000 төгрөг болсон, дараа нь Цэнгэлтэй яриад үнэ ханш нэмэгдсэн шалтгаанаар 7.500 төгрөгөөр авснаар тооцохоор 10 дугаар сарын 01-ний өдөр 11 тн 157 кг самар 83.677.500 төгрөг болсон, нийт 21 тн 285 кг самар буюу 149.509.500 төгрөгийн самар нийлүүлсэн байдаг. Нийт шилжүүлсэн 230.000.000 төгрөг дотроос анх тохирсноороо ойн дагалдахын мөнгө 12.000.000 төгрөг багтсан, мөн тээврийн зардал, ажиллах хүч бүгд багтсан мөнгө. Тэгэхээр одоо 230.000.000 төгрөгөөс нийлүүлсэн 149.509.500 төгрөгийг хасахаар 80.490.500 төгрөг, үүнээс ойн дагалдахын мөнгө 12.000.000 төгрөгийг хасахаар 68.490.500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 212 дахь тал),

 

  • Гэрч Б.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Х.Пүрэвдалай бол яваагүй, цуглуулах ажлыг би гардаж хийсэн бөгөөд надад цуглуулаад туслаад өгвөл ашиг өгнө л гэсэн тул найз гэж бодоод итгээд явсан. Мөнгөний тооцоонд бол би ороогүй. Самар л явж цуглуулдаг байсан. Самар авбал би бичиг хийж Х.Пүрэвдалайд өг гээд самар авсан хүндээ бичиж өгөөд тооцоо хийгээд явуулдаг байсан. Би өдөр өдрөөр гар бичмэл бичсэн байгаа. Эхний хуудсанд Эрдэнэбулган сумын Бөөрөлж багаас /1-р баг/ нийт авсан самар дэс дугаараар 1-55 хүртэл, Зэрлэг багаас /3-p баг/ 1-20 хүртэл дугаарласан нь самар авсан тооцоог гаргасан байгааг хэрэгт өгсөн энэ миний гар бичмэл эх хувиас хуулбарлан өгсөн. Цэнгэлийн мөнгөөр авсан гэж миний ойлгосон самрыг “Эрүүл Монгол Max Эко” ХХК-рүү “Норд Роуд” ХХК-ийн гэрээний дагуу 10 тн 128 кг самрыг 2020 онь 09 дүгээр сарын 26-ны өдөр нэг удаа ачуулсан. Тэр самрыг ачихад би Х.Пүрэвдалайтай цуг байсан. Энэ самрыг их хурдан хямдхан цуглуулсан. Дахиж би хот болон бусад газар хүнд цуглуулсан самраа явуулахад байлцаагүй, сүүлд сонсох нь ээ 11 тн 157 кг самрыг бас 4-5 хоногийн дараа 10 дугаар сарын 01-ний орчимд ачуулсныг мэдсэн, надад энэ талаар Х.Пүрэвдалай хэлээгүй. “Эрүүл Монгол Max Эко” ХХК-руу “Норд Роуд” ХХК-ийн хэлцэлтэй бүх самрыг манай суманд байрлах манай зочид буудлын зочны зааланд цуглуулдаг байсан, тэндээс би нэг удаа эхний 10 тн орчмыг ачуулж байсан, ер нь манай буудлыг ашигласан. Тухайн үед би 1-р багаас 09 дүгээр сарын 18-наас хойш /анх ирээд 3 өдөр төвд авна гэхэд шальтай хүн самар өгөөгүй бүгд хээр хураасан очиж ав гэсэн/ 10 дугаар сарын 10-ны хооронд нийт 159.07.450 төгрөгийн самар авсан. Тооцоогоор болсон. Тухайн үед 09 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл самар авсан. Надад бол “Эрүүл Монгол Max Эко” ХХК-руу “Норд Роуд” ХХК-ийн хэлцэлтэй компанид л авсан самар гэж ойлгуулсан. Гэтэл нүүрэлдүүлсэн байцаалт өгөхөд Мийгаа буюу Д.Мягмарсүрэн гэх хүний 20 тн бас бэлдсэн гэж мэдүүлэхэд нь би давхар өөр хүнээс мөнгө авч самар хийж байсан гэдгийг мэдсэн. Энэ талаар Х.Пүрэвдалай гэнэт ярьж эхэлсэн бөгөөд миний гар бичмэлийн 10 сарын 10-ны өдрөөс хойших Зэрлэг багаас /3-р баг/ 1-20 хүртэл дугаарласан нь самар авсан тооцоог өөр хүний мөнгө гээд гэнэт мэдүүлээд эхэлсэн. Чи яагаад ингэж байгаа юм бэ гэхэд надад дараа нь “хужаад хангалттай самар өгсөн, өгсөн самраа зарахад наадуул чинь алдагдалгүй болно хангалттай” гэж ярьж байсан, бас мань чинь тоглоод алдсан алдагдлаа нөхчихсөн. Энэ хужаа ч алдаагүй гэхээр нь “50 тн гэчхээд 20 гаран тн өгсөн байна ш дээ дэмий зүйл хийгээд” гэхэд “яадаг юм” гэж л хариулж байсан. Одоо бүр намайг тоглодог юм шиг хэлэхээр нь гомдолтой байна. Найз найз гэж намайг анхнаасаа ийм зүйлд хутгаад хүнтэй нэг удаа уулзаад дахиж уулзахгүй юм шиг загнаж байгаад нь найздаа гомдож байна. ...2020 оны 9 сард манай суманд Дарханд самрын ченж хийдэг гэх Мийгаа гэж хүн яваад байгаа дам сургаар мэдсэн. ...Энэ хүн бид хоёрыг хамт байхад лав ирж уулзаж байгаагүй. Х.Пүрэвдалай хэзээ яаж энэ хүнтэй бас холбогдсоныг бол мэдэхгүй надад л лав ууланд самар цуглуулж байхад хэлээгүй. Сүүлд байцаалт өгөхөд гэнэт энэ хүний самар бас бэлтгэсэн болоод явчихсан. ...Би 91969727 гэсэн Скайтелийн дугаар барьдаг байсан. Мөн ууланд авч явахад хэрэглэдэг Жи-мобайлын 98179727 дугаартай. Тухайн үед Х.Пүрэвдалай цахимаар мөрийтэй тоглодог байсан тул эхнэр нь ухаалаг утас бариулдаггүй, хуучин Нокиа-тай байсан. Тухайн үед миний утсаар Цэнгэлтэй яриад байдаг байсан. Самар цуглуулахаар уул руу гарахад суманд миний Скайтелийн дугаарыг гар утастай аваад үлддэг байсан нь тийм учиртай байх гэж бодож байна. Х.Пүрэвдалай “хөгшин чинь чиний нэр дээр аккаунт нээгээд дансыг чинь холбоод ууланд гарсан үеэр чинь утсаар чинь тоглож байя” гэж гуйхаар нь угаасаа Скайтел ууланд сүлжээ барьдаггүй тул үлдээгээд явдаг байсан. Тэгсэн чинь Цэнгэлээс орж ирсэн мөнгөөр миний данс руу “Р” гэж мөнгө оруулаад гадаад валют болох доллар, евро хэлбэрээр зарлага гаргасан байсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

  • Гэрч Т.Ган-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн үед 1 кг самар 3.500 төгрөг орчим байсан. Анх бол “Норд Роуд” ХХК-тай хийсэн. Учир нь тэднийх самар бэлтгэн боловсруулах зөвшөөрөлтэй байсан тул гэрээ хийсэн. Сумаас зөвшөөрлийг 50 тн хэмжээгээр нэг удаа нэг аж ахуйн өгдөг юм билээ. Сумаас өгсөн зөвшөөрлийн хэмжээ болох 50 тн бэлтгэж нийлүүлэх болсон. Би бол самар ургаж байгаа газар, хүмүүс түүж байгааг шалгах үүрэгтэй байсан. Харин хэлцлийг бол баримттай нь дээр гээд хийсэн” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал),

 

  • Гэрч Вао Вэндэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бидний зүгээс энэ хүнээс үндэслэлгүй мөнгө шаардаагүй. Өөрийн компанийн нийт шилжүүлсэн үнэ түүнээс бэлтгэн нийлүүлсэн самрын тооцоо /тонн, кг/ мөн гардан бэлтгэн нийлүүлсэн Б.Ган-Эрдэнэ нарын тооцоо зэргийг үндэслэн мөнгө хүлээн авсан, самрын цуглуулсан мөнгөний бодит тооцоогоор тулган зөрүү мөнгийг буцаан олгохыг хүссэнээр дээрх маргаан гарсан. Эхний 2 самрыг нийлүүлснээс хойш утсаа авахаа болиод алга болсон. Тэгсэн Б.Гал-Эрдэнэ ирж бид нартай ажлын хөлс гэхэд нэг учрыг мэдэж С.Болдбаатар захирал цагдаад гомдол гаргасан юм. Х.Пүрэвдалай надад Б.Гал-Эрдэнэ утсаа орхисон гээд Б.Гал-Эрдэнийн 91-тэй скайтелын дугаар байсан одоо сайн санахгүй байна, ямар ч байсан 91-тэй л дугаар байсан ба өөрийнхөө утаснаас ярьж байгаагүй, уг нь бол анх Х.Пүрэвдалай өөрийнхөө утаснаас ярьдаг байж байгаад Хөвсгөлд очсоноосоо хойш Гал-Эрдэнийн дугаараас ярьдаг байсан. ...09 дүгээр сарын 26-ны өдөр, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд самар хүлээн авсан. Хүлээн авсан самруудын үнийн хувьд 6.500-7.000 төгрөгөөр тооцож байсан. Гэтэл бид энэ хүнд ашгаа өөрөө олох мөн тээврийн зардал 10.000.000 төгрөг, суманд төлөх дагалдахын үнэ 8.000.000 төгрөг, хэрэглээндээ унах унаа болон машин авсан мөнгийг бид өөрсдөө энэ мөнгөнөөсөө гаргасан, гэтэл авсан зардлаа хасаад бидний үлдэгдэл мөнгийг өгөөгүйд л манай компанийн хувьд гомдолтой байгаа” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал),

 

  • Гэрч Б.Гал-Эрдэнээс гаргаж өгсөн гар бичмэл болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 56-59, 78-79 дэх тал),

 

  • “Эрүүл Монгол мах эко” ХХК-аас Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал), “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-ийн дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 4-5 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоо хуульчилжээ.

 

“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба итгэмжлэгдэн хариуцсан этгээдгэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээ, хэлцэлд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Х.Пүрэвдалай нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “Эрүүл Монгол Max Эко” ХХК-ийг төлөөлж Т.Ган-Очиртой тухайн үеийн ханшаар 50 тонн самар нийлүүлэх хэлцлийг байгуулж, улмаар “Эрүүл Монгол Max Эко” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас өөрийн эзэмшлийн 5011412553 тоот дансаар дамжуулан шүүгдэгч Х.Пүрэвдалайгийн Хаан банкны 5075283747 тоот данс руу 230.000.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл “Эрүүл Монгол Мах Эко” ХХК нь өөрийн хамтран ажилладаг, түнш “Норд Роуд” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болох самар бэлтгэх эрхийг ашиглан 50 тонн самар бэлтгүүлэхээр шүүгдэгч Х.Пүрэвдалайтай харилцан тохиролцож, хэлцлийн дагуу самар авах ажлыг гүйцэтгүүлэхээр шүүгдэгч Х.Пүрэвдалайг томилж, түүнд 230.000.000 төгрөг шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Х.Пүрэвдалай нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 тн 128 кг самрыг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 тн 157 кг самрыг тус тус бэлтгэж, “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-д хүргүүлсэн байх ба хэлцэлд заасны дагуу “тухайн үеийн ханш” гэдгийг “1 кг самрыг Улаанбаатар хотод авч буй тухайн өдрийн үнэ” гэж ойлгохоор талууд тохиролцож, 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн 10 тн 128 кг самрын 1 кг-ын үнийг 6.500 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн 11 тн 157 кг самрын 1 кг-ын үнийг 7.500 төгрөгөөр тооцон хүлээлгэн өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн гэрч Б.Гал-Эрдэнийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 176 дахь талын ар тал/, гэрч Вао Вэндэгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 166 дахь талын ар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Анхбаярын дахин мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 212 дахь тал/, гэрч Д.Жамбалдоржоос гарган өгсөн гар бичмэл бүхий тооцоо /2 дугаар хавтаст хэргийн 88-89 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Пүрэвдалай нь “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 тн 128 кг самрыг 65.832.000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 тн 157 кг самрыг 83.677.500 төгрөгөөр тус тус тооцож, нийт 21 тн 285 кг самрыг 149.509.500 төгрөгөөр нийлүүлсэн байна.  Талуудын байгуулсан хэлцэлд заасны дагуу “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-ийн хариуцан төлөх Ойн дагалт нөөц ашигласны төлбөр 12.000.000 /8.000.000 төг+4.000.000 төг, 1 дүгээр хавтаст хэргийн 90, 206 дахь тал/ төгрөгийг дээрх  149.509.500 төгрөг дээр нэмж тооцвол 161.509.500 төгрөг байх ба нийт шилжүүлсэн 230.000.000 төгрөгөөс 161.509.500 төгрөгийг хасаж тооцвол 68.490.500 төгрөгийн үнэ бүхий самрыг шүүгдэгч Х.Пүрэвдалай нь нийлүүлэлгүй, бусдын итгэмжлэн хариуцуулсан 68.490.500 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулжээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Х.Пүрэвдалай нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан хэлцлийн үндсэн дээр өөрт нь 50 тонн самар нийлүүлэх эрх, 230.000.000 төгрөг шилжсэний дараа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-д нийлүүлэх үлдэгдэл самрыг нийлүүлэлгүйгээр, самрын үнэ өссөн шалтгааны улмаас илүү их ашиг олох, мөнгө унагах санаа зорилгоор бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, мөнгийг шамшигдуулах, завших санаа зорилго бий болж, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж түнийг хүсч үйлдсэн,  уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

Шүүх дээрх үндэслэлээр шүүгдэгч Х.Пүрэвдалайгийн “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-ийн шилжүүлсэн 230.000.000 төгрөгөөс 68.490.500 төгрөгийн үнэ бүхий самрыг нийлүүлэлгүй бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн эсэх нь эргэлзээтэй, анхнаасаа завших санаа зорилго агуулаагүй, гэмт хэргийн бүрдэл буюу шунахайн сэдэлтээр завшсан гэдэг нь тогтоогдоогүй, хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй, улсын яллагч, хохирогч хоёрын хохирлын дүн зөрүүтэй, тухайн үеийн ханш буюу зах зээлийн үнийг огт тохироогүй” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Пүрэвдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас “Эрүүл Монгол Max Эко” ХХК68.490.500 төгрөгийг хохирол учирсан байна.

 

            Улсын яллагч яллах дүгнэлтдээ “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-д 75.377.550 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн бөгөөд хохирлын дүнг гаргахдаа нийт шилжүүлсэн 230.000.000 төгрөгөөс 21 тн 285 кг самар худалдан авсан 117.772.450 /зардал, ашиг шингээгүй шууд уулнаас худалдан авсан гар бүртгэлийн дүнгээр тооцсон/ төгрөг, Ойн дагалт нөөц ашигласны төлбөр 8.000.000 төгрөг, тээврийн буюу ачилтын зардал 10.000.000 төгрөг, самар бэлтгэх үйл ажиллагаанд зориулж худалдан авсан Серс маркийг тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөг, Пикап маркийн тээврийн хэрэгслийн үнэ 7.000.000 төгрөг, Мустанг загварын мотоциклийн үнэ 1.850.000 төгрөг буюу нийт 154.662.450 төгрөгийг хасч тооцжээ.

 

            2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр талуудын хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хэлцэлд талуудын үүргийг тодорхой тусгасан байх бөгөөд компанийн хувьд “татвар төлбөр хураамжийг хариуцах”, Х.Пүрэвдалайгийн хувьд “10 тн самар гүйцсэн тухай бүр ачааг бүрэн гүйцэт тээвэрлэх, тээвэрлэлтийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангасан байх ба энэ үеийн эрсдэлийг 100 хувь хариуцах” гэсэн үүргийг тус тус хүлээжээ.

 

            Өөрөөр хэлбэл “Эрүүл Монгол Мах Эко” ХХК нь Ойн дагалт нөөц ашигласны төлбөрийг, Х.Пүрэвдалай нь үйл ажиллагааны зардал, тээвэрлэлтийн зардлыг хариуцахаар харилцан тохиролцсон, мөн шүүх хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Анхбаяр нь “Одоо хохиролд 68.490.500 төгрөг нэхэмжилж байна. Учир нь эхний самрыг 6.500 төгрөгөөр, дараагийн самрыг нь 7.500 төгрөгөөр гэж тооцож, нийт дүнгээс хасахад үлдэгдэл 80.490.000 төгрөг болж байгаа. Үүнээс Ойн дагалдахын төлбөр 12.000.000 төгрөгийг хасвал 68.490.500 төгрөг болно” гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдалайгаас 68.490.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Эрүүл Монгол Max Эко” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Х.Пүрэвдалайг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “хохирол нөхөн төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг төлөөгүй бөгөөд “үл хөдлөх хөрөнгө борлуулсан, уг орлого орж ирээгүй нөхцөл байдал үүссэн” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

 

             Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдалайгаас нийт 68.490.500 төгрөг гаргуулж, хохирогч Эрүүл Монгол Max Эко” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдалайд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Шүүгдэгч Х.Пүрэвдалай нь эрхэлсэн тодорхой ажилтай, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл нь самартай холбоотой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

            хохирогчийн өмгөөлөгч Р.Машлай “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь торгох болон хорих ялын төрөлтэй. Улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах санал гаргаж байна. Хэрэгт авагдсан баримт, нөхцөл байдал зэргээс харахад энэ хүнд хорих ял оногдуулах нь зүйтэй юм байна. 68.490.500 төгрөг нь их хэмжээний хохирол тул улсын яллагчийн зүгээс оногдуулж ялын саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Х.Пүрэвдалай нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хэлцийн дагуу компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан атал үлдэгдэл самрыг бэлтгэн нийлүүлээгүй, мөнгөний тооцоог хийхгүйгээр хувьдаа завшсан байдал/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид их хэмжээний хохирол учирсан, хохирлоо нөхөн төлөөгүй/, хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн байдал/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Пүрэвдалайд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тус хэргийн 2 дугаар хавтасны 56-59 дүгээр хуудас дахь 8 хэсэг цаас бүхий гар бичмэл, Onnuri community Church гэсэн бичиглэл бүхий гар ноорог дэвтрийг хавтаст хэргийн хугацаа дуустал тус тус хэрэгт хадгалж, шүүгдэгч Х.Пүрэвдалай нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Халтарын Пүрэвдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдалайг 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдалайд оногдуулсан 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдалайд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдалайгаас 68.490.500 (жаран найман сая дөрвөн зуун ерэн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч “Эрүүл Монгол Мах Эко” ХХК-д олгосугай.

 

  1. Шүүгдэгч Х.Пүрэвдалай нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2-т зааснаар тус хэргийн 2 дугаар хавтасны 56-59 дүгээр хуудас дахь 8 хэсэг цаас бүхий гар бичмэл, Onnuri community Church гэсэн бичиглэл бүхий гар ноорог дэвтрийг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ