Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0840/Э |
Дугаар | 2022/ШЦТ/846 |
Огноо | 2022-12-13 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч О.Доржмаа, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Кадирбек, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001262 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт******* дүүргийн 25 дугаар хороо,******* хотхоны 97/2 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт************** /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 04 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна хохирогч Л.Самбуудуламтай маргалдаж улмаар түүнийг автомашин дотор суусан байхад нь онгорхой цонхоор гараа оруулан Л.Самбуудуламын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны цууралт, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч *******: “...Тухайн өдөр найзтайгаа нэг газар тоглолт үзээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Дуусаад манай найз******* оръё гэж санал тавьж хамт явсан, нэлээн согтолттой байсан учраас юу болсныг сайн санахгүй байна. Гадаад царайтай эмэгтэй байсан учраас манай найз Англиар юм яриад байсан, сүүлд Монгол болж таарсан. Би тэр эмэгтэйг таних ч үгүй, нэрийг нь ч мэдэхгүй хүн байсан. Баарнаас гарах болж гадуур хувцсаа авах хооронд хоёр залуу нөгөө хүүхнүүдийг хоргоосон. Би очоод дагуулж гарах гээгүй, явна гэж байна, та нар явуулчих гэж хэлэхэд бид нар руу дайрч муудалцсан. Би гадаа гарснаа санаж байна. Гадаа тэр залуучуудтай муудалцсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Камерын бичлэгээс харахад манай найз чи цаашаа байж бай гээд үлдсэн байсан. Найзыгаа авч ирнэ гээд нөгөө охин явахад хохирогч бид хоёрын хооронд маргаан үүссэн байна. Би цагдаа дээр очиж бичлэгээ хараад ийм зүйл хийснээ мэдсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Тухайн үед ухаан санаа байхгүй байсан. Гэм буруугаа зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Л.Самбуудулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз охин Маралын хамт 2022 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 02 цагийн үед******* бааранд орж үйлчлүүлсэн. Бид хоёр тус бааранд орохоос өмнө өөр газар пиво ууж байгаад орсон, тус бааранд дахин хүний хоёр пиво уусан. Ингээд тус газраас 04 цагийн үед гарсан бөгөөд хажуу талд үйлчлүүлж байсан хоёр залуу манай найзтай тамхины өрөөнд танилцсан юм шиг байна лээ, гарах болчихлоо гэж хэлээд гарсан.*******-н үүднээс такси бариад суусан бөгөөд баарнаас тус хоёр залуу гарч “танилцъя, явах гэж байгаа юм уу” гэж хоргоогоод байсан. Би “хамт явахгүй” гээд таксинд суусан байхад машинд суух гээд хаалга татаад байсан бөгөөд би оруулаагүй, урд талын суудал дээр тус хоёр залуугийн нэг нь суусан, такси цааш хөдлөөд би буу гэж шаардсан,*******-н хашлага хүртэл машинаас буугаагүй, би найздаа уурлаад “юун залуучууд вэ, яах гэж хамт явах гээд байгаа юм буулга” гэж уурласан чинь манай найз буугаад нөгөө залуу машинаас буугаагүй буухгүй суугаад байсан, такси буцаад*******-ийн үүд хэсэг рүү хүргүүлсэн бөгөөд нөгөө залуу буугаад таксины цонхоор буцаж миний хамар, ам хэсэг рүү нэг удаа хүчтэй цохичхоод яваад өгсөн. Би айгаад таксинаас буух юм бол зодуулах юм байна гэж бодоод найзыгаа аваад шууд явсан...” /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ гэсэн,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би таксинд явж байсан,******* баарнаас 04 цагийн үед нэг эмэгтэй такси авахаар миний машинд суусан. Удалгүй араас өөр 4 залуу суусан, маргалдсан залуучууд хаалга нээх гээд хаалга татахаар би машины хаалгыг цоожилсон. Гэтэл арын суудалд суусан эмэгтэй тус залууд “жоохон хүүхдүүд байна ш дээ, болиоч хаяач” гэж хэлсэн. Гэтэл нөгөө эмэгтэй найзыгаа авч явна гэхээр хаалга нээсэн бөгөөд нөгөө залуу буугаад өөр хүмүүстэй маргалдаад машинд буцаад орж ирж суусан. Тэгээд согтуу залуу над руу уурлаад яах гэж хаалга нээж байгаа юм намайг өшиглөчихлөө гээд байсан. Ард суусан эрлийз хар эмэгтэй буугаад явсан бөгөөд эндээс холдоорой хөдөлчих гэхээр цааш хөдөлсөн эрэгтэй, эмэгтэй хоёрыг би эхнэр нөхөр юм байна гэж бодтол хоорондоо хэрэлдээд эрэгтэй нь “чи пизда минь зайл буу” гэж хэлсэн. Гэтэл эмэгтэй “би яахлаараа буудаг юм би түрүүлж суусан чи өөрөө буу” гэж хэлсэн Тэгээд тэр залуу хэрэлдээд буусан. Нөгөө залуу буухад гар утсаа урд талд үлдээсэн байхаар би цонх онгойлгоод утсаа аваарай гэж хэлтэл утсаа аваад нөгөө эмэгтэй цонхоо буулгаад хэрэлдээд байсан чинь нөгөө залуу цонхоор баруун гараараа эмэгтэйн нүүрэнд түс хийтэл нэг цохиод яваад өгсөн. Би гайхаад “чи зүгээр үү” гэхэд хамар нүүрээ бариад хамраас цус гарсан бөгөөд би нойлын цаас өгсөн. Тэгээд “цагдаа дуудахгүй юм уу” гэхэд би олчихно, найзыг аваад явъя гээд буцаад*******-н үүд хэсэгт найз эмэгтэй нь байсан аваад цааш Их дэлгүүр ороод тэр хоёр намайг “ах таныг хоолонд даая” гээд нөгөө гадаад царайтай эмэгтэй маргааш такси хэрэгтэй гээд миний дугаарыг авсан. Тэгээд би хоол идэж байхад цохиулсан эмэгтэй хоол идэхгүй хүйтэн усаар хамартаа жин тавиад байсан, хамар нь бага зэрэг хавдаад улайсан байсан. Тэгээд хамраа цохиулдаг эмэгтэйг Их дэлгүүрийн ард буулгаад нөгөө эмэгтэй Өгөөж дээр буусан...” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-ны шилжих шөнө******* бааранд найз Уртнасангийн хамт үйлчлүүлсэн. Бид хоёр гаднаас нэлээн муудсан орсон бөгөөд ороод пиво авч уусан уу, архи авч уусан уу, санахгүй байна. Тухайн баарнаас 03 цагийн үед гарсан байх, хажуу ширээнд суусан хоёр эмэгтэйтэй манай найз Уртнасан яриад байсан, тэгээд гараад явахад тэр хоёр хойноос гараад ирсэн гэтэл өөр хоёр залуу хойноос хэрүүл маргаан хийгээд байсан бөгөөд “наад хоёр эмэгтэйг танихгүй өөрсдөө учраа ол” гээд найзыгаа аваад явах гэсэн тэр хоёр залуу над руу зууралдаад байсан. Тэгээд Уртаа салгаад би ч хүнтэй маргалдаад айхтар юм болоогүй, Уртаа салгаад “би харилаа араас хүрээд ир” гээд яваад өгсөн. Ингээд би гэртээ 3 цагийн үед орсон тэгээд унтаад өгсөн. Би бол эмэгтэй хүн цохисон зүйл байхгүй, ...таксины жолоочийг санахгүй байна, тус өдөр нэлээн уусан болохоор яаж гэртээ орсон тус газраас яаж гарснаа ч санахгүй байна. Миний санаж байгаагаар дотор найзтай нэлээн халамцуу ороод тус хоёр эмэгтэй нэг эрлийз эмэгтэй нь энэ залуутай найзыгаа явуулмааргүй байна гэж хэлээд хамт гарсан. Гэтэл араас тус залуучууд хэрүүл үүсгээд байсан би бол тухайн үед салхинд гараад ухаан санаа орж гараад байсан тус эмэгтэй цохисноо ч санахгүй байна Ямартай тус эмэгтэйд гэмтэл учруулсан бол хохирлыг барагдуулах болно...” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №13742 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Л.Самбуудуламын биед зүүн хоншоор ясны цууралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” /хавтаст 32-33 дахь тал/ гэсэн дүгнэлт,
- Хохирогч Л.Самбуудуламын өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,
- Шүүгдэгч *******ы хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 57 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 49-54 дэх тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 04 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна хохирогч Л.Самбуудуламтай маргалдаж, улмаар түүнийг автомашин дотор суусан байхад нь онгорхой цонхоор гараа оруулан нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны цууралт, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Самбуудуламын “...2022 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-ны шилжих шөнө ...04 цагийн үед гарсан, хажуу талд үйлчлүүлж байсан хоёр залуу манай найзтай тамхины өрөөнд танилцсан юм шиг байна лээ, гарах болчихлоо гэж хэлээд гарсан.*******-н үүднээс такси бариад суусан, баарнаас тус хоёр залуу гарч ирээд “танилцъя, явах гэж байгаа юм уу” гэж хоргоогоод байсан. Би “хамт явахгүй” гээд таксинд суусан байхад машинд суух гээд хаалга татаад байсан, би оруулаагүй, урд талын суудал дээр тус хоёр залуугийн нэг нь суучихсан, такси цааш хөдлөөд би буу гэж шаардсан, ...би найздаа уурлаад “юун залуучууд вэ, яах гэж хамт явах гээд байгаа юм бэ, буулга” гэж уурласан чинь манай найз буугаад нөгөө залуу машинаас буугаагүй, буухгүй суугаад байсан, такси буцаад*******-ийн үүд хэсэгт хүргүүлсэн бөгөөд нөгөө залуу буугаад таксины цонхоор буцаж миний хамар, ам хэсэг рүү нэг удаа хүчтэй цохичхоод яваад өгсөн...” /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ гэсэн, гэрчын “...Тухайн өдөр би таксинд явж байсан бөгөөд******* баарнаас 04 цагийн үед нэг эмэгтэй такси авахаар миний машинд суусан. ...Ард суусан эрлийз хар эмэгтэй буугаад явсан бөгөөд эндээс холдоорой хөдөлчих гэхээр цааш хөдөлсөн эрэгтэй, эмэгтэй хоёрыг би эхнэр нөхөр юм байна гэж бодтол хоорондоо хэрэлдээд эрэгтэй нь “чи пизда минь зайл буу” гэж хэлсэн, гэтэл эмэгтэй “би яахаараа буудаг юм, би түрүүлж суусан, чи өөрөө буу” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу хэрэлдээд буусан, ...нөгөө эмэгтэй цонхоо буулгаад хэрэлдээд байсан чинь нөгөө залуу цонхоор баруун гараараа эмэгтэйн нүүрэнд түс хийтэл нэг цохиод яваад өгсөн...” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэсэн, шүүгдэгч *******ы “...Гэтэл араас тус залуучууд хэрүүл үүсгээд байсан, би бол тухайн үед салхинд гараад ухаан санаа орж гараад байсан тус эмэгтэйг цохисноо ч санахгүй байна. Ямартай ч тус эмэгтэйд гэмтэл учруулсан бол хохирлыг барагдуулах болно...” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №13742 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Л.Самбуудуламын биед зүүн хоншоор ясны цууралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст 32-33 дахь тал/ гэсэн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-11 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Л.Самбуудуламын эрүүл мэндэд учирсан “...зүүн хоншоор ясны цууралт, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******ы түүний нүүр рүү цохисон идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ы хохирогч Л.Самбуудуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /намайн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Самбуудуламын эрүүл мэндэд зүүн хоншоор ясны цууралт, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Л.Самбуудулам гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөрт баримтаар 4,605,900 төгрөг төлсөн, шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хохирогчид дээрх мөнгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2210000001262 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч**************ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /намайн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /намайн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210020791165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Самбуудулам гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР