Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00920

 
 

И.Мөнхбаясалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/11086 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1902 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: И.Мөнхбаясал

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоогийн хяналтын журмаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг оролцож,тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа ШШГТХ-н 55, ИХ-н 177-г зөрчсөн бөгөөд төлбөр төлөгч надаас үнийн санал аваагүй шууд хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнэлгээ тогтоосон. Үнэлгээний компанийн ажилтан нь хөрөнгийн үнэлгээг тогтоож буй БЗД-н 1-р хороо, 12-р хороолол, 28-р байрны 24 тоот 3 өрөө орон сууцыг газар дээр нь очиж үзээгүй үнэлгээг, ямар аргачлал хэрэглэж хууль тогтоомж барьж гаргасан талаар тодорхойгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн нь хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлэн шийдвэр гүйцэтгэх газар хэт хямдаар худалдан борлуулж миний эрх, ашгийг ноцтой зөрчиж байна. Үнэлгээ тогтоож буй орон сууцны одоогийн ханш нь 150 сая төгрөгөөс 180 сая төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд энэ нь манай орон сууцны хажуу зэргэлдээ хэд хэдэн орон сууцны борлуулалтаар тогтоогдож байгаа. Мөн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээ ямар аргачлал хууль, тогтоомж барьж гаргасан нь тодорхойгүй төлбөр төлөгч надад үнэлгээний тайланг танилцуулаагүй, үнийн санал аваагүй өнөөдрийг хүрч байгаа нь хууль бус болохыг нотолж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ШШГТХ-н 55.1, 55.3, ИХ-н 177.1-г зөрчин явуулсан хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.03.31-ний өдрийн 15 дугаар захирамжаар И.Мөнхбаясалаас 60,030,000 төгрөгийг гаргуулж Нью энержи стар ХХК-д олгохоор шийдвэр гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014.04.17-ны өдрийн 253 дугаар тогтоолоор үүсгэсэн. И.Мөнхбаясалын өмчлөлийн БЗД-н 1-р хороо, 28-р байрны 24 тоот орон сууцыг 2020.02.03-ны өдрийн 16280687/01 тогтоолоор хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад талуудаас шинжээч томилох тухай хүсэлт ирүүлсэн тул 2020.02.12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимейт ХХК-г томилоход 124,707,800 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2020.02.18-ны өдрийн 4/5573 дугаар албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч И.Мөнхбаясалын оршин суух БЗД-н 16-р хороо, 32-22 тоот хаягаар эхнэр Н.Билгүжинд мэдэгдлийг гардуулж, тэмдэглэлээр баталгаажуулсан. ШШГТХ-н 55.7-д үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан. И.Мөнхбаясал 2020.03.17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 101/ШЗ2020/11086 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байр, 24 тоотын 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000770 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 124,707,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай И.Мөнхбаясалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 8306 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1902 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/11086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 28 дугаар байрны 24 тоот орон сууцыг Хөрөнгө эстимэйт ХХК-ийн ахлах үнэлгээч 2020.02.17-ны өдөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээгээ нэхэмжлэгчийн орон сууцыг 124,707,800 төгрөгөөр үнэлжээ. Энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур мөн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-д заасан аргуудыг хууль журмын дагуу үнэлээгүй байгаа тул хөрөнгийн үнэлгээ хууль бус байна. 1. Нэхэмжлэгч шаардлага гаргахдаа орон сууцны байршин буй газар орон дахь 3 өрөө орон сууцнуудыг олон нийтийн цахим орчинд байршсан зарын мэдээллийг хавсаргасан байдаг. Дээрх үнээс харахад 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 170-230 сая төгрөгийн хооронд байна. Иймд заах зээлийн үнэлгээ хэт доогуур гарсан байна. 2. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно. гэж заасан байна. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн ахлах үнэлгээчин хөрөнгийн үнэлгээг хийхдээ орлогын хандлагын арга, зах зээлийн хандлагын арга, зардлын хандлагын аргуудыг ашигласан байна. Зах зээлийн хандлагын аргыг ашиглахдаа тухайн орон сууцны засварын байдал, арчлалт, тордолтыг харьцуулалгүйгээр хэт бага үнэтэй байрнуудтай харьцуулсан нь зах зээлийн бодит үнэ гарахад нөлөөлсөн байна. Мөн Орлогын хандлагын аргыг ашиглахдаа орон сууцны түрээсийн төлбөрийг баримжаа хэлбэрээр авч ойролцоо 1 сая төгрөгөөр түрээслэгддэг гэх байдлаар бодит бус үнийг хэрэглэжээ. Гэтэл зарын цахим хаяг болон бодит нөхцөл тухайн байранд эсвэл ижил төстэй орон сууцнуудад 3 өрөө байрны түрээсийн зардал хэд байдаг талаар нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр орлогыг тогтоож, орлогын хандлагыг бодитоор дүгнэх ёстой байсан. Иймд Орлогын хандлагын аргыг ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-д ...хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан... гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний 3 аргыг хослуулан хэрэглэж байж хөрөнгийн үнэлгээний үнийг тодорхойлохоор байхад нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт бодит бус үнүүдийг ашигласан байдал нь хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

И.Мөнхбаясал 2020.03.23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байр, 24 тоот 3 өрөө орон сууц /цаашид 24 тоот орон сууц гэх/-ыг 124,707,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа ...үнэлгээ тогтоох ...ажиллагаа хуулийн дагуу явагдсан... үнэлгээний талаар И.Мөнхбаясалын эхнэр Б.Билгү-Үжинд мэдэгдэж тэмдэглэл үйлдэгдсэн байна... үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргаагүй... гэсэн дүгнэлт хийжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ ...нэхэмжлэгч нь ...эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байна...нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй... гэсэн агуулга бүхий үндэслэл заасан байна.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгнө. Гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газраа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 24 тоот орон сууц 124,707,800 төгрөгөөр үнэлэгдсэн талаар төлбөр төлөгчийн гэр бүлийн хүнд 2020.02.18-ны өдөр мэдэгдсэн /хх91/ байх тул хариуцагч энэ ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж шүүх үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нийцжээ.

2. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

24 тоот орон сууцны үнэлгээ буюу шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагч нь төлбөр төлөгчид 2020.02.18-ны өдөр мэдэгдсэн ч нэхэмжлэлийг 2020.03.23-ны өдөр гаргасан нь тогтоогдсон тул гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэлийн шаардлага татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

Эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой дүгнэлт гаргахдаа шинжээч үндэслэлээ заасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/11086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1902 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ