Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2024/0369/З |
Дугаар | 221/МА2024/0753 |
Огноо | 2024-11-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0753
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын дарга
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар зарлагдсан СШ-66 дугаартай сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан Сонгон шалгаруулалтын комисс
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаалын СШ**05 дугаартай Б аймгийн Б сумын нутаг Н булаг нэртэй 3813.84 гектар талбай, СШ**15 дугаартай Б аймгийн Богд, Б сумын нутаг Б задгай булаг нэртэй 3162.94 гектар талбай, СШ**25 дугаартай Б аймгийн Богд сумын нутаг Ш булаг нэртэй 13719.79 гектар талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулатын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахаас татгалзаж буй Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0616 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0369/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар зарлагдсан СШ-66 дугаартай сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаалын СШ**05 дугаартай Б аймгийн Б сумын нутаг Н булаг нэртэй 3813.84 гектар талбай, СШ**15 дугаартай Б аймгийн Богд, Б сумын нутаг Б задгай булаг нэртэй 3162.94 гектар талбай, СШ**25 дугаартай Б аймгийн Богд сумын нутаг Ш булаг нэртэй 13719.79 гектар талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулатын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахаас татгалзаж буй Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 616 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25, 11.1.26, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тушаалаар журмыг баталсан байгаа. 1 дүгээрт “Т” ХХК-иас хамгийн өндөр үнийн санал ирсэн. Журмын 2.2.1-д яаж үнэлэх вэ гэдгийг заасан. Энэ систем өөрөө цаанаасаа бүртгээд явчихдаг. Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн нь “Т” ХХК юм. Техникийн саналаа цаашаа үнэлэх боломжгүй, тухайн цаг хугацааг өнөөдөр нөхөн бүртгэх боломжгүй юм гэж үзэж байгаа. Энэ талбай дээр дахин сонгон шалгаруулалт зарлана. Үүнд “Т” ХХК дахин оролцох эрх нь нээлттэй. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар зарлагдсан СШ-66 дугаартай сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан Сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаалын СШ**05 дугаартай Б аймгийн Б сумын нутаг Н булаг нэртэй 3813.84 гектар талбай, СШ**15 дугаартай Б аймгийн Богд, Б сумын нутаг Б задгай булаг нэртэй 3162.94 гектар талбай, СШ**25 дугаартай Б аймгийн Богд сумын нутаг Ш булаг нэртэй 13719.79 гектар талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулатын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахаас татгалзаж буй Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байх бөгөөд мөн Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 268 дугаар тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 447 дугаар тогтоолуудаар тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, сонгон шалгаруулалтаар олгох талбайн хэмжээг нэмэгдүүлсэн байна.
3.2. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/3036 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалтаар олгох боломжтой ашигт малтмалын хайгуулын 101 талбайгаас хүргүүлсэн дарааллын дагуу сонгон шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулах талаар мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/20 дугаар тушаалаар “СШ-66” дугаартай тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлаж, мөн тушаалын хавсралтаар сонгон шалгаруулалт зарлах 25 талбайг баталсан байна.
3.3. Нэхэмжлэгч “Т” ХХК нь дээрх сонгон шалгаруулалтын СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцох санал, материалаа 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сонгон шалгаруулалтын комисст хүргүүлжээ.
3.4. Гэтэл сонгон шалгаруулалтын нэгдсэн дүгнэлт гараагүй байх үед Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн оролцож буй СШ**05, СШ**15, СШ**25 дугаартай талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.
4. Нэхэмжлэлийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаалын СШ**05 дугаартай Б аймгийн Б сумын нутаг Н булаг нэртэй 3813.84 гектар талбай, СШ**15 дугаартай Б аймгийн Богд, Б сумын нутаг Б задгай булаг нэртэй 3162.94 гектар талбай, СШ**25 дугаартай Б аймгийн Богд сумын нутаг Ш булаг нэртэй 13719.79 гектар талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаалд “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 268 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулах хүртэл ... сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосугай” гэжээ.
4.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... манайх Засгийн газрын 2023 оны 258 дугаар тогтоолд заасан солбицлын дагуу сонгон шалгаруулалт зарласан, үүнээс хэтрүүлж зарлахгүй. Харин Ашигт малтмалын тухай хууль болон Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан ажиллагаа хийгээгүй, энэ талаар хуульд нийцэж буйг эсэхийг шалгая гэсэн юм” гэж тайлбарлаж байна.
4.3. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна” гээд 17.5.1-т “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх”, 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, 17.5.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, 17.6-д “Энэ хуулийн 17.5.2, 17.5.3-т заасан давхцал гаргахгүйн тулд хүсэлтэд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно:” гээд 17.6.1-т “улсын хил”, 17.6.2-т “нөөцөд авсан талбай”, 17.6.3-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар”, 17.6.4-т “энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай”, 17.6.5-д “хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц” гэж, мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж тус тус заасан.
4.4. Засгийн газрын 2023 оны “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 268 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбицолд өөрчлөлт орсон газарт нэхэмжлэгчийн маргаж буй 3 талбай хамаарахгүй боловч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, “...тусгай зөвшөөрөл олгох талбайд нэмэх саналд дурдсан талбай нь малчдын өвөлжөө хаваржааны бүс нутаг тул хасах санал гаргасан, мөн Б аймгийн Б сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор дэмжихгүй санал ирүүлж байсан” зэрэг тухайн маргаж буй талбайд хамааралтай үйл баримтуудаас үзвэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас маргаан бүхий СШ**05, СШ**15, СШ**25 дугаартай ялгасан талбайнууд нь Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан хуулийн шаардлага хангагдсан эсэх, мөн Усны тухай хуульд заасан тус сав газрын захиргаанд мэдэгдэж санал авсан эсэх зэрэг нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдоогүй гэж үзэж, тухайн кодтой талбайнуудад сонгон шалгаруулалт явуулах нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг дахин шалгах зорилгоор зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосныг хуульд нийцээгүй, хууль бус гэж үзэхээргүй байна.
4.5. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл “Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг” гээд 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх/ дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.26-д “энэ хуулийн 9.1.11-д заасан талбайд сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон талбай давхцаж байгаа эсэхийг шалгаж, давхацсан бол тухайн хэсгийг хасаж, мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлэх” гэж заасан чиг үүргийн хүрээнд сонгон шалгаруулалтаар олгох талбайд хяналт шалгалт хийх зорилгоор хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаал гаргасан нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.
4.6. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалтын ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх болон бодит нөхцөл байдлыг тогтоохоор тухайн талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгож, түр зогсоосон шийдвэр нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг зөрчихгүй.
4.7. Анхан шатны шүүх “маргаан бүхий тушаалыг сонгон шалгаруулалтын журам зөрчсөн, мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсэг нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй биш байна.
4.8. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/20 дугаар тушаалаар зарлагдсан “СШ-66” дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт дуусаагүй буюу Сонгон шалгаруулалтын комиссоос ялагчаар шалгаруулсан тухай дүгнэлт гаргаагүй, захиргааны байгууллагаас хуульд заасан ажиллагааг хийсний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлах энэ тохиолдолд маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээргүй юм.
4.9. Учир нь, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход дээрх байдлаар Ашигт малтмалын тухай болон бусад хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд сонгон шалгаруулалтын журмаар олгох зохицуулалттай бөгөөд захиргааны байгууллагаас энэхүү шаардлага хангагдсан эсэхийг дахин хянаж үзэх нь зүйтэй гэж үзсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Нэхэмжлэлийн “хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулатын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахаас татгалзаж буй Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах” шаардлагын тухайд:
5.1. Шүүх маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаал хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж, хэвээр үлдээсэн тул Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоож, үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгах боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.26, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/39 дүгээр тушаалын СШ**05 дугаартай Б аймгийн Б сумын нутаг Н булаг нэртэй 3813.84 гектар талбай, СШ**15 дугаартай Б аймгийн Богд, Б сумын нутаг Б задгай булаг нэртэй 3162.94 гектар талбай, СШ**25 дугаартай Б аймгийн Богд сумын нутаг Ш булаг нэртэй 13719.79 гектар талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах, хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахаас татгалзаж буй Сонгон шалгаруулалтын комиссын хариу хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу СШ**05, СШ**15, СШ**25 талбайн кодтой сонгон шалгаруулалтын оролцогчдын үнэлгээг гаргаж, нэгтгэн холбогдох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохын дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ