Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 126/ШШ2021/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Өын Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчидтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч А.Бд холбогдуулан гаргасан “2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0300144 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Бд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, прокурор А.Ө, хариуцагч А.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ө шүүхэд гаргасан дүгнэлт бүхий гомдолдоо: “... аймгийн Татварын хэлтсийн Жижиг сегменттэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч А.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 15-49 тоотод үйл ажиллагаа явуулдаг Цэгцмандал ХХК нь 2020 оны 12 сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05 дугаар сарын тайланг ирүүлээгүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Бд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалд цугларсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 202101008 дугаартай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 202101008 дугаартай тэмдэглэл, татварын улсын байцаагч А.Бгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0300144 дугаартай шийтгэлийн хуудас, иргэн Д.Бгийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа

1.Цэгц мандал ХХК-г холбогдогчоор тогтоогоогүй

2.Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд Цэгц мандал ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй,

3.Д.Бг Цэгц мандал ХХК-тай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд уг хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоосон баримтыг хавсаргаагүй,

4.Цэгц мандал ХХК-г 2020 оны 12 сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05 дугаар сарын тайланг ирүүлээгүй гэх баримтыг материалд хавсаргаагүй зэрэг зөрчил гаргасан байна.

Дээрх зөрчлүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэмэлт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Татварын хэлтсийн Жижиг сегменттэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч А.Бгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0300144 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Бд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор шүүх хуралдаан гаргасан тайлбартаа “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хуулийн этгээдэд хариуцлага тооцуулж байгаа бол хамгийн түрүүнд тухайн зөрчлийн хэрэг материал нь холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн тухайн хэрэгт хамааралтай ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа хэргийн оролцогч нар болон прокурорын зүгээс хянахад бүх материалууд ойлгомжтой, цэгцтэй, хуульд заасан шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг. Гэтэл Цэгц мандал ХХК-д холбогдох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материал дээр нэгдүгээрт Цэгц мандал ХХК-ийг холбогдогчоор тогтоогоогүй. Хоёрдугаарт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд Цэгц мандал ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй. Мөн Цэгц мандал ХХК-ийг Д.Б төлөөлж болно гэдэг ямар нэгэн тогтоол шийдвэр албан бичиг байхгүй. шалгаж үзэхэд “Цэгц мандал” компани нь 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сараас 5 дугаар саруудын тайланг ирүүлээгүй байгаа нь баримтаар тогтоогдож байна гэж дурдсан боловч хэрэгт энэ талаар баримт байдаггүй. Энэ материалыг харах юм бол товьёог байна нийт 8 хуудастай гэх. Нэгдүгээрт хуудсанд эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, 2-3 дугаар хуудсанд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 4-5 дугаар хуудсанд холбогдогчоос авсан мэдүүлэг, 6-7 дугаар хуудсанд шийтгэлийн хуудас байгаа. Эндээс харахад Цэгц мандал ХХК-ийг хуулийн этгээдийн эрхтэй юм уу, үгүй юм уу гэдгийг нотолсон баримт байхгүй. Д.Б гэдэг хүн хэдий “Цэгц мандал” компанийн захирал гэдгийг цахим дээрээс эрх бүхий албан тушаалтан хараад байгаа боловч үүнийг прокурор болон жишээ нь Цэгц мандал ХХК-ийг төлөөлөх этгээд ч гэдэг юм уу энэ компани өмгөөлөгч авсан тохиолдолд энэ материал дотор хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй, хуулийн этгээдээ холбогдогчоор тогтоогоогүй, дээрээс нь энэ компанийг Д.Б төлөөлж болно гэдэг ямар ч баримт байхгүй байна. Тийм учраас энэ материалуудыг нэмж хийлгэхээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, дахин нэмэлт материалаа бүрдүүлээд шийтгэлийн хуудсаа бичүүлэх зорилгоор прокурорын дүгнэлт бичсэн юм. ...” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчидтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа “Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст бүртгэлтэй 4141253 регистрийн дугаартай Цэгц мандал ХХК нь НӨАТ суутган төлөгчийн 2020 оны 12 сар, 2021 оны 01 сар, 02 сар, 03 сар, 04 сар, 05 сар тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж тайлагнаагүй байна. Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй татвар төлөгч тус бүр цахим хувийн хэрэгтэй байдаг бөгөөд тус хувийн хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, удирдлага, үйл ажиллагааны чиглэл болон бусад мэдээллүүд хадгалагддаг бөгөөд тухайн татвар төлөгчийг хариуцсан Татварын улсын байцаагчийн хувьд тогтмол харилцаатай татварын үйлчилгээг үзүүлж явдаг. Цэгц мандал ХХК-г зөрчил гаргасан даруйд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй захирал Д.Бд зөрчлөө арилгах талаар удаа дараа мэдэгдсэн боловч уг зөрчлөө давтан үйлдсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болсон. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Өын 06 сарын 23-ны өдрийн дүгнэлтэд заасан:

  • Цэгц мандал ХХК-г холбогдогчоор тогтоогоогүй
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй
  • Д.Бг хуулийн этгээдийн төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоогоогүй
  • Тайлан ирүүлээгүй баримтыг хавсаргаагүй зэрэг зөрчлийн дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг өгч байна.

Прокурорын дүгнэлтэд заасан дөрвөн ажиллагаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэх явцад татварын албаны цахим системийн татвар төлөгчийн хувийн хэргээс шалгахад бүгд тогтоогдож байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дуусгасан. Мөн Д.Б нь холбогдогчоор дуудагдаж зөрчлийн хэргийн материалтай танилцахдаа Цэгц мандал ХХК-г бүрэн төлөөлөх этгээдийн хувьд компанийн хууль ёсны тамгыг хэргийн материалд дарж баталгаажуулсан байна. Миний бие зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад прокурорын дүгнэлтэд заасан ажиллагааг цахим систем ашиглан 100 хувь баталгаажуулж ажиллагааг явуулсан бөгөөд Цэгц мандал ХХК-ийн:

  • Хуулийн этгээдийн мэдээллийг Улсын бүртгэлийн дундын мэдээллийн сангаас авсан.
  • НӨАТ суутган төлөгчийн тайлангаас тайлан хоцроосон хугацааг тодорхойлсон” гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч А.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Цэгц мандал ХХК-ийн удирдлага өөрөө тамга, тэмдэгтэйгээ ирж тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрөөд, тэр өдөртөө байцаагчийн тавьсан шийтгэлийн хуудсыг биелүүлсэн. Цэгц мандал ХХК өөрөө тайлангаа хоцроосон гэдгээ өөрийнхөө татварын нэгдсэн удирдлагын систем буюу и-такс.мта.мн гэсэн хаягаараа ороод мэдэх боломжтой. Тайлангаа хоцроосон бол бүх эрхүүд нь тайлан өгөх боломжгүйгээр хаагдсан байдаг. Тэгэхлээр тайлангаа хоцроосон гэдгээ тухай газар өөрөө мэдээд хүлээн зөвшөөрөөд холбогдогчоос авсан мэдүүлэг дээрээ тухайн Цэгц мандал ХХК-ийн удирдлага өөрөө ирж хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 1.500.000 төгрөгөө төлсөн юм. Тайлангийн эрх нь хаагдсан байдаг нь татвар төлөгчийн талаас ч мэдэгдэнэ. Татварын байгууллагын талаас ч харагддаг. Цахим нотлох баримтыг зөвхөн өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрдэг “Татварын нэгдсэн удирдлагын систем”-д нэвтэрч нүдээр харсан тогтоосон боловч түүнийгээ баримтжуулан хэрэгт хавсаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь;

            Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчидтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч А.Бгийн гаргасан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0300144 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн талаар

Прокурор хариуцагчийн буруутай үйл ажиллагааны талаар тайлбарлахдаа Цэгц мандал ХХК-г холбогдогчоор тогтоогоогүй, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд Цэгц мандал ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй, Д.Бг Цэгц мандал ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоосон баримтыг хавсаргаагүй, Цэгц мандал ХХК-г 2020 оны 12 сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05 дугаар сарын тайланг ирүүлээгүй гэх баримтыг материалд хавсаргаагүй” гэж, хариуцагч татварын улсын байцаагч А.Б үүнийг үгүйсгэж “татварын албаны цахим системийн татвар төлөгчийн хувийн хэргээс шалгахад дээрх нөхцөл байдал бүгд тогтоогдож байсан. Д.Б нь Цэгц мандал ХХК-ийн захирлын хувьд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Миний бие прокурорын дүгнэлтэд заасан ажиллагааг цахим систем ашиглан 100 хувь баталгаажуулсан. Цэгц мандал ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээллийг Улсын бүртгэлийн дундын мэдээллийн сангаас авсан. НӨАТ суутган төлөгчийн тайланг хоцроосон хугацааг татварын цахим системд тайлан ирүүлсэн хугацаагаар тодорхойлсон” гэж тус тус маргаж байна.

Товчоор хэлбэл прокурорын зүгээс цахим баримтыг үнэлж шийдвэр гаргаснаа баримтжуулж цаасан суурьтай зөрчлийн хэрэгт хавсаргаагүй гэж, хариуцагч цахим баримтаар гарцаагүй нотлогдсон зөрчилд шийтгэл оногдуулсан нь зөв гэж тус тус маргасан.

Хоёр. Хууль хэрэглээний талаар

2.1.Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Татвар төлөгчийн бүртгэлийн журмыг татварын болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/268, А/1345 дугаар тушаалаар “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ыг баталжээ. Энэхүү бүртгэлийн журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн эх сурвалж юм.

Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/268, А/1345 дугаар тушаалаар баталсан “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын 1.2-т “Татварын алба татвар төлөгчийг бүртгэхэд дараах мэдээлэл ...-ыг баримтална:

1.2.1.хуулийн этгээд, иргэнийг татвар төлөгчөөр бүртгэхдээ ... Үндэсний дата төвд байршуулсан улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний системээр дамжуулан хүлээн авсан суурь мэдээлэл” гэжээ.

Түүнчлэн тус журмын 1.4-т “Татварын алба нь татвар төлөгчийн бүртгэлийн үйл ажиллагааны цахим программ хангамжтай байна”, 1.6-д “Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн цахим шуудангийн хаяг, ажлын болон гар утасны дугаар, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа албан ёсны, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг, түүний өөрчлөлтийг бүртгэнэ” гэж заасан.

Шүүхийн үзлэг хийсэн тухай 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, хуулбар, үзлэгийн үеэр баримтжуулж авсан дуу-дүрсний бичлэг зэргээс үзэхэд Цэгц мандал ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон тус хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Бгийн талаарх мэдээлэл “Татварын нэгдсэн удирдлагын систем”-ээс татварын улсын байцаагчид харагдаж байсан болно.

Энэ нь Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/268, А/1345 дугаар тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын 2.13-т “Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн сан ... төрийн ... байгууллагаас гаргуулан авсан ... дараах мэдээллээс бүрдэх ... : 2.13.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл:

2.13.1.1.хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, бүртгүүлсэн он, сар, өдөр, шинээр болон өөрчлөн байгуулсан, хариуцлагын хэлбэр, өмчийн хэлбэр; ..

            2.13.1.6.гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээдийн мэдээлэл /иргэний регистрийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал/” гэсэнтэй нийцэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Захиргааны байгууллага өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг оролцогчоос шаардахгүй” гэж заасан тул татварын улсын байцаагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн лавлагааг иргэн, хуулийн этгээдээс шаардах эрхгүй юм.

2.2.Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.10-т “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/260 дугаар тушаалаар “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баталжээ. Энэхүү журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын захиргааны хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн эх сурвалж болно.

Тус журмын 1.2-т “Татвар төлөгч нь татварын тайланг түүний дагалдах мэдээ, тодруулга, тооцоолол, бусад баримт бичиг ...-ийн хамт цахимаар тушаах бөгөөд ... хоцорсон тайлан тушаах, ... зэрэг татварын тайлагналтай холбоотой хүсэлтийг татварын албанд цахимаар тушаана” гэж заасны дагуу татвар төлөгч татварын тайлан, хоцорсон тайлангаа цахимаар тушаадаг байна.

Цэгц мандал ХХК нь 2020 оны 12 сар, 2021 оны 01, 02, 03, 04, 05 дугаар сарын НӨАТ суутган төлөгчийн тайлангаа хуулийн хугацаанд тайлагнаагүй болох нь хариуцагчийн тайлбар, “Татварын нэгдсэн удирдлагын систем”-д 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр баримтжуулж авсан дуу-дүрсний бичлэг, “Татварын нэгдсэн удирдлагын систем”-ээс хуулбарлан авсан баримтуудаар тогтоогдов.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ”, 3-т “... эрх бүхий байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах, ... явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно” гэж заасан тул Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/268, А/1345 дугаар тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын дагуу цахим системд авагдсан баримтыг болон Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/260 дугаар тушаалаар “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын дагуу цахимаар тушаасан татварын тайлан, хоцорсон тайланг нотлох баримтаар тооцно.

Гэвч хариуцагч татварын улсын байцаагч А.Б “Татварын нэгдсэн удирдлагын систем” дэх мэдээллийг ашиглан зөрчлийг тогтоосон тухайгаа, тус системээс үзэхэд ямар нөхцөл байдал тогтоогдсон талаараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд дэлгэрэнгүй, ойлгомжтой бичээгүй, тэмдэглэл үйлдээгүй. “Татварын нэгдсэн удирдлагын систем” дэх мэдээллээр зөрчил тогтоогдсон талаар хэргийн материалтай танилцсан өөрөөс нь өөр бусад хүн олж мэдэх боломжгүй байдлаар “захиргааны шийдвэрийн хувийн хэрэг” буюу зөрчлийн хэрэг материалыг бүрдүүлжээ.

Өөрөөр хэлбэл хэрэв “Татварын нэгдсэн удирдлагын систем”-д нэвтрээгүй бол /шүүхийн үзлэг хийгээгүй бол/ хэрэгт авагдсан баримтын хэмжээнд холбогдогч зөрчил гаргасан болохыг тогтоох холбогдогчийн мэдүүлгээс өөр баримт байхгүй байлаа.

Хариуцагч татварын улсын байцаагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “цахим нотлох баримтыг зөвхөн өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрдэг “Татварын нэгдсэн удирдлагын систем”-д нэвтэрч нүдээр харсан боловч түүнийгээ баримтжуулан хэрэгт хавсаргаагүй” гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

2.3.Зөрчилд холбогдогчийн үйлдсэн зөрчил нотлох баримтаар тогтоогдож, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл болно.

Гэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4-т “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж,

Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нотлох баримт цуглуулах төдийгүй түүнийгээ бэхжүүлэх үүрэгтэй.

Тодруулбал холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл болох авч энэ нь дангаар нотлох баримт болохгүй, эрх бүхий албан тушаалтан тухайн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг хянаж тогтоон, холбогдох нотлох баримтыг бэхжүүлсэн байх шаардлагыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д  заажээ.

2.4.Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт ... гаргах ... замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино” гэж заасан тул Захиргааны ерөнхий хууль нь нийтийн эрх зүйн хүрээнд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн ажилладаг татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх эрх зүйн суурь хэм хэмжээ юм.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж заасан.

Гэтэл Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 202101008 бүртгэлийн дугаартай “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал” буюу захиргааны шийдвэрийн хувийн хэрэгт шийдвэр гаргах ажиллагааны үе шат, холбогдох баримт зэргийг бүрдүүлээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

2.5.Прокурор дүгнэлтдээ “Цэгц мандал ХХК-г холбогдогчоор тогтоогоогүй” гэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2“зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно гэж заасан.

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн 202101008 бүртгэлийн дугаартай “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материал”-д авагдсан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Холбогдогчоос авсан мэдүүлэг”, 0300144 дугаартай шийтгэлийн хуудас, “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” зэргээс үзэхэд зөрчилд холбогдогчоор Цэгц мандал ХХК-ийг татан оролцуулсан, тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болохынх нь хувьд гүйцэтгэх удирдлага Д.Бг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Харин 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 210101008 дугаартай “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д “Холбогдогч Цэгц мандал ХХК /хүн, хуулийн этгээдийн/-ийн гаргасан зөрчилд ...” гэж бичсэний хүн гэсэн үгийн доогуур зурсан нь техникийн шинжтэй алдаа байна шүүх гэж үзлээ.

2.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасан.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаас үзэхэд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж шүүх үзэв.

Учир нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад хуулиар оногдуулсан чиг үүрэгт хамаарах ажиллагааг шүүх нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах буюу зөрчлийн хэрэгт холбогдох нотлох баримтуудыг бэхжүүлэн бүрдүүлэх шаардлагатай байх тул дахин шинэ акт гаргах хүртэл Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчидтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч А.Бгийн гаргасан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0300144 дугаартай шийтгэлийн хуудсыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 29 дүгээр зүйлийн 29.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14-ийн 2, 4.15-ын 1 дэх хэсэгт заасныг баримтлан дахин шинэ акт гаргах хүртэл Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчидтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч А.Бгийн гаргасан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0300144 дугаартай шийтгэлийн хуудсыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол улсын тэмдэгтийн  хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчидтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч А.Бгийн гаргасан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0300144 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ