Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 116

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

             Нарийн бичгийн дарга Б.Урангоо

Улсын яллагч Л.Энхтайван

Хохирогч Т.Энхтөр нарыг оролцуулав.

   Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 279 дүгээр  зүйлийн 279.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 201618000244 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 19-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,  ам бүл 6 эцэг, эх, ах, 2 дүү, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо,  Булгийн 18 дугаар гудамж 890-б тоотод оршиг суух, ХЦ-ийн 0243 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Адууч овогт Мөнх-Эрдэнийн Буяннэмэх /РД ПЮ95101915/   

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Буяннэмэх нь 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 08 цаг 30 минутаас 12 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставт хугацаат цэргийн алба хааж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор  цэргийн анги, салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

            Шүүгдэгч М.Буяннэмэхийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 08 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчимд цэргийн хоолондоо орчихоод гарсны дараа манай заставын ахлах байлдагч Ганзориг надад хандаж чи утас чагнаад байж бай би хоолондоо ороодхъё гэхээр нь заставын жижүүрийн өрөөнд хэсэг суусан. Тэнд сууж байхдаа заставын байрны 2 дугаар давхарт гарч 0243 дугаар ангийн төв рүү холбогддог гар утсаар өөрийн найз охин Минжинсорын 99216300 дугаарын утас руу залгаад ярьсан. Минжинсортой мэнд ус мэдэлцээд хэсэг ярьсны дараа Минжинсор хоёулаа сална шүү, дахин ярьж, мессеж бичмээргүй байна гэж хэлсэн. Минжинсортой утсаар ярих хооронд түүний найз гэх залуучууд Минжинсорын утасны цаанаас чи муу холхон бай гэх мэтийн хараалын үг хэлсэн. Би тухайн үед  бага зэрэг гутраад утсаа тасалсан. .......Би амарч байх хугацаандаа оргож Улаанбаатар хот руу явж найз охин Минжинсортой уулзах талаар бодож хоносон. Маргааш өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед цэргүүд хоолондоо орсон. Хоолонд орсны дараа 08 цаг 20 минутын орчимд заставын бие засах газрын хажуугаар гэтэж явсаар мод руу ороод модон дотор нэг хэсэг хугацаанд гэтэж явсаар шороон зам руу гарсан. Ыи гүйлгүй алхаж шороон замаа дагаад алхаад л байсан. Алхаж байх замдаа өөрийн гэмээ ухаарсан, хэрэггүй оргож гэж надад бодогдсон. Хэсэг алхаж байх зуураа өөрийн буруу үйлдлээ бүрэн ухаараад заставынхаа зүг эргээд алхсан. Эргээд алхаж байх үед авто машин дуугарах шиг болсон. Машин дугарах зүг алхаж байтал манай зүаставын даргын эхнэр Алтантуяа авто машинтайгаа гараад ирсэн. Би тухайн машинд сууж застав руугаа явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/

          Хохирогч Т.Энхтөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... Байлдагч М.Буяннэмэхэд холбогдох хэрэгт байгууллагаа төлөөлөн хохирогчоор оролцож байгаа. М.Буяннэмэхийг эрж хайхад манай байгууллагаас 186630 төгрөгийн зардал гаргаж ажиллагааг явуулсан байдаг. Үүнээс 140.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 46.630 төгрөгийг нэхэмжилж байна. Байлдагч М.Буянэмэхийн энэ буруутай үйлдэл нь бусад хугацаат цэргийн албан хаагчдад хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаж болох юм байна гэсэн санаа сэдэл төрүүлэхээс гадна, байгууллагын 2016 оны ажил хөдөлмөрийн бүтээмж үр дүнг үгүйсгэсэн муу үр дагавартай үйл ажиллагаа болсныг хэлэх нь зүйтэй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү  ..гэх мэдүүлэг

          Хохирогч Т.Энхтөрийн 2016 оны 2016 оны 09 дүгээр сарын 06, 27, 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 243 дугаар ангийн байрлалд байсан. Тухайн өдрийн 10 цагийн орчимд хилийн 3 дугаар заставаас дэслэгч Төмөрбат холбогдож манай заставын байлдагч Буяннэмэх алга болчихлоо гэж мэдэгдсэн. Уг мэдээллийн дагуу хилийн ангиас эрэх бүлэг, таваас 4, хилийн заставаас 2-ыг гаргаж ажилуулсан. Өдөр байлдагч Буяннэмэхийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Харгистайн даваа гэх газраас хилийн 3 дугаар заставаас томилогдсон бүлэг саатуулсан. Буяннэмэхийг саатуулсан даруйдаа хилийн 0243 дугаар анги дээр хүргэж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/   

          Гэрч Г.Ганзоригийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Өглөөний нэгдэлт 9 цаг 00 минутанд болох үед байлдагч М.Буяннэмэх байхгүй байхаар нь би заставын орлогч ахмад Төмөрбатад мэдэгдсэн. Тэгээд манай заставаас байлдагч М.Буяннэмэхийг эрэх үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед манай заставын дарга ахмад Ариунболд гэрээсээ ирээд заставын бүх албан хаагч нар байлдагч Буяннэмэхийг хайх үйл ажиллагаанд оролцож ойр орчмоор хайлсан боловч олдоогүй. Тухайн үед заставын дарга Ариунболд тухайн үед байлдагч Буяннэмэхийг хайх эрлийн 2 бүлэг томилж эрлийн үйл ажиллагааны нэг бүлэг баруун урд зүг рүү, нагаа эрлийн бүлэг нь Цагаанчулуут гэх нэртэй газар руу чиглээд явсан. Удалгүй 11 цагийн орчимд хил хамгаалах туслах хүчний гишүүн  Энхбат болон заставын даргын эхнэр Алтантуяа нар баруун урд зүгээс байлдагч М.Буяннэмэхийг олж заставын байранд хүргэж ирсэн. Буяннэмэхийг манай заставын орлогч өөрийн өөрөө рүүгээ оруулаад тайвшруулсан. Байлдагч Буяннэмэхийг цэргүүдтэй харилцуулахгүй Сэлдэнгэ аймгийн төвд байрлах 0243 дугаар анги руу аваад явсан .... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 тал/

          Гэрч Б.Төмөрбатын 2016 оны 09 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... Өглөөний 08 цаг 50 минутаас 09 цаг 00 минутын хооронд өглөөний нэгдэлт болох үед байлдагч Буяннэмэх байхгүй байсан. Цэргүүдээ тараагаад ойр орчмоор хайлгасан боловч олдохгүй байхаар нь заставын даргад мэдэгдэж эрлийн үйл ажиллагаа эхэлсэн. Заставын дарга Ариунболд нь төв рүү цэрэг алга болсон талаар мэдэгдсэн. Манай заставаас эрлийн  2 бүлэг гарч эрлийн ажиллагааг эхэлсэн. Манай заставаас гарсан эхний бүлэг заставын даргаар ахлуулан Хужир нуга гэх газар руу чиглээд явсан. Харин нөгөө бүлэг Цагаан чулуут гэх газар руу чиглээд явсан. Тухайн өглөө ул мөр шалгуулах зорилгоор хил хамгаалах туслах хүчний гишүүн Энхбат гэх хүнийг заставын даргын эхнэр Алтантуяа хоёрыг заставын даргын машинаар явуулсан юм. Үдийн 12 цагийн орчимд заставын даргын эхнэр Алтантуяа, Энхбат нар байлдагч Буяннэмэхийг Харгистайн даваа орчмоос олоод заставын байрлалд авч ирсэн...  гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/

          Гэрч Г.Жамсранжавын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Маргааш өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 06 цагт цэргүүд босоод гүйлт, гимнастик хийсэн. Өглөө нэгдэлтээс өмнө бага сага ажил төрөл хйисний дараа 08 цагт өглөөний  хоолондоо орцгоосон. Хоолонд орсны дараа 09 цагт нэгдэх үед байлдагч Буяннэмэх байхгүй байхаар нь заставын ойр орчмоор Буяннэмэхийг хайсан боловч олдоогүй. Буяннэмэх олдохгүй болохоор нь дарга нарт мэдэгдсэн. Дарга нараас өгсөн үүргийн дагуу заставын хажуу талын ойг самнасан боловч олдоогүй. Застав дээр эргэж цуглаад бүлэг гарган ажилласан. Би эрлийн бүлэгт орж ангийн отгийн зүг чиглээд явсан. Тухайн үед би заставын орлогч Төмөрбатын хамт заставын даргын эхнэр Алтантуяа, Энхбат хоёрын араас явсан багаад бид нар очих үед заставын даргын эхнэрийн машинд Буяннэмэхийг суулгасан заставын байрлал руу  ирж явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/

          Гэрч Ш.Ариунболдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 08 цаг 40 минутын орчимд ажил дээрээ ирэх үед галын зурвасыг тойруулаад манай заставын цэргүүд үзлэг хийж байсан байдалтай байсан. Намайг ирэхэд заставын орлогч Төмөрбат байлдагч Буяннэмэх саун цэвэрлэх гэж яваад одоог хүртэл алга байна гэж илтгэсэн. Заставын бүрэлдэхүүн 09 цагаас 10 цаг орчим хүртэл байлдагч Буяннэмэхийг эрж хйасан боловч олдохгүй байхаар нь би 0243 дугаар анги руу холбогдож байлдагч Буяннэмэх оргосон талаар мэдэгдсэн. Төв рүү мэдэгдсний дараа манай заставаас хоёр бүлэг гаргаж Буяннэмэхийг хайж ажилд гарцгаасан. Манайхаас  гарсан эхний бүлгийг би өөрөө ахалж Тасархайн даваа, Хужир нугын чиглэлд, харин нөгөө бүлэг хар горхийн доод давааны чиглэлд явсан. Бүлгүүд 2 цаг орчмын хугацаанд байлдагч Буяннэмэхийг эрж, хайж явсан боловч олдоогүй. Тухайн үед заставаас бүлгүүдээ заставын байрлал руу татъя, байлдагч Буяннэмэхийг оллоо гэсэн мэдээлэл ирсний дагуу миний удирдсан бүлэг эргэж застав дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/

        Гэрч Н.Мөнхгэрэлийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар застав Хонгор овоо хилийн харуулд харуулын үүрэг гүйцэтгэж байх үед станцаар цэрэг оргосон талаар сонссон ... гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/

           Гэрч Д.Алтантуяагийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 08 цаг 00 минутанд манай заставын цэргүүд хоолондоо орцгоосон. Би заставын хоолыг хийдэг бөгөөд тухайн үед байлдагч Буяннэмэх хоолоо идээд сууж харагдсан. Өглөө 08 цаг өнгөрөөд застав нэгдэх гэж байхад байлдагч Буяннэмэх байхгүй байгаа талаар мэдэцгээгээд заставын байрлалын ойр орчмоор болон заставын мар хянах зурвас, заставын хажуу талын айлуудаар амбаар саваар хйасан боловч олдоогүй. Заставын дарга 10 цагийн орчимд Буяннэмэхийг цэргийн албанаас оргосон хилийн цэргийн 0243 дугаар анги руу мэдэгдэж эрлийн 2 бүлэг манай заставаас гарч ажилласан. Заставын даргаар ахлуулсан эхний бүлэг Тасархайн даваа гэх газар руу, нөгөө бүлэг нь Цагаанчулуут уулын зүг явсан. Харин би хилийн цэргийн туслах хүчний гишүүн Энхбат гэх хүний хамт нөхрийнхөө машинаар Харгистайн даваа руу мөр хайх гэж явсан. Энхбат бид хоёр ангийн отог орчмоор айлуудаар оргосон цэргийн талаар асууж сураглаж  явсаар ангийн отгийн даваагаар давж баруун Харгистайн даваагаар орж ирдэг замаар орж ирээд Моби толгой орох замаар уруудаад элстэй хэсэг дээр явган хүний мөр байхаар нь Энхбат бид хоёр эргээд мөрийг дагаж яваад даваа руу өгссөн. Даваа өгсөөд огцом эргэлттэй хэсэг дээр байдлагч Буяннэмэх явж байхаар нь Буяннэмэхийг машиндаа суулгаад эргээд заставын байрлал руу ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/

           Гэрч В.Энхбатын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Харгистайн давааны ар талаас явган хүний мөр олоод тухайн мөрийг дагаж явж байхад давааны орой хавьд оргосон гэх байлдагч Буяннэмэхийг 12 цагийн үед олж машиндаа суулган заставын байрлалд буцаж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/  

 

 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/

Шүүгдэгч М.Буяннэмэхийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 39-41/ 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар /хх-ийн 42-43/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Буяннэмэх нь 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 08 цаг 30 минутаас 12 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставт хугацаат цэргийн алба хааж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд;  Хохирогч Т.Энхтөрийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэцүүлэгт өгсөн /хх-ийн 10-12 тал/, гэрч Г.Ганзоригийн /хх-ийн 13-15/, Б.Төмөрбатын /хх-ийн 16-18/, Г.Жамсранжавын /хх-ийн 19/, Ш.Ариунболдын /хх-ийн 20/, Д.Алтантуяагийн /хх-ийн 22-24 тал/, В.Энхбатын /хх-ийн 30-31/ мэдүүлгүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

          Тухайн хэрэгт хохирогч гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр шүүгдэгч М.Буяннэмэх нь цэргийн анги байрлалаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор дур мэдэн орхиж явсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн хууль сануулж авсан мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь дээрх хохирогч, гэрчүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, ажил үүргийн хувьд тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн байгааг дурьдах нь зүйтэй. 

           Шүүгдэгч М.Буяннэмэхэд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Шүүгдэгч М.Буяннэмэхэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3 -д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогчид учирсан гэм хор бүрэн арилаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзлээ.

          Шүүгдэгч М.Буяннэмэхэд хуулинд заасан баривчлах ял оногдуулах үндэслэлтэй  байна.

          Шүүгдэгчид оногдуулсан баривчлах ялыг сахилгын байранд ганцаарчлан эдлүүлэхийг Хилийн цэргийн 0243 дугаар ангид даалгах нь зүйтэй.

          Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

          Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510,1-д зааснаар хохирогч талаас гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 51-52 дахь талд авагдсан нотлох баримтанд тулгуурлан шүүгдэгч М.Буяннэмэхээс 46.630 төгрөг гаргуулан хохирогч Хилийн цэргийн 0243 дугаар ангид олгохоор тогтов. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294,  297-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар  Адууч овогт Мөнх-Эрдэнийн Буяннэмэхийг мөн хуулийн тусгай ангийн 279-р зүйлийн 279.1-д заасан Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар шүүгдэгч Адууч овогт Мөнх-Эрдэнийн Буяннэмэхэд 04 /дөрвөн/ сарын баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.4 д зааснаар шүүгдэгч М.Буяннэмэхэд оногдуулсан 04 сарын баривчлах ялыг  сахилгын байранд ганцаарчлан эдлүүлэхийг Хилийн цэргийн 0243 дугаар ангид даалгасугай.  

4.Шүүгдэгч М.Буяннэмэх энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510,1-д зааснаар шүүгдэгч М.Буяннэмэхээс 46.630 төгрөг гаргуулан хохирогч Хилийн цэргийн 0243 дугаар ангид олгосугай.

6.Шүүгдэгч М.Буяннэмэхэд урд авсан цэргийн анги удирдлагад хянан харгалзуулахаар өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ