Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 270

 

МАГАДЛАЛ

 

2018.01.22                                                     Дугаар    270                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Б.Ч нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03018 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ч нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш у т и с холбогдох,

24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 27 456 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ю.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 1975 онд Монгол Улсын Их сургуулийг төгсөж, УААЯ-нд 10 жил ажиллаад 1985 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс Д хотын Усны аж ахуйн техникумд 6 жил, Улаанбаатар хотын Б к 17 жил захирлаар, Ш у т и с харьяа 8 МСҮТ, к-г хариуцсан албаны даргаар 3 жил, нийт улсад 38, үүнээс боловсролын салбарт 26 жил 6 cap удирдах ажил хийгээд 2013 оны 03 дугаар сарын 01-нд захиргааны саналаар 62 насандаа тэтгэвэрт гарсан. 2010 оны 07 дугаар сарын 01-нд У и д с к нэгтгэх тухай засгийн газрын тогтоолын дагуу Б к татан буулгаж Ш у т и с нэгтгэн харьяа 8 МСҮТ, к хариуцан удирдах үүрэгтэй Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын алба шинээр байгуулж намайг даргаар нь томилсон. 2012 онд Хөдөлмөрийн Яам шинээр байгуулагдан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын асуудал тус Яаманд шилжсэн тул манай албыг татан буулгаж, намайг Ш у т и с захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу өөрийн орлогоос 1 000 000 төгрөг олгож, Улсын Их Хурлаас Боловсролын тухай хуульд 2012 оны 10 сард оруулсан өөрчлөлтийг үндэслэн У и д с тэтгэвэрт гарсан гээд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасны дагуу төрөөс олгох 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг олгоогүй. Би тухайн үед энэ 24 сарын тэтгэмжийг авахгүй юм байна гэж ойлгон 2012 онд багтаж тэтгэвэртэй гарахгүй яав даа гэж өөрийгөө буруутгаж байсан боловч хуулийн мэргэжлийн хүмүүсээс өгсөн зөвлөгөөгөөр дараах үндэслэлээр уг тэтгэмжийг авах ёстой гэж үзэн 2014 оны 9 дүгээр сарын 02-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

У И х-с 2012 оны 10 дугаар сард Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахад миний бие 61 настай тэтгэвэрт гарах нас минь болсон байсан тул тэтгэврийн насны хүнд энэ заалт эргэж үйлчлэхгүй иргэдээ хохироох хууль гаргаагүй болов уу гэж үзэж байна. МСҮТ, коллежүүд Хөдөлмөрийн Яаманд шилжихэд би хариуцаж байсан сургуулиудтайгаа хамт шилжиж мэргэжлийн боловсролын аль нэг сургуульд ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгох санал тавьсан боловч тэтгэврийн насны гээд хүлээж авалгүй тэтгэвэрт гаргасан. Тухайн үед миний удирдаж байсан МСҮТ, коллежүүдээс 2013 онд тэтгэвэрт гарсан хүмүүс хуулийн дагуу 24 сарын тэтгэмжээ авсан. Миний 17 жил удирдсан Б к татан буугдсан, Ш у т и с МСҮТ, коллеж хариуцсан алба байгуулж намайг дэвшүүлж байна гэж хөөргөн даргаар нь тавьсан, Хөдөлмөрийн Яам байгуулагдаж манай алба татан буугдсан зэрэг нь надаас үл хамаарах бөгөөд дээд байгууллагын шийдвэрээр хийгдэж байсан тул надад төрөөс хуулийн дагуу олгох тэтгэмжийг өгөх ёстой гэж үзэж байна. Надтай хамт 2010 онд Ш у т и с шилжсэн миний удирдаж байсан 8 сургуулиас 2013 онд тэтгэвэрт гарсан хүмүүс тэтгэмжээ хуулийн дагуу авсан. 2014 онд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх олгохгүй гэж, Н ш олгохоор, Д ш дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд анхан шатны шүүхээр 2016 оны 10 дугаар сарын 10-нд хэлэлцэх байсан боловч хариуцагчийн хүсэлтээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулсан. Харин би энэ өдөр ирж чадаагүй тул шүүх хэргийг буцаасан тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар зохих бүрдүүлбэрийг ханган, нэхэмжлэл, гомдол аль нь болохыг тодорхойлон хариуцагчтай бол зохих мэдээллийг хариуцагч тус бүрээр нэхэмжлэлд дурьдан зохих харъяалалын дагуу нэхэмжлэлийг шүүхэд гаргах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд боловсролын салбарт 26 жил 6 cap удирдах ажилтнаар ажиллаад Ш у т и с тэтгэвэрт гарсан тул Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасны дагуу 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, 27 456 000 /24х1,144,000/ төгрөгийг Ш у т и с улсын төсөвтөө тусган гаргаж өгөх ёстой гэж үзэн Ш у т и с нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын ээлжит 5 дугаар хуралдаанаар Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэх тухай асуудлаар хэлэлцэн 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Б к, Д аймаг дахь Т к татан буулгаж, Ш у т и с нэгтгэсэн байдаг. Б к, Д аймаг дахь Т к-г татан буулгаж, Ш у т и с нэгтгэснээр иргэн Б.Ч нь 2010 оны 7 дугаар сараас 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ш у т и с Мэргэжлийн ба техникийн боловсролын төвийн сургалтын албаны даргаар 3 жил ажиллаж, 62 насандаа өндөр насны тэтгэвэрт гарсан байна. Тэрээр 1951 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй...” тэтгэвэр тогтоолгох, авах эрх нь үүссэн байсан хэдий ч Б.Ч нь 2011 оноос 2013 онд ажил олгогчид хандан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, тэр дундаа Боловсролын тухай хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах тухай хүсэлт гаргаж байгаагүй болно. Мөн Ректорын 2013 оны 02 дугаар сарын 28-ны Б-69 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр иргэн Б.Ч тэтгэврийг тогтоон тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо сургуулийн 2011 оноос 2012 оны хичээлийн жилийн Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг Шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 6-20 жил ажилласан багш, ажилтан тэтгэвэрт гарахад 3 сарын, 21-24 жил ажилласан бол 6, 25 жил ба түүнээс дээш жил ажилласан бол ажилтанд 9 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж тус тус олгоно. Боловсролын тухай хуулийн 43.1.2-д заасан албан тушаалд 25 жил ба түүнээс дээш ажилласан бол тухайн хуулийн 43.1.4-д заасан тэтгэмж олгуулах асуудлыг холбогдох байгууллагад уламжлан, Энэхүү зүйлд заасан тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэсэн заалтыг үндэслэн удирдлагын зүгээс боловсролын салбарт олон жил ажилласан    байдлыг нь харгалзан үзээд 2011 оноос 2012 оны хичээлийн жилийн Хамтын гэрээний хамгийн дээд нөхцөлөөр 9 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгосон байдаг. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 43-т хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болсон бөгөөд мөрдөх хугацааг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоосон байдаг. Энэхүү нэмэлт өөрчлөлт орсноор Боловсролын тухай хуулийн 43.1.4-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн өмчийн их, дээд сургуулиудад хуваарилаагүй байна. Ш у т и с мэргэжлийн ба техникийн боловсролын сургалтын албаны даргын ажил албан тушаал нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.1.4-т заасан тэтгэмж авахад хамаарах байгууллага, албан тушаал биш учраас Ш у т и с 2011 оноос 2012 оны хичээлийн жилийн хамтын гэрээг удирдлага болгон иргэн Б.Чимиддорж 9 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон тул 24 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 1 жил 7 сарын дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 02-нд анх шүүхэд гомдол гаргасан байдаг. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/Ш32016/05792 тоот захирамж гарсанаас хойш дахин 1 жил 1 сарын дараа гомдол гаргаж байгаа нь хуульд заасан гомдол гаргах эрхгүй байхад шүүх дахин хэргийг хянан хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул Ш у т и с 24 сарын тэтгэмжид 27 456 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ч энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн шүүхэд ШУТИС-д холбогдуулан хөдөлмөрийн маргаан биш Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалтын дагуу төрөөс олгох 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авах тухай нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд хамрагдахгүй гэж үзэж байна. Харин хуулийн дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэхэд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа буюу 10 жилд миний гомдол хамаарах ёстой. Түүнчлэн өмнө нь Нийслэлийн давж заалдах шатны шүүх уг тэтгэмжийг олгох ёстой гэж шийдвэр гаргасан ба Улсын дээд шүүх хэргийг буцаахдаа баримт дутуу гэж дүгнэсэн. Иймд холбогдох баримтууд бүрдсэн тул хуулийн дагуу авах ёстой 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 27 456 000 төгрөгийг олгуулж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Ш у т и с /цаашид ШУТИС гэх/ холбогдуулан Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 27 456 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн албан тушаал нь Боловсролын тухай хуулийн 43.1.4-т заасан тэтгэмж авахад хамаарах албан тушаал биш, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Ч нь Ш у т и с Мэргэжлийн ба техникийн боловсролын сургалтын албаны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр хариуцагч байгууллагын ректорын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б-69 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, ШУТИС-ийн 2011-2012 оны хичээлийн жилийн хамтын гэрээнд зааснаар түүнд 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдсон.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн, үүнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Улсын Дээд Шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 698 дугаар тогтоолд “...нэхэмжлэгч Б.Ч ажиллаж байсан албан тушаал нь Боловсролын тухай хуулийн 43.1.2, 43.1.4-т заасан тэтгэмж авахад хамаарах байгууллага, албан тушаал мөн эсэхийг тогтоолгох нэхэмжлэгчийн хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан, энэ хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгох үндэслэлээ шүүгчийн захирамжид заагаагүй...” гэж дүгнэн, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3027 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 871 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.

/ хэргийн 49-53 дугаар хуудас /

Дээрх тогтоолд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, 3027 дугаар шийдвэртэй хэргийн баримтуудыг шинжлэн судлалгүйгээр нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэс болж байгаа нөхцөл байдлыг тодруулан тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ба давж заалдах шатны шүүх энэ байдлыг нөхөн гүйцээх, залруулан зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/03018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

                                                                         

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ