| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0197/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/197 |
| Огноо | 2022-12-15 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга М. Баярмэнд
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 2223000000212 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* *******, *******
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх гэртээ эхнэр Н.ийн толгой руу архины шил шидэж эрүүл мэндэд нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны дээрх цус хуралт, тархи дарагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Н., иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д. шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч түүний төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж тус тус заасан учир хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх гэртээ эхнэр Н. рүү ууж байсан архиныхаа шил шидсэн, түүний шидсэн архины шил Н.ийн толгойн тус газарт оносон хэргийн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Б.******* өөр рүү нь архины шил шидэж гэмтэл учруулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Н.ийн “...2022 оны 10 дугаар сарын 08-ны ... 19 цагийн үед ... гэртээ ирэхэд манай нөхөр ******* хоёр хүүхэдтэйгээ байсан өөр хүн байгаагүй. Би цайллагад оролцохдоо согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. ...Тэгтэл манай нөхөр ******* гэнэт уурлаад ууж байсан архины шилийг над руу аваад шидсэн тэр үед архины шил миний толгойн тус газарт онож толгойны баруун талаас цус урсаад байсан тэрнээс хойш би ухаан алдаад юу болсныг огт санахгүй байгаа нэг мэдэхэд эмнэлэгт ирээд хагалгаанд орчихсон байсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 19-20 дахь тал/
Б.******* Н. рүү архины шил шидэж толгойд нь гэмтэл учруулсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Г.гийн “...2022 оны 10 дугаар сарын 08-ны ... 22 цагийн үед нөхөр болох гийн хамт ******* гэдэг айлд очсон. Тэгээд цай уучхаад 0.75 литр Соёрхол нэртэй архи уугаад сууж байтал ******* эхнэр болох рүү архины шил аваад шидчихсэн. Тухайн архины шил ийн толгойн хэсэгт оносон. Яг юунаас болж архины шил шидсэн талаар сайн мэдэхгүй байна. Б.******* нь бага зэрэг согтолттой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 0.75 литр Соёрхол нэртэй архины шил аваад шидэхэд баруун чиний дээд хэсэгт оносон. Нэлээн их цус гарсан, толгой хэсэг нь бэртэл гэмтэл авсан байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 23-24 дахь тал/
Гэрч Г., хохирогч Н. нарын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Д.гийн “... *******ын гэрт ... Бид 4 юм яриад сууцгааж байсан. Тэгсэн ******* ширээн дээр байсан архийг аваад эхнэр болох руу шидчихсэн тухайн үед архины шил гийн баруун шанаа хэсэгт нь оносон. ухаан алдаад уначихсан. Би гарч гүйгээд гийн ах эгч хоёрыг авчрахаар явсан. Тэгээд гийн ах, эгч хоёрыг авчрахад сэрчихсэн манай эхнэр цусыг нь арчаад байж байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 32-33 дахь тал/
Н. толгойдоо гэмтэл авсан байсан талаар мэдүүлсэн гэрч Н.гийн “...Н.ийн баруун талын чихнээс нь цус гарсан, баруун нүд нь хөхөрсөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь нөхөр ийг эмч рүү явуулсан. Сувилагч, хоёр чихний нүхнээс гарч байсан цусыг нь тогтоогоод эмч рүү дахин залгаж зөвлөгөө авахад эмч өөрөө ирж үзээд аймгийн эмч нартай холбогдоод аймаг руу авч явахаар болоод 2022 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 06 цаг өнгөрч байхад ирээд өнөөдөр өглөө 05 цагт хагалгаанд орсон. Эмч нар үзээд тархины суурь яс цуурсан, цус хуралттай байна гэсэн онош тавьж хагалгаанд орсон...”гэсэн мэдүүлгээр, /хэргийн 26-28 дахь тал/
Н.т эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн талаараа мэдүүлсэн гэрч М.ын “...2022 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын ******* багт гэртээ байсан. Тэгээд миний утсанд архины шилээр толгой руугаа цохиулсан, чихнээс цус гараад тогтохгүй байна гэсэн дуудлага 00 цаг 25 минутад ирсэн. Намайг яваад очиход царай барайсан ухаангүй баруун чихнээс цус гарсан, амин үзүүлэлтүүд тогтворгүй, даралт багассан шокийн байдалтай байсан. Тэгээд эмийн эмчилгээг гурваас дөрвөн цаг орчим хийсэн биеийн байдал тогтвортой болохоор нь аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч нараас зөвлөгөө авч аюулгүй байдлыг ханган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн...” гэсэн /хэргийн 42-43 дахь тал/ мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Н.ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000000544 дугаартай “...Н.ийн биед гэмтэл учирсан байна. Н.ийн биед баруун чамархайн хэсэгт мэс заслын шарх, баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны дээрх цус хуралт, тархи дарагдал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан байна. 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Иргэн Н.ийн биед баруун чамархайн хэсэгт мэс заслын шарх, баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны дээрх цус хуралт, тархи дарагдал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хэргийн 45-47 дахь тал/ тогтоогдож байна
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газар архины шилээр цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.******* хохирогч Н.ийн толгойн тус газар архины шилээр цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн толгой руу архины шил шидсэн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Б.******* нь Н.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохиж зодсон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг,
шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд Б.*******ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогчийн ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д. хохирогч Н.ийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал нийт 6.219.650 төгрөгийн нэхэмжилсэн байна.
Хохирогч Н. нь 6,129,650 төгрөгийн эмчилгээ хийсэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт, хэрэг авагдсан өвчний түүх дэх эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн жагсаалт, эрүүл мэндийн даатгалаас эрчимт эмчилгээнд 2,067,000 төгрөг, гавал доторх гэмтлийн мэс засалд 3,305,650 төгрөг төлсөн баримт, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн баримтууд зэргээр тогтоогдож байна.
Харин Н. эмнэлгээс гарснаас хойш амбулаториор эмчлүүлсэн баримтууд хэрэгт байхгүй учир 2022 оны 10 дугаар сарын 31-нээс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд амбулаторийн хяналтын үзлэгийн 90000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “ гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” төлүүлнэ гэж заасан учир 6,129,650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нь дээрх зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан соёрхол нэртэй архины шилийг цаашид ашиглах боломжгүй тул устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч Н.т төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгайн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500,000 /арван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн 505.1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 6.129.650 /зургаан сая нэг зуун хорин есөн мянган зургаан зуун тавин/ төгрөг гаргуулж Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдсан Соёрхол нэртэй архины шилийг устгасугай.
8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний төлөөлөгч улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ