Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/00854

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Э-д холбогдох,

 

Компанид учруулсан хохирол 2,960,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, хариуцагч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ”Э”ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...Хариуцагч Ц.Э нь ”Э”ХХК-д 2018 оны 11 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан агуулахын нярав албан тушаалд томилогдсон. Агуулахын нярваар ажиллаж байх хугацаандаа албаны зориулалтаар хүлээлгэн өгсөн эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тоолон бүртгэж, эд хөрөнгийн бүртгэл, эд хариуцагчийн карт, ажилтны санхүүгийн бүртгэлд тусгах үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан. Тэрээр ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээг зөрчиж, 2019 оны 01 сарын 05-ны өдрөөс хойш урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш олон хоногоор ажлын байрыг орхиж явсан тул 2019 оны 01 сарын 16-ны өдрийн Б/44 тоот дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халсан.

Хариуцагчийн ажлын байранд 2018 оны 12 сарын 31-ны өдөр агуулахын бараа бүтээгдэхүүнийг тооллого хийхэд нийт 18 төрлийн баар кодтой 1,365 ширхэг бараа дутаж компанид 3,134,347.59 төгрөгийн хохирол учирсан. Ажлын байраа орхин явахдаа 77,350.41 төгрөгийн өвлийн ажлын хувцсыг хүлээлгэн өгөөгүй.

Нийт компанид 3,220,878 төгрөгийг хохирол учруулсан бөгөөд 2018 оны 12 сарын цалингийн үлдэгдэл 100,000 төгрөг, 2019 оны 01 сарын цалингийн үлдэгдэл 151,435 төгрөгийг суутгасан. Үлдэгдэл төлбөр болох 2,960,443 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Ц.Э нь Хөдөлмөрийн гэрээний 3.7 дахь хэсэг, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.1 дэх хэсэгт Ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 132, 135 дугаар зүйлд заасан журмын дагуу учирсан хохирлын хэмжээгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн. Иймд хариуцагч Ц.Ээс компанид учруулсан хохирол нийт 2,960,443 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган эвлэрэх боломжгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлнэ, нотлох баримтын талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй, манай санхүүгийнхэний гаргаж өгсөн баримт нэхэмжлэлийн шаардлагыг нотолно гэжээ.

 

Хариуцагч Ц.Э шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нд А ХХК-д агуулахын няраваар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй. Учир нь  хүний нөөцийн менежер У гэх эмэгтэй хамт ажиллаж байсан ачигч нар болох Б, Б нараас миний хувийн асуудал болон амьдралын тухай хүний санаанд оромгүй асуулт асууж, борлуулалтын ажилчдыг уруу татан шоудаж удаа дараа ажил таслуулсан, ажлын байр буюу төв агуулахдаа ажилчидтайгаа ээлжлэн үнсэлцэж, садар самуун байдалтай камерт бичигдэж үлдсэн гэх яриа гаргаснаас болж гэр бүлээ гэх үү, ажлаа гэх үү гэх сонголтод ирж гэр бүлээ сонгосон юм. Гэр бүлийн харьцаа муудаж салах дээрээ тулсан учраас гэр бүлээ сонгох сонголт үлдсэн. Ажлын хамт олонтойгоо наргиж цэнгэх үе байсан хэдий ч хэн ч ажил тасалж байгаагүй. Намайг ажилд орсон өдрөөс хойш 3 нярав солигдсон. М, О, А гэх 3 эмэгтэй дагалдан хийж байгаад хэцүү гэх шалтгаанаар ажил хүлээж аваагүй. Ажлын байр хүйтэн, ганцаараа ажлаа хийхэд хэцүү, ажлын хувцас байгаагүй учир бөөр их өвдөж ажил хийхэд хүндрэлтэй байсан учир ажлаас гарах өргөдлөө өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй. Анх ажилд орох үед Ариунтөгс, Уянга нар ярилцлага авсан, 5 өдөр амраад 5 өдөр ажилладаг гэсэн журамтай гэж хэлсэн. Гэвч ажилд орсон өдрөөс эхлэн гарах өдөр хүртлээ амралтгүй ажилласан. Даваа, ням гарагт амардаг боловч би зөвхөн ням гарагт амарч, даваа гарагт тооллого гэх нэрийдлээр компани дээр өнждөг байсан.

Зарим үед өглөө 8 цагаас орой 10 цаг хүртэл ажиллах үе байдаг. 2 настай хүүдээ гаргах цаг зав байхгүй болсноос хүү минь өвдөж эхэлсэн. Тооллого хийхэд надаас зөвхөн Арвай 0,1 граммын архи 484 ширхэг дутаж байсан. Өглөө бүр борлуулагч, жолооч нар бараагаа шалгуулж гардаг байсан боловч нэг өдөр жолооч Энхбаатар, борлуулагч Мягмарсүрэн нар яарч байна, ална шүү гэх зэргээр доромжилж шалгуулахгүй гарч байсан. Тухайн үед хурал дээр Ариунтөгс даргад бараа бүтээгдэхүүн дутвал хариуцлага хүлээхгүй гэж хэлж байсан. Хүүхэд өвдсөнөөс шалтгаалан 2 өдөр ажлаа тасалсан. Чөлөө авах гэтэл чиний ажлыг хийх хүнгүй гэж хэлдэг байсан. Ажилдаа очоогүй өдрүүдэд Э, О нар миний ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн өглөө бүр үйлдвэрээс агуулах руу бараа бүтээгдэхүүнээ оруулдаг. Түгээлттэй зэрэгцэж ирдэг учир үйлдвэрээс ирж буй барааг тоолж авч амждаггүй. Миний байхгүйд ажилласан ажилчид алдаа гаргасан уу, үйлдвэрээс дутуу орж ирсэн үгүйг сайн мэдэхгүй байгаа учир энэ архины үнэ өртгийг л төлнө. Ажилд  ороод дагалдаж байгаа болохоор нийт дүн тодорхой хэмжээнд, хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байна. Хэл ам гарч дарамт учруулаагүй байсан бол би ажлаа хийгээд өр төлбөрөө төлөөд ажлаасаа гарах байсан. Надад хамааралгүй бусад ажилчдын буруугаас болж гарсан төлбөрийг надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Шүүхэд өгсөн өргөдөлдөө миний гарын үсэггүй тооллогын материал бүрдүүлсэн байсан. Мөн Соёолж пивонуудыг поны жолооч А тээвэрлэж байхдаа тоног төхөөрөмжийн буруугаас хагалж байсан. Брат болон Медведь гэх пивонууд нь 1 литрын багтаамжтай шилийг 1,5 литр болгон үлээлгэснээс болж маш нимгэн учир хүчтэй тавих төдийд хагардаг байсан. Өдөрт дунджаар 3 сагс буюу 18 ширхэг орчим хагардаг байсан. Нэхэмжлэгч талтай нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож эвлэрэх боломжтой. Учир нь байгууллагын ч, миний ч зохих буруу байгаа. Гэхдээ нэхэмжлэгч тал эвлэрэх хүсэлгүй тул нэхэмжлэлд дурдсан 515 ширхэг Арвай архины үнэ 875,500 төгрөг, 3 хоног өмсөөд орхисон, надад таарахгүй том хэмжээтэй ажлын хувцасны үнийн 50 хувь буюу 38,765 төгрөг, Үндэс 0,33 граммын 1 ширхэг архины үнэ 6,900 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ”Э”ХХК нь хариуцагч Ц.Эд холбогдуулан компанид учруулсан хохирол 2,960,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохирол 2,960,443 төгрөгийг гаргуулна, хариуцагч талаас ...Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гарган мэтгэлцдэг.

 

Нэхэмжлэгч “Э”ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа нотлон 701, 703 дугаартай зарлагын падааны хуулбар, санхүүгийн албаны дардас бүхий харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт, ажилд орохыг хүсэгчийн анкетийн хуулбар, нотариатаар гэрчлэгдсэн хуулбар хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/605 дугаар Ц.Э-ийг ажилд томилох тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/44 дугаар Агуулахын нярав Ц.Энх-Эрдэнийг ажлаас халах тухай тушаал, ирсэн явсан цагийн тайлан зэрэг баримтуудыг тус шүүхэд ирүүлж, шаардлагын үндэслэлээ ...хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан тул дээрх гэрээ болон хуульд заасны дагуу өөрийн буруугаас байгууллагад учруулсан хохирлыг хариуцах ёстой гэж тайлбарладаг. Хариуцагч Ц.Э хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан нь, зарим тохиолдолд ажилдаа хариуцлагагүй хандсан нь үнэн гэсэн тайлбарыг өгч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн харилцаа үүсч улмаар хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан, талууд хүсэл зоригоо илэрхийлж хууль заасан хэлбэр болон шаардлагын дагуу байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мэтгэлцэж буй талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтуудаар ...хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч “Э”ХХК-ийн Үйлдвэрийн төлөвлөлтийн албанд агуулахын нярав албан тушаалд 2018 оны 11 сарын 13-ны өдрөөс томилогдон ажилласан, 2019 оны 1 сарын 16-ны өдрийн тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоногоор ажлын байрыг орхиж явсан үндэслэлээр ажлаас халсан үйл баримт, хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр ажилтан эд хөрөнгийн хариуцлагын талаар хүлээсэн үүргээ чанд биелүүлнэ, өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол учруулбал учирсан хохирлын хэмжээгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж харилцан тохиролцсон болох нь тус тус нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч талын Хөдөлмөрийн гэрээний 3.7 дахь хэсэг, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.1 дэх хэсэгт Ажилтан өөрийн буруутай үйлдлийн улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 132, 135 дугаар зүйлд заасан журмын дагуу учирсан хохирлын хэмжээгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс ...учирсан хохирлын хэмжээгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэх нөхцөл буюу байгууллагад 2,960,443 төгрөгийн хохирол учирсан болох нь, уг хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцагч Ц.Э учруулсан болох нь тогтоогдоогүй, баримтаар нотлогдоогүй гэж үзэв.

 

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын ...тайлант үе, 2018 оны 12 сарын 1-ээс 2019 оны 1 сарын 31 хүртэл, шууд борлуулалтын тооллогын дутуу, ажлын өвлийн хос хувцас, хагарал, цалин гээд дансны үлдэгдэл 2,960,443, тайлан гаргасан Бямбасүрэн /Санхүүгийн дардастай/ гэх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ нь санхүүгийн анхан шатны баримтуудаар буюу орлого, зарлагын баримт, агуулахын бүртгэл, бараа материал гаргах зөвшөөрөл, хүлээн авалтын баримт, тооллого тооцооны баримт зэргээр нотлогдоогүй, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.1-т Ажил олгогч нь ажилтанг шинээр ажилд орох, ажлаа хүлээлгэн өгөхөд хариуцсан эд хөрөнгийг тоолж, баримт үйлдэн хүлээлцэх, түүнийг хэвийн байдлаар ашиглах, хамгаалах нөхцөлөөр хангана, 2.3-т Ажилтанд албаны зориулалтаар хүлээлгэн өгсөн эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг тогтмол хугацаанд тоолон бүртгэж, эд хөрөнгийн бүртгэл, эд хариуцагчийн карт, ажилтны санхүүгийн бүртгэлд тусгана, 2.4-т Ажилтны буруугаас хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг дутагдуулсан, үрэгдүүлсэн, бусдад зээлдүүлсэн, ашигласан тохиолдолд ажил олгогчид учруулсан хохирлыг тооллогын комиссын акт, ажил олгогчийн тушаал гарган нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Мөн хэрэгт хавсаргасан баар код бүхий барааны жагсаалттай 000701, 000703 дугаартай зарлагын падаануудын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан ...нотлох баримт эх хувиараа, эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэх бичмэл нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болно.

 

Хариуцагч Ц.Э нь ...Ажил хүлээлгэж өгөх үед тооллого хийсэн. Уг тооллогод би оролцож байсан ба нэхэмжлэлд дурдсан хэмжээний тооцоо гараагүй. Тухайн тооллого болон байгууллагын ч, миний ч зохих буруу байгааг харгалзан 515 ширхэг Арвай архины үнэ 875,500 төгрөг, Үндэс 0,33 граммын 1 ширхэг архины үнэ 6,900 төгрөг, ажлын хувцасны үнийн 50 хувь буюу 38,765 төгрөг, нийт 921,165 төгрөг төлөхөд татгалзахгүй гэх тайлбарыг гаргадаг тул хариуцагчийн хүлээн зөвшөөрч буй хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Ээс эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй үндэслэлээр, хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд эд хөрөнгийн хариуцлагыг тооцох нь зүйтэй байна.

 

Энэ нь Хөдөлмөрийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна, 135.4-т Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасантай нийцнэ.

Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд хангаж, түүнээс 921,165 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,039,278 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 26,658 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Шүүх “Э”ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, тухайн өдрөө хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан, нэхэмчлэгч, хариуцагч хэн алинд нь хуульд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзсан тайлбараа нотлох холбогдох баримтуудаа гаргаж өгөх үүргийг тайлбарлан өгсөн байна. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх хариу тайлбараа 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ирүүлснээр мөн өдөр талуудад шүүх хуралдааныг 2019 оны 4 сарын 2-ны өдөр товлосныг мэдэгдсэн. Улмаар хэргийн материалтай талууд танилцсан ба шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө хэн алинд нь ямар нэг санал, хүсэлт байхгүй талаар мэдүүлснээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ээс 921,165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”Э”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,039,278 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26,658 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ