Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/949

 

   2022         12         05                                   2022/ШЦТ/949

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ч.Батбаатар,

Шүүгдэгч Г.Ц /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олохнууд овогт Г.Цд холбогдох эрүүгийн 2203 00536 0538 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Олохнууд овогт ГЦ, регистрийн дугаар .........................................................,

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Энх титэм өрхийн эрүүл мэндийн төвд эмч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ..............................................................., ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч ГЦ нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Голомт банкны урд талын замд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 55 минутын орчим “Тоёота приус-30” маркийн 30-92 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мопед жолоодож явсан Б.Тг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Би тухайн үед хохирогчид эмчилгээний бүх төлбөрийг өгнө баримтуудаа цуглуулаад байж байгаарай гэж хэлсэн. Би 2 хүүхдээ тэжээн тэтгээд, ар гэрээ өөрөө авч явж байгаа учраас 5-10 сая төгрөг өгч чадахгүй талаар хохирогчид хэлж байсан. Би анхаарал, хайхрамжгүй явснаасаа болоод ийм зүйл хийсэндээ харамсаж байна” гэв.

Хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд 9 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл гэрээсээ гарч чадахгүй, хийж чаддаг зүйлээ хийж чадахгүй гэртээ байсан. Би олж чаддаг байсан орлогоо олж чадахгүй байсан. Хүн болгонд хувийн амьдрал байдагтай адилхан, миний аав, ээж хоёр группэд байдаг. Манай эхнэр хүүхдээ хараад гэртээ байдаг. Энэ хугацаанд миний хувьд санхүүгийн хувьд хэцүү нөхцөл байдалд орсон. Зөвхөн үндсэн ажлаасаа гадна видео камераа авч яваад реклам болон янз бүрийн ажил хийдэг байсан. Энэ чадвараа алдсан. Адаглаад 12 дугаар сар бол энэ, тэндэхийн газруудын рекламыг хийж өгдөг. Би өөрийн хийж чаддаг байсан зүйлээ хийж чадахаа больсон. Хазгар, доголон, тулгуур эрхтний гэмтэл гэдэг бол над шиг залуу хүнд маш хүндээр тусаж байна. Цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Нөхөн сэргээх эмчилгээний зардлыг хэн төлөх юм бэ?, шүүгдэгч Г.Ц нь энэ хэргээ шийдвэрлүүлээд салаад явчихна. Би амьдралынхаа төлөө ажил хийх ёстой. Ажил хийхийн тулд урьдынх шигээ эрүүл байх шаардлагатай байна” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Т2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 18 цаг болж байхад өөрийн эзэмшлийн мопедтой Голомт банкны урд замаар зүүнээс баруун тийш явж байсан тэгтэл миний баруун гар талаас зогсоолд зогсож байсан Тоёота приус-30 маркийн автомашин гэнэт урагшаа хөдлөөд намайг мөргөж газарт унагасан. Тэгээд би хөл өвдөөд босож болохгүй байсан ...баруун хөл шагай хэсгээр хугарсан ...гомдолтой байна, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон. Эмчилгээний хохирол, ажилгүй байх хугацааны цалин санхүүгийн эх үүсвэр нэхэмжилнэ. Би сард 1.600.000 төгрөг, ажлаас гадуур зураг авалт мантаж хийж дунджаар 10.000 төгрөг олдог. Хохирлоо нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Гэрч П.Маралын: “...Цагаанчулуунтай хамт машинд нь суугаад айл руу явах гээд хөдлөх үед бид хоёрын зүүн талд зогсож байсан машины урдуур зүүн гар талаас нэг мопедтой хүн явж ирээд машины урд улсын дугаар луу мөргөөд цаашаа хашлага шүргээд газар унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12605 тоот дүгнэлтэнд: “Б.Тэмүүлэнд баруун шаант, тахилзуур ясны ташуу хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн дарах шахах үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь 2022 оны 09 дүгээр сарын 09-нд үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Итгэлт хөрөнгө ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “Honda Dio” маркийн тээврийн хэрэгсэлд 8000 төгрөгийн шууд, 268.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /хавтаст хэргийн 52 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-12 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1160 дугаартай: “Тоёота приус маркийн 30-92 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна ...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 57 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Цы гэрчээр өгсөн “...манай гэр тухайн осол болсон газрын яг хажууд талын байр байгаа юм. Ингээд би 30-92 УНУ улсын дугаартай Т.Приус машинаа тухайн өдрийн 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Голомт банкны баруун урд талын үзүүрийн зогсоол дээр байрлуулсан. Ингээд орой 18 цагийн үед шиг санагдаж байна. Машинаа жолоодоод зогсоолоос чанх урагш хөдлөх гэсэн чинь миний машины зүүн 2 машин давхралдаад зогссон. Надад үзэгдэх орчныг хязгаарласан байсан, тэгсэн би харж харж байгаад хөдөлсөн чинь маш их хурдтайгаар нэг Мопедтой хүн зүүн гар талаас тэр машинуудын цаанаас гарч ирээд машины урд талын буфер хэсгээр шүргэгдээд газарт унасан. Ингээд би босч ирээд нөгөө хүнд тусламж үзүүлж улмаар 102, 103-т дуудлага өгсөн юм. Ослын хувьд ийм л зүйл болсон юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дүгээр тал/, мөн түүний яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болсон зам тээврийн ослын талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дугаар тал/, хохирогчоос гаргаж өгсөн гэх хохирлын баримт /хавтаст хэргийн 25 дугаар тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ганцоожийн Цагаанчулуун нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Голомт банкны урд талын замд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 55 минутын орчим “Тоёота приус-30” маркийн 30-92 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мопед жолоодож явсан Б.Тэмүүлэнг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, гэрч П.Маралын мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12605 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,  Итгэлт хөрөнгө ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “Honda Dio” маркийн тээврийн хэрэгсэлд 8000 төгрөгийн шууд, 268.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан /хавтаст хэргийн 52 дугаар тал/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-12 дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1160 дугаартай: “Тоёота приус маркийн 30-92 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна ...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 57 дугаар тал/, шүүгдэгч Г.Цы гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дүгээр тал/, мөн түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.     

Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Г.Ц нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /өрх толгойлсон ганц бие эх/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид 1.961.000 төгрөгийн хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан;

Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Г.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.Тэмүүлэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт: “... мөрдөн шалгах ажиллагааны үед хэлэхдээ 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэж хэлсэн. Би цалингийн зөрүү. Хөдөлмөрийн чадвараа алдсаны мөнгө гэж миний данс руу 1.800.000 төгрөг орж ирэх ёстой. 7, 8,9 сарын дансны хуулгаа харуулах юм бол би 20.000.000 төгрөгийн орлоготой байна. Би цаашид нөхөн сэргээх эмчилгээ болон уламжлалт эмнэлгүүдээр явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Энэ эмчилгээний нэг удаагийн оролт нь 80.000 төгрөг байсан. Шүүгдэгч Г.Цы хувийн байдал болон амьдрал ахуйг нь бодолцож үзээд анх надтай тохиръё гэж байхад нь надад 5 сая төгрөг өгчих гэж хэлж байсан. Тухайн үед надад 5 сая төгрөг өгөөгүй учраас гомдол гаргаад явах болсон ...” гэж мэдүүлсэн;

Шүүхээс хохирогчийн баримтгүйгээр нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөг,  цалингийн зөрүү, хөдөлмөрийн чадвараа алдсаны мөнгө гэж 1.800.000 төгрөгийг  хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Тэмүүлэн нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, цаашид гарах эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Ц нь шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Б.Тэмүүлэнд эмчилгээний зардалд 1.653.000 төгрөгийг, эвдэрсэн мобедны зардал 308.000 төгрөг, нийт 1.961.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олохнууд овогт ГЦыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хохирогч Б.Т нь ажилгүй байсан үеийн цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.961.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдав.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ