Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0727

 

  

 

 

 

 

 

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Т

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Т

Хариуцагч З аймгийн А сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Д.Т-г ажлаас чөлөөлөх тухай” Б/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд тусгай шалгалтын дүн гарах хүртэлх хугацаанд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 118/ШШ2024/0057 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е

Хэргийн индекс: 118/2024/0046/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Т нь З аймгийн А сумын Засаг даргад холбогдуулж “Д.Т-г ажлаас чөлөөлөх тухай” Б/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд тусгай шалгалтын дүн гарах хүртэлх хугацаанд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 118/ШШ2024/0057 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Д.Т давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шүүгчийн 148 дугаартай захирамжид дурдсан дээрх нотлох баримтуудыг хэргийг анхан шатны журмаар шийдэх хүртэлх хугацаанд А сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд огтхон ч гаргаж өгөөгүй, уг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй буюу захирамжийн биелэлт хангагдаагүй байхад Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх хэсэгт заасны дагуу “Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн”, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасан Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй үндэслэл бүрдсэн.

Хариуцагчийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/** дугаартай “Д.Т-г ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь хууль зүйн үндэслэлгүй тухайд: Энэхүү хэргийн маргааны зүйл нь Алдархаан сумын Засаг дарга Ю.Д-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/** дугаартай, “Д.Т-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудал юм. Хариуцагч Засаг дарга Ю.Д нь маргаан бүхий Б/** дугаартай тушаалын үндэслэлдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.221 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.12 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.53, Хөдөлмөрийн тухай хуулийн 834 дугаар зүйл, Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр тогтоол, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/***, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/***** дугаар албан бичгийг тус тус дурдсан байдаг бөгөөд Авлигатай тэмцэх газрын 05/***** дугаар албан бичгийн биелэлтийг хангуулах хүрээнд нэхэмжлэгчийг Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тайлбарладаг.

Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн А сумын Засаг даргын орлогч Ж.Б-д ирүүлсэн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/***** дугаар албан бичиг /хуудас 15/-т Д.Т-г Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй шууд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчсөн, түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн албан тушаалын сул орон тооны зарыг нийтэд зарласан боловч Д.Т нь дээрх сонгон шалгаруулалтад оролцуулахаар бүртгүүлээгүй нь тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангах эсэх талаар ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны Шүүр ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэж, хууль тогтоомжийн хангах арга хэмжээг авч, хариу ирүүлнэ үү...” гэсэн байдаг.

Д.Т-г хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй шууд томилсон гэх тухайд: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд нэр дэвшиж байгаа этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах харилцааг зохицуулсан бөгөөд 23.5 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасан.

Д.Т миний бие Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/** тушаалаар Алдархаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Тухайн үед 2021 оны 4 сард А сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сул орон тоо гарсан ба сумын Засаг дарга Ю.Д нь Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Г-тэй зөвшилцөн Тамгын газрын даргын албан тушаалд тавигдах шалгуурыг хамгийн сайн хангасан гэж үзэн намайг томилохоор болж, Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Т.Г төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б/** дугаар тушаалыг гарган намайг шилжүүлж /энэхүү Б/** дугаартай тушаалд 2023 оны 11 сарын 03-ны өдөр өөрчлөлт оруулж “Т-г ажлаас чөлөөлөх тухай” гэснийг “Д.Т-г” өөр байгууллагад шилжүүлэх тухай” болгож өөрчилсөн болно/, З аймгийн А сумын Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс Б/** дугаар тушаалаар намайг Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Д.Т би Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох нөхцөл байдал үүссэн талаар мэдмэгцээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулах хүсэлтэй байгаагаа Сумын Засаг дарга Ю.Д-д удаа дараа илэрхийлсэн боловч тэрээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй, Авлигатай тэмцэх газар албан бичиг явуулаагүй учраас над дээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бөглөх эрх үүсэхгүй, бөглөх ямар ч боломжгүй байсан.

Засаг дарга Ю.Д-г аймгийн Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн ба түүний бүрэн эрхийг орлогч дарга Ж.Б хэрэгжүүлж ажиллах үедээ миний хүсэлтийн дагуу миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газар руу 02/*** дугаар албан бичгийг явуулсан. Авлигатай тэмцэх газраас миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариуг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05/***** дугаартай албан бичгээр ирүүлсэн ба Д.Т намайг З аймгийн А сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоход, ажиллуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэх байдал тогтоогдохгүй байгаа талаар тодорхой дурдсан болно.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хуульд заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн нийтийн албан тушаалтанд сануулах сахилгын шийтгэлийг оногдуулна гэж заасан байдаг. Миний хувьд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг дээр дурдсаны дагуу хожимдож гаргасан үйлдэл нь Засаг дарга Ю.Д нь мэдүүлэх үүргээ биелүүлээгүй хууль бус үйлдлээс шалтгаалсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул сумын Засаг дарга нь намайг Б/** тушаалаар ажлаас чөлөөлөх бус харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан.

Д.Т нь тусгай шалгалт өгөлгүйгээр тус албан тушаалд томилогдсон гэх тухайд: Д.Т намайг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А сумын Засаг дарга Б/** дугаартай тушаалаар Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд тухайн үед улс орон даяар коронавируст халдварын цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн байсан. Уг коронавируст халдварын нөхцөл байдалтай уялдуулан УИХ-аас “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл Монгол улс даяар аливаа албан тушаалтныг сонгон шалгаруулах, ерөнхий болон тусгай шалгалт өгөх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд түр хугацаагаар зогсоосон тул би тусгай шалгалт өгөх боломжгүй байсан.

Түүнчлэн Ковидын хуулийн үйлчлэл дууссаны дараа холбогдох Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр анх тусгай шалгалт зарласан боловч нэхэмжлэгч нь тус сонгон шалгаруулалтад бүртгүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Тамгын газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад бүртгүүлэх эсэх нь нэхэмжлэгч миний эрхийн асуудал бөгөөд дээрх 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шалгалтын захиалгын дагуу товлогдсон тусгай шалгалт цуцлагдсан төдийгүй, хэрэв тус шалгалтад хэн нэгэн иргэн оролцон тэнцэж, түүнийг Төрийн албаны салбар зөвлөлөөс томилох тухай саналыг Засаг даргад ирүүлсэн тохиолдолд ажлаа хүлээлгэж өгөх үр дагавар үүснэ гэдгээ би ойлгож, мэдэж байсан. Түүнчлэн тус 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тусгай шалгалтыг зарлуулах талаарх хүсэлтийг анх би Засаг дарга Ю.Д-д тавьж, хандсан боловч тэрээр татгалзаж байсан ба “тухайн шалгалтад би орохгүй” гэдэг нөхцөлөөр Ю.Д шалгалтыг зарлуулахаар болсныг ч дурдах нь зүйтэй. Тухайн үед би өөрөө тухайн тусгай шалгалтад оролцох хүсэлт зоригтой байсан боловч Ю.Д-ийн байнгын доромжлол, хавчлага гадуурхалтаас үүдэн орж чадаагүй билээ.

Дээрх сонгон шалгаруулалт цуцлагдсаны дараа сумын Засаг дарга нь 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01/** дугаартай албан тоотоор Тамгын газрын даргын албан тушаалд тусгай шалгалтын захиалга хүргүүлж, тусгай шалгалтыг 2024 оны 07 сарын 08-ны өдөр зохион байгуулсан ба тус шалгалтад Д.Т миний бие тэнцэж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Тамгын газрын даргаар томилох тогтоолыг Засаг даргад хүргүүлсэн билээ.

Ийнхүү дээр нэг бүрчлэн дурдсаны дагуу Засаг дарга Ю.Д нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Т надад сануулах сахилгын шийтгэл оногдуулах ёстой байтал хууль бусаар ажлаас чөлөөлж, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/** дугаартай тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хэргийн нөхцөл байдал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.1 дэх хэсгийг анхаарч үзэлгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 00** дугаар бүхий шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт Алдархаан сумын Засаг дарга хуульд заасан журмыг зөрчиж хийсэн томилгоогоо эргэн харж 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/** дүгээр захирамжаар Д.Т-г ажлаас чөлөөлж шийдвэрлэснийг шүүх буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/** дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэх ажиллагааг огт хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргаж захиргааны шийдвэр гаргаж ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байтал анхан шатны шүүх энэхүү ажиллагаа нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхээргүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсгийн 4.28-д “нэхэмжлэгч цалин хөлс өөрчлөхгүй, тусгай шалгалтад оруулахгүй байх нөхцөлөөр Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалд намайг шилжүүлэн томилсон гэж тайлбарласан” гэж ор үндэсгүй, зохиомол зүйл бичсэн байх бөгөөд нэхэмжлэгч миний хувьд хэзээ ч шүүхэд ийм тайлбар, баримт гаргаж өгч байгаагүй, ийм үйл явдал болоогүй байтал шүүх өөрөө ийнхүү зохиомол тайлбар гаргаж байгаад гомдолтой байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн байх шаардлагад үл нийцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Д.Т миний давж заалдах журмаар гаргаж буй энэхүү гомдол болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 118/ШШ2024/0057 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

   1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Д.Т-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. З аймгийн А сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/** дүгээр “Д.Т-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар[1] “...А сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д-ийн Т-г 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Д.Т нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албан зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/**** дугаар “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[2] “...Тухайн албан тушаалд таныг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шалгалт өгөх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах зохицуулалтыг тус тус зөрчсөн байна. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/***** дүгээр албан бичгийг үндэслэн сумын Засаг даргын “Д.Т-г ажлаас чөлөөлөх тухай” 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/**, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/** дүгээр захирамж гаргасныг дурдах нь зүйтэй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу таны гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэх хариуг өгчээ.

4. Нэхэмжлэгч нь “...хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хянуулах хүсэлтэй байгаа талаар Засаг даргад удаа дараа мэдэгдсэн боловч Засаг дарга мэдүүлэх үүргээ биелүүлээгүй хууль бус үйлдлээс шалтгаалсан... дэлхий нийтээр коронавирусын цар тахал гарч тусгай шалгалт өгөх боломжгүй байсан...” хэмээн маргасан.

5. Анхан шатны шүүхийн “...олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг үл харгалзан албан хаагчийг төрийн албанд томилох агуулгагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/*** дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “...Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх “шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил” ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтож, ... Шүүр ажиллагааны хүрээнд “нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх”, “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх”, “авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх” зарчмыг хангах үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах ажлыг эхлүүлж ...Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг” чиглэл болгон Засгийн газрын гишүүд, Бүх шатны Засаг дарга, Яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Төсвийн байгууллагын дарга, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга нарт хүргүүлжээ.

7. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/***** дүгээр “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгээр[4] “...Алдархаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Т-г томилохоос өмнө түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул Авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааны “Шүүр” ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу тус газарт 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хариуг ирүүлэхээр З аймгийн А сумын Засаг даргын орлогч Ж.Б-д үүрэг болгосон байна.

8. Нэхэмжлэгч Д.Т нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст ...шатлан дэвшиж ажиллахаар болсон тул 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс А сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэлт”[5] гаргаж, улмаар Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалаар[6] Д.Т-г ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг гаргасан.

9. З аймгийн А сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/** дугаар “Д.Т-г ажилд түр томилох тухай” захирамжаар[7] Д.Т-г 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилж,

9.1 Авлигатай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05/***** дүгээр “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” албан бичгээр[8] Д.Т-г ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй байна гэж хянаж, З аймгийн А сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/** дугаар захирамжаар[9] Д.Т-г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс томилжээ.

10. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т ... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ, 18 дугаар зүйлийн 18.1-т Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэж заасан.

11. Хэрэгт авагдсан болон дээр дурдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Т-г З аймгийн А сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/** дугаар тушаалаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг үндэслэн түүнийг тусгай шалгалт өгөөгүй байхад томилон ажиллуулсан болох нь тогтоогдсон байна.

12. Төрийн албаны тухай 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авах”-аар заасан бөгөөд тусгай шалгалт өгөөгүй Д.Т-г ТЗ-5 дэс түшмэлийн ангиллаас ТЗ-9 ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа энэхүү зохицуулалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

13. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан хаагчийг албан тушаалын ангилал хооронд шилжүүлж байгаа тохиолдолд тусгай шалгалт өгсөн байхыг шаардах бөгөөд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан зохицуулалт нь сонгон шалгаруулалт явуулахгүй, тусгай шалгалт авахгүй томилох эрх хэмжээг олгосон хэмээн ойлгох, ийнхүү хэрэгжүүлэх үндэсгүй юм.

14. Түүнчлэн анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлээр зохицуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгэх журмыг маргаанд хамааралтай талаас нь зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 118/ШШ2024/0057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

            ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ

 

            ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

 

 

 

[1] 1 хавтаст хэргийн 19 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 20 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 58-59 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 15 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 99 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 12 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 14 хуудас

[8] 1 хавтаст хэргийн 17 хуудас

[9] 1 хавтаст хэргийн 16 хуудас