Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2021/0026

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 33 дугаар гудамжны 03А тоотод оршин суух Овгорууд Цын О /РЮ70013161/-ийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, уг нөхцлөөр тэтгэвэр тогтоохыг Хөвсгөл аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Ц.О би одоо 51 настай, 4 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Би 3 хүүхэд төрүүлсэн. 1990, 1994, 2002 онд 3 хүүхэд төрүүлж, 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн зээ охин Энэрэлийг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дөнгөж 2 настай байхад нь үрчилж авч 2018 оны 7 сарыг дуустал өсгөсөн. Би Энэрэлийг гарсан цагаас нь өсгөсөн бөгөөд үрчилж авахаар хүсэлт гаргахад Улсын бүртгэлийн газраас олгосон үрчлэлтийн гэрчилгээнд бичсэн огноогоор бол охин дөнгөж 2 нас 7 хоногтой байхад нь албан ёсны үрчлэлт хийгдсэн. Ингээд охин Энэрэлийг 6 нас хүртэл өсгөж сургуульд орох болтол манай том охин Энхмаа сургуулиа төгсөж, нөхөртэйгээ тусдаа гарсны дараа над руу ярьж, бид хоёр хүүхдээ эргүүлж өөрсөн дээрээ болгомоор байна гэхэд та нар өөрсдөө мэд гэж хэлсэн.

Ингээд охин Энхмаа маань хүүхдээ эргүүлэн авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс үрчлэлтийг хүчингүй болгосон байсан.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан байх тул би өөрийгөө 4 хүүхэд өсгөсөн ялангуяа өөрийн зээ охин Энэрэлийг 2 настай байхад нь өргөж авч, 6 нас хүрсний дараа эцэг, эх нь буцааж авсан тул өөрийн хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Би 4 хүүхэдтэй, 51 настай, улсад 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын тэтгэмж төлсөн гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын байцаагчид хандахад тэтгэврийн байцаагч нь таны хүүхэд өргөж авсан тухай үрчлэлтийн бүртгэлийг шүүхээс хүчингүй болгосон тул энэ заалтанд хамаарахгүй гэж хүлээн аваагүй бөгөөд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандахад “таны үрчлэлтийг шүүхээс хүчингүй болгосон тул дээрх хуулийн заалтанд хамааруулж тэтгэвэр тогтоох эрх бүрдээгүй байна гэсэн хариу өгсөн.

Иймд намайг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан шаардлага хангасан тул хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Хөвсгөл аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлд дурдсанаар хүүхдээ төрөөд 7 хоногтой байхад нь би авч үлдэж байсан юм. Нэгэнт улсын бүртгэлд 2 настайд нь гэж бүртгэгдсэн байгаа учраас би 2 настайд нь үрчилж авснаар явж байгаа юм гэж ярьж байгаа. Энэ хүний хүсээд байгаа зүйл нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчилж авсан, 4 түүнээс дээш хүүхэдтэй, 6 настай болтол нь өсгөсөн эх, 20-оос доошгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож авна гэсэн. Үүнд би хамаарч байгаа юм гэж тайлбарлаж байгаа. Ц.Оийн нэхэмжлэлийн шаардлага бол энэ хуулийн заалттай нийцэж байгаа. Энэ хүн 20-оос доошгүй жил буюу 28 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, одоо 51 настай, зээ охиноо 3 нас хүрээгүй байхад нь өргөж авсан, 6 нас өнгөртөл нь өсгөсөн гэсэн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Энэ шаардлагыг хангасан учраас би тэтгэвэр авах эрхтэй гэж нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч нийгмийн даатгалын байгууллага таны үрчлэлтийн бүртгэлийг шүүхээс нэгэнт хүчингүй болгосон учраас тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэсэн хариу өгөөд тогтоогоогүй байсан. Тийм учраас татгалзаад байгаа энэ эс үйлдэхүй нь хууль бус байна. Хуульд нэгэнт болно гээд заасан байхад болохгүй гэж татгалзаж байгаа нь энэ хуулийн энэхүү заалтыг зөрчиж байна гэж маргаж гомдлын шаардлагын зөвлөлд гомдлоо гаргасан байдаг. Гомдлын шаардлагын зөвлөл мөн нэгэнт шүүхийн шийдвэрээр үрчлэлт хүчингүй болсон учраас таныг 4 хүүхэдтэй гэж үзэх боломжгүй юм гэсэн хариу өгөөд байгаа. Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 3 настайд нь үрчилж авсан, 4 түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн гэдэг шаардлагуудыг бүгдийг нь энэ хүн хангасан байна. Тийм учраас тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Ц.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Үрчлэлтийг хүчингүй болгосон гэсэн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байна. Тэр шүүхийн шийдвэрийн зөв бурууг өнөөдөр ярих боломжгүй. Гэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч орж үнэхээр тийм хүчирхийлэл байна гэж үзсэн юм уу, эцэг эх байх эрхээ алдсан юм уу, ямар байдлаар үүнийг хүчингүй гэж үзээд үрчлэлт хийгдсэн гэдгийг энэ шүүх хуралдаан дээр ярьж, хэлэлцэх боломжгүй юм. Хэдийгээр үрчлэлт хүчингүй болгосон ч гэсэн тэр хүүхдийг 2 настайд нь үрчилж авсан нь үнэн, 6 нас хүртэл нь өсгөсөн нь үнэн байгаа учраас энэ хуулийн шаардлагаар энэ хүн тэтгэвэр авах эрхтэй байна гэж үзэж байна. Мэдээж хариуцагчийн талаас үнэхээр үрчлэлт хүчингүй болгосон учраас тэтгэвэрт оруулах боломжгүй юм гэж татгалзаж байгаа татгалзал нь энэ хуулийн энэхүү заалтыг зөрчиж байна. Нийгмийн даатгалын байгууллага ажил үүргээ явуулахад энэ байтугай маргаантай эргэлзээ бүхий асуудлууд байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй юм гэж үзээд шүүхэд хандсан байгаа. Тийм учраас 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг хангасан байхад хангаагүй байна гэж татгалзаж байгаа нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал нь энэхүү хуулийн энэ заалтыг зөрчиж байгаа учраас хууль бус байна. Энэ заалтын дагуу тэтгэвэр авах эрхтэй байгаа учраас тэтгэвэрт оруулахыг нийгмийн даатгалын байгууллагад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ц.О нь зээ охин Энэрэлийг Мөрөн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/35 тоот захирамжаар 2 настай байхад нь үрчлэн авч 6 нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлж байгаад төрсөн ээж Э.Э хүүхдээ буцаан авах хүсэлтийн улмаас Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1329 тоот шийдвэрээр Мөрөн сумын Засаг даргын 2014 оны А/35 тоот захирамжийн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Э.Эийн асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрүүлсэн эх Э.Эд шилжүүлсэн байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2014 оны 02 дугаар сарын 14-нд үрчлэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, төрсний бүртгэлийг сэргээн Бямбасүрэнгийн Энэрэлээр иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэл хийгдсэн тул Энэрэлийг Энхболд, О нарын хүүхдэд тооцох албан ёсны баримт бичиг байхгүй байна.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр Хөвсгөл аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2014 оны А/35 тоот Мөрөн сумын үрчлэлтийн захирамжийг хүчингүйд тооцсон тул Энэрэлийг Ц.Оийн хүүхдэд тооцон тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэж шийдвэрлэсэн.

Иймд Ц.От Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг хангасан гэж үзэх үндэслэлгүй байгаа тул Ц.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Ю шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Оийн хувьд манай дээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Үүнийг хянаад нийгмийн даатгалын байцаагчаас нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд өргөдлөө өгсөн. Гомдлын шаардлагын зөвлөл хуралдаад, бүрдүүлсэн материалыг нь мөн шинжилж үзээд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1329 дугаартай Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.Оийн хүүхдийнхээ хүүхдийг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүй болгосон байдаг. Энэ бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэдэг үндэслэл болж байгаа. Хоёрдугаарт Улсын бүртгэлийн хэлтсээс бид нар лавлагаа хүссэн. Лавлагаа бүгд цахим системд ороод ирж байгаа учраас тэндээс лавлагаа авахаар улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/180 гэсэн дугаартай Эрдэнэбилэг даргын гаргасан тоот байгаа. Энэ тоотыг нэхэмжлэгч Ц.Оийн нөхөр Энхболдод гаргаж өгсөн байдаг. Энэ тоотоор иргэн Энхболдын нэр дээр РЮ12221026 гэсэн регистрийн дугаартай, Мөрөн суманд 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үрчлэгдсэн үрчлэлтийг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр хүчингүй болгож төрсний бүртгэлийн гэрчилгээг иргэн Нямсүрэнгийн нэрээр овоглож иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй байна гэсэн мэдээллийг өгсөн. Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд жил ирэх тусам өөрчлөлт орж байгаа. Үүний хүрээнд төрүүлсэн хүүхэд болгоноороо жил нэмж явах асуудал иргэн бүрд нээлттэй болсон. Улсын бүртгэлийн хэлтсийн төрөлтийн лавлагааны бүртгэл зэргээр Энэрэл нь дараа ээжийнхээ төрсөн эхэд тэтгэврийн жилийг нь нэмэгдүүлэх энэ боломжийг нээж өгч байгаа юм. Тэгэхлээр өнөөдөр Ц.О дээр хүүхдийн үрчлэлтийг үүсгээд энэ хүнийг 4 хүүхэдтэй гэж тоог нь оруулаад дээрээс нь хүүхдийн жилийг нь нэмэгдүүлээд тэтгэвэр тогтоочих юм бол дараа нь Энэрэл нь өөрийн ээж дээрээ очоод бас ийм нөхцөлийг хангах болж байгаа юм. Нэгэнтээ төрийн байгууллага Улсын бүртгэлийн хэлтэс ч гэсэн Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүлээж аваад бүртгэл дээрээ хуучин төрөлтийн бүртгэлийг нь хүчинтэйгээр бүртгээд явсан. Дээрээс нь манайхаас нэхэмжлэгчийн гаргаж өгч байгаа 4 хүүхэдтэй гэсэн шаардлагыг энэ хүн өсгөж шаардлагыг хангасан хэдий боловч үрчлэлтийг нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон, үрчлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт охин Э.Эийг төрүүлсэн эцэг, эхийнх нь асрамжид 4 настай байхад нь буцааж өгсөн тул тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэж үзсэн ийм шийдвэрийг гаргасан байгаа” гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь;

            Шүүх хэргийн оролцогчид, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.Оийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, уг нөхцлөөр тэтгэвэр тогтоохыг Хөвсгөл аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэг. Хэргийн үйл баримт.

Нэхэмжлэгч Ц.О 1990 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр охин Э.Э, 1994 оны 07 дугаар сарын 24-ний өдөр охин Э.Э, 2002 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү Э.Нямжанцан нарыг төрүүлж, 2012 оны 02 дугаар сарынн 10-ны өдөр төрсөн зээ охин Бямбасүрэнгийн Энэрэлийг 2 настай байхад нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан төрсний болон үрчлэлтийн гэрчилгээнүүд, Мөрөн сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/35 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1329 дүгээр шийдвэрээр 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Эийг РЭ70022712 дугаар регистртэй Баатрууд овогт Чадраабалын Энхболд, РЮ70013161 дугаар регистртэй Овгорууд Цын О нарт үрчилснийг хүчингүй тооцож, охин Э.Эийн асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрүүлсэн эх РЭ90042927 дугаар регистртэй Баатрууд овогт Энхболдын Энхмаад шилжүүлжээ.

Хоёр. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл.

Нэхэмжлэгч Ц.О “төрүүлсөн гурван хүүхэдтэйн дээр 2 настайд нь үрчлэн авсан зээ охин Э.Эийг 6 нас хүрсний дараа төрүүлсэн эцэг, эхэд нь буцаан өгч үрчлэлтийг цуцлуулсан, 50 нас хүрсэн тул өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж, хариуцагч “зээ охин Э.Эийг үрчлэн авсан үрчлэлтээ цуцлуулсан тул дөрвөн хүүхэдтэй гэж үзэх боломжгүй, үрчлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт охин Э.Эийг төрүүлсэн эцэг, эхийнх нь асрамжид 4 настай байхад нь буцааж өгсөн гэж байгаа тул хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж тус тус маргаж буй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан болзлыг нэхэмжлэгч Ц.О хангахгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.О зээ охин Э.Эийг 2 настайд нь үрчлэн авсан боловч охиныг 6 нас хүрсний дараа үрчлэлт цуцлагдсан. Гэвч Ц.О үрчилж авсан охин Э.Эийг 6 настай болтол өсгөөгүй байна. Тодруулбал Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1329 дүгээр шийдвэрээр охин Э.Э нь 2016 оноос  төрүүлсэн эх Э.Э, эцэг Л.Бямбасүрэн нартай амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “... З хүртэл настайд нь үрчлэн авсан ... хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх ... байх шаардлагыг заасан бөгөөд үүнд заасан “өсгөсөн эх” гэдэг үгийг монгол хэлний тайлбар тольд болон утга зохиолын монгол хэлэнд “гараас нь хөтөлж өсгөсөн, өөрийн дэргэдэх торниулсан, өөрийн гар дээр бойжуулсан, тэжээн тэтгэж бойжуулсан, асран хүмүүжүүлж өсгөсөн эх” гэх зэрэг утгаар хэрэглэжээ.

Гэтэл Ц.О нь охин Э.Эийг 2014 оноос 2016 онд өсгөсөн, охиныг төрүүлсэн эцэг, эх нь 2016 оноос хойш өсгөж байсан болох нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байна.

Хууль тогтоогчийн зүгээс хүүхдийг тэжээн тэтгэж, асран хамгаалж, хүмүүжүүлж өсгөх асар их хариуцлагатай бөгөөд хүнд үүргийг гүйцэтгэснийх нь хувьд эхчүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжийг хуулиар олгожээ.

Харин хүүхдийг үрчилж буй үрчлэлтийн харилцаа нь үрчлэн авагчийг хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжийг олгох зорилго агуулж болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” гэж заасан байдаг.

Бодит байдалд хүүхдийг өөрийн гар дээр тэжээн тэтгэж, асран хамгаалж, өсгөх үүргээ хэрэгжүүлээгүй байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоох нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах шударга ёсны зарчмыг зөрчихөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчинө.

Иймд нэхэмжлэгч Ц.Оийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Оийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, уг нөхцлөөр тэтгэвэр тогтоохыг Хөвсгөл аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ