Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/964

 

 

 

 

 

    2022         12          09                                 2022/ШЦТ/964

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Б.А,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,

улсын яллагч О.Нандинцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211000001914 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Г. Б.А.

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдөр . өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн баруун хойно байрлах Сөүл зочид буудлын 1 давхарт байрлах паб лоунжид Д.Быг цохиж, зодсоны улмаас зүүн доод нэгдүгээр үүдэн шүдний булгарал, баруун доод үүдэн нэгдүгээр шүдний сулрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн баруун хойно байрлах Сөүл зочид буудлын 1 давхарт байрлах паб лоунжид Д.Быг цохиж, зодсоны улмаас зүүн доод нэгдүгээр үүдэн шүдний булгарал, баруун доод үүдэн нэгдүгээр шүдний сулрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ ажлын газрын ах Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

- хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай ажил болох Асүри ресторанд нэг хоног амарсан. Тэгээд ажлын газрын хүмүүстэйгээ гадуур явж кино үзээд орой нь 21 цаг 30 минутын орчим Циркийн ойролцоо нэг лоунжид сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тухайн газраас гарч Писс моллын баруун хойд талд байх Сөүл зочид буудлын нэг давхарт байрлах лоунжид орж суусан. Тухайн үед манай ажлын газрын хүмүүс болох Цолмон, А, Амарзаяа, Нарантуяа Ёндонжамц, Отгонням зэрэг хүмүүс байцгаасан. Бид хэд Сөүл зочид буудлын нэг давхрын лоунжид архи согтуулах ундааны зүйл хэрэглэж байгаад би явах гэж гараад такси олдохгүй байхаар нь буцаж орох үед ажлын газрын Атай маргалдаж юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. бие биенийгээ цохисон байх тэгээд би нэг мэдсэн миний үүдэн 1 ширхэг шүд унасан нэг шүд хөдөлсөн байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас болсон асуудлыг сайн санахгүй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №14013 дугаартай дүгнэлтэд “1. Д.Бын биед зүүн доод 1-р үүдэн шүдний булгарал, баруун доод үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 5% тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Шүүгдэгч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Писс Молл худалдааны төвийн баруун хойно байрлах Сөүл зочид буудлын 1 давхарт байрлах паб лаунжид Д.Быг цохиж, зодсоны улмаас зүүн доод нэгдүгээр үүдэн шүдний булгарал, баруун доод үүдэн нэгдүгээр шүдний сулрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Д.Бын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Г овогт Б.Ат хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Аыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

 6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТГЭРЭЛ